Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 348

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч А.О-, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э овогт А-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1910006750322 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ........ гудамж, ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Э овогт А-ын О- /РД: ........../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.О- нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, .......... тоотод өөрийн төрсөн ахын эхнэр Ц.Ч-тэй маргалдан, улмаар түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч А.О-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ц.Ч- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 18 цагийн орчим гэртээ байхад нөхрийн дүү О- согтуу орж ирсэн, гэтэл манай нөхөр Хатанбаатар О-г архи уучхаад яах гэж манайд ирсэн гэж хэлсэн. Тэгэхэд О- би яагаад ах дээрээ ирж болдоггүй юм бэ гэж хэлээд тэр хоёр хоорондоо маргалдаад Хатанбаатар О-г гар гэж хэлсэн чинь О- гарахгүй байсан. Би тэгэхээр нь гаргах гээд босоод ир гэж хэлэхэд гарлаа гэж босоод зогсож байсан. Би гар гэсэн чинь намайг түлхээд унагаасан, тэгээд би газарт унасан, тэрхэн зуур ухаан балартаад тэгээд босох гэсэн чадахгүй байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 8-9, 24-25/ гэсэн,

 

Гэрч Б.Хатанбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 3 дугаар сарын 18-ны орой гэртээ байхад манай төрсөн эгчийн том хүү О- согтуу манай гэрт орж ирсэн. Тухайн үед манайх хоолоо хийж байсан, О-г согтуу орж ирэхээр нь би яах гэж архи уудаг юм гээд загнасан, тэгээд бид хоёр маргалдсан, тэгэхээр нь чи зайл гэсэн чинь хэрүүл хийгээд байсан, тэгээд О- гарах гэж байгаад манай эхнэр Ч-г түлхээд газар унагаасан, эхнэр Ч-гийн толгойноос цус гараад босгох гэсэн чинь босож чадахгүй байсан...” /хх-ийн 14/ гэсэн,

 

Гэрч Х.Балдандорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байхад орой 20 цагийн орчим манай эгч залгаад О- согтуу ээжийн гэрт очоод агсам тавиад ээжийн толгойг хагалчихсан байна гэж хэлсэн. Би шууд ээжийнхээ гэрт ирэхэд цагдаа нар ирчихсэн, О-г машинд суулгасан, ээжийн толгойноос цус гараад хүзүүг нь дагаж урсаж хатсан, өмссөн байсан футболк нь цус болсон байсан. Тэгээд түргэн дуудахад түргэний эмч ирээд ээжийг үзээд гэмтлийн эмнэлэг явж үзүүлэх шаардлагатай, толгой хагарсан, мөр мултарсан байна гэж хэлсэн...” /хх-ийн 12/ гэсэн,

 

Шүүгдэгч Х.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...18 цагийн орчим Хатанбаатар ахын гэрт орсон. Тэгсэн чинь Хатанбаатар ах намайг яах гэж архи уусан юм гэж загнахаар нь танд ямар хамаатай юм гээд бид хоёр маргалдаад байж байхад Хатанбаатар ах манай гэрээс яв гэж хэлсэн, тэгэхээр нь би босоод гарах гэж байгаад Ч- эгчтэй маргалдаад гарахдаа Ч- эгчийг түлхээд унагаасан, тэгээд юу болсон гэдгийг санахгүй байна. Ч- эгчийн зодсон зүйл байхгүй, түлхээд унагаахад газар унахдаа юм мөргөсөн байж магадгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй. Намайг түлхээд газар унасны дараа босох гээд чадахгүй байсан...” /хх-ийн 32-35/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүх эмнэлгийн үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №3235 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Ц.Ч-гийн биед баруун эгэмний далд, зөрөөтэй хугарал, баруун зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Баруун эгэмний дагд, зөрөөтэй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун зулайн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 18/ гэсэн дүгнэлт,

 

Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн: “...Дүгнэлтэд тусгагдсан хоёр гэмтэл нийлээд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, баруун эгэмний зөрөөтэй хугарал нь унах үед үүсэх боломжтой...” /хх-ийн 26/ гэсэн мэдүүлэг,

 

- Өргөдөл хх-ийн 4,

- Шүүгдэгч Х.О-гийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шалгах хуудас /хх-ийн 38-40/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Х.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч А.О- нь 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, .......... тоотод өөрийн төрсөн ахын эхнэр Ц.Ч-тэй маргалдан, улмаар түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Ч-, гэрч Б.Хатанбаатар, Х.Балдандорж нарын болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3235 дугаартай дүгнэлт, дүгнэлттэй холбоотой шинжээч эмчийг байцаасан тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.О- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ч-гийн эрүүл мэндэд баруун эгэмний далд, зөрөөтэй хугарал, баруун зулайд шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 24-25/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Х.О- тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч А.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн 1910006750322 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Ч- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э овогт А-ын О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-ын О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох торгуулийн ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч А.О-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.О- торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1910006750322 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Ц.Ч- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.О- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР