Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 349

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч М.С-, түүний өмгөөлөгч О.Батсүх, нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт М-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810016230793 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт Архангай аймгийн .......... сумын ..... дугаар баг, .......... гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт М-ын С- /РД: ............/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.С- нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадамчдын замд Л.Ц-тэй маргалдан улмаар түүний эрүүл мэндэд үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, уруулын зулгаралт, 2 гарын бугалга, цээж, зүүн гуя, хоёр хөлийн шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч М.С-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Л.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ...С- над руу залгаад уулзья гэхээр нь Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороололд ирсэн. Намайг ирэхэд С- танихгүй хоёр эрэгтэй хүнтэй хамт сааданд сууж байсан. Тэндээсээ Баянбүрд ороод Хишгээнээ гэх эмэгтэйг авч Нисэх рүү явцгаасан. Нисэхэд Монхор гэх залуугийнд очиж 0,75 литрийн архи, 2,5 литрийн савалгаатай пиво ууцгаасан. Тэгээд үүр цайх үед С- машинаа өөр хүнээр бариулаад бид хоёр явсан. Тухайн үед би нилээн согтсон байсан учраас юунаас болж маргалдсанаа санахгүй байна, уур хүрээд С-ын хацарт нэг удаа алгадахад намайг зөрүүлээд мөргөөд, машинаас түлхэж буулгачихаад яваад өгсөн...” /хх-ийн 11-12, 52-53/ гэсэн,

 

Шүүгдэгч М.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ц-тэй уулзаад найзуудтайгаа хамт архи дарс ууцгаасан. Тэгээд үүр цайхаар нь би Ц-ийг гэрт нь хүргэж өгөхөөр болоод Нисэхэд танихгүй залууг гуйж мөнгийг нь өгье гэж хэлээд машинаа хүнээр бариулаад явж байхад Ц- надтай хэрүүл маргаан хийж байгаад миний зүүн хацарт алгадахаар нь би татаж ирээд нүүрэнд нэг удаа мөргөөд гарнаас нь татаж байгаад машинаас чирж буулгасан...” /хх-ийн 15-16, 54-56/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07  дугаар сарын 02-ны өдрийн №8274 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Л.Ц-ийн биед үүдэн дээд баруун 1-р шүдний сулрал, уруулын зулгаралт, хоёр гарын бугалга, цээж, зүүн гуя, хоёр хөлийн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 42/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 7/,

- Шүүгдэгч М.С-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 33-34/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.С-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч М.С- нь 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наадамчдын замд Л.Ц-тэй маргалдан улмаар түүний нүүрэнд мөргөж, эрүүл мэндэд үүдэн дээд баруун 1 дүгээр шүдний сулрал, уруулын зулгаралт, 2 гарын бугалга, цээж, зүүн гуя, хоёр хөлийн шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Ц-ийн “...Тухайн үед би нилээн согтсон байсан учраас юунаас болж маргалдсанаа санахгүй байна, уур хүрээд С-ийн хацарт нэг удаа алгадахад намайг зөрүүлээд мөргөөд, машинаас түлхэж буулгачихаад яваад өгсөн...” /хх-ийн 11-12, 52-53/ гэсэн,  шүүгдэгч М.С-ийн “...2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ...би Ц-ийг гэрт нь хүргэж өгөхөөр болоод Нисэхэд танихгүй залууг гуйж мөнгийг нь өгье гэж хэлээд машинаа хүнээр бариулаад явж байхад Ц- надтай хэрүүл маргаан хийж байгаад миний зүүн хацарт алгадахаар нь би татаж ирээд нүүрэнд нэг удаа мөргөөд гарнаас нь татаж байгаад машинаас чирж буулгасан...” /хх-ийн 15-16, 54-56/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны өдрийн №8274 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Л.Ц-ийн биед үүдэн дээд баруун 1-р шүдний сулрал, уруулын зулгаралт, хоёр гарын бугалга, цээж, зүүн гуя, хоёр хөлийн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 42/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.С-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.С- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ц-ийн эрүүл мэндэд үүдэн дээд баруун 1-р шүдний сулрал, уруулын зулгаралт, хоёр гарын бугалга, цээж, зүүн гуя, хоёр хөлийн шилбэний цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч М.С- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч М.С-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 720 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 720,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С- нь 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг /хх-ийн 68, 82/ хүртэл нийт 48 /дөчин найм/ хоног цагдан хоригдсон байх бөгөөд түүний цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр дүйцүүлвэл /48х15=720/ 720 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 720,000 төгрөг болж байх тул С.С-ыг энэ тогтоолооор оногдуулсан торгуулийн ялыг эдэлсэнд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн 1810016230793 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Б овогт М-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч М-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 720,000 /долоон зуун хорин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.С-ын цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцож /48х15,000=720,000/ түүнийг энэ тогтоолоор оногдуулсан 720 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 720,000 төгрөгөөр торгох ялыг эдэлсэнд тооцсугай.

 

4. Эрүүгийн 1810016230793 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Л.Ц- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.С-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР