Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 337

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Б.Ч-, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810024680205 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Дайчдын хөшөө 1 дүгээр гудамж 5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 10 хоногийн хорих ял шийтгүүлж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 08 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Б овогт Б-ийн Ч.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ч- нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод гэх нэртэй газрын Анд хоолны газрын гадаа А.Ө-ын эрүүний зүүн талд цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт  хэрэт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигсдэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Ч-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч А.Ө- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 08 дугаар сарын 31-ний шөнө Хятад улсын нутаг дэвсгэр болох Ганц мод боомтод хамт нүүрс зөөдөг Мөнгөншагайг хүрээд ир гэхээр нь яваад очиход байшингийн буланд Ч-тай хамт зогсож байсан. Бид гурав тэндээ нэг шил архи уучихаад, караокед ороод удаагүй байхад Ч- тэнд байсан хоёр монгол залуутай маргалдахаар нь би дундуур нь орж салгах үед миний нүүр рүү гараараа цохисон. Тухайн үед миний амнаас цус гараад байхаар нь гэр рүүгээ орох гэж байгаад ухаан алдаж унасан. ...Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд таны эрүү хугарсан байна гэж хэлсэн...” /хх-ийн 23-25/ гэсэн,

 

Гэрч Б.Батцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Чука гэх хүн манай ахын эрүүг цохиж хугалсан байсан. Ах Улаанбаатар хотод ирээд эрүүний хагалгаанд орж 3,000,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн...” /хх-ийн 27-28, 29-30/ гэсэн,

 

Гэрч Ө.Оюунбилэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сарын 01-ний орой аав залгаад Мөнгөнөө найз болох Чукатайгаа зодолдох гээд байхаар нь салгах гэж байгаад өөрөө цохиулаад эрүү хугарчихлаа гэсэн. ...2018 оны 09 дүгээр сарын 11-нээс 18-ны хооронд эмнэлэгт хэвтэж хагалгаа хийлгэж байсан...” /хх-ийн 31-32/ гэсэн,

 

Гэрч Н.Мөнгөншагай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ганцмод гэх газар Ч-ын хамтаар пиво ууж байхад Ө- ирсэн. Бид гурав архи ууж байхад ойролцоо ширээнд сууж байсан залуучууд хужаагийн боол болсон муу сайн юмнууд гээд байхаар нь Ч- тэр хүмүүс рүү уурлаад маргалдаад зодолдсон. Тэр үед Ө- дундуур орж ирчихээд тэр хүмүүсийг өмөөрөөд хэрэлдээд байхаар нь Ч- Ө-ыг нэг удаа алгадсан...” /хх-ийн 124/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Ч- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчааар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 09 дүгээр сард Хятад улсын Ганц мод гэх газрын Анд хоолны газарт найз Мөнгөншагайгийн хамтаар амарч байгаад тэнд байсан зүс таних монгол жолооч нартай архи уусан. Архи ууж байгаад Мөнгөншагайгийн найз Ө- гэх хүнтэй танилцсан. Бид гурав архи ууж байхад ойролцоо ширээнд сууж байсан хоёр жолооч “хужаагийн боол болсон муу сайн юмнууд” гээд байхаар нь би тэр хүмүүстэй маргалдаад зодолдсон. Тэр үед гадаа харанхуй байсан бөгөөд хоолны газрын байшингийн булан хэсэгт муудалцсан. Би тэр хоёртой маргалдаж байгаад нэгэнтэй нь барилцаад авах үед нэг хүн ороод ирэхээр нь нөгөө залуу нь дайраад ирлээ гэж бодоод нэг удаа цохичихсон...” /хх-ийн 123/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №14200 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. А.Ө-ын биед эрүүний зүүн талын өнцөг дайрсан далд хугарал, зүүн доод их араа шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх эрүүний зүүн талын өнцөг дайрсан далд хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө...” /хх-ийн 41/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /хх-ийн 17/,

- Хохирогчийн А.Ө-ын өвчний түүх /хх-ийн 44-54/,

- Б.Чулуунбаатарын утасны дуудлагын лавлагаа /хх-ийн 93-99/,

- Хохирол төлсөн баримт /хх-ийн 125/,

- Шүүгдэгч Б.Ч-ын хувийн байдалтай холбоотой гэрч Б.Ганчимэг, Р.Нэргүй, Г.Атарчимэг нарын мэдүүлэг /хх-ийн 33-34, 35, 36-36/,

- Шүүгдэгч Б.Ч-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 55-62, 63-71, 72-76, 80-85, 89, 105/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Ч-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Ч- нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ганц мод гэх нэртэй газрын Анд хоолны газрын гадаа А.Ө-ын эрүүний зүүн талд цохиж, эрүүл мэндэд нь эрүүний зүүн талын өнцөг дайрсан далд хугарал, зүүн доод их араа шүдний булгарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Ө-ын “...2018 оны 08 дугаар сарын 31-ний шөнө Хятад улсын нутаг дэвсгэр болох Ганц мод боомтод хамт нүүрс зөөдөг Мөнгөншагайг хүрээд ир гэхээр нь яваад очиход байшингийн буланд Ч-тай хамт зогсож байсан. Бид гурав тэндээ нэг шил архи уучихаад, караокед ороод удаагүй байхад Ч- тэнд байсан хоёр монгол залуутай маргалдахаар нь би дундуур нь орж салгах үед миний нүүр рүү гараараа цохисон. ...Тэгээд эмнэлэгт үзүүлэхэд таны эрүү хугарсан байна гэж хэлсэн...” /хх-ийн 23-25/ гэсэн, гэрч Н.Мөнгөншагайгийн “...Ганцмод гэх газар Ч-ын хамтаар пиво ууж байхад Ө- ирсэн. Бид гурав архи ууж байхад ойролцоо ширээнд сууж байсан залуучууд хужаагийн боол болсон муу сайн юмнууд гээд байхаар нь Ч- тэр хүмүүс рүү уурлаад маргалдаад зодолдсон. Тэр үед Ө- дундуур орж ирчихээд тэр хүмүүсийг өмөөрөөд хэрэлдээд байхаар нь Ч- Ө-ыг нэг удаа алгадсан...” /хх-ийн 124/, шүүгдэгч Б.Ч-ын “...2018 оны 09 дүгээр сард Хятад улсын Ганц мод гэх газрын Анд хоолны газарт найз Мөнгөншагайгийн хамтаар амарч байгаад тэнд байсан зүс таних монгол жолооч нартай архи уусан. Архи ууж байгаад Мөнгөншагайгийн найз Ө- гэх хүнтэй танилцсан. Бид гурав архи ууж байхад ойролцоо ширээнд сууж байсан хоёр жолооч “хужаагийн боол болсон муу сайн юмнууд” гээд байхаар нь би тэр хүмүүстэй маргалдаад зодолдсон. ...Би тэр хоёртой маргалдаж байгаад нэгэнтэй нь барилцаад авах үед нэг хүн ороод ирэхээр нь нөгөө залуу нь дайраад ирлээ гэж бодоод нэг удаа цохичихсон...” /хх-ийн 123/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны №14200 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. А.Ө-ын биед эрүүний зүүн талын өнцөг дайрсан далд хугарал, зүүн доод их араа шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.

2. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх эрүүний зүүн талын өнцөг дайрсан далд хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Нэг шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө...” /хх-ийн 41/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ч-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, ...гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн харуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Ч- нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг БНХАУ-ын нутаг дэвсгэрт үйлдсэн бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн тохирох зүйл хэсгийг журамлаж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ч- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Ө-ын эрүүл мэндэд эрүүний зүүн талын өнцөг дайрсан далд хугарал, зүүн доод их араа шүдний булгарал бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч А.Ө- 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хохирогчоор “...Түүнээс хойш нилээн хэд хэдэн удаа Ч-ын 91112135 дугаарын утсаар залгаад нэхэж байгаад 800,000 төгрөгийг авсан...” /хх-ийн 26/ гэсэн мэдүүлэг, хавтаст хэргийн 125 дугаар талд авагдсан Б.Ч-аас 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 850,000 төгрөгийг шилжүүлсэн баримт /хохирогч А.Ө-ын эхнэр Жажингийн Гэрэлсүхийн 5071063461 дугаартай дансаар/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “...А.Ө-ад 800,000 төгрөгийг бэлэн өгсөн, сүүлд 850,000 төгрөгийг түүний өгсөн дансаар шилжүүлсэн, нийтдээ 1,650,000 төгрөг өгсөн...”  гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1,650,000 төгрөгийг хохирогчид төлсөн, хохирогч А.Ө- нь 3,000,000 төгрөгийн хохирол нэхэмжилнэ гэх боловч энэ талаар баримт гаргаж ирүүлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй бөгөөд хохирогч А.Ө- нь өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгч Б.Ч- гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй хувийн байдлуудыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулах, шүүгдэгчийн ажил эрхлэлт, сард олдог цалингийн дундаж /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ зэргийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг хуульд зааснаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоох боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн 1810024680205 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Ч-ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Ч-ад оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Ч-ад оногдуулсан торгуулийн ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч- нь хохирогч А.Ө-д 1,650,000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөг төлснийг дурдаж, хохирогч А.Ө- нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн 1810024680205 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ч-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР