Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 338

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч /хохирогч/ Б.Б-, Б.Б-, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 191000697000 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Монгол тогруу трейд” ХХК-д үйлдвэрийн савалгаа, хайрцаг хийдэг ажилтай, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж ...... дугаар байрны ..... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О овогт Б-ын Б- /РД: ./,

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, олон улсын бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, .......... дугаар байрны .....тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ийн Б- /РД: ./.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... дугаар байрны 1 тоотод согтуурсан үедээ эхнэр Б.Б-тэй маргалдан улмаар түүн рүү ширээ шидэж, биед нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... дугаар байрны 1 тоотод нөхөр Б.Б-тай “архи ууж, гадуур явлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар цээжинд нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Хохирогч Б.Б-: “...Би цээжин тус газраа хутгалуулсан ба цэргийн эмнэлэгт 9 хоног эмчлүүлсэн. Эмчилгээний төлбөрийг манай хадам аав төлж, эм тариаг нь өөрөө авсан. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа. Би ажилдаа орсон. Надад гомдол санал байхгүй...” гэв.

 

Хохирогч Б.Б-: “...Манай нөхөр Б- намайг сэтгүүлийн ширээгээр цохиод, шанагаар зүүн гар руу цохисон. Надад гомдол санал байхгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-: “....Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв болно...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн орчим өөрийн эхнэр Б.Б-т ажилдаа явлаа гэж худал хэлж гараад найз нарын хамт 10 дугаар хороололд бильяард тоглож, архи ууж байгаад 2019 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 05 цагийн орчим гэртээ ирэхэд эхнэр Б.Б- ажилдаа явлаа гэж худал хэлээд архи уусан гээд маргалдаж байгаад миний толгойнд хэд хэдэн удаа цохиж зодсон. Тэгэхээр нь том өрөөнд байсан жижиг модон ширээг аваад хана руу шидээд, гал тогооны өрөөнд байсан шанагаар Б-ийн зүүн мөрөнд нэг удаа цохих үед эхнэр Б- хутга аваад миний цээжинд хутгалсан, миний цээжнээс цус гараад би шалан дээр унасан...” /хх-ийн 19-22/ гэсэн,

 

Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн орчим манай нөхөр Б- ажилдаа явлаа гэж гарчихаад орой 23 цаг хүртэл ирэхгүй байхаар нь ажил руу залгаж асуухад ажилдаа ирээгүй гэсэн хариу өгсөн. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 05 цагийн орчим манай нөхөр Б- ганцаараа архи уусан бололтой согтуу орж ирэхээр нь “чи ажилдаа очоогүй байна, хаагуур явж байгаад ирсэн бэ” гэхэд Тулгаатай архи ууж, Писи тоглоомын газарт хоночихоод ирлээ, чамд хамаагүй гэхээр нь миний уур хүрч Б-ы толгойн орой хэсэгт гараараа 3-4 удаа цохисон. Энэ үед Б- уурлаж том өрөөнд байсан жижиг модон ширээг шалан дээр саваад гал тогооны өрөөнд орж бор иштэй төмөр шанага аваад миний зүүн мөрний доод хэсэгт нэг удаа цохих үед би гал тогооны өрөөнд ил байсан бор иштэй хоол хийх зориулалттай хутгийг аваад цээж мөр орчимд нь хэд хэдэн удаа айлгах санаатай хатгахад Б-ы цээж хэсгээс цус гарсан...” /хх-ийн 25-28/ гэсэн,

 

Гэрч Л.Алтансүлд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 05 цаг 30 минутад урд айлын эмэгтэй хаалга нүдэх үед сэрсэн. Хаалга нээгээд харахад эхнэр нь сандарсан байдалтай, нөхөр нь цаад талын үүдэндээ цээж нь цус болчихсон зогсож байсан...” /хх-ийн 33/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчааар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр Б.Б- ажилдаа явна гэж гараад шөнө ирээгүй учир ажил руу нь залгаж асуухад “өвчтэй гэх шалтгаанаар ажилдаа ирээгүй” гэж хэлсэн. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 05 цагийн орчимд согтуу орж ирэхээр нь ажилдаа яваагүй байж худлаа хэлээд архи уулаа гээд маргалдаж байгаад бор иштэй хутгаар цээжинд нь хутгалсан...” /хх-ийн 57-60/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн орчим өөрийн эхнэр Б.Б-т ажилдаа явлаа гэж худал хэлж гараад найз Мөнхтулгатай хамт 10 дугаар хороололд бильяард тоглож, архи ууж байгаад 2019 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 05 цагийн орчим гэртээ орсон чинь эхнэр Б.Б- архи уусан, ажилдаа яваагүй гэх мэтээр хэрүүл маргаан хийхээр нь уур хүрээд модон ширээ авч хана руу шидээд, төмөр шанагаар зүүн мөрөнд нь цохиж зодсон, Энэ үед эхнэр Б- хутга аваад миний цээжинд хутгалахад би газарт унасан...” /хх-ийн 65-68/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №3265 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Б-ийн биед зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун бугалга, хүзүү, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хх-ийн 45/ гэсэн,

 

Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №3945 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Б-ы биед цээжний хэнхэрцгийн зүүн талын шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 50/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №1761 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлсэн гэх улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон марль, урт 33 см, ажлын хэсэг 23,5 см, иш 9,5 см бор модон иштэй хутга, цайвар цэнхэр өнгийн футболк зэрэгт цус илэрсэн. Илэрсэн цус нь О/I  бүлгийн харьяалалтай байна.

2. Шинжилгээнд ирүүлсэн хэргийг газраас бэхжүүлсэн гэх улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон марль, урт 33 см, ажлын хэсэг 23,5 см, иш 9,5 см бор модон иштэй хутга, цайвар цэнхэр өнгийн футболк зэрэгт бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй...” /хх-ийн 47/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-13/,

- Шүүгдэгч Б.Б-ийн хувийн байдалтай холбоотой гэрч Л.Баттөр, Б.Баяржавхлан нарын мэдүүлэг /хх-ийн 34-37/,

- Шүүгдэгч Б.Б-ы хувийн байдалтай холбоотой гэрч С.Оюунцэцэг, Б.Баяржавхлан нарын мэдүүлэг /хх-ийн 36-40/,

- Хохирогч Б.Б-ы өвчний түүхийн хуулбар /хх-ийн 71-78, 130/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 82-89/,

- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 114/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 14-16/,

- Шүүгдэгч Б.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 92-109, 131/,

- Шүүгдэгч Б.Б-ы эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 110-124, 133/ зэрэг болно.

 Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Б-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... дугаар байрны 1 тоотод согтуурсан үедээ эхнэр Б.Б-тэй маргалдан улмаар түүн рүү ширээ шидэж, биед нь цохиж эрүүл мэндэд нь зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун бугалга, хүзүү, цээжинд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...... дугаар байрны 1 тоотод нөхөр Б.Б-тай “архи ууж, гадуур явлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар цээжинд нь хутгалж эрүүл мэндэд нь цээжний хэнхэрцгийн зүүн талын шарх бүхий хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Б-ы “...Б- хутга аваад миний цээжинд хутгалсан, миний цээжнээс цус гараад би шалан дээр унасан...” /хх-ийн 19-22/ гэсэн, хохирогч Б.Б-ийн “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн орчимд манай нөхөр Б- ажилдаа явлаа гэж гарчихаад орой 23 цаг хүртэл ирэхгүй байхаар нь ажил руу залгаж асуухад ажилдаа ирээгүй гэсэн хариу өгсөн. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 05 цагийн орчимд манай нөхөр Б- ганцаараа архи уусан бололтой согтуу орж ирэхээр нь “чи ажилдаа очоогүй байна, хаагуур явж байгаад ирсэн бэ” гэхэд Тулгаатай архи ууж, Писи тоглоомын газарт хоночихоод ирлээ, чамд хамаагүй гэхээр нь миний уур хүрч Б-ы толгойд оройн хэсэгт гараараа 3-4 удаа цохисон. Энэ үед Б- уурлаж том өрөөнд байсан жижиг модон ширээг шалан дээр саваад гал тогооны өрөөнд орж Б- бор иштэй төмөр шанага аваад миний зүүн мөрний доод хэсэгт нэг удаа цохисон...” /хх-ийн 25-28/ гэсэн, шүүгдэгч Б.Б-ийн “...2019 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 05 цагийн орчим согтуу орж ирэхээр нь ажилдаа яваагүй байж худлаа хэлээд архи уулаа гээд маргалдаж байгаад бор иштэй хутгаар цээжинд нь хутгалсан..” /хх-ийн 57-60/ гэсэн, шүүгдэгч Б.Б-ы “...2019 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн орчим өөрийн эхнэр Б.Б-т ажилдаа явлаа худал хэлж гараад найз Мөнхтулгатай хамт 10 дугаар хороололд бильяард тоглож, архи ууж байгаад 2019 оны 03 дугаар сарын 10-ны өглөө 05 цагийн орчимд гэртээ орсон чинь эхнэр Б.Б- архи уусан, ажилдаа яваагүй гэх мэтээр хэрүүл маргаан хийхээр нь уур хүрээд модон ширээ авч хана руу шидээд, төмөр шанагаар зүүн мөрөнд цохиж зодсон...” /хх-ийн 65-68/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №3265 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Б-ийн биед зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, баруун бугалга, хүзүү, цээжинд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 45/ гэсэн,

Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №3945 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Б-ы биед цээжний хэнхэрцгийн зүүн талын шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зээг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 50/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №1761 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлсэн гэх улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон марль, урт 33 см, ажлын хэсэг 23,5 см, иш 9,5 см бор модон иштэй хутга, цайвар цэнхэр өнгийн футболк зэрэгт цус илэрсэн. Илэрсэн цус нь О/I  бүлгийн харьяалалтай байна...” /хх-ийн 47/ гэсэн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-13/, хохирогч Б.Б-ы өвчний түүхийн хуулбар /хх-ийн 71-78, 130/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 82-89/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 114/ зэрэг баримт хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б-, Б.Б- нар нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас өөр хоорондоо харилцан зодолдож, хэн алиныхаа биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. 

Гэр бүлийн гишүүн гэж “Гэр бүлийн тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.  

 

Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нар дундаасаа хоёр хүүхэдтэй эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 114-116/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-ы өөрийн эхнэрийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна. 

Харин шүүгдэгч Б.Б- нь гэр бүлийн эмэгтэй гишүүний хувьд өөрийн нөхөр болох Б.Б-ы эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба түүний гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүх үндэслэлтэй зөв гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Шүүгдэгч Б.Б-ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт бүхийн хөнгөн хохирол, шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ы эрүүл мэндэд цээжний хэнхэрцгийн зүүн талын шарх бүхий хөнгөн хохирол тус тус учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь сайн дурын үндсэн дээр эвлэрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Б-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн 19100006970300 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, цагаан цэнхэр өнгийн футболка нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч О овогт Б-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Б овогт Б-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын Б-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-, Б.Б- нар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1910006970300 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, цагаан цэнхэр өнгийн футболка нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн 1910006970300 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-, Б.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР