Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2016/01216

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 9-р хороо, Ээж хайрхан 6-р гудамж 105 тоотод оршин суух, эрэгтэй, ДЛ84041216 регистрийн дугаартай, Сартуул овогт Өнөржаргалын Алтанхөлөгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол, Интер ХХК-ийн байранд байрлах, 5196256 регистрийн дугаартай, “Номтын ам” ХХК-д холбогдох

           80 000 000 төгрөг гаргуулах тухай  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Сарнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Анхмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Орон сууц захиалагч иргэн Ө.Алтанхөлөг нь 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр “Номтын ам” ХХК-тай харилцан тохиролцож, тус компанийн Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороололд баригдаж буй 240 айлын “Шинэ ирээдүй” орон сууцны хорооллын 90С байрны С орцны 13 давхар 155 тоотод байрлахаар төлөвлөгдсөн 68.3 м.кв орон сууцыг захиалан бариулах гэрээ хийсэн. Гэрээ хийсэн өдрөө уг орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцсон нийт үнийн дүн болох 75 130 000 төгрөгийн 80 хувь буюу 60 104 000 төгрөгийг тус компанид бэлнээр хүлээлгэн өгч баримт үйлдсэн. Мөн гэрээний 4-р зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу 2 дахь ээлжийн төлбөр 7 513 000 төгрөгийг гэрээнд заасан 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр тус компанийн Улаанбаатар хотын банк дахь 2601026551 дугаар дансанд шилжүүлж гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Мөн “Номтын ам” ХХК-иас шаардаж байгаа 80 000 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгөөр багасгаж, 70 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч “Номтын ам” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 67 617 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

                                                

           Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                        

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

           Нэхэмжлэгч Ө.Алтанхөлөг нь хариуцагч “Номтын ам” ХХК-иас 80 000 000 төгрөг нэхэмжилсэн ба дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. 

           Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол “Шинэ ирээдүй” орон сууцны хорооллын 90С  байрны С орцны 155 тоотын 68.3 м.кв орон сууцыг захиалан бариулахаар “Номтын ам” ХХК-тай орон сууц хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан,  гэрээний дагуу орон сууцны үнэ 67 617 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн С-13/155 тоот гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

           2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн С-13/155 тоот гэрээнд хариуцагч нь орон сууцыг  2015 оны 2 дугаар улиралд ашиглалтад оруулахаар тохиролцсон байгаа боловч энэ үүргээ биeлүүлээгүй,  Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол “Шинэ ирээдүй” орон сууцны хорооллын 90С  байрны С орцны 155 тоотын 68.3 м.кв  орон сууцанд 2 иргэнтэй давхардуулан гэрээ хийсэн байх  тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, “Номтын ам” ХХК-д шилжүүлсэн 67 617 000 төгрөг, олох байсан  ашиг 12 383 000 төгрөг, нийт 80 000 000 төгрөг нэхэмжилсэн.

           Мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр хариуцагч 70 000 000 төгрөг төлнө гэвэл эвлэрлийн гэрээ байгуулж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж болно гэж тайлбарлаж байна.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол “Шинэ ирээдүй” орон сууцны хорооллын 90С  байрны С орцны 155 тоотын 68.3 м.кв  орон сууцанд 2 иргэнтэй давхардуулан орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, Ө.Алтанхөлөгөөс   67 617 000 төгрөгийг хүлээн авсан, 70 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, гэхдээ эвлэрлийн гэрээ байгуулахгүй” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч нь “Номтын ам” ХХК-д шилжүүлсэн 67 617 000 төгрөг, олох байсан  ашиг 12 383 000 төгрөг, нийт 80 000 000 төгрөг нэхэмжилсэн ба олох байсан ашиг 12 383 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг нотлох баримтгүй, зохигч гэрээндээ энэ талаар тохиролцоогүй байх тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

           Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 70 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн болно.

           Иймд хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 70 000 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Номтын ам” ХХК-иас  гаргуулан нэхэмжлэгч Ө.Алтанхөлөгт олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

           Хариуцагч нь  үүргээ биeлүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж,   “Номтын ам” ХХК-д шилжүүлсэн төлбөрөө буцаан нэхэмжилж байгаа тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн  гэж үзэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ээр зүйлчлэн хэргийг шийдвэрлэв.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ НЬ:

 

           1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д  зааснаар хариуцагч “Номтын ам” ХХК-иас 70 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Алтанхөлөгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 000 000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас 507 950  төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар  нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ