Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1864

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2016/00751 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Мөр чамбон” ХХК-д холбогдох

 

Татварын өр 57 770 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаяр,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Алтанням,

Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Энхтөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 5133599 дугаартай “Мөр чамбон” ХХК нь тус татварын хэлтэст 2007 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бүртгүүлсэн. Тус компани нь 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл явуулсан үйл ажиллагаандаа хамаарах Цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын тайлангийн 1 039 222 төгрөгийн өр болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 56 730 780 төгрөгийн өр төлбөрийг хуулийн хугацаанд төлж барагдуулаагүй ба Татварын албаны зүгээс Татварын ерөнхий хуулийн 67, 68 дугаар зүйлд заасан арга хэмжээг авсан болно. Гэсэн хэдий ч татвар төлөгч нь хуримтлагдсан татвараа төлөхгүй байх тул Татварын Ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагчаас нийт 57 770 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2014 оны 12 дугаар сараас эхлэн ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй тул өнөөдрийг хүртэл хэдэн төгрөгийн татварын тооцоо гарсан талаар сайн мэдэхгүй байна. Түүнчлэн татварын алба нь урьдчилаанд татвар төлөгчид мэдэгдэж, уулзалтын түвшинд харилцан тохиролцож татварын өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан “Мөр чамбон” ХХК-иас 57 770 000 төгрөг гаргуулах тухай Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Гансүх давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн 2 дугаар хуудас үндэслэх хэсгийн 2 дахь догол мөрөнд дурдсанаар "Мөр чамбон" ХХК нь тайлангаарх үүссэн мөнгөн дүнг мөн барагдуулах тухайгаа мэдэж байсан нь тогтоогдсон байна. 4 дүгээр догол мөр хариуцагч нь Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18 зүйл 18.1.1, 18.1.6-д заасны дагуу татвараа хугацаанд нь төлж барагдуулах үүрэгтэй байсанч уг үүргээ биелүүлээгүй байна гэх боловч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйл 5.1, 5.3, 5.3.2, 5.3.4-т заасны дагуу тухайн "Мөр чамбон" ХХК-ийн татварын тайлангаарх үүссэн өр төлбөрийг хамааруулсан нь буруу байна. Тус хуулийн 4.1-д зааснаар Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд... татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол... мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө"... Мөн хуулийн 5 дугаар зүйл 5.1. Албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд нуун дарагдуулсан боловч энэ хуулийн 3.1-д заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болгож, санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг шинээр гаргаж харьяалах татварын алба, нийгмийн даатгалын байгууллагад сайн дурын үндсэн дээр мэдүүлсэн бол тухайн хувь хүн, хуулийн этгээдийг энэ хуулийн 4.1-д заасан хуульд заасан хариуцлагаас нэг удаа чөлөөлнө"... гэж заасан байхад "Мөр чамбон" ХХК-ийн 2014 онд Татварын албанд ирүүлсэн тайлангийн өр төлбөрийг хамруулсан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Мөн Засгийн газрын 2015 оны 348 дүгээр тогтоолын хавсралтын 2.1.1-т "нуун дарагдуулсан" гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг... гэж заасан байхад "Мөр чамбон" ХХК-ийг энэ хуульд хамааруулан шийдвэрлэх нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн 2 дугаар хуудсын доорх догол мөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйл 1.1 дэх хэсэгт хувь хүн, хуулийн этгээд нь нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа сайн дурын үндсэн дээр ил болгон мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино... гэж хуулийн зорилгыг тодорхойлсон байхад шүүгч нь тухайн ногдох татвараас чөлөөлөх зорилготой гэж үзэхээс гадна татвар төлөгч орлогоо ил тод болгон, шударгаар тайландаа тусгасан үйлдлийг мөн хамруулан дэмжих зорилгоор уг хууль батлагдсан гэж үзсэн нь хуультай нийцээгүй, мөн хуулийн 5 дугаар зүйл 5.1-д заасантай нийцэхгүй байх бөгөөд "Мөр чамбон" ХХК-ийн 2014 онд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл 18.1.2-т заасны дагуу тайлагнан нэгэнт ил болсон татварын хугацаа хэтэрсэн өрийг сайн дураар, үнэнч шударгаар хүлээсэн үүргээ биелүүлж хугацаанд нь татвараа тайлагнан хөрөнгө орлогоо ил тод байлгасан гэж дүгнэн өөр бусад нийтийн давамгай ашиг сонирхлын тусын тулд гэж авч үзсэн нь тус хуулийн үйлчлэлд хамааруулж дүгнэн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шааардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Мөр чамбон” ХХК-д холбогдуулан татварын өр 57 770 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Мөр чамбон” ХХК нь 2014 оны 12 дугаар сараас эхлэн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, Татварын алба нь урьдчилаад татвар төлөгчид мэдэгдэж, уулзалтын түвшинд харилцан тохиролцож татварын өр төлбөрийг шийдвэрлэх ёстой байсан гэж маргажээ.

 

Шүүх цахим татварын тайланг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу үзлэг хийж хуульд заасан хэлбэрээр бэхжүүлээгүй нотлох баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах, бүрдүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн, зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шаардлага хангахгүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгож хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг бүрдүүлэх, нотлох баримтын шаардлагыг хангуулах ажиллагааг хийх боломжгүй тул Татварын ерөнхий хууль болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн зүйл заалтыг зөв хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2016/00751 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                                                                   

                                          ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

 

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ