Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2016/01215

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, баянгол 10 гудамж 13 тоотод оршин суух, эрэгтэй, ВЭ60030175 регистрийн дугаартай, Онхоодой овогт Минжээгийн Зундуйдаваагийн  нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Цомбо эмийн үйлдвэрийн байранд байрлах, “Номтын ам” ХХК-д холбогдох

           24 412 826 төгрөг гаргуулах тухай  хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  И.Чимэдбадам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Анхмаа оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            М.Зундуйдаваа нь 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Номтын ам” ХХК-тай НА/145 дугаартай орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд баригдах С-11-145 тоот 68.30 м.кв байрыг захиалсан. Миний бие 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 13 660 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 900 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 5 100 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 21 660 000 төгрөгийг шилжүүлсэн.

            2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр А/13 тоот “Номтын ам” ХХК-ийн захирал Г.Баяржаргалын тушаалаар 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн НА/145 тоот гэрээг цуцалсан. Гэрээг цуцлахдаа тухайн гэрээний 3-р зүйлийн 3.5 дахь заалт буюу “захиалагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд орон сууцыг барьцаанд байлгаж, 1 сарын хугацаанд байрны төлбөрөө төлөхийг захиалагчаас шаардана. Энэ хугацаанд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд уг орон сууцыг өөр захиалагчид санал болгож борлуулж, 2.1-д заасны дагуу хийгдсэн төлбөрөөс 0.1 хувийг торгууль болгон суутган авч үлдсэнийг нь буцаан олгоно” гэсэн заалтаар гэрээг цуцалсан. 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр М.Зундуйдаваа гэрээг цуцлахыг зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн байна. 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөнгийг чинь шилжүүлнэ гэж Зундуйдаваагийн дансанд хийхээр тохирсон боловч үүргээ биелүүлээгүй. Түүнээс хойш сар бүр 2-3 удаа очиход мөнгийг чинь төлнө гэдэг боловч өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг өгөөгүй байгаа болно.

            Гэрээний дагуу олгогдох 21 660 000 төгрөг болон Иргэний хуулийн 222-р зүйлд зааснаар 222-р зүйлийн 222.1.2, 222.4, 222.5 дахь хэсэгт зааснаар дээрхи 21 660 000 төгрөгийг банкинд хадгалж байсан бол /2014.12.08-2016.08.15 хүртэл хугацаанд/ нийт 20 сарын хүү 2 752 826 төгрөг, нийт 24 412 826 төгрөгийг “Номтын ам” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

           Хариуцагч “Номтын ам” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 21 660 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хүү төлбөрөөс чөлөөлж өгнө үү гэв.

                                               

           Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                        

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

           Нэхэмжлэгч М.Зундуйдаваа нь  хариуцагч “Номтын ам” ХХК-иас 24 412 826 төгрөг нэхэмжилсэн ба  дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэв. 

           Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд баригдах 240 айлын  16 давхар   байрны С орцны 11-145 тоотын 68.30 м.кв орон сууцыг захиалан бариулахаар “Номтын ам” ХХК-тай орон сууц захиалгаар барих, бариулах  гэрээ байгуулсан,  гэрээний дагуу орон сууцны үнэ 21 660 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 2013 оны 6 дугаар  сарын 04-ний өдрийн НА-145 тоот гэрээ, төлбөр төлсөн орлогын маягт  гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

           Нэхэмжлэгч нь “талууд харилцан тохиролцож 2014 оны 9 дүгээр сарын 25-нд гэрээгээ цуцалсан боловч хариуцагч нь миний шилжүүлсэн 21 660 000 төгрөгийг буцааж өгөөгүй” гэж тайлбарлаад  21 660 000 төгрөг, хүү 2 752 826 төгрөг, нийт 24 412 826 төгрөгийг “Номтын ам” ХХК-иас нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүү 2 752 826 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа багасгаж  үндсэн төлбөр 21 660 000 төгрөг,  хүү 1 000 000 төгрөг, нийт  22 660 000 төгрөг нэхэмжилж байна.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “21 660 000 төгрөг М. Зундуйдаваагаас авсан, гэрээг харилцан тохиролцож цуцалсан,  21 660 000 төгрөгийг маргаангүй төлнө, харин хүү 2 752 826 төгрөгнөөс чөлөөлж өгнө үү”  гэж тайлбарласан.  

2013 оны 6 дугаар  сарын 04-ний өдрийн НА-145 тоот гэрээний 4.1-д  “Номтын ам” ХХК үүргээ хугацаандаа биeлүүлээгүй бол нийт төлөгдсөн үнийн дүнгийн 0.1 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байгаа тул нэхэмжлэгч нь 1 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь ‘’1 000 000 төгрөгийн  хүү нэхэмжилж байна’’ гэж тайлбарласан боловч  ‘’алдангийг гэрээний дагуу тооцвол 7 000 000 төгрөг болж байгаа, гэхдээ 1 000 000 төгрөг л нэхэмжилнэ’’ гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан, зохигч гэрээнд алданги тохиролцсоныг хүлээн зөвшөөрч байгаа тул 1 000 000 төгрөгийг алданги гэж тооцож шийдвэрлэсэн болно.

           Иймд хариуцагчийн хүлээн аваад буцааж төлөөгүй, төлөхийг зөвшөөрсөн 21 660 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, нийт 22 660 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч “Номтын ам” ХХК-иас  гаргуулан нэхэмжлэгч М.Зундуйдаваад  олгож шийдвэрлэв.

           Талууд гэрээг цуцалсан, нэхэмжлэгч нь “Номтын ам” ХХК-д шилжүүлсэн төлбөрөө буцаан нэхэмжилж байгаа тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн  гэж үзэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар зүйлчлэн хэргийг шийдвэрлэв.

           Нэхэмжлэгч М.Зундуйдавааг  И.Чимэдбадам нь 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр төлөөлөн нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон болно.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ НЬ:

 

           1.Иргэний хуулийн 492 зүйлийн 492.1.1-д  зааснаар хариуцагч “Номтын ам” ХХК-иас 22 660 000 төгрөг  гаргуулан нэхэмжлэгч М.Зундуйдаваад  олгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д  зааснаар хариуцагчаас 270 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар  нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ