Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2020/0568

 

  Х.Мэгддоржийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, гуравдагч этгээд Л.С, Ё.М, С.Д, С.Г, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Д.Х нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Л.С, Ё.М, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ё.Э, хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т нарын гаргасан давж заалдах гомдлоор, Х.М-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 435 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.М-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг хүчингүй болгох тухай 703 дугаар захирамжийн М.Т-инд холбогдох хэсгийн Туул голын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгож, “АТТП” ХХК-ийн үйлдсэн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн М.Т-гийн кадастрын зургаас усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарах хэсгийг хасч, үлдсэн хэмжээгээр Х.М-жийн нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж, нэхэмжлэлийн үлдэх Х.М-ийн эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан С.Г, П.С, С.Ж, С.Д, С.Г, Э.Д, Л.С, Ё.М нарын хүсэлтийг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, иргэдийн газар эзэмших хүсэлтийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгахыг хүссэн гуравдагч этгээд С.Г, П.С, С.Ж, С.Д, С.Г, Э.Д, Л.С, Ё.М нарын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх тус албанд холбогдох “АТТП” ХХК-ийн үйлдсэн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн М.Т-гийн кадастрын зургаас усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарах хэсгийг хасч, үлдсэн хэмжээгээр Х.М-ийн нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Х.М нь 2014 онд М.Т-гээс 30000 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн авахаар гэрээ хийж, Газрын албанд хүсэлт ирүүлж “Аэрогеодези” ХХК-иар 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хийлгэсэн 20000,54 мкв хэмжээтэй газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгүүлэхээр хавсарган ирүүлсний дагуу тус дүүргийн Засаг даргын 2014 оны А/115 дугаар захирамжаар 30000 мкв газар эзэмшүүлж, өөрийнх нь бодитойгоор газар дээр шилжүүлэн авсан 20001 мкв газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэсэн байдаг. 2007 онд “АТТП” ХХК-ийн М.Т-гийн нэр дээр хийлгэсэн кадастрын зургийг нэхэмжлэгч Х.М өөрийн нэр дээр бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаагүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга, Газрын алба нэхэмжлэгчийн газар эзэмшихтэй холбоотой хүсэлтийг тухай бүр ханган шийдвэрлэсэн бөгөөд газар эзэмшихтэй холбоотой захиргааны акт гаргахаас татгалзсан, хуулийн хугацаанд шийдвэрлээгүй, эсвэл шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй байхгүй байна.

Нэхэмжлэлд дурдагдаж буй М.Т-гийн 2007 онд “АТТП” ХХК-иар хийлгэсэн кадастрын зураг нь М.Т-гийн 2007 оны 299 дүгээр захирамжаар “Флай Монголиа” ТББ-аас газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн авах хүсэлт гаргахдаа хавсарган өгсөн, эрх шилжүүлэгчийн эзэмшилд олгогдсон газраас 20000 мкв, эзэмшилд олгогдоогүй буюу нийтийн эдэлбэрийн газраас 10000 мкв газрыг оролцуулан хийсэн, хуульд нийцэхгүй, мэдээллийн санд бүртгэх боломжгүй зураг байсан тул 2007 онд бүртгэхийг татгалзаж шийдвэрлэсэн, одоо М.Т-гийн газрын хувийн хэрэгт хадгалагдаж байгаа зураг юм.

Газрын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд газар эзэмших хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх, газар эзэмших харилцааг тодорхой зохицуулсан байхад анхан шатны шүүх “АТТП” ХХК-ийн 2007 онд М.Т-гийн нэр дээр хийгдсэн кадастрын зургийг М.Т-гийн газар эзэмших хүсэлт гаргасан, улмаар газар эзэмших эрх үүсгэсэн баримт гэж нотлох баримтын хувьд буруу үнэлж, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг буруу тайлбарлаж дээрх зургийн хэмжээ, координатаар Х.М-ийн нэр дээр мэдээллийн санд бүртгэхийг даалгаж, шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т заасныг буруу тайлбарлаж, нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газрыг Х.М-ийн нэр дээр бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд П.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-ын өмгөөлөгч Ё.Э шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийг М.Т-нд холбогдох хэсгээс Туул голын хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд шинжээчийн дүгнэлтийг буруу үнэлсэн. Нийслэлийн Засаг даргын 95 дугаар захирамжаар тогтоосон ундны усны эх үүсвэрий хамгаалалтын бүсэд орсон үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 703 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрхээ шилжүүлсэн М.Т-гийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд энэ хамгаалалтын бүсийг А/798 дугаар захирамжаар өөрчлөн тогтоож, 95 дугаар захирамжийг хүчингүй болгосон байдаг.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчдийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/51 дугаар дүгнэлт нь 2010 онд 703 дугаар захирамж гарах үеийн бус харин дүгнэлт гарах үед 2019 онд шинэчлэгдэн мөрдөж байсан ундны усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд Х.М-ийн эзэмшил газар ямар хэмжээгээр давхцаж байгааг дүгнэсэн юм. Гэтэл анхан шатны шүүх 2010 онд гарсан захирамжийн үндэслэлийг тухайн үед мөрдөж байсан хамгаалалтын бүсэд бус “өнөөдөр мөрдөж байгаа энгийн хамгаалалтын бүсэд орсон байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн” гэж шинжээчийн дүгнэлтийг буруу үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

М.Тэмүүжин нь Баянзүрх дүүргийн Засаг даргын А/516 дугаар захирамжаар өөрт олгогдсон газар эзэмших эрхийг Х.М-д шилжүүлж уг захиармжаар 00474182 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон байна. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т зааснаар М.Т-гийн газар эзэмших эрх дуусгавар болж, Х.Мэгддоржид газар эзэмших эрх шинээр үүссэн. Х.М нь М.Т-нд холбогдох захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж гуравдагч этгээдийн талаас маргасан боловч нэхэмжлэгч ямар үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын М.Т-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардлах эрхтэй болохыг шүүх дүгнээгүй.

“АТТП” ХХК-ийн үйлдсэн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн М.Т-гийн кадастрын зургаас усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарах хэсгийг хасч, үлдсэн хэмжээгээр Х.М-ийн нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах” шаардлагын хувьд нотлох баримтыг буруу үнэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагад дурьдаж буй М.Т-гийн 2007 онд “АТТП” ХХК-иар хийлгэсэн кадастрын зураг нь тухайн байршилд газар эзэмших тухай хүсэлт биш Газрын тухай хуулийн 32-т заасан бусдаас эрх шилжүүлэн авсан газраас хэтрүүлэн кадастрын зураг мэдээллийн санд бүртгүүлэхээр М.Т-гээс гаргасан хүсэлт төдий юм. Гэтэл шүүх тухайн нотлох баримтыг М.Т газар эзэмших хүсэлт гаргасан, 2007 оноос эхлэн газар эзэмших эрх үүссэн, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж Х.М-ийн газар эзэмших хүсэлт гэж буруу үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль бус байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болохыг тогтоох шаардлагатай. Нэхэмжлэгчээс уг газартай холбоотойгоор захиргааны байгууллагад 2014 онд 30000 мкв газар эзэмших эрхийг М.Т-гээс шилжүүлэн авах хүсэлт, газар дээр бодитоор шилжүүлэн авсан газрын хэмжээгээр “Аэрогеодези” ХХК-иар 2014 онд Х.М-ийн нэр дээр хийлгэсэн 20001 мкв газрын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгүүлэх хүсэлтийг тус тус гаргасны дагуу тус дүүргийн Засаг даргын 2014 оны А/115 дугаар захирамжаар 30000 мкв газар эзэмшүүлж, өөрийнх нь ирүүлсэн 20000 мкв хэмжээгээр кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэсэн байдаг. 2007 онд “АТТП” ХХК-ийн М.Т-гийн нэр дээр хийлгэсэн кадастрын зургийг нэхэмжлэгч Х.М өөрийн нэр дээр бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаагүй.

Анхан шатны шүүх захиргааны байгууллагын Х.М-ид хандсан ямар хууль бус эс үйлдэхүй байгаа, энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг тогтоогоогүй хэрнээ бусдын нэр дээр өмнө хийлгэсэн кадастрын зургийг шаардсан хэмжээгээр бүртгэхийг даалгасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. М.Т-гийн 2007 онд хүсэлт болгосон зургийг нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туай хуулийн 1.1, 3.1.3, 54.1.5, 54.1.8 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж гаргасан шийдвэр гэж үзэж байна.

Мөн Газрын тухай хуулийн 23.4.3, 23.4.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгчийн маргаж буй гуравдагч этгээдүүдийн эзэмших хүсэлт гаргасан газрыг нэхэмжлэгч Х.М, түүний өмнө эрх шилжүүлэгч М.Т, “Флай Монголиа” ТББ-ын хэн алины эзэмшил, ашиглалтад олгоогүй байна. Иймд Газрын алба нь М.Т-гийн 2007 онд тухайн байгууллагад гаргаж байсан хууль бусаар авсан газраас 1 га хэтрүүлэн эзэмшил, ашиглалтад олгоогүй газарт хийлгэсэн зургаар хүсэлтийг хангаж, тэр тусмаа хүсэлт гаргаснаас өөр бусад этгээд болох Х.М-ийн нэр дээр мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулах эзэмшил, ашиглалтад олгоогүй газарт бүртгэл хийх эрх хэмжээгүй тул М.Т-гийн хийлгэсэн зургийн хэмжээгээр мэдээллийн санд кадастрын зургийг бүртгэхийг даалгасан шийдвэр нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн хувьд биелэгдэх боломжгүй шийдвэр байна.

Гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан үндэслэлээр буюу түрүүлж эзэмшил үүссэн, хүсэлт гаргасан этгээд давуу эрхтэй гэсэн агуулгаар дээр дүгнэж хангаж шийдвэрлэсэн тул гэсэн ганц үндэслэл зааж тайлбарласан. Энэ нь дүгнэлтэд заасан газар эзэмших хүсэлт гаргах, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, газар эзэмших эрх үүсэх, баталгаажуулахтай холбоотой мөн хуулийн 3.1.3, 3.1.7, 27, 32, 33, 34 дүгээр зүйлүүдийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн дүгнэлт хийж шийдвэрийн үндэслэл болгосон тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болохгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Л.С, Ё.М нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гуравдагч этгээд Л.С, Ё.М биднийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангалгүйгээр зөвхөн бусад гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт гуравдагч этгээд Л.С, Ё.М нар нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа Х.М-ийн нэхэмжлэлтэй хэрэгт биднийг гуравдагч этгээдээр татсан байна. Уг хэргийн шүүх хуралдааны үед бид хоёр хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байх тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй бөгөөд биднийг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарлажээ. 2018 онд 12 дугаар сарын 03-ны өдөр тухайн хэргийн шүүх хуралдаанд зарлагдсан бөгөөд тэр үед бид хөдөө орон нутагт томилолттой байж таарах байсан тул энэ тайлбарыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр томилолтоор явахаасаа өмнө гаргаж 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэнэ гэж ойлгож зөвхөн тухайн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болохоо тайлбарласан юм.

Түүнээс хойш өнөөдрийг болтол шүүх хуралдаан хойшилсон, анхан шатны шүүх рүү дахин хэргийг буцаасан зэргээр олон удаагийн шүүх хуралдаан болсон бөгөөд энэ хугацаанд 2019 онд 3-4 удаа шүүх хуралдааны товыг мэдэгдэж залгаж байсан. Мөн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэхээ “урьдчилан хэлэлцүүлгээр шүүх хуралдаан товлодог” гэсэн тул урьдчилан хэлэлцүүлэгт биднийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг товлоход татгалзахгүй гэдгээ мэдэгдсэн болно. Харин хэргийг шийдвэрлэсэн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг бидэнд мэдэгдээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Маргаж буй газар дээр бидний байшин, хашаа, ногоон байгууламж зэрэг ихээхэн хэмжээний үл хөдлөх хөрөнгө байрладаг ба маргааныг шүүхээс хэрхэн шийдвэрлэхээс бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол их хэмжээгээр хөндөгдөж байгаа тул хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагатай байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргах, цуглуулах үүргээ анхан шатны шүүх хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Х.М нь “Флай Монголиа” клубээс 2007 онд М.Т-нд шилжүүлэн эзэмшүүлсэн 30000 м.кв газрыг 2013 онд М.Т-гээс шилжүүлэн аваад өөрийн эзэмшил газрын хил заагийг тогтоолгон хашаажуулж, газрын төлбөрөө төлсөөр ирсэн байхад Баянзүрх дүүргийн газрын албанаас надад газар эзэмшүүлсэн шийдвэрийнхээ үндэслэлийг бүрэн нягталж шалгахгүйгээр 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10/198 дугаар албан бичгээр “...кадастрын зургийн хэлбэр хэмжээнд өөрчлөлт оруулах боломжгүй...” гэсэн хариу өгсөн нь газрыг шударгаар эзэмшиж байгаа миний эрх ашгийг зөрчиж байна гэсэн агуулгаар маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр захирамжаар “Флай Монголиа” ТББ-ын эзэмшиж байсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохой 201 тоотод байрлах 30000 м.кв газрын эзэмших эрхийг иргэн М.Т-нд шилжүүлж, улмаар 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/516 дугаар захирамжаар уг газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжаар иргэн Х.М-д 5 жилийн хугацаагаар шилжүүлэн эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдсон байна.

Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжийн М.Т-д холбогдох хэсгийн Туул голын усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарахгүй хэсгийг хүчингүй болгуулах, “АТТП” ХХК-ийн үйлдсэн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Х.Т-гийн кадастрын зургаас усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүсэд хамаарах хэсгийг хасч, үлдсэн хэмжээгээр Х.М-ийн нэр дээр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэхийг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах, Х.М-ийн эзэмшлийн 30000 м.кв газраас Туул голын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд ороогүй хэсгээр эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ  нэхэмжлэлийн шаардлага тус бүрт холбогдох нотлох баримтыг цуглуулж дүгнэлт хийгээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь, маргаан бүхий 30000 м.кв газрын тухайд “...өмнөх эзэмшигч Х.Т-гээс 30000 м.кв газрыг шилжүүлж авсан...” гэж нэхэмжлэгч Х.Мэгддорж тайлбарлан маргасан, харин хариуцагчаас “...“Флай Монголиа” ТББ-аас М.Т-нд бодит хэмжээгээр 20000 м.кв газар шилжүүлсэн...” гэж маргасан энэ тохиолдолд хэрэгт авагдсан газрын кадастрын зураг, болон бусад нотлох баримтуудаас үзэхэд М.Т-гээс Х.М-д шилжүүлсэн газрын хэмжээ, хил зааг тодорхой байхаас гадна тухайн газар нь гуравдагч этгээдүүдийн маргаж байгаа газартай давхцаж, тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байгаа эсэх нь тодорхой байх ёстой.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчдийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/51 дугаартай дүгнэлтээр “Х.М-ийн газар нь Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүстэй 7835 м.кв талбайгаар...энгийн хамгаалалтын бүстэй 20000 м.кв талбайгаар тус тус давхцаж байна” гэсэн байхад шүүх “...шинжээчийн дүгнэлтээс үзэхэд нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар М.Т-гийн 30000 м.кв газрын эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгосон нь нэхэмжлэгч Х.М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна” гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй энэ талаар шалгаж, дүгнэлт өгөх үүргээ шүүх огт хэрэгжүүлээгүй байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 13/1427 дугаар албан бичгээр тус дүүргийн 20 дугаар хорооны Хар усан тохой хэсэгт газар эзэмшигч “Флай Монголиа” ТББ-аас Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 299 дүгээр захирамжаар иргэн М.Т-д 30000 м.кв талбай бүхий газрыг шилжүүлсэн бөгөөд уг газрын хувийн хэрэгт АТТП /геодези, зураглалын мэргэжлийн байгууллага/-аар хийлгэсэн 30000 м.кв талбайтай мэдээллийн санд баталгаажуулаагүй зураг хавсаргагдсан байх бөгөөд 20000 м.кв талбайг Флай Монголиа ТББ-ын кадастрын зураглалаас шилжүүлж хийсэн, 10000 м.кв талбайг нийтийн эдэлбэрийн талбайг хамруулан кадастрын зураглалыг хийлгэсэн байна гэжээ.

Дээрх албан бичигт хавсаргагдсан Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч М.Т-ын үйлдсэн Баянгол дүүрэг 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлах “Флай Монголиа” ТББ-ын М.Т-д шилжүүлэхээс өмнөх кадастрын зураг талбайн хэмжээ 45628 м.кв, М.Тэмүүжинд 20000 м.кв талбайг шилжүүлсний дараах кадастрын зураг талбайн хэмжээ 38840 м.кв, М.Т /Мэдээлэлийн санд баталгаажуулаагүй АТТП ХХК-ийн үйлдсэн кадастрын зураг 30000 м.кв гэж тус тус заагдсан боловч уг кадастрын зургаас үзэхэд иргэн М.Т-гийн “Флай Монголиа” ТББ-аас шилжүүлэн авсан 30000 м.кв газрын байршилыг тодорхойлох боломжгүй байна.

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6-д “...газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эдлэн газрыг бүртгэлд хамруулан лавлагааны нэгдсэн зургийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хөтлөх үүрэгтэй” тул анх газрын мэдээллийн санд ямар байршилд байсан 30000 м.кв газраа иргэн Х.Т-д “Флай Монголиа” ТББ-аас шилжүүлсэн болохыг тогтоох зайлшгүй шаардлагатай байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/115 дугаар захирамжид нэхэмжлэгч Х.М-д шилжүүлсэн газрын хэмжээг 30000 м.кв гэж дурдсан атал Газрын мэдээллийн санд 20000 м.кв гэж тэмдэглэн 10000 м.кв-аар бууруулсан нь гуравдагч этгээд нарын маргаж байгаа газартай ямар хэмжээгээр давхцаж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна.

Түүнчлэн 2007 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн АТПП ХХК-ийн М.Т-гийн нэр дээр хийлгэсэн кадастрын зураг хэрэгт авагдсан, нэхэмжлэгч Х.М газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэн авахаар гэрээ хийж, Газрын албанд гаргасан хүсэлтдээ Аэрогеодези ХХК-аар 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хийлгэсэн 20000,54 м.кв хэмжээтэй газрын кадастрын зургийг хавсарган ирүүлсэн байх тул эдгээр кадастрын зургийг харьцуулан дүгнэх шаардлагатай.

Улмаар иргэн М.Т Х.М-д бодитоор 30000 м.кв шилжүүлсэн эсэхтэй холбоотойгоор баримт бүрдүүлэх шаарлагатай гэж шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолын заалтуудыг анхан шатны шүүх бүрэн хэрэгжүүлээгүй маргаан бүхий газрын хэмжээ хил зааг тодорхой биш байхад анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлт гаргуулах, маргаан бүхий газар дээр үзлэг хийх зэргээр дээрх байдлыг бүрэн тодруулах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүхээс дээр дурдсанаар хэрэгт хамаарал бүхий нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүйн улмаас давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэгэнт хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж байгаа учраас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан гомдол, гуравдагч этгээд Л.С, Ё.М нарын шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангуулахаар гаргасан гомдол, гуравдагч этгээд бөгөөд гуравдагч этгээд нэр бүхий 5 иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-ын өмгөөлөгч Ё.Э-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлүүлэхээр гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 435 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, гуравдагч этгээд П.С нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, гуравдагч этгээд Л.С, Ё.М нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвөөс буцаан гаргуулж олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                             Б.ТУНГАЛАГСАЙХАН