Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2016/01214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-125, Компанийн байр, “Teхник  Импорт” ХК-ийн  нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 29-р хороо, Интер ХХК-ийн 2 давхарт 205 тоотод байрлах, “Номтын ам” ХХК-д холбогдох

           30 471 257 төгрөг гаргуулах тухай  хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бүжинлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Анхмаа оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Техник импорт” ХК нь “Номтын ам” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаатай цемент худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 130 тонн цементийг нэг тонныг 167 төгрөгөөг худалдсан. Төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны дотор дансанд шилжүүлнэ гэж гэрээнд заасан. Гэтэл үүнээс хойш төлбөрөө төлөөгүй. 2015 оны 12 дугаар сарын 08-н болон 18-ны өдрүүдэд тус компанийн захирал Г.Баянжаргал, гадаад харилцааны мэргэжилтэн Д.Төрбат нар ирж уулзалт хийж төлбөр барагдуулахаар тохиролцсон боловч 1 сая төгрөгийн төлбөр 2016 оны 02 дугаар сарын 01-нд хийснээс хойш төлбөр төлөлт огт хийгдээгүй болно.

Иймд Номтын ам ХХК-иас цемент худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 21 144 430 төгрөг, алданги 9 326 827 төгрөг, нийт 30 471 257 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Номтын ам” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сарнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Гэрээ байгуулан Техник импорт ХХК-иас цемент авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Манай зүгээс 2015 оны 12 дугаар сард 1 000 000 төгрөг, маргааш нь 700 000 төгрөг төлсөн боловч манай зүгээс баримт байхгүй болохоор нотолж чадахгүй байна. Гэрээний дагуу нэхэмжлэгчээс авсан өгсөнд маргаагүй гэв.

                                               

           Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                        

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

           Нэхэмжлэгч ‘’Teхник  Импорт’’ ХК нь хариуцагч “Номтын ам” ХХК-иас 30 471 257 төгрөг  нэхэмжилсэн ба  дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэв. 

           “Номтын ам” ХХК нь ‘’Teхник  Импорт’’ ХК-иас 130 тонн цeмeнтийг 1 тонныг 167 000 төгрөгөөр худалдаж авахаар 2015 оны 10 дугаар сарын 16-наас 2015 оны  11 дүгээр сарын 06-ныг хүртэл хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, 59 тоот цeмeнт худалдах, худалдан авах  гэрээ, тооцоо нийлсэн акт, уулзалтын тэмдэглэл гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

           Нэхэмжлэгч нь “хариуцагчтай тооцоо нийлээд үндсэн төлбөр 22 144 430 төгрөгийг төлөхөөр болсон, 1 000 000 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 01-нд төлсөн ба хасч тооцоод  21 144 430 төгрөг, гэрээний дагуу алданги 9 326 827 төгрөг, нийт 30 471 257 төгрөг нэхэмжилсэн” гэж тайлбарласан.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “гэрээний хувьд маргаангүй, ’’Teхник  Импорт’’ ХК-иас 130 тонн цeмeнтийг 1 тонныг 167 000 төгрөгөөр худалдаж авсан,  22 144 430 төгрөг  төлнө,  гэхдээ  үүнээс  2016 оны  02 дугаар  сарын  01-нд

 1 000 000 төгрөг, маргааш нь 700 000 төгрөг төлснийг хасна, харин алданги төлөхгүй гэж маргаж байна.

“Номтын ам” ХХК нь ‘’Teхник  Импорт’’ ХК-иас 130 тонн цeмeнтийг 1 тонныг 167 000 төгрөгөөр зээлээр худалдаж авсан ба төлбөрийг төлөхөөр тохиролцсон   2015 оны 10 дугаар сарын 16-наас 2015 оны  11 дүгээр сарын 06-ныг хүртэл хугацаанд гэрээний үүргээ биeлүүлээгүй тул нэхэмжлэгч нь төлөгдөөгүй төлбөр, гэрээнд тохиролцсоны   дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд  0.3 хувийн алданги тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 22 144 430 төгрөг төлөх нь үнэн, үүнээс   1 700 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан ба нэхэмжлэгч нь 1 000 000 төгрөгийг төлснийг зөвшөөрч хасч тооцсон байна. Харин нэхэмжлэгч нь хариуцагч 700 000 төгрөг төлснийг зөвшөөрөөгүй ба “Номтын ам” ХХК нь 700 000 төгрөг төлснөө нотолж чадаагүй тул хасч тооцох боломжгүй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алданги төлөхгүй гэж тайлбарласан боловч 59 тоот цeмeнт худалдах, худалдан авах  гэрээний 8.2-т  худалдан авагч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар алданги тооцохоор талууд тохиролцсон тул алданги тооцох нь зүйтэй байна.

           Иймд төлөгдөөгүй төлбөр 21 144 430 төгрөг, алданги 9 326 827 төгрөг, нийт 30 471 257 төгрөгийг хариуцагч “Номтын ам” ХХК-иас  гаргуулан нэхэмжлэгч  ‘’Teхник  Импорт’’ ХК-д  олгож  шийдвэрлэв.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                                  ТОГТООХ НЬ:

 

           1.Иргэний хуулийн 262 дугаар  зүйлийн 262.1-д  зааснаар хариуцагч “Номтын ам” ХХК-иас 30 471 257 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч ‘’Teхник  Импорт’’ ХК-д  олгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д  зааснаар хариуцагчаас 310 306 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310 306 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар  нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                С.ОЮУНЧИМЭГ