| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0340/Э |
| Дугаар | 352 |
| Огноо | 2019-05-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 352
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Д.Мөнхцэцэг, гэрч М.Шинэбаяр, шүүгдэгч /хохирогч/ Е.З-, түүний өмгөөлөгч Г.Тамир, шүүгдэгч /хохирогч/ Э.М-, түүний өмгөөлөгч Ц.Осоржамаа, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Е-ийн З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, шүүгдэгч Б овогт Э-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910001110207 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ....... дүгээр гудамж, ... тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, .... дүгээр байрны .... тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Е-ийн З- /РД: ......./,
2. Монгол Улсын иргэн, 1984 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр гудамж, .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Э-ын М- /РД: .........../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.М- нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 70 тоотод 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Е.З-тай маргалдан зодолдож, түүний биед хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Е.З- нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 70 тоотод 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.М-тэй маргалдан зодолдож, түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч, шүүгдэгч /хохирогч/ нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Гэрч М.Шинэбаяр: “...Том өрөөнд Цэрэнбат бид хоёр газар сууж байсан, М-, З- хоёр хүүхэд төрүүлсөн гэдэг талаар ярилцаж байгаад муудалцаж, зууралдсан, Цэрэнбат тэднийг салгах гээд эхнэрээ жижиг өрөөрүү аваад орсон. Тухайн үед М-ийн цамнаас зуурсан байсан. Тэгээд М-, Цэрэнбат, З- 3 жижиг өрөө рүү орсон. Би ч бас тэдний араас жижиг өрөө рүү орж Цацралыг аваад том өрөө рүү оруулчихаад буцаад жижиг өрөө рүү ороход Тэргэл уйлж байсан тул түүнийг том өрөө рүү оруулчихаад эргээд ирэхэд манай эхнэрийн гарнаас цус гарсан, Цэрэнбат М-, З- нарын голоор гараа оруулчихсан байсан. Тэгээд цагаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэв.
Шүүгдэгч, хохирогч Е.З-: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны орой манай гэрт манай нөхрийн найз М-, Шинэбаяр нар 2 хүүхдийн хамт архи, пиво аваад ирсэн. Тэгээд авчирсан архинаас уугаад сууж байхдаа би М-тэй сургуульд сурангаа хүүхдүүдээ өсгөх хэцүү байсан гэж хэлсэн. Гэтэл М- би ч бас хүүхдээ асарсан гэж хэлээд бидний дунд маргаан үүссэн. Тухайн үед нөхрүүд маань М- бид хоёрыг салгаад жижиг өрөө хүү авч орсон, унтлагын өрөөнд бага хүү маань унтаж байсан. Би нөхөртэйгээ жижиг өрөөндөө маргалдаад байж байхад М- орж ирээд над руу чи 6 жилийн турш манай найзыг дарамтлаж байна, хүний нүүрийг мааждаг хэн бэ? Би ч гэсэн чамайг маажиж сорвитой болгоно гээд над руу дайрсан. Тухайн үед намайг орон дээр дарж унагаахдаа манай хүүхдийн хөлөн дээр дарсан, намайг газар дээр унагаагаад дээрээс дарсан. Манай хүүхдийн хөлийг дарж унахад миний уур хүрсэн. М- миний нүүрийг маажих гээд байсан. М- бид хоёрыг манай нөхөр салгах гэсэн боловч М- гараа тавихгүй байсан. Миний баруун талаар нэг хатуу зүйл ороод ирэхэд нь би хазсан, гэтэл М-ийн хурууг хазсан байсан. Би нүүрээ маажуулахгүй гэж толгойгоо баруун, зүүн тийш хөдөлгөсөн. Миний нүүрний зүүн талд сорви үүссэн. Эмчилгээний зардал гарсан боловч хохирол төлбөр нэхэмжлэхгүй. Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би М-ийн хурууг хазаж биед хүндэвтэр гэмтэл учруулсандаа гэмшиж байна...” гэв.
Шүүгдэгч, хохирогч Э.М-: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны орой Цэрэнбат манай нөхөр рүү залгаад архи уухаар болсон ба гэрт хүрээд ир гэсэн байсан. Манай нөхөр бид хоёр 23 цаг 25 минутад дэлгүүрээс юм аваад Цэрэнбатын гэр рүү явсан. Тэгээд З- би 3 хүүхэдтэй, ядарч байна гэсэн. З- ийм зүйлийг байнга хэлдэг байсан боловч би юм бодддоггүй байсан. Тухайн өдөр би ч гэсэн хоёр хүүхэдтэй, нэг хүүхдээ урдаа суулгаад нэгийг нь өлгийтэй ардаа тавиад аваад явдаг гэж маргалдсан. Манай нөхөр бид хоёрын хажуунаас З- чи яах гэж тэгдэг юм бэ, М- ч бас 3 хүүхэдтэй хүн гэж хэлсэн. Би З-д чиний насыг би дайраад гарсан, чи яах гэж ийм зүйл ярьдаг юм бэ гэсэн чинь З- чи намайг ойлгодоггүй, би чамайг ойлгодог гээд миний цамцны захнаас зулгаагаад өндөр дуугаар босоод ирэхэд хажуу өрөөнд байсан 4 хүүхэд бүгд уйлсан. Цэрэнбат эхнэрээ тэврээд унтлагын өрөө рүүгээ авсан. Тухайн үед З- миний цамцнаас зуурчихсан байсан тул би ч бас жижир өрөө рүү хамт орсон. Тэгээд өрөөнд ороход З- миний зүүн хацрыг маажсан, арьс нь миний ам руу орж ирсэн. Тухайн үед би миний нүүрийг маажчихлаа гэж бодоод З-гийн нүүрийг маажих гэтэл миний хурууг хазсан. Би гар тавь гэж орилоход тавихгүй байсан. Тэгэхээр нь гарыг нь тавиулах гээд дийлээгүй. Тэгээд би зүүн талаар нь гарыг нь тавиулах гэж байгаад З-гийн нүүрийг маажсан байсан. Би хуруугаа харахад миний хуруу тасарчихсан, цус гараад яс нь гарчихсан байсан. Би нөхөртөө хуруугаа харуулчихаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би ийм сорвитой болсондоо гомдолтой байна. Би З-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ аргагүй хамгаалалт гэж үзэж байгаа. Би 7.266.942 төгрөг нэхэмжилнэ. Миний нүүрний сорви арилах нь тодорхойгүй, лазер эмчилгээ хийлгэж байгаа. Би гомдолтой байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Е.З- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00 цаг өнгөрч байхад ...Шинэбаяр болон түүний эхнэр М- нар 5-7 насны хоёр хүүхдээ дагуулж манай гэрт ирсэн. Манай гэрт ирэхдээ 0,75 литрийн архи нэг шил, 4 ширхэг пиво авчирсныг бид нар хувааж уунгаа ярилцаж байсан. Бид хоорондоо хүүхдийнхээ талаар ярилцаж байхад би М-д 6 жилийн дотор 3 хүүхэд төрүүлээд хажуугаар нь сургуулиа төгслөө, их хэцүү байна гэхээр нь би ч гэсэн 3 хүүхэдтэй, бага хоёр хүүхдээ өсгөөд явж болж байсан гээд их дургүйцсэн байдалтай хэлсэн. Би М-д “чи ажилгүй, сургууль соёл гэж явахгүй, хүүхдээ өсгөсөн, харин би хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар сургуулиа төгслөө” гэхэд М- “чи намайг боловсролгүй гэж хэлж байгаа юм уу” гээд надтай маргалдахаар нь би түүнд “та хоёр ингээд найзыгаа ойлгодоггүй шүү дээ, манай гэрээс яв зайл” гээд шууд босоод ирэхэд М- “энэ чиний гэр орон биш, чи юутай ирсэн юм, чи гуйлгачин, энэ чинь манай найзын гэр орон, эцэг эх чинь гуйлгачин” гэж доромжилсон. Тэгэхээр нь би М-ийн цамцны баруун захаас нь татахад Шинэбаяр, Цэрэнбат нар дундуур орж ирээд салгасан. Цэрэнбат намайг тэврээд хүчээр жижиг өрөө рүү оруулахаар нь би “Найзууд чинь гэрт ирээд намайг доромжилж байна, чамайг хүн биш гэж үздэг юм байна” гээд маргалдаад зогсож байхад М- хойноос орж ирээд “манай найзтай 6 жил амьдрахдаа даралж амьдарч байгаа биздээ чиний нүүрийг маажиж сорвитой болгоно гээд над руу дайраад миний цээж рүү түлхэхэд нь бид хоёр давхарлалдаад орон дээр унасан. М- миний үснээс зулгааж орон дээрээс босгоод шалан дээр хэвтүүлчихээд миний нүүрийг маажаад байхаар нь би хоёр тал руугаа толгойгоо хөдөлгөж зугтаасан боловч дийлэхгүй байсан. Би М-ийн үснээс зулгаасан гарыг нь тавиулах гээд ноцолдож байхад нэг хатуу зүйл аманд өртөхөөр нь хазсан. Энэ үеэс М- миний үснээс зулгааж, нүүр маажихаа больсон...” /хх-ийн 12-13/ гэсэн,
Хохирогч Э.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө найз Цэрэнбатын гэрт дөрвөн ширхэг пиво, Эден нэртэй архи нэг шилийг авч очсон. Ингээд бид нар авч очсон архиа хувааж уугаад ярилцаж байхад З- нь “би ойрхон зайтай гурван хүүхэд гаргасан болохоор их ядарч, зовж байна” гэхээр нь манай нөхөр Шинэбаяр “чи гурван хүүхэдтэй зовж байна гэж битгий ярь, манай эхнэр ч гэсэн гурван хүүхэдтэй” гэж хэлэхэд З- чи намайг ойлгодоггүй гээд над руу дайраад миний цамцны захнаас зуурч татсан. Тухайн үед хүзүүний баруун хойд хэсэгт цамцны заханд нидрэгдээд бага зэрэг зулгарсан. З-г над руу дайрангуут Цэрэнбат бидний дундуур ороод салгах гэсэн боловч дийлээгүй, Цэрэнбат З-г түлхээд жижиг өрөө рүүгээ явахад З- миний цамцны захнаас тавихгүй байсан учраас би чирэгдээд тэдэнтэй хамт унтлагын өрөө рүү орсон. Өрөө рүү орох үед З- гар нүүрийг самардаад хоёр хацар, эрүүний баруун хэсэг, баруун шанаа орчим маажсан. З- миний нүүрийг маажихаар нь би “чи яагаад миний нүүрийг маажиж байгаа юм бэ” гээд З-г маажих гээд зүүн гараа явуулахад тэрээр зүүн гарын чигчий хурууг хазсан. Тухайн үед их өвдөлт мэдрэгдээд байхаар нь З-д гар тавиач гэж хэлсэн боловч юу ч дуугарахгүй байхар нь гараа тавиулах гээд З-гийн нүүр рүү баруун гараараа түлхсэн...” /хх-ийн 15-16/ гэсэн,
Гэрч М.Шинэбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны ...шөнийн 00 цаг өнгөрч байхад эхнэр М-, хоёр бага хүүхдийн хамт найз Цэрэнбатын гэрт очсон, очихдоо 0,5 литрийн Эден архи, 0,5 литрийн пиво дөрвөн ширхэгийг авсан. Бид нар архи, пивоо уугаад байж байхад З- гурван хүүхэд төрүүлсэн, надад хэцүү байна гэхээр нь манай эхнэр ч гэсэн гурван хүүхэд төрүүлсэн гэхэд та хоёр намайг ойлгохгүй байна гээд шууд манай эхнэрийн толгойд цохисон. Тэр үед Цэрэнбат эхнэрээ тэврээд жижиг өрөө рүү орох гэхэд З- манай эхнэрийг цамцнаас татаад аваад орсон. ...Би араас нь жижиг өрөө рүү ороход манай эхнэрийн нүүрийг маажаад цус гарчихсан байсан...” /хх-ийн 23-24, 81/ гэсэн,
Гэрч Т.Цэрэнбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны орой ...Шинэбаярын гэр рүү ганцаараа явах гэж байгаад З-г хэрүүл хийж магадгүй гээд З-тай ярилцаж байгаад Шинэбаяр, М- нарыг гэртээ дуудсан. Шөнө 23 цагийн үед Шинэбаяр, М- нар хоёр хүүхдийнхээ хамт 0,75 литрийн нэг шил архи, 0,5 литрийн 4 ширхэг пиво авч ирсэн. Бид нар архи, пиво хувааж уугаад архи талдаа орж байхад М-, З- хоёр хүүхдээсээ болж маргалдаад З- М-, Шинэбаяр хоёрыг гэрээсээ хөөгөөд, хоорондоо ядуу хоосоноороо дуудаад байсан. Би М-, З- хоёрыг арай ч хоорондоо зодолдохгүй байх гэж бодоод сууж байтал тэр хоёр хоёулаа зэрэг босч ирээд бие, биенийгээ маажчихаар нь би З-г тэврээд жижиг өрөө рүү орсон. Тухайн үед З-гийн хоёр шанаа, М-ийн хамарны хоёр хажуу талаар буюу хоёр хацар нь босоо чиглэлтэй маажигдсан харагдаж байсан. Тэгтэл З- жижиг өрөөнд орчихоод “энэ гэрт ирчихээд яахаар намайг гэрээс хөөдөг юм бэ, энэ чинь бидний гэр юм байгаа биздээ, найзууд чинь гэрт ирээд намайг доромжилж байна, намайг хүн биш гэж үздэг юм байна, наадуулаа явуул” гэж хашгирч байхад бага хүү сэрээд уйлсан. М- том өрөөнд орилж байснаа жижиг өрөө рүү орж ирээд “чи муу гичий” гэж харааснаа З-г орон дээр сууж байхад үснээс зулгаагаад баруун тийш нь дарчихсан. ...Би М-, З- нарыг салгах гээд М-ийг З-гаас холдуулаад нуруунаас нь тэврэхэд М-, З-гийн үснээс зулгаасан гараа тавихгүй, үснээс зулгааж татаад түүнийг газар унагаасан. Тэр хоёрыг би салгах гээд дийлээгүй, Шинэбаяр орж ирээд М-ийн З-гийн үснээс зулгаасан гарыг тавиулаад өрөөнөөс авч гарсан. ...М- надад “хар, чиний эхнэр чинь миний хурууг тас хазчихлаа” гээд надад зүүн гараа харуулсан ба түүний зүүн гарын чигчий хурууны хумстай үзүүр хэсэг нь алга болоод цус гарсан харагдаж байсан, хэдийд тийм зүйл болсоныг би мэдэхгүй...” /хх-ийн 25-26/ гэсэн,
Шүүгдэгч Е.З- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчааар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00 цаг өнгөрч байхад ...Шинэбаяр болон түүний эхнэр М- нар 5-7 насны хоёр хүүхдээ дагуулж манай гэрт ирсэн. Манай гэрт ирэхдээ 0,75 литрийн архи нэг шил, 4 ширхэг пиво авчирсныг бид нар хувааж уунгаа ярилцаж байсан. Бид хоорондоо хүүхдийнхээ талаар ярилцаж байхад би М-д 6 жилийн дотор 3 хүүхэд төрүүлээд хажуугаар нь сургуулиа төгслөө, их хэцүү байна гэхээр нь би ч гэсэн 3 хүүхэдтэй, бага хоёр хүүхдээ өсгөөд явж болж байсан гээд их дургүйцсэн байдалтай хэлсэн. Би М-д “чи ажилгүй, сургууль соёл гэж явахгүй, хүүхдээ өсгөсөн, харин би хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар сургуулиа төгслөө” гэхэд М- “чи намайг боловсролгүй гэж хэлж байгаа юм уу” гээд надтай маргалдахаар нь би түүнд “та хоёр ингээд найзыгаа ойлгодоггүй шүү дээ, манай гэрээс яв зайл” гээд шууд босоод ирэхэд М- “энэ чиний гэр орон биш, чи юутай ирсэн юм, чи гуйлгачин, энэ чинь манай найзын гэр орон, эцэг эх чинь гуйлгачин” гэж доромжилсон. Тэгэхээр нь би М-ийн цамцны баруун захаас нь татахад Шинэбаяр, Цэрэнбат нар дундуур орж ирээд салгасан. Цэрэнбат намайг тэврээд хүчээр жижиг өрөө рүү оруулахаар нь би “Найзууд чинь гэрт ирээд намайг доромжилж байна, чамайг хүн биш гэж үздэг юм байна” гээд маргалдаад зогсож байхад М- хойноос орж ирээд “манай найзтай 6 жил амьдрахдаа даралж амьдарч байгаа биздээ чиний нүүрийг маажиж сорвитой болгоно гээд над руу дайраад миний цээж рүү түлхэхэд нь бид хоёр давхарлалдаад орон дээр унасан. М- миний үснээс зулгааж орон дээрээс босгоод шалан дээр хэвтүүлчихээд миний нүүрийг маажаад байхаар нь би хоёр тал руугаа толгойгоо хөдөлгөж зугтаасан боловч дийлэхгүй байсан. Би М-ийн үснээс зулгаасан гарыг нь тавиулах гээд ноцолдож байхад нэг хатуу зүйл аманд өртөхөөр нь хазсан. Энэ үеээс М- миний үснээс зулгааж, нүүр маажихаа больсон...” /хх-ийн 69-70/ гэсэн,
Шүүгдэгч Э.М- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө найз Цэрэнбатын Хан-Уул дүүргийн 02 дугаар хороо, 24 дүгээр айрны 70 тоотод зочлон очсон. Ингээд бид нар авч очсон архиа хувааж уугаад ярилцаж байхад З- нь “би ойрхон зайтай гурван хүүхэд гаргасан болохоор их ядарч, зовж байна” гэхээр нь манай нөхөр Шинэбаяр “чи гурван хүүхэдтэй зовж байна гэж битгий ярь, манай эхнэр ч гэсэн гурван хүүхэдтэй” гэж хэлэхэд З- чи намайг ойлгодоггүй гээд над руу дайраад миний цамцны захнаас зуурч татсан. Тухайн үед хүзүүний баруун хойд хэсэгт цамцны заханд нидрэгдээд бага зэрэг зулгарсан. З-г над руу дайрангуут Цэрэнбат бидний дундуур ороод салгах гэсэн боловч дийлээгүй, Цэрэнбат З-г түлхээд жижиг өрөө рүүгээ явахад З- миний цамцны захнаас тавихгүй байсан учраас би чирэгдээд тэдэнтэй хамт унтлагын өрөө рүү орсон. Өрөө рүү орох үед З- гар нүүрийг самардаад хоёр хацар, эрүүний баруун хэсэг, баруун шанаа орчимд маажсан. З- миний нүүрийг маажихаар нь би “чи яагаад миний нүүрийг маажиж байгаа юм бэ” гээд З-г маажих гээд зүүн гараа явуулахад тэрээр зүүн гарын чигчий хурууг хазсан. Тухайн үед их өвдөлт мэдрэгдээд байхаар нь З-д гар тавиач гэж хэлсэн боловч юу ч дуугарахгүй байхаар нь гараа тавиулах гээд З-гийн нүүр рүү баруун гараараа түлхсэн. ...Хурууны тасархайг сүүлд нь олж авсан Гэмтлийн эмнэлэг дээр хурууны тасархайг залгах боломжгүй гэж хэлсэн. Тухайн үед З-гийн зүүн, баруун шанаа, дух нь маажигдсэн байх...” /хх-ийн 78-80/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №862 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Э.М-ийн биед зүүн гарын чигчий хурууны үзүүрийн шивнүүрийн ил хугарал, тайрагдалт, баруун хацар, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 29/ гэсэн,
- Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №856 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Е.З-гийн биед дух, баруун шанаа, хацар, зүүн шанаа, эрүүнд зулгаралт, баруун шилбэ, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх болможтой.
3. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин дан, дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” /хх-ийн 31/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №273 дугаартай материалаар хийсэн шинжилгээний дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Е.З-гийн баруун шагай, өсгийн ясанд гэмтэл тогтоогдсонгүй...” /хх-ийн 36/ гэсэн дүгнэлтүүд,
- Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/,
- Хэв журам хамгаалах тасгийн хоногийн томилгоо, мэдээ /хх-ийн 57/,
- Хохирлын баримтууд /хх-ийн 90-93/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 94/,
- Шүүгдэгч Е.З-гийн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 52, 54-56, 82/,
- Шүүгдэгч Э.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /53, 46-51, 84, 95-97/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Е.З-, Э.М- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Е.З- нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 70 тоотод 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.М-тэй маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд дух, баруун шанаа, хацар, зүүн шанаа, эрүүнд зулгаралт, баруун шилбэ, тохойнд цус хуралт бүхийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.М-ийн “...З-г над руу дайрангуут Цэрэнбат бидний дундуур ороод салгах гэсэн боловч дийлээгүй, Цэрэнбат З-г түлхээд жижиг өрөө рүүгээ явахад З- миний цамцны захнаас тавихгүй байсан учраас би чирэгдээд тэдэнтэй хамт унтлагын өрөө рүү орсон. Өрөө рүү орох үед З- гар нүүрийг самардаад хоёр хацар, эрүүний баруун хэсэг, баруун шанаа орчимд маажсан. З- миний нүүрийг маажихаар нь би “чи яагаад миний нүүрийг маажиж байгаа юм бэ” гээд З-г маажих гээд зүүн гараа явуулахад тэрээр зүүн гарын чигчий хурууг хазсан. Тухайн үед их өвдөлт мэдрэгдээд байхаар нь З-д гар тавиач гэж хэлсэн боловч юу ч дуугарахгүй байхаар нь гараа тавиулах гээд З-гийн нүүр рүү баруун гараараа түлхсэн...” /хх-ийн 15-16/ гэсэн, гэрч Т.Цэрэнбатын “...Би М-, З- нарыг салгах гээд М-ийг З-гаас холдуулаад нуруунаас нь тэврэхэд М-, З-гийн үснээс зулгаасан гараа тавихгүй, үснээс зулгааж татаад түүнийг газар унагаасан. Тэр хоёрыг би салгах гээд дийлээгүй, Шинэбаяр орж ирээд М-ийн З-гийн үснээс зулгаасан гарыг тавиулаад өрөөнөөс авч гарсан. ...М- надад “хар, чиний эхнэр чинь миний хурааг тас хазчихлаа” гээд надад зүүн гараа харуулсан ба түүний зүүн гарын чигчий хурууны хумстай үзүүр хэсэг нь алга болоод цус гарсан харагдаж байсан, хэдийд тийм зүйл болсоныг би мэдэхгүй...” /хх-ийн 25-26/ гэсэн, шүүгдэгч Е.З-гийн “...Тэгэхээр нь би М-ийн цамцны баруун захаас нь татахад Шинэбаяр, Цэрэнбат нар дундуур орж ирээд салгасан. Цэрэнбат намайг тэврээд хүчээр жижиг өрөө рүү оруулахаар нь би “Найзууд чинь гэрт ирээд намайг доромжилж байна, чамайг хүн биш гэж үздэг юм байна” гээд маргалдаад зогсож байхад М- хойноос орж ирээд “манай найзтай 6 жил амьдрахдаа даралж амьдарч байгаа биздээ чиний нүүрийг маажиж сорвитой болгоно гээд над руу дайраад миний цээж рүү түлхэхэд нь бид хоёр давхаралдаад орон дээр унасан. М- миний үснээс зулгааж орон дээрээс босгоод шалан дээр хэвтүүлчихээд миний нүүрийг маажаад байхаар нь би хоёр тал руугаа толгойгоо хөдөлгөж зугтаасан боловч дийлэхгүй байсан. Би М-ийн үснээс зулгаасан гарыг нь тавиулах гээд ноцолдож байхад нэг хатуу зүйл аманд өртөхөөр нь хазсан. Энэ үеэс М- миний үснээс зулгааж, нүүр маажихаа больсон...” /хх-ийн 69-70/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны №862 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Э.М-ийн биед зүүн гарын чигчий хурууны үзүүрийн шивнүүрийн ил хугарал, тайрагдалт, баруун хацар, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн шуунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 5% алдагдуулна...” /хх-ийн 29/ гэсэн, дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 94/ зэрэг баримтуудаар,
Шүүгдэгч Э.М- нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 70 тоотод 2018 оны 12 дугаар сарын 30-ны шөнө 00 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Е.З-тай маргалдан зодолдож, түүний эрүүл мэндэд дух, баруун шанаа, хацар, зүүн шанаа, эрүүнд зулгаралт, баруун шилбэ, тохойд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Е.З-гийн “...М- миний үснээс зулгааж орон дээрээс босгоод шалан дээр хэвтүүлчихээд миний нүүрийг маажаад байхаар нь би хоёр тал руугаа толгойгоо хөдөлгөж зугтаасан боловч дийлэхгүй байсан. Би М-ийн үснээс зулгаасан гарыг нь тавиулах гээд ноцолдож байхад нэг хатуу зүйл аманд өртөхөөр нь хазсан. Энэ үеэс М- миний үснээс зулгааж, нүүр маажихаа больсон...” /хх-ийн 12-13/ гэсэн, гэрч Т.Цэрэнбатын “...Би М-, З- нарыг салгах гээд М-ийг З-гаас холдуулаад нуруунаас нь тэврэхэд М-, З-гийн үснээс зулгаасан гараа тавихгүй, үснээс зулгааж татаад түүнийг газар унагаасан. Тэр хоёрыг би салгах гээд дийлээгүй, Шинэбаяр орж ирээд М-ийн З-гийн үснээс зулгаасан гарыг тавиулаад өрөөнөөс авч гарсан. ...М- надад “хар, чиний эхнэр чинь миний хурууг тас хазчихлаа” гээд надад зүүн гараа харуулсан ба түүний зүүн гарын чигчий хурууны хумстай үзүүр хэсэг нь алга болоод цус гарсан харагдаж байсан, хэдийд тийм зүйл болсоныг би мэдэхгүй...” /хх-ийн 25-26/ гэсэн, шүүгдэгч Э.М-ийн “...Тухайн үед их өвдөлт мэдрэгдээд байхаар нь З-д гар тавиач гэж хэлсэн боловч юу ч дуугарахгүй байхаар нь гараа тавиулах гээд З-гийн нүүр рүү баруун гараараа түлхсэн. ...Хурууны тасархайг сүүлд нь олж авсан Гэмтлийн эмнэлэг дээр хурууны тасархайг залгах боломжгүй гэж хэлсэн. Тухайн үед З-гийн зүүн, баруун шанаа, дух нь маажигдсэн байх...” /хх-ийн 78-80/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №856 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Е.З-гийн биед дух, баруун шанаа, хацар, зүүн шанаа, эрүүнд зулгаралт, баруун шилбэ, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх болможтой.
3. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин дан, дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-ийн 31/ гэсэн,
мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №273 дугаартай материалаар хийсэн шинжилгээний дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Е.З-гийн баруун шагай, өсгийн ясанд гэмтэл тогтоогдсонгүй...” /хх-ийн 36/ гэсэн дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Е.З-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Э.М-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Е.З- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.М-ийн эрүүл мэндэд зүүн гарын чигчий хурууны үзүүрийн шивнүүрийн ил хугарал, тайрагдалт, баруун хацар, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн шуунд зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Е.З-гийн эрүүл мэндэд дух, баруун шанаа, хацар, зүүн шанаа, эрүүнд зулгаралт, баруун шилбэ, тохойнд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан. Шүүгдэгч Е.З- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул энэ тогтоолоор шүүгдэгч Э.М-ээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Харин шүүгдэгч Э.М- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардалд 7,266,942 төгрөг нэхэмжилснээс шүүх гэм буруутай этгээд болох шүүгдэгч Е.З-гаас 5,712,542 төгрөг гаргуулж, хохирогч Э.М-д олгож, нэхэмжлэлээс 1,554,400 төгрөгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна. Учир нь: Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоож гаргахаар хуульд заасан бөгөөд М.Шинэбаяын БНХАУ руу явсан 777,700 төгрөгийн зардал нь энэ гэмт хэрэгт хамааралгүй байх тул шүүх хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Мөн Э.М- нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ руу нисэхээр онгоцны тасалбар захиалсныг шүүх төлбөрөө төлж уг тасалбарыг худалдаж аваагүй гэж үзээд хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэн харин энэ зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч Е.З-, Э.М- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Е.З-г 1500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Э.М-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Е.З-д оногдуулсан 1,500,000 төгрөгийн торгуулын ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.М-ийн өмгөөлөгч Ц.Осоржамаа ...Э.М- нь өөрийгөө хамгаалахын тулд аргагүй хамгаалалт хэрэглэж, хохирогч Е.З-д хөнгөн хохирол учруулсан байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь шүүгдэгч Э.М- нь нүүрээ маажуулсныхаа дараа хохирогч Е.З-гийн хойноос адилхан нүүрийг маажих зорилгоор очиж үснээс нь зулгааж, зууралдан, газар унагааж дух, баруун шанаа, хацар, зүүн шанаа, эрүүнд зулгаралт, баруун шилбэ, тохойнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь хохирогч Е.З-гийн “...М- хойноос орж ирээд “манай найзтай 6 жил амьдрахдаа даралж амьдарч байгаа биздээ чиний нүүрийг маажиж сорвитой болгоно гээд над руу дайраад миний цээж рүү түлхэхэд нь бид хоёр давхарлалдаад орон дээр унасан. М- миний үснээс зулгааж орон дээрээс босгоод шалан дээр хэвтүүлчихээд миний нүүрийг маажаад байхаар нь би хоёр тал руугаа толгойгоо хөдөлгөж зугтаасан боловч дийлэхгүй байсан...” гэсэн, гэрч Т.Цэрэнбатын “...М- том өрөөнд орилж байснаа жижиг өрөө рүү орж ирээд “чи муу гичий” гэж харааснаа З-г орон дээр сууж байхад үснээс зулгаагаад баруун тийш нь дарчихсан. ...Би М-, З- нарыг салгах гээд М-ийг З-гаас холдуулаад нуруунаас нь тэврэхэд М-, З-гийн үснээс зулгаасан гараа тавихгүй, үснээс зулгааж татаад түүнийг газар унагаасан. Тэр хоёрыг би салгах гээд дийлээгүй, Шинэбаяр орж ирээд М-ийн З-гийн үснээс зулгаасан гарыг тавиулаад өрөөнөөс авч гарсан...” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Аргагүй хамгаалалтыг бусдын хууль халдлага эхэлсэн эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй...” гэж заасан байх тул шүүгдэгч Э.М-ийн дээрх үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцох боломжгүй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн 1910001110207 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Э.М-ийн ягаан өнгийн хумсны будагтай хумс болон зөөлөн эдийн тасархай 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэгт битүүмжилэгдсэн эд хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Е-ийн З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,
Шүүгдэгч Б овогт Э-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Е-ийн З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 /нэг мянга, таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 /нэг сая, таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Е.З-д оногдуулсан 1500 /нэг мянга, таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,500,000 /нэг сая, таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.М-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.З-д оногдуулсан торгуулийн ялыг 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.З-, Э.М- нар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тэдэнд мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.З- /Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, ...... дүгээр гудамжны .... тоотод оршин суух хаягтай/-аас 5,712,542 /таван сая, долоон зуун арван хоёр мянган, таван зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулж, хохирогч Э.М- / Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, ..... дүгээр гудамж, .... тоотод оршин суух хаягтай/-д олгож, хохироогч, шүүгдэгч Э.З- өөрт учирсан гэмтэлтэй холбоотой гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдэврлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 1910001110207 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн Э.М-ийн ягаан өнгийн будагтай хумс болон зөөлөн эдийн тасархай 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн 1910001110207 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.М-, Е.З- нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг, шүүгдэгч Э.М- бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Е.З-, Э.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.Золаяа, Э.М- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР