Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 607

 

 

 

 

                                                                                   

 

 

         Ц.Гал-Эрдэнэ, Э.Баасандорж нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ж.Энх-Амгалан,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын гаргасан 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 561 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлээр Ц.Гал-Эрдэнэ, Э.Баасандорж нарт холбогдох эрүүгийн 201726010624 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Боржигин овогт Цогтгэрэлийн Гал-Эрдэнэ, 1991 оны 3 дугаар сарын 3-ны
өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой,
мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 1
дүгээр хороо, Толгойтын 38-532 тоотод оршин суудаг,

            2011 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн 423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд эдлээгүй үлдсэн 07 cap 25 хоногийг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хасч хэлтрүүлэгдсэн, /РД: УШ91030358/,

 

            Боржигон овогт Эрдэнийн Баасандорж, 1992 оны 8 дугаар сарын 21-ний
өдөр Дархан-Уул хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,
бетон арматорчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, дүү нарын хамт Булган аймгийн Бүрэгхангай сум, Дэрст гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн Нарангийн голын эцэст байрлах Бямбадоржийн гэрт түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ТА92082134/,

 

            Ц.Гал-Эрдэнэ, Э.Баасандорж нар нь согтуурсан үедээ урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюу” төвийн цонхоор нэвтэрч тус төвд үйл ажиллагаа явуулдаг “Хүслэнт-Уянга” ломбардны хаалгыг хөшиж нэвтрэн гар утас, зөөврийн компьютер хулгайлж хохирогч П.Лхагвадуламд 1.775.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Д.Бямбаноровт 100.000 төгрөгийн, Д.Баянхүүд 150.000 төгрөгийн, Д.Наранзулд 25.000    төгрөгийн, Д.Нямжаргалд 40.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Ц.Гал-Эрдэнэ, Э.Баасандорж нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүйд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.” гэж, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж тус тус заажээ. Иймд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж ...хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай ...мэдэгдэнэ” гэж хуульчилсан бөгөөд шүүхээс яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулах хууль зүйн зохицуулалт байхгүй болсон. Нөгөө талаас яллах дүгнэлтийн хавсралтад шинжлэн судлах нотлох баримтын жагсаалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дурдаагүй.

Түүнчлэн яллах дүгнэлтийг прокурор гардуулж өгөх зохицуулалт бий болсонтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинэ зохицуулалт болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх, яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хангах боломжгүй буюу талуудын гаргасан санал хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн 2015 оны Эрүүгийн хууль дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэгт тус хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байгаа эсэхийг нэг мөр эцэслэн шийдвэрлэж холбогдох ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “хэргийг прокурорт буцаах” гэж зааснаар Э.Баасандорж, Ц.Гал-Эрдэнэ нарт холбогдох 201726010624 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 589 дүгээр шүүгчийн захирамжийг залруулахдаа: “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Гал-Эрдэнэ, Э.Баасандорж нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010624 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 561 дүгээр захирамжаар хэргийг прокурорт буцаасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасан байна.

Тус шүүхийн 2017 оны 561 дүгээр захирамжийн тодорхойлох хэсэгт дурдагдсан “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...”, “...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад...”, “...Э.Мэндсайханыг...” гэж тус тус бичиж техникийн шинжтэй алдаа гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх, шүүхийн шийдвэрийг өөрийн санаачилгаар залруулж болох тухай хуульчилсан байх тул дээрх техникийн алдааг буюу “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг “...2017 оны 6 дугаар сарын 27-ны...” гэж, “...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад...” гэснийг “...145 дугаар зүйлийн 145.2-д...” гэж, “...Э.Мэндсайханыг...” гэснийг “....Э.Баасандорж, Ц.Гал-Эрдэнэ нарт...” гэж өөрчлөлт оруулан залруулж, захирамжийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 561 дүгээр захирамжийн тодорхойлох хэсэгт “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг “...2017 оны 6 дугаар сарын 27-ны...” гэж, “...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад...” гэснийг “...145 дугаар зүйлийн 145.2-д...” гэж, “...Э.Мэндсайханыг...” гэснийг “....Э.Баасандорж, Ц.Гал-Эрдэнэ нарт...” гэж өөрчлөлт оруулан залруулж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий прокурор Д.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэргийг анхан шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 561 дугаартай шүүгчийн захирамжаар буцаахдаа захирамжийн ТОДОРХОЙЛОХ хэсэгт “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заагдсан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэхээр байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан гэж захирамжийн удиртгал хэсэгт дурдсан атлаа “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр” тус шүүхэд ирүүлсэн гэж,

2. Прокурорын газраас яллагдагч Ц.Гал-Эрдэнэ, Э.Баасандорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад “2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт” гэж,

3. Яллагдагч нарын нэрийг “Э.Мэндсайхан” гэж тус тус дурдсан нь анхан шатны шүүх Ц.Гал-Эрдэнэ нарт холбогдох хэрэгт бус Э.Мэндсайханд холбогдох хэрэгт дүгнэлт хийсэн байна гэж үзэхээр байна. Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон захирамжилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 561 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн…” гэжээ.

 

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид хэргийн зүйлчлэлийг Ц.Гал-Эрдэнэ, Э.Баасандорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад “2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт” гэж буруу бичсэн. Мөн шүүхэд шилжүүлсэн огноо зөрүүтэй бичигдсэн. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Мөн Э.Мэндсайханд холбогдох хэргийг буцаасан мэтээр дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33-т “шүүхийн шийдвэр гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4-т заасныг ойлгоно.” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 561 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийн тодорхойлох хэсэгт Ц.Гал-Эрдэнэ, Э.Баасандорж нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хүлээн авсан огноо, яллагдагч нарын овог нэр, холбогдсон хэргийн зүйлчлэл зэрэг нь алдаатай, яллах дүгнэлт болон хэргийн жинхэнэ байдлаас зөрүүтэй бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэл болжээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэсэн заалтаас үзэхэд дээрх захирамжийг алдаатай гэхээс илүүтэй зөрчилтэй эрх зүйн акт гэж үзэхээр байна. Иймд захирамжийн зөрчлийг прокурорын эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулах журмаар арилгах шаардлагатай байх тул энэ талаарх эсэргүүцлийн заалтыг хүлээн авч хангах нь зүйтэй.

 

Харин дээрх захирамжийн бусад үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад нийцэж байгаа учир захирамжийн дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхээр уг хэргийг анхан шатны шүүхээр дамжуулж прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэх нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 561 дүгээр захирамжийн заалттай нийцэх юм.

 

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 612 дугаар захирамжийг прокурорын эсэргүүцэл бичигдсэний дараа үйлдсэн гэж үзэж болохоор байхаас гадна шүүгч гаргасан зөрчлөө алдаа гэж үзэж залруулга хийсэн нь дахин зөрчил үүсгэсэн байх учир уг захирамжийг хүчингүй болгов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 561 дүгээр захирамжийн Тодорхойлох хэсэгт “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг “...2017 оны 6 дугаар сарын 27-ны...” гэж,

“...181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад...” гэснийг “...145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт...” гэж,

“...Э.Мэндсайханыг...” гэснийг “...Ц.Гал-Эрдэнэ, Э.Баасандорж нарт...” гэж тус тус өөрчилж, захирамжийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 612 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

3. Прокурорын эсэргүүцлийн “шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах” талаарх бичсэн заалтыг хүлээн авч ханган “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар гаргасан заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Ц.Гал-Эрдэнэ, Э.Баасандорж нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ