Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2018/00305

 

Б.М-, Б.М-, Б.Ц- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02195 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2238 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Б.М-, Б.М-, Б.Ц- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.М-т холбогдох,

Өвлөгдсөн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, нэхэмжлэгч Б.М-ын газар эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн өвлөгдсөн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өвлөгдвөл зохих хөрөнгө биш болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, өвлөгдсөн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай гуравдагч этгээд Б.Энх-Амгалан, С.Дамир, С.Динара нарын бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.М-, түүний итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Бадрал, хариуцагч Б.М-, хариуцагчийн өмгөөлөгч Т.Дэлгэрбаяр, Т.Дарьсүрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтанцэцэг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Цэндсүрэн, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.М-, Б.М-, Б.Ц- бид нар эцэг Б.Балдан-Осорын хууль ёсны өвлөгч буюу төрсөн хүүхдүүд юм. Аав Б.Балдан-Осор нь ээж Н.Оюунсүрэнтэй 1982 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Б.М- 1984 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, Б.М- 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, Б.Ц- 1998 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. 2011 онд тэд гэрлэлтээ цуцлуулж, аав Б.Балдан-Осор 2013 онд Б.М-тэй гэр бүл болсон боловч 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан. Нэхэмжлэл гаргахаас өмнө бид 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Гэрэлд өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан бөгөөд аав нас барах хүртлээ Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 83Б дугаар байр, 91 тоотод оршин сууж байсан нь лавлагаагаар тодорхой болсон учир тус дүүргийн нотариатч Н.Туяад өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргаснаар Монголын Нотариатчдын Танхимаас лавлагаа авч Б.М- нь 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч С.Гэрэлд хандан өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авахаар хүсэлт гаргасныг мэдсэн. Б.М-тэй өвлөгдсөн эд хөрөнгийг хуваах асуудлаар хэлэлцэн зөвшилцөх гэсэн боловч бидэнд өвлөгдөх эд хөрөнгийг өгөхгүй, дангаар эзэмших эрхтэй гэж маргасан тул нэхэмжлэл гаргасан.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1-д заасныг үндэслэн Б.М-, Б.М-, Б.Ц- биднийг Б.Балдан-Осорын хууль ёсны өвлөгчөөр тогтоож, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрших, улсын бүртгэлийн Ү-2201037710 дугаартай, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбайтай хувийн орон сууц, гарааш, мөн хаягт байрлах 95/7 тоот, Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаартай, 000327377 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гарааш, Тоёота Ланд круйзер-200 маркийн 03-21 УБГ улсын дугаартай автомашин, “Есөнбүрд” ХХК-ийн 100 хувийн хувьцаанаас ногдох хэсгийг гаргуулж өгнө үү. “Есөнбүрд интернэшнл” ХХК-ийн 100 хувийн хувьцаанаас бидэнд ногдох хэсэг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна.

Мөн өвлүүлэгчийн мөнгөн хөрөнгө хадгалагдаж байгаа Худалдаа хөгжлийн банкны 499202313 тоот ам.долларын дансны үлдэгдэл 280 ам.долларын 75 хувь, Голомт банкны 1809328974 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 1 075 833 төгрөгийн 75 хувь, 1402001111 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 76 000 төгрөгийн 75 хувь, Төрийн банкны 102700181094 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 81 800 төгрөгийн 75 хувь, 343200147906 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 4 281 145 төгрөгийн 75 хувь, Хаан банкны 5058201636 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 370 098 төгрөгийн 75 хувь, 5058206191 тоот төгрөгийн дансны үлдэгдэл 1 769 279 төгрөгийн 75 хувь, 5077184753 тоот ам.долларын дансны үлдэгдэл 2 096 ам.долларын 75 хувь, нийт 7 654 155 төгрөг, 2 376 ам.долларын мөнгөн хөрөнгөөс бидэнд дээрх хэмжээгээр ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд орших нэгж талбарын 18628312635606 дугаар бүхий, 430 м.кв талбайтай газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/135 дугаар захирамжаар 15 жилийн хугацаагаар зуслангийн зориулалтаар Б.Балдан-Осорт олгосон байх бөгөөд уг газрыг өвлүүлэгч нь 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр олгогдсон Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000512366 тоот гэрчилгээгээр эзэмшиж байжээ. Иймээс Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасны дагуу би дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлтэй байна.

Иймд дээрх газрын эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр Б.М- намайг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч нар маргаж буй өв хөрөнгийг өөрсдийн өмчлөлд шилжүүлэх нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сард шүүхэд гаргасан ба шүүгчийн 102/Ш32015/26500 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.10-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх захирамжаар нэхэмжлэгч нарыг өв нээгдэх нэг жилийн хугацаа болоогүй байхад нэхэмжлэл гаргасныг зааснаас гадна өвлөх эрхийн гэрчилгээ авснаар өвийг нэхэмжлэх эрх үүсэхийг тодорхой заасан. Нэхэмжлэгч нар өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй атлаа өөрсдийгөө өвлөгч хэмээн тодорхойлж эд хөрөнгө гаргуулахаар дахин нэхэмжлэл гаргасан. Тэдгээрт өвлөх эрхийн гэрчилгээ олгогдохгүй байх үндэслэлтэй. Учир нь маргаж буй нэр бүхий хөрөнгө төдийгүй бусад хөрөнгө, хөрөнгийн эрх нь өвлүүлэгч буюу миний талийгаач нөхөр Б.Балдан-Осорын өмчлөлд хууль ёсоор шилжсэн эсэх асуудлаар би гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Миний бие Б.Балдан-Осортой 2010 оны сүүлээр танилцах үед салсан эхнэр Н.Оюунсүрэн хамтран эзэмшиж байсан хөдлөх болон үл хөдлөх дундын өмчөө бүгдийг өөртөө болон хүүхдүүддээ шилжүүлэн авсан байсан. Иймд Б.Балдан-Осорт оногдох хөрөнгө огт байгаагүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, өдөр тутмын хэрэглээний зардлаа ч шийдвэрлэж чадахгүй, гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан, 3 дугаар зэргийн группт орсон, сэтгэл зүйн хувьд амьд явах итгэл нь бүрэн тасарсан, төрсөн эхийнхээ Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 21 дүгээр байранд амьдарч байсан. Тухайн үед би нэг хүүхэдтэй, нөхөр Б.Энхтүвшингээс 1991 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан байсан. Б.Балдан-Осор нь “Есөнбүрд” ХХК-ийг 1996 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 44 000 000 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэй үүсгэн байгуулсан ба үйл ажиллагаа эрхлээгүй, татварт хасах тайланг 2000 оноос хойш гаргаж, 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдөр татан буугдаж, эрх зүйн чадамжгүй болсноор компанийн бүртгэлээс албан ёсоор хасагдсан байсан юм. Б.Балдан-Осор нь эрхэлсэн ажилгүй, түүнийг эмчлүүлэн эрүүл болгох нь миний үүрэг болж, хариуд нь тэрээр мэргэжилдээ тулгуурлан барилга барьж өгөхөөр “Есөнбүрд” ХХК-ийг шинээр байгуулсан. 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай, нэг гишүүнтэй, гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл эрхлэх “Есөнбүрд” ХХК-ийг байгуулан Б.Балдан-Осор захирлаар ажилласан ба түүний ажлыг дэмжиж барилгын салбарт нь миний бие хөрөнгө оруулсан. 2011 оны эхний сард Баянгол дүүрэг, 18 дугаар хороонд байрлах аж ахуйн зориулалттай 2168 м.кв талбайтай газрыг би Б.Өвгөнхүүгээс 550 000 000 төгрөгөөр худалдан авч, 2011 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Нийслэлийн газрын албатай байгуулснаар хууль ёсны эзэмшигч болсон. Тус газарт орон сууц барих талаар Б.Балдан-Осортой ярьж тохиролцон, холбогдох газраар зураг төслийг хийлгэн 12 давхар 230 айлын Мажести хотхоны ажлыг захиалагч, хөрөнгөө 100 хувь оруулагчийн үүднээс хамтран ажиллах гэрээг “Есөнбүрд” ХХК-тай хийж 04 дүгээр сарын 01-ний өдрөөс барилгын газар шорооны ажлыг эхэлсэн.

Уг барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч “Есөнбүрд” ХХК , “Профтехникс” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Ви Энд Эич Би” ХХК, зураг төслийг “Хатанбаатар” ХХК болон бусад компаниудтай гэрээг хийж ажилласан. Барилгын ажил эхлэх үеэс би санхүүжилтын асуудлыг 100 хувь хариуцаж байсан. Б.Балдан-Осорын зааварласан, шаардагдах хөрөнгүүдийг гэрээтэй аж ахуйн нэгжүүдэд тасалдуулахгүй тухай бүр төлбөр тооцоог данс болон бэлнээр хийж, барилгын ажилд шаардагдах бараа материал авах зардлыг “Есөнбүрд” ХХК-д тухай бүр шилжүүлж байсан. Б.Балдан-Осор нь Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газар газар эзэмших эрхийг хууль ёсны үндэслэл журмын дагуу олж аваагүй. Эзэмших эрхийг шилжүүлэн авсан үйл баримт нь одоог хүртэл эрх зүйн зөрчилтэй байгаа. Энэ газарт баригдсан 95/3 тоот амины орон сууцыг миний хөрөнгөөр барьсаныг Эрүүгийн хэрэгт томилогдсон ШШҮХ-н ЭЗШ-ны шинжээчийн дүгнэлтээр тогтоогоод байгаа. Б.Балдан-Осор, П.Наранхүү нар үгсэн хуйвалдаж өмчлөгч намайг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар Б.Балдан-Осорын өмчлөлд шилжүүлэн авсан ба үүнийг эрүүгийн журмаар шалгаж байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Б.Балдан-Осорын банкны мөнгөн хадгаламжаас өвлөгч Б.М-т оногдох хэсгийг тогтоолгох, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаартай, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гарааш, эзэмших эрхийн 000512366 тоот гэрчилгээтэй, 18628312635606 нэгж талбарын дугаар бүхий, 430 м.кв талбайтай газрыг эзэмших эрх, мөн хаягт байрлах 95/7 тоот, Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаартай, 000327377 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гарааж, Тоёота ланд Круизер-200 маркийн 03-21 УБГ улсын дугаартай, автомашин нь нэхэмжлэгч нарын өвлөгдвөл зохих хөрөнгө биш, Б.М-ийн хуваарьт өмч мөн болохыг тогтоож өгнө үү.

Б.М-, Б.М-, Б.Ц- нарын хүсэлтээр шүүх банкуудаас талийгаачийн нэр дээрх хадгаламжийн лавлагааг авсан. Энэ мөнгөн хөрөнгөөс хууль ёсны өвлөгчийн хувьд оногдох хэсгийг тогтоолгоно. 9 ширхэг амины орон сууцны барилгыг Б.М- миний 1 900 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Есөн бүрд” ХХК ерөнхий гүйцэтгэгчээр барьж хамтран борлуулж, цэвэр ашгийг тэнцүү хуваан авахаар тохиролцож, 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Тооцоо нийлсэн акт гэх хэлцлийг хийсэн. 2 ширхэг орон сууцны өмчлөх эрхийг гэрчилгээ хууль бусаар Б.Балдан-Осорын нэр дээр гарсан. Энэ нь миний хуваарьт хөрөнгө юм.

Маргаж буй 430 м.кв газрыг өвлүүлэгч Б.Балдан-Осор эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж авсан нь эрх зүйн зөрчилтэй, маргаантай асуудал тул эзэмших эрх өвлөгдвөл зохих маргашгүй эрх биш. Мөн 03-21 УБГ улсын дугаартай, Тоёота ланд Круизер 200 маркийн суудлын автомашиныг 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би Ц.Мөнх-Эрдэнээс худалдан авч, Голомт банкин дахь 1605019001 тоот дансанд 100 000 ам.долларын төлбөрийг хийсэн тул миний хуваарьт хөрөнгө мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчдээс Б.М-ийг хууль ёсны нэг өвлөгч болох тухайд маргаагүй бөгөөд өвлөгдөх эд хөрөнгөөс өөрсдөд оногдох хэсгийг л гаргуулахаар шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл, Б.М-т өвлөгдөх компанийн хувьцаа, банкны харилцах дансны мөнгөн хөрөнгийн оногдох хэсэгт маргахгүй. Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж 95/3 тоот хаягт байрших, Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаартай, 000327371 тоот гэрчилгээтэй 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гарааж, мөн хаягт байрших 95/7 тоот, Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаартай 000327377 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гараашийг “Есөн бүрд” ХХК-ийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулж өөрийн хуваарьт хөрөнгө болгон авсан тул хууль ёсны өвлөгч нарт өвлөгдөх эд хөрөнгөд хамаарна.

Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж 95/3 тоот хаягт байрших, Б.Балдан-Осор агсны эзэмших эрхийн 000512366 тоот гэрчилгээтэй, 18628312635606 нэгж талбарын дугаар бүхий, 430 м.кв талбайтай газар нь мөн өвлөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар учраас эзэмших эрх нь өвлүүлэгчийнх бөгөөд Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэсний дагуу эзэмших эрхийг өвлөгдөх зүйлд хамаарна гэж үзэж байна. Тоёота ланд Круизер-200 маркийн 03-21 УБГ улсын дугаартай автомашины өмчлөх эрхийн баталгаажилт нь эрх бүхий байгууллагад түүний нэр дээр бүртгэлтэй байгаа тул хууль ёсны өвлөгч нарт өвлөгдөх эд хөрөнгө юм. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Гуравдагч этгээд Б.Энх-Амгалан шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

Миний эх Б.М- талийгаач Б.Балдан-Осортой 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн амьдарч бид нэгэн гэр бүл болж эмээ, өвөө нарын хамт 4 жилийн хугацаанд амьдарсан. Талийгаач эцэг Б.Балдан-Осор гэр бүлээ цуцлуулсан, өөрийн гэх өмч хөрөнгө юу ч байхгүй, бөөрний архаг дутагдал оноштой маш хүнд өвчтэй байсан ба гэр бүлийн бид бүгд л түүнийг өөрсдийн зүгээс чадах чинээгээрээ асран хамгаалахад гар бие оролцож байсан. Бидэнтэй амьдарсанаас хойш эмчилгээ хийлгэж бие нь сайжирч үйл ажиллагаа явуулахгүй болсон “Есөн бүрд” ХХК-д эх Б.М-ээс оруулсан хөрөнгө оруулалтын үндсэн дээр сэргээн үйл ажиллагааг нь явуулах болсон. Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж 95/7, мөн хаягт байрлах 95/3 тоот хаягт байрлах тус бүр 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гарааш, Тоёота Ланд круйзер-200 маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашин нь гэр бүлийн гишүүд болох Б.Балдан-Осор, эх Б.М-, Б.Энх-Амгалан бидний оруулсан хөрөнгөөр, хамтын хөдөлмөрийн үр шимээр бий болсон тул дээрх хөрөнгөөс гэр бүлийн гишүүний хувьд надад ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нар гуравдагч этгээд Б.Энх-Амгалангийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Дээрх шаардлагыг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх ёстой. Гэтэл 4 шаардлага нь нэхэмжлэгч нарт ямар ч холбогдолгүй. Шаардлага бол дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах гэж байгаа. Тиймээс энэ шаардлагын бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шаардлага гаргаж байгаа этгээдийн хувьд Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны өвлөгч биш. Хуулиар бол дагавар хүүхэд өвлөх эрх эдлэхгүй тул бие даасан шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчид холбогдуулж гаргасан нь буруу. Шаардлагын үндэслэл болж байгаа хөрөнгүүд миний хөрөнгө гэж хандаад байна. Энэ хэрэг өв залгамжлах, өвлүүлэх талаар яригдаж байгаа тул уг шаардлага энэхүү маргаанд хамааралгүй гэжээ.

Хариуцагч Б.М- гуравдагч этгээд Б.Энх-Амгалангийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Гуравдагч этгээд Б.Энх-Амгалангийн хувьд өв залгамжлах шаардлага гаргаагүй. Харин гэр бүлийн дундын өмч хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийн гаргуулах шаардлага гаргасан байгаа учир шаардлагыг нь дэмжиж байна гэжээ.

Гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа:

Талийгаач Б.Балдан-Осор нь 1979 онд ОХУ-ын Харьков хотын Нийтийн Аж ахуйн барилгын дээд сургуульд суралцаж байхдаа Киргиз улсын иргэн Сатыбекова Жылдызтэй танилцаж, хамтран амьдарсан ба энэ хугацаанд 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүү Сатыбеков Дамир, 1983 оны 07 дугаар сарын 27-ны өдөр охин Сатыбекова Динара нар төрсөн ба одоо Киргиз улсад амьдарч байна. 1982 онд талийгаач Б.Балдан-Осор нь Сатыбекова Жылдызын төрсөн нутаг болох Киргиз улсын Талас хотод очиж эхнэрийнхээ төрөл төрөгсөд, хамаатнуудтай танилцаж, хүүгээ ээжийнх нь эцэг эхэд үлдээгээд өөрсдөө Харьков хот руу буцаж, удалгүй Б.Балдан-осор нь Монголдоо буцсан байдаг.

Сатыбеков Дамир, Сатыбекова Динара нарын эх, эцэг нь хоорондоо захидлаар харилцаж байгаад сүүлдээ холбоо тасарч нэг хэсэг хугацааг өнгөрүүлсэн ч хүү Сатыбеков Дамир 2000 оноос ОХУ-ын ОРТ-1 сувгаар гардаг Жди меня хөтөлбөрөөр дамжуулан өөрийн эцгийг хайж, 2006 онд түүний утасны дугаарыг олж авснаар олон жил тусдаа байсан үр хүүхдүүд эцэгтэйгээ уулзаж холбоо тогтоосон байдаг. Талийгаач Б.Балдан-Осор нь 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 26-ны хооронд Киргиз улсад зочлон очиж, түүнээс хойш хүүхдүүдтэйгээ байнгын харилцаа холбоотой байж, хүүхдүүдээ Монголд урьж авчран өөрийн төрөл төрөгсөд, хамаатнуудтайгаа танилцуулж хүү Сатыбеков Дамир, охин Сатыбекова Динара нар эцэг нэгтэй дүү нартайгаа танилцан уулзаж, ах дүүсийн холбоотой болсон.

Иймд Балдан-Осорын том хүү Сатыбеков Дамир, охин Сатыбекова Динара нар талийгаач Б.Балдан-Осорын хууль ёсны өвлөгч мөн тул Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/7, мөн хаягт байрлах 95/3 тоот хаягт байрлах, тус бүр нь 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гарааш болон Тоёота Ланд круйзер-200 маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашин, “Есөнбүрд” ХХК-ийн 100 хувийн хувьцаанаас ногдох хэсгийг тогтоолгох, Б.Балдан-Осорын арилжааны банкууд дахь хувийн харилцах дансан дахь мөнгөн дүнгээс ноогдох хэсгийг гаргуулах, эзэмшилд нь байсан Портер маркийн 91-67 УНР, 73-51 УНЧ улсын дугаартай, жижиг оврын ачааны автомашин 2 ширхэг, Хьюндай майти маркийн 91-87 УНЦ улсын дугаартай, дунд оврын ачааны автомашин, Мицубиши Кантер маркийн 45-31 УНТ улсын дугаартай, ачааны автомашин, Сүзүки аерио маркийн 52-85 УНО улсын дугаартай, суудлын автомашин, Сүзүки свифт маркийн 72-95 УНТ улсын дугаартай суудлын автомашин, нийт 6 автомашинаас ноогдох хэсгийг гаргуулах, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд орших, нэгж талбарын 18628312635606 дугаар бүхий, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000512366 тоот гэрчилгээтэй 430 м.кв газар, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах, нэгж талбарын 18628312660622 дугаар бүхий, газар эзэмших эрхийн 000509941 тоот гэрчилгээтэй, 400 м.кв талбайтай газраас гуравдагч этгээд нарт ноогдох хэсгийг тус тус гаргуулахаар бие даасан шаардлагуудыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нар гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарын бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

Эдгээр хөрөнгүүдээс ногдох хэсгийг гаргуулах тухайд маргахгүй. 6 ширхэг авто машин талийгаачийн өвлөгдөх хөрөнгө гэдгийг нотлох баримтгүй. Эдгээр нь “Есөнбүрд” ХХК-ийн хөрөнгө. Тиймээс компани татан буугдсан үед хөрөнгийг хувааж авах байх. 400 м.кв газар талийгаачийн нэр дээр байгаа гэх баримт байхгүй. Тиймээс өөр хүний нэр дээр байдаг газар тул өвлөгдөх хөрөнгө биш гэжээ.

Хариуцагч Б.М- гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарын бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа:

Дээрх 430 м.кв талбайтай газар Б.Балдан-Осор агсны нэр дээр бүртгэлтэйг нотлох баримт хэрэгт авагдсан. 6 ширхэг автомашин хэнийх гэдэг нь тодорхой биш байгаа. Бие даасан шаардлагыг нь дэмжиж байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02195 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126 дугаар зүйлийн 126.2.4, 520 дугаар зүйлийн 520.1.1, 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гарааж, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/7 тоот Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000327377 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гарааж, Тоёота Ланд круйзер-200 маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашиныг хариуцагч Б.М-ийн өмчлөлд тус тус шилжүүлж, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18628312635606 дугаартай, 430 м.кв талбайтай газрыг эзэмших эрхийн өвлөгчөөр хариуцагч Б.М-ийг тогтоож, хариуцагч Б.М-ээс 175 292 502 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Б.Энх-Амгаланд, 45 434 065 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-од, 45 434 065 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д, 45 434 065 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ц-д, 45 434 065 төгрөг гаргуулан гуравдагч этгээд С.Дамирт, 45 434 065 төгрөг гаргуулан гуравдагч этгээд С.Динара нарт тус тус олгож, талийгаач Б.Балдан-Осорын нэр дээрх Үнэт цаас төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн 15-156721 дугаар данс дахь 251 төгрөгийн 41.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-д, 41.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-од, 41.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ц-д, 41.8 төгрөгийг хариуцагч Б.М-т, 41.8 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 41.8 төгрөгийг гуравдагч С.Динарад, Голомт банк дахь 1809328974 дугаар төгрөгийн данс дахь 1 075 833 төгрөгийн 179 305.5 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-д, 179 305.5 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-од, 179 305.5 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ц-д, 179 305.5 төгрөгийг хариуцагч Б.М-т, 179 305.5 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 179 305.5 төгрөгийг гуравдагч С.Динарад, Голомт банк дахь 1809328974 дугаар төгрөгийн данс дахь 76 000 төгрөгийн 12 666.6 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-д, 12 666.6 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-од, 12 666.6 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ц-д, 12 666.6 төгрөгийг хариуцагч Б.М-т, 12 666.6 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 12 666.6 төгрөгийг гуравдагч С.Динарад, Төрийн банк дахь 102700181094 дугаар төгрөгийн данс дахь 81 800 төгрөгийн 13 633.3 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-д, 13 633.3 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-од, 13 633.3 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ц-д, 13 633.3 төгрөгийг хариуцагч Б.М-т, 13 633.3 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 13 633.3 төгрөгийг гуравдагч этгээд С.Динарад, Төрийн банк дахь 343200147906 дугаар төгрөгийн данс дахь 4 281 145 төгрөгийн 713 524.1 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-д, 713 524.1 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-од, 713 524.1 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ц-д, 713 524.1 төгрөгийг хариуцагч Б.М-т, 713 524.1 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 713 524.1 төгрөгийг гуравдагч С.Динарад, Хаан банк дахь 5058201636 дугаар төгрөгийн данс дахь 370 098 төгрөгийн 61 683 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-д, 61 683 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-од, 61 683 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ц-д, 61 683 төгрөгийг хариуцагч Б.М-т, 61 683 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 61 683 төгрөгийг гуравдагч С.Динарад, Хаан банк дахь 5058201636 дугаар төгрөгийн данс дахь 1 769 279 төгрөгийн 294 879.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-д, 294 879.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.М-од, 294 879.8 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ц-д, 294 879.8 төгрөгийг хариуцагч Б.М-т, 294 879.8 төгрөгийг гуравдагч этгээд С.Дамирт, 294 879.8 төгрөгийг гуравдагч С.Динарад, Худалдаа хөгжлийн банк дахь 499202313 дугаар ам.долларын данс дахь 280.40 ам.долларын 46.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.М-д, 46.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.М-од, 46.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Ц-д, 46.7 ам.долларыг хариуцагч Б.М-т, 46.7 ам.долларыг гуравдагч этгээд С.Дамирт, 46.7 ам.долларыг гуравдагч этгээд С.Динарад, Хаан банк дахь 5077184753 дугаар ам.долларын данс дахь 2096.85 ам.долларын 174.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.М-д, 174.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.М-од, 174.7 ам.долларыг нэхэмжлэгч Б.Ц-д, 1223.1 ам.долларыг хариуцагч Б.М-т, 174.7 ам.долларыг гуравдагч этгээд С.Дамирт, 174.7 ам.долларыг гуравдагч этгээд С.Динара нарт тус тус олгож, “Есөнбүрд” ХХК /РД: 543019/-ийн энгийн хувьцааны 16.66 хувийг нэхэмжлэгч Б.М-, 16.66 хувийг нэхэмжлэгч Б.М-, 16.66 хувийг нэхэмжлэгч Б.Ц-, 16.66 хувийг хариуцагч Б.М-, 16.66 хувийг гуравдагч этгээд С.Дамир, 16.66 хувийг гуравдагч этгээд С.Динара нар тус бүр өвлөх эрхтэй болохыг тогтоож, нэхэмжлэгч Б.М-ын Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, нэгж талбарын 18628312635606 дугаартай, 430 м.кв талбайтай газар эзэмших эрхийн өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг, хариуцагч Б.М-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/3 тоот хаягт байрлах, Ү-2201037710 улсын бүртгэлийн дугаартай, 000327371 тоот гэрчилгээтэй, 170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гараажийг, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын ам /18182/ 3 хэсэг гудамж, 95/7 тоот хаягт байрлах, Ү-2201037705 улсын бүртгэлийн дугаартай, 000327377 тоот гэрчилгээтэй,170 м.кв талбай бүхий хувийн орон сууц, гарааж болон Тоёота ланд Круизер-200 маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашиныг хариуцагч Б.М-ийн хуваарьт хөрөнгө болохыг тогтоолгох хэсгийг, гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарын Портер маркийн, 91-67 УНР улсын дугаартай автомашинаас, Портер маркийн, 73-51 УНЧ улсын дугаартай автомашинаас, Хьюндай майти маркийн, 91-87 УНЦ улсын дугаартай автомашинаас, Мицубиши Кантер маркийн, 45-31 УНТ улсын дугаартай автомашинаас, Сүзүки аерио маркийн, 52-85 УНО улсын дугаартай автомашинаас, Сүзүки свифт маркийн, 72-95 УНТ улсын дугаартай автомашинаас ногдох хэсэг гаргуулах, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд орших, нэгж талбарын 18628312635606 дугаар бүхий, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000512366 тоот гэрчилгээтэй 430 м.кв газраас, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах, нэгж талбарын 18628312660622 дугаар бүхий, газар эзэмших эрхийн 000509941 тоот гэрчилгээтэй, 400 м.кв талбайтай газраас ногдох хэсэг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Б.М-, Б.М-, Б.Ц- нар хариуцагч Б.М-т холбогдуулан “Есөнбүрд итернэшнл” ХХК-ийн хувьцаанаас оногдох хэсэг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 400 төгрөгийг, нэхэмжлэгч Б.М-оос төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 3 979 793 төгрөгийг, гуравдагч этгээд Б.Энх-Амгалангаас төлсөн 1 196 599 төгрөгийг, гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нараас төлсөн 1 266 799 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 316 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч нараас 70 200 төгрөг гаргуулан хариуцагчид, 70 200 төгрөг гаргуулан гуравдагч этгээд С.Дамир, С.Динара нарт, нэхэмжлэгч нараас болон хариуцагчаас тус бүр 598 299 төгрөг гаргуулан гуравдагч этгээд Б.Энх-Амгаланд тус тус олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2238 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02195 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 1 034 413 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн  төлөөлөгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч бидний аав ээж хоёр маань 1982 онд гэр бүл болсон ба аав маань 2010 оноос биднээс тусдаа амьдрах болж улмаар 2011 онд гэрлэлтээ цуцлуулсан байдаг. Хэдийгээр аав ээж хоёр маань салсан ч хүүхдүүд бид аавын 100 хувийн эзэмшлийн “Есөн бүрд” ХХК-ийн барилгын үйл ажиллагаанд тусалж дэмжин хамт ажилладаг байсан тул байнгын холбоотой байсан. Бид аав болон Б.М- нарын гэр бүлийн хөрөнгийн талаар нэг бүрчлэн мэдэхгүй боловч бидний оролцоотойгоор барьж бий болгосон маргаан бүхий барилгыг хамтран бүтээлцсэний хувьд дээрх барилгууд нь хэрхэн бий болсон талаар мэдэх тул ямар ч байсан тэдний гэр бүлийн хөрөнгөд хамаарахгүй гэдгийг л сайн ойлгож байна. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэхдээ Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т “гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө” гэх ганцхан зүйлийг дурдсан. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх заалтыг хэрэглэгдэх ямар аргаар, хэрхэн олж авснаас үл хамааран гэрлэгчид болон гэр бүлийн гишүүний хэн нэгний дээр байгаа бүх хөрөнгө гэр бүлийн хөрөнгө гэж туйлын хөдөлбөргүйгээр үзэх боломжгүй юм. Хэрэв хуулийн энэ зохицуулалтыг ингэж ойлгож, хэрэглэнэ гэвэл Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараах хөрөнгө хамаарна” гээд 5 арга, хэлбэрийг заах шаардлагагүй байсан. Өөрөөр хэлбэл, ямар арга хэлбэрээр өмчлөгчөөр бүртгэгдсэн байгаагаас үл хамаараад гэр бүлийн гишүүний нэгнийх нь нэр дээр тухайн хөрөнгө бүртгэлтэй байхад л хангалттай юм. Тиймээс хуулийн бичвэрийн бүтцийг авч үзвэл хамтран өмчлөх дундын өмч гэж аливаа хөрөнгийг тооцохын тулд тухайн хөрөнгийг бий болгосон арга, хэлбэр болон түүнийг бий болгоход хувь нэмэр оруулсан эсэх зэргийг урьдчилан зайлшгүй авч үзэх шаардлагатай бөгөөд үнэхээр гэр бүлийн хамтран өмчлөх хөрөнгө мөн бол тэр нь гэрлэгчид болон гэр бүлийн гишүүдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах нь зүй ёсны асуудал юм.

Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбогдох харилцааг Иргэний хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байдаг. Гэр бүлийн гишүүд үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрх нь бусад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн адил Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр үүсэх ёстой. Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх үл хөдлөх эд хөрөнгийн хувьд өмчлөх эрх өөрөөр үүсэх журмыг Иргэний хуульд заагаагүй байна.

Гэрлэгчид болон гэр бүлийн гишүүдээс гэр бүлийн дундын өмч гэж маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчөөр болон хамтран өмчлөгчөөр хэн бүртгэгдсэн байгааг тэргүүн ээлжинд анхаарах ёстой. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болох тухай мэдэж байсан эсхүл бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж зааснаас үзэхэд тухайн бүртгэлийн талаар буруу ташаа болох тухай гомдлыг мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.3-т зааснаар бүртгэлийн байгууллагад гаргаагүй тохиолдолд тухайн бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ. Гэвч энэхүү хэрэг маргааны тухайд дээрх нөхцөл хангагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс өвлөгдвөл зохих хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 22-р хороо, Баянголын ам 3 хэсэг гудамжид байрлах, улсын бүртгэлийн Ү-2201037710, Ү-2201037705 дугаарт тус тус бүртгэлтэй, 95/3, 95/7 тоот орон сууц, гараашийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй байсан гэж үзэж байна.

Гэр бүлийн гишүүдийн хоорондох эд хөрөнгийн маргааны тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр оролцсон Б.Энх-Амгалан “Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулах” шаардлага гаргасан.

Бие даасан шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байх ёстой бөгөөд ийнхүү шаардлагадаа оршин байгаа хаягаа бичих шаардлагын дагуу гуравдагч этгээд нь оршин суугаа хаягаа “Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Багатойруу гудамж, 16/1 дүгээр байр 12 тоот” гэж мэдүүлсэн хэрнээ хавсаргаж өгсөн баримтдаа “Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, 83Б дугаар байр, 91 тоот” гэсэн тодорхойлолтыг хавсаргасан байдаг юм. Үүнийг дурдахын учир нь Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгоно гэж зааснаар өвлүүлэгчтэй хамтын амьдралтай байх нөхцлийг хангасан байх ёстой. Үүнийг тодруулахын тулд бид Баянгол дүүргийн 18-р хорооноос лавлахад “оршин сууж байгаагүй” гэсэн бол Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу гудамж, 16/1 дүгээр байр 12 тоотод оршин суудаг гэсэн тодорхойлолтыг тус тус гаргаж өгснийг бид эх хувиар нь шүүхэд өгсөн.

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хамтран өмчлөгч нь гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүд байх бөгөөд гэр бүлийн гишүүн бус гуравдагч этгээд хамтран өмчлөгч байх боломжгүй. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-т заасан гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн тухай заалт нь зөвхөн гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн бие биедээ тавих шаардлагад хамааралтай юм. Тиймээс шаардлага гаргахдаа нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан нь буруу бөгөөд давж заалдах шатны шүүх үүнийг залруулсан гэх боловч харин бүр эсрэгээр гэр бүлийн гишүүнийг нь хасаж Б.Энх-Амгалангийн гэр бүлд огт хамааралгүй нэхэмжлэгчид хамаатуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүн гэх этгээдүүд нь хоорондоо нэг эд хөрөнгийн талаар өөр өөр үндэслэл, шаардлага гаргаж байгаа Б.М-, гуравдагч этгээд Б.Энх-Амгалан нарын хоорондох маргаанд нэхэмжлэгчийг хамаатуулж, улмаар улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нараас гаргуулж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зарчимд нийцэхгүй байна.

Иймээс гомдлыг хангаж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд өв залгамжлалын асуудлаар үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байна.

Нэхэмжлэгч Б.М-, Б.М-, Б.Ц- нар хариуцагч Б.М-т холбогдуулан талийгаач эцэг Б.Балдан-Осорын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам, 3 дугаар хэсэг, 95\3 тоот, мөн хаягт байрлах 95\7 тоот тус бүр 170 мкв талбай бүхий хоёр орон сууц, гараашаас, мөн Тоёота Ланд Круйзер 200 маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашин, “Есөнбүрд” ХХК-ийн хувьцаа, харилцах болон хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгө зэргээс ногдох хэсгийг өв залгамжлалын журмаар гаргуулахыг шаардсан нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч Б.М- газар эзэмших эрхийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Б.М- нэхэмжлэгч нарын шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзсанаас гадна өв залгамжлалын журмаар “Есөнбүрд” ХХК-ийн хувьцаа, банкны мөнгө хадгаламжаас өөрт ногдох хэсгийг тогтоолгох,  Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам, 3 дугаар хэсэг, 95\3 тоот, мөн хаягт байрлах 95\7 тоот тус бүр 170 мкв талбай бүхий хоёр орон сууц, гарааш, мөн Тоёота Ланд Круйзер 200 маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашиныг өөрийн хуваарьт өмчийн эд хөрөнгө болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийг өв залгамжлалын зүйл биш болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Гуравдагч этгээд Б.Энх-Амгалан дээрх орон сууц, гарааш, автомашинаас гэр бүлийн гишүүний хувьд өөрт ногдох хэсгийг гаргуулахаар шүүхэд бие даасан шаардлага гаргажээ.

Гуравдагч этгээд Сатыбеков Дамир, Сатыбекова Динара нар нь талийгаач Б.Балдан-Осорын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам, 3 дугаар хэсэг, 95\3 тоот, мөн хаягт байрлах 95\7 тоот тус бүр 170 мкв талбай бүхий хоёр орон сууц, гараашаас, мөн Тоёота Ланд Круйзер 200 маркийн, 03-21 УБГ улсын дугаартай автомашин, “Есөнбүрд” ХХК-ийн хувьцаа, харилцах болон хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгө, 6 ширхэг тээврийн хэрэгсэл, эзэмшлийн газар зэргээс ногдох хэсгийг өв залгамжлалын журмаар гаргуулахаар бие даасан шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.М-, Б.М-, Б.Ц-, бие даасан шаардлага гаргасан Сатыбеков Дамир, Сатыбекова Динара нар нь талийгаач Б.Балдан-Осорын төрсөн хүүхдүүдийн хувьд, хариуцагч Б.М- нь гэр бүлийн баталгаа бүхий эхнэрийн хувьд   Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1.-д зааснаар талийгаачийн хууль ёсны өвлөгч учир түүний өв хөрөнгөөс адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.-д зааснаар гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрддэг бөгөөд мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны зүйл болж буй эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж, уг эд хөрөнгөөс талийгаач Б.Балдан-Осорт ногдох хэсгийг тодорхойлж, өв залгамжлагч нарт хуваарилан тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Гуравдагч этгээд Б.Энх-Амгалан нь Б.Балдан-Осор, Б.М- нарын гэр бүлийн гишүүн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул энэ талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2017/02195 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2238 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 034 413 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН