Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/386

 

   2019            12             17                                          2019/ШЦТ/386

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-нарийн бичгийн дарга Б.Алтанчимэг,

-улсын яллагчаар И.Мөнхцэцэг

           -шүүгдэгч Ч.Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б  овогт Ч-ийн Т-д холбогдох 1934009720501 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, халх, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, малчин, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхан 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар баривчлах ялаар шийтгүүлж 2011 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр суллагдсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Б  овогт Ч-ийн Т- /РД:__0113075/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Ч.Т нь Төв аймгийн Цээл сумын төвөөс 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Р.Сосорбурамын эзэмшлийн 1 тооны алдуул үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг нь мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                 Шүүгдэгч Ч.Т-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч Ч.Т нь Төв аймгийн Цээл сумын төвөөс 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Р.Сосорбурамын эзэмшлийн 1 тооны алдуул үхрийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг нь мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 тал/

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-05 тал/,

-Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-09 тал/,

-Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 47 тал/

- “Эй жэй жэй эм” ХХК-ний “иргэн Р.Сосорбурамын өмчлөлийн 1 толгой үхэрний зах зээлийн бодит үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 10-р сарын 29-ний байдлаар 981.700 төгрөг болно..” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 18-28 тал/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 40-44 тал/,

- 2018 оны мал тооллогын баримт /хх-ийн 31-39 тал/

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 55 тал/

- Хохирогч Р.Сосорбурамын гомдол саналгүй гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 78 тал/

-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 83 тал/

- Хохирогч Р.Сосорбурамын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 15-ны өглөө үхрээ тугалтай таван үхэр мөн улаан халзан хязаалан гун, ягаан шүдлэн гун, ягаан шүдлэн эр бяруу малын худгаас зүүн урагшаа гаргасан. Маргааш өдөр усанд бүгд орж ирэн, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үхрээ харахад Улаан халзан эр хязаалан гуна байхгүй байсан айлын үхэр дагаад явсан байж магадгүй гэж бодоод Улаанбаатар хот руу хүний бие муудаж хүүтэйгээ цуг явсан, ирээд үхрээ хайхад улаан халзан эр гуна байхгүй байсан...Хязаалан эр задгай богино эвэртэй, улаан халзан зүсмийн сүүлний үзүүр нь цагаан өвчүү, цав хэсгээрээ цагаан үстэй, өвөл хашаанд уядаг байсан номхон үхэр...Би алдсан үхрээ нэг сая таван зуун мянган төгрөгөөр үнэлж байна...би Ч.Т-өөс хохиролд 1.000.000 төгрөг авсан, гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 70 тал/,

-Гэрч Б.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 10 дугаар сарын 17-ны орой Төв аймгийн Цээл сумын Муурын байшин гэртээ юм оёод сууж байгаад 19 цагийн үед би гэрээсээ гарахад манай нөхөр Ч.Т 1 тооны үхэр унагаасан. Би юун үхэр юм гэхэд хүнээс авлагандаа авсан юм гэсэн. Тэгээд намайг хөлнөөс татаад өг гэхээр нь орж гарангаа туслалцсан. Орой тухайн үхрийн махыг зарж борлуулахаар манай нөхөр Улаанбаат хот Эмээлт зах руу ганцаараа явах гээд байхаар нь хамт явъя машин тэрэг чинь орой үзэш яах ч юм билээ гээд хамт явж Улаанбаатар хот Цанын баазын тэнд 1.038.000 төгрөгөөр зарж борлуулсан. Тухайн үхрийг хэний үхрийг би сайн мэдэхгүй манай нөхөр Б  овогт Ч-ийн Т- хүнээс авлагандаа авсан гэж тухай үед хэлсэн Намар өвс хадсан тэрнийгээ мал ахуйгаар заримыг борлуулсан тэрнийгээ авсан гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

- Гэрч Ч.Урансүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны мал тооллогоор үнээ 7, шүдлэн үхэр 2, бяруу 4,  тугал 3, бух 1 нийт 17 үхэр, ямаа 5 миний нэр дээр тооллогдсон. Одоо би Төвь аймгийн Цээл сумын Оргил 1 дүгээр багийн Хөшигт 2-53 тоотод амьдарч байна...манай үхэр алдсан хэрэгт манай төрсөн эх хохирогчоор оролцсон. Тухайн мал над дээр тоологддог боловч яг эзэн нь манай ах Сосорбурам юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/

- Шүүгдэгч Ч.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...би яллагдагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...хашаанд орж ирчихээд туухад гарч явахгүй болохоор нь уурлаад сүхээр толгой руу нь цохьсон. Тэгээд тэр үхэр газар унаад тйичлээд босож ирэхгүй болохоор нь хүний үхэр алаад хаячихлаа гэж бодоод өвчсөн. Тэр үхрийг цохиж байхыг манай эхнэр хараагүй харин унагасаных дараа бол надад тусалсан. Надаас ямар учиртай үхэр юм гэхээр нь би хүнээс мөнгөний авлагатай байж байгаад авсан юм гэж хэлсэн...тэгээд би тэр үхрийн махыг өөрийнхөө эзэмшлийн 16-17 УБК улсын дугаартай ногоон өнгийн аксент маркийн тээврийн хэрэгсэлд хийгээд Улаанбаатар хот руу явж Эмээлт махын зар дээр зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

           Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэрэгт хялбаршуулсан журмаар ажиллагаа явуулж, хэргийг хялбаршуулсанаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон хуульд заасан нөхцөл байдлыг хангасан байх тул шүүх шүүгдэгч Ч.Т-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж,

             Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдолын чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгэгдэж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсгийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Ч.Төмөрчөдөрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Төмөрчөдөрийг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Т-т сануулав.

 

           Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүх хохирогч Р.Сосорбурамд шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “хохиролд 1.000.000 төгрөг авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын асуудал байхгүй бөгөөд шүүгдэгч Ч.Т  нь бусдад төлөх төлбөргүй болно.  

 

            Бусад асуудлаар:

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ч.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,

            -Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ч.Төмөрчөдөрийн эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 16-17 УБК улсын дугаартай ногоон өнгийн аксент маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлийг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Т-ийн 334.000 төгрөгийн үнэ бүхий 16-17 УБК улсын дугаартай ногоон өнгийн аксент маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

           

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 31 дүгээр зүйлийн 3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                             

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б  овогт Ч-ийн Т-ийг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1.  Ч.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүгдэгч Ч.Т-т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг харъяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Т-ийг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Ч.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүгдэгч Ч.Т-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 334.000 төгрөгийн үнэ бүхий 16-17 УБК улсын дугаартай ногоон өнгийн аксент маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ю.ЭНХМАА