Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 137

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч М.Ц,

Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.М, Ш.М,

Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овгийн Л.М, Б овгийн Ш.М, Б овгийн М.Ц нарт холбогдох 1928002290145 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Л.М нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын төвд Ш.Мтай маргалдан түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ш.М нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын төвд Л.Мтай маргалдан түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Ц нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын төвд аавыгаа өмөөрч Л.Мыг өшиглөж, цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  

             2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төв рүү ороод ковш зөөж байхаар нь бууц зөөлгөх санаатай зогсоох гэж ковшийн урдуур чулуу авч шидсэн. М ах ирээд бид хоёр маргалдаад захиргаа руу ороод зууралдсан. М ах шүд унагачихлаа гээд толгойгоо доошоо хараад сууж байсан. Тэрнээс хойш болсон явдлыг сайн санахгүй байна гэв.

Шүүгдэгч Ш.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

Би 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Ноён суманд хужаа уурхай нээгдэж байгаа гээд хужаа нар зам тавьж байсан. Сум хариуцсан Г намайг зам тавьж байгаа хужаа нарыг замаар явж байгаа машиныг харж байгаарай гэж хэлсэн. Би үхэр мал гээд явж байхад согтуу хүн ирчихээд зам зогсоогоод байгаад байсан. Тэгтэл М байсан. Яах гээд байна вэ гэхэд чулуу аваад босохоор нь чи яах гэж байгаа юм гэхэд шороо ачсан машины урдуур чулуугаа шидсэн. Тэгээд хоёулаа Засаг дарга руу оръё гээд орж очингуут намайг коридорт оронгуут мөргөөд шүд унахаар нь уурандаа цохиж авсан. Нэг цохиж аваад нэг өшиглөчихөөд байж байхад ардаас хүү орж ирсэн. Аав яасан юм гэхэд нь М намайг цохьсон гэхэд хүү Мыг тийрээд авсан. Тэгээд би цохиод байхаар нь боль гээд хоёулаа эмнэлэг явсан гэв.

             Шүүгдэгч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 

             2019 оны 09 дүгээр сарын 16-ны орой ажлаа хаачихаад гэр рүүгээ явсан. Аав машинтайгаа Тамгын газрын дээр зөрж ирээд зогсож байсан. Тэгээд би гэр рүүгээ ороод хувцсаа сольчихоод цонхоор харж байхад аав М ахтай зууралдаад Тамгын газарт явж байсан. Тэгээд эргээд нэг харахад байхгүй болсон байхаар нь хувцсаа солиод гараад очиход алга байсан. Аавыг эрээд Тамгын газар луу ороод үүдээр аавтай зөрж таарсан. Хамар нь хавдсан, шүд нь унаад нүүр нь цус болсон байсан. Тэгээд яасан юм гэж асуухад Мтай зодолдоод  ийм болсон гэж хэлсэн. 1 давхрын шатан дээр М ах сууж байхаар нь уурандаа хүрч очиж тийрээд, гараараа нэг, хоёр удаа цохьсон. Тэгээд аавыгаа аваад гараад эмнэлэг явсан гэв.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

          Би М, Ц нарт ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

          Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

          Надад М  2 сая төгрөг өгсөн. Би шүд хийлгэсэн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэв.

             Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 сарын 16-ны өдөр Ноён сумын төв рүү явж байгаад Мөнгөнжигүүртэй сумын урд овоон дээр таарсан тэнд би 2,5 литрийн багтаамжтай нэг пиво уусан тэгээд сум руу ороод засмал зам тавьж байгаа компанийн ажил хийж байгаа ковш явж байсан тэгээд уулзах гэхэд зогсохгүй яваад байсан тэгэхээр нь би чулуу бариад өмнүүр нь шидсэн тэгээд ковш зогссон тэгээд хажууд нь зогсож байхад М ах ирээд ажил хийж байгаа хүмүүсийн ажлыг нь хийлгээч гэсэн тэгээд М ахтай маргалдсан би та нар нийлж дэмий юм хийж байна гэж хэлсэн тэгэхэд М ах чи засаг даргатай очиж уулз гэсэн тэгэхэд нь би хятадыг өмөөрлөө гэж уурласан тэгээд бид 2 тамгын газар луу явсан. Тэгээд М ахтай зууралдаж тамгын газар луу орж байхдаа би М ахыг нэг удаа мөргөсөн тэгэхэд М ах уурлаж чи шүд хугалаад хаячихлаа гээд миний нүүр лүү цустай шүлсээ нулимсан тэгээд нүд толгой руу цохисон тэгэхээр нь би болъё болъё гээд толгойгоо дараад хэвтсэн тэгэхэд намайг хэдэн удаа цохиж өшиглөчихөөд тэгэхэд би Ц, М ах 2-н аль нь намайг цохиж зодсонг мэдээгүй. Намайг хэд өшиглөчихөөд буцаад явсан би 2 давхарын шатан дээрээс гадагшаа гараад явсан... Би эхлээд М ахыг мөргөж шүдийг нь хугалсан тэрнээс болж над руу уурлаж намайг цохиж зодсон...Миний нүүр лүү 1-2 удаа цохисон. Нүүрээ дараад хэвтсэн байхад хэд хэдэн удаа өшиглөсөн.” гэжээ /хх-13-14/,

      Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төвд ковш явж байхаар нь бууцаа ухуулах санаатай зогсоох гэсэн чинь зогсохгүй байхаар нь газраас чулуу аваад шидсэн чинь М ах ирээд яагаад хүмүүсийн ажил хийлгэхгүй байгаа юм гээд ирсэн тэгээд бид хоёр ам зөрөөд хэрүүл маргаан болоод бид хоёр засаг даргатай уулзахаар захиргаа руу ороод зууралдаж байгаад М ахыг нэг удаа мөргөсөн чинь М ах шүд уначихлаа гээд нүүр лүү цохиод авсан тэгэхээр нь би болъё гээд толгойгоо дараад хэвтээд өгсөн тэр хойгуур нэг хүн ирээд өшиглөөд байсан хэн гэдгийг нь санахгүй байна. Тэгээд тэр хүн гараад явсан би байж байгаад араас нь гараад захиргааны шатан дээр сууж байхад Ц 1 удаа өшиглөсөн тэгээд аавыгаа эмнэлэгт үзүүлнэ гээд явсан, би гэр лүүгээ явсан...” гэжээ /хх-16-17/,

Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 09 сарын 17-ны өдөр 09 цагийн үед Ганзориг гэх манай компанийн захирал Ноён суманд асуудал болсон байна гэж хэлсэн. Орчуулагч Доржбалтай утсаар холбогдоход М ах хүнд зодуулсан гэж хэлсэн. Би сумын төв дээр ирээд Мтай уулзахад маск зүүсэн байсан. Юу болсон гэж асуухад маскаа аваад надад харуулсан хамар нь хавдчихсан, нэг шүд хугарсан байсан. Тэгээд Л.М гэх хүн согтуу ирээд ажил хийж байгаа БНХАУ-н иргэд рүү чулуу шидэж хашигчиж авирласан гэсэн тэрийг нь болиулах гэж Мыг авч явахад Тамгын газар луу авч явахад миний нүүр лүү мөргөж намайг ийм болгосон гэсэн. Тэгээд би сумын хурлын дарга Мөнх-Осор, Засаг дарга Батболд нарт танилцуулахад цагдаад мэдэгдэнэ гэж хэлсэн тэгээд тухайн өдрөө мэдэгдээгүй байсан тэгээд би Өмнөговь аймгийн 102 дугаарын утсанд гомдол гаргаж ярьсан...” гэжээ. /хх-18/,

Гэрч Р.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Ноён сумын төв дээр манай компанийн хятад ажилчид зам тавих ажлаа хийж байсан үдээс хойш 17-18 цагийн орчимд архи уусан согтуу цэнхэр дээлтэй хүн ирээд над руу дайрах маягтай болсон тэгэхэд хажууд нь мотоцикльтой 2 хүн ирсэн тэгэхээр нь би мотоцикпьтой хүнээс зугтаад дэлгүүрийг тойроод буцаад замын ажил хийж байсан талбай дээр очиход цэнхэр дээлтэй ах гартаа чулуу барьчихсан ковшны жолоочийн хажууд суучихсан байсан. Би гүйж очоод ковшных нь кабинаас татаж буулгасан тэгэхэд намайг гартаа барьсан чулуугаар цохих гээд намайг заамдаж байгаад буцаж цаашаа явснаа шороо ачаад ирж байсан HOWO машины урдуур орж замыг нь хааж явуулахгүй зогссон тэгэхээр нь би уг хүнийг татаж сумын удирдлагын ордны талбай дээр авч ирэхэд намайг зодох гээд дайрч эхэлсэн. Тэгээд тэр хүн надад хандаж чи хятадууд дагуулж ирж манай нутаг орныг сүйрүүлж гэж байгаа гээд цохих гээд байсан. Тэгээд би тэр хооронд М гэх ахын утас руу залгаж дуудсан. Удалгүй М ах ирж тэр хүнтэй хамт зууралдаж тамгын газар луу явсан тэгээд би замын ажил хийж байгаа хятад ажилчдаа ажлаас нь буулгаж байрлаж байгаа газар луугаа явсан. Тэрнээс хойш юу болсныг би хараагүй орой нь М ах руу залгаж утсаар ярихад нөгөө хүнтэй зодолдож байгаад салсан гэж хэлсэн...” гэжээ. /хх-19-20/,

Гэрч Ш.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Би тэр өдөр сумын төвд засмал зам тавьж байгаа БНХАУ-н иргэдийг харж хандаж байхаар Г гэх хүнтэй цалин мөнгө авахаар тохиролцож үлдсэн тэгээд би хэлмэрч залууд өөрийн утасны дугаараа өгч миний хэрэг гарвал над руу залгаарай гэж хэлчихээд малдаа явсан. Тэгээд 18 цагийн үед хэлмэрч залуу над руу залгаад ах хүрээд ирээ согтуу хүн ирчихсэн ажилд саад болох шинжтэй байна гэж хэлсэн тэгэхээр нь би машинтайгаа яваад сумын төвд орж ирээд сумын тамгын газрын талбай дээр ирээд зогссон. Би машинаас буухад М нь газраас 2 чулуу 2 гартаа бариад шороо ачаад ирж байсан машин руу гүйсэн. Хэлмэрч залуу надад хандаж ахаа наад залуу чинь чулуугаар цохих гээд байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би араас гүйж очоод Мыг яах гээд байгаа юм боль гэхэд баруун гартаа барьсан чулууг машин руу чиглүүлж шидсэн тэр чулуу нь машин оноогүй урдуур нь гарсан. Зүүн гартаа барьж байсан чулуугаа хаяхгүй бариад зогсоод байсан тэгэхэд хажуунаас Амармэнд гэх залуу Мыг чи ингэж болохгүй чулуугаа хая гэж хэлээд чулууг нь нь газар хаясан. Тэгэхэд М нь бид 2т хандаж би төрийн бус байгууллагын хүн энэ ажлыг чинь зогсооно гэсэн тэгэхээр нь би энэ хятад хүмүүс чинь өөрсдөө мэдээд хийж байгаа юм биш. Энэ хүмүүс чинь ажил хий гэж үүрэг аваад хийж байгаа хүмүүс, чи болиулах гээд байгаа юм бол сумын дарга нар уурхайн дарга нартай нь уулзаж болиул энэ хүмүүст чинь ямар ч хамаа байхгүй гэж хэлсэн тэгэхэд М нь тэгвэл Засаг даргатай уулзъя гэсэн тэгээд би М тамгын газар луу алхаад явсан тэгээд тамгын газрын үүдэн дээр ирж байхад М нь гэнэт чи яасан их намсдаг муу хулгайч вэ гэсэн. Чи юу яриад байгаа би ардчилсан намын хүн энэ ажлыг хийлгэж байгаа хүмүүс ардын намын хүмүүс байгаа энд ямарч нам хамаагүй гэж хэлсэн тэгэхэд миний ханцуйнаас татаад нөгөө гараараа хаалга нээж Мөнхчлуун дотогш орсон тэгээд би араас нь хаалгаар ороход эргэж хараад шууд намайг заамдаж аваад миний хамар луу мөргөсөн. Тэгээд би доошоо тонгойход заамдаж өөрлүүгээ татаж дахиж мөргөсөн тэгэхэд миний хамарнаас ихээр цус гараад доошоо тонгойсон тэгэхэд М нь намайг чирээд засаг даргатай уулзана гээд явсан. 2 давхарын шатан дээр явж байгаад би хөлөөрөө ташаад доош нь суулгасан тэгэхэд нь би өөр лүүгээ татаж гараараа нэг удаа толгой руу нь цохиход газар суусан тэгэхээр нь би толгой руу нь 2 удаа цохисон. Тэгээд хөлөөрөө намайг тийрэхээр нь би салаад цусаа тогтоох гээд шатаар буухад миний араас М бууж ирээд шатан дээр суухаар нь би аманд орсон цусаараа өөдөөс нь нулимсан тэгэхэд суугаад тэндээ үлдсэн. Намайг цусаа арчих гээд байж байхад манай хүү Ц нь тамгын газарт орж ирээд шатан дээр сууж байсан Мы цээж орчимд нь нэг удаа тийрч арагш нь унагасан. Тэгээд Мыг дахин нэг удаа гар луу нь өшиглөсөн. Тэгээд би очиж боль чи хэрэгт орно гэж хэлсэн тэгээд би Мыг нэг удаа өгзөг рүү нь өшиглөсөн тэгэхэд Ц намайг өмөөрөөд дахин цохих гэхэд нь би болиулж явуулсан. Тэгээд би тамгын газраас гарч ирэхэд М гараад ирсэн тэгээд надтай 2лаа тохиръё гэхээр нь би яасан гэж чамтай юу тохирдийн яасан гэж намайг ийм болгож байгаа юм гэж хэлэхэд Ц нь нэг удаа Мы мөр лүү нь өшиглөсөн. Би тэндээсээ хүүтэйгээ хамт эмнэлэг рүү явж үзүүлсэн... Та нар их намсаж байна гэж хэлээд намайг 2 мөргөсөн. Намайг гэнэт мөргөж миний хамарнаас цус их гарсан болохоор уурлаж Мы биед халдсан. Манай хүү Ц нь намайг өмөөрөөд Мыг тийрч унагааж өшиглөсөн... Миний нэг үүдэн дээд талын шүд хугарсан. Хамар хөхөрч хавдсан. Мы биед гэмтэл шарх учраагүй байхаа. Маргааш нь буюу 2019 оны 09 сарын 17-ны өдөр манай дэлгүүрийн гадна халамцуу явж байсан тэгэхэд бие нь зүгээр явж байсан. Миний нүүр лүү нулимсан цус нь хэвээрээ явж байсан.” гэжээ. /хх-21-24/,

            Гэрч М.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр 18 цаг өнгөрөөд ажлаа хаачихаад гэр лүү харих гээд явж байхад М гэх хүн архи уучихсан бололтой мотоцикль уначихсан замын ажил хийж байгаа хятад улсын иргэд дээр очоод зогсож байсан тэгээд би гэр лүүгээ бараг орох гэж байхад манай аав М нь машинтай зөрөөд талбай дээр ирээд зогсож байгаа харагдсан. Гэртээ ороод хувцасаа солиод цонхоор харж байхад М нь гартаа чулуу барьчихсан зам тавьж байгаа хүмүүс рүү чулуу шидэж байгаа харагдсан. Манай аав Мыг чирээд тамгын газар луу алхаж байсан. Тэгээд удалгүй хаашаа орсон нь харагдахгүй байсан. Хувцасаа солчихоод гэрээсээ гараад аавыг хайгаад машин руу нь алхаж байхад тамгын газраас нүүр ам нь цус болчихсон гараад ирсэн. Тэгээд би очоод яасан юм гэж асуухад М намайг гэнэт мөргөчихлөө гэсэн би Тамгын газрын хаалгаар ороход М нь 2 давхарын шатан дээр сууж байсан тэгэхээр нь би гүйж очоод чи яагаад манай аавыг зодож байгаа юм гээд цээж рүү нь нэг удаа өшиглөхөд М нь арагшаа унасан. М унаад гараараа нүүрээ хаасан байхаар нь гар луу нэг удаа өшиглөсөн тэгэхээр нь би дээлийнх нь захнаас татаж доош нь дарж байгаад ар нуруу, шилэн хүзүү рүү нь 3-4 удаа цохисон тэгэхэд больё юу болж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи зүгээр байсан хүний шүдийг хугалж хамрыг нь муруйлгаж зодлоо гэхэд би тэгээгүй гэсэн. Тэгэхээр нь би хаячихаад аавыг аваад эмнэлэг рүү явах гээд аваад гарсан чинь араас М нь гарч ирээд элдэв янзаар хэлээд өдөөд байхаар нь би зүүн хөлөөрөө цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд аавтайгаа эмнэлэг рүү алхаж байхад араас ирээд М ахаа хоёулаа эндээ зохицоод учраа олъё би хохирлыг чинь барагдуулъя гээд байсан. Тийм зүйл байхгүй цагдаад хэлж шалгуулна гэж хэлээд аваад явсан. Эмнэлэгт очоод аавыгаа үзүүлчихээд тамгын газарт очиж унасан шүдийг нь хайж байгаад олоод аавд өгсөн. Тэгээд буцаад гараад М нь алга болчихсон тамгын газрын мотоциклио аваад явсан байсан. Маргааш нь буюу 2019 оны 09 сарын 17-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад орж ирээд намайг уучлаарай гээд байсан. Би Цагдаад хэлж шалгуулна гэж хэлсэн. М нь тамгын газар дээгүүр согтуу хүмүүстэй хэрүүл хийж байна гэж л сонссон... Ямар шалтгаанаар манай аавыг зодсон талаар мэдэхгүй. Ямар ч байсан манай аавыг мөргөөд шүдийг хугалж хамрын нь гэмтээсэн байсан. Тийм болохоор тухайн үед миний уур хүрээд Мыг өшиглөж, хэд хэдэн удаа шилэн хүзүү нуруу руу нь цохисон...” гэжээ /хх-25-26/,

Гэрч Л.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 сарын 16-ны өдөр сумын төв рүү орж ирсэн тэгэхэд Мөнгөнжигүүр пиво уучихсан сууж байсан тэрнээс нь би пиво ууж байгаад төв рүү орж ирсэн. Тэгээд тамгын газрын өмнө ирсэн зам тавих ажил хийж байсан ковшны жолоочтой уулзах гэхэд зогсохгүй яваад байсан тэгэхээр нь би гартаа чулуу аваад ковшийг зогсоох гээд өмнүүр нь шидсэн тэгэхэд ковш нь зогссон. Тэгэхэд хажууд М ирчихсэн намайг боль гэж байсан. М нь намайг засаг даргатай уулзъя гэхээр нь би нутгаа ухуулахгүй гэж хэлсэн тэгээд Мтай маргалдаж тамгын газар луу явсан тэгээд хаалгаар ороод Мыг мөргөсөн байсан тэгэхэд Мы хамарнаас цус гарчихсан миний шүдийг унагачихлаа гэж хэлсэн харахад нэг шүд нь уначихсан онгорхой харагдаж байсан тэгэхэд гэнэт хүү нь Ц нь ороод ирчихсэн байсан М над руу нулимаад миний нүүр лүү нэг удаа цохисон Мы хүү Ц нь намайг цохисныг би мэдэхгүй байна нүүрээ гараараа дараад хэвтчихсэн байсан. М намайг цохиод байх шиг л болсон. Тамгын газрын гадаа ярьж байгаад тэр 2 явчихаар нь би мотоцикль дээрээ очоод асаах гэхэд асахгүй байсан тэгээд явган яваад Отгонжаргалтай таараад Засаг даргын орлогчийн гэрт нь очоод нүүрээ угаасан...” гэжээ. /хх-27-28/,

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 555 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Л Мы биед тархины доргилт, дух, дагз, зүүн чихний дэлбээн зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хамар, баруун шанаа, хацрын зулгаралт, зүүн шанааны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.”  гэжээ. /хх-30/

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 554 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ш.Мы биед хоёр шүд унасан, дээд уруулын салстын язрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 % алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.”  гэжээ. /хх-32/

Шүүгдэгч Л.Мы Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-56-57/,

Шүүгдэгч Ш.Мы Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-59-60/,

Хохирол төлбөр барагдуулсан төлбөрийн баримт /хх-62/,

Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад багийн засаг даргын тодорхойлолт /хх-65/,

Өмнөговь аймгийн Ноён сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-66/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-67/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-79/

Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад багийн засаг даргын тодорхойлолт /хх-70/, 

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-71/,

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-72/, эрүүгийн хариуцлага хүлээн байсан эсэхийг шалгах хуудас /хх-80/

Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад багийн засаг даргын тодорхойлолт /хх-75/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-76/,

Дээд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-77-78/, 

Эрүүгийн хариуцлага хүлээн байсан эсэхийг шалгах хуудас /хх-81/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.М, Ш.М, М.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.М, Ш.М, М.Ц  нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.М, Ш.М, М.Ц нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.М нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын төвд Ш.Мтай маргалдан нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан ,

Шүүгдэгч Ш.М нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын төвд Л.Мтай маргалдан түүнийг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Ц нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ноён сумын төвд аавыгаа өмөөрч Л.Мыг өшиглөж, цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  шүүгдэгч Ш.Мтай таарамжгүй харилцаа үүсгэж маргалдснаас гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болсон байна гэж дүгнэхээр байна.

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.М, Ш.М нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 555 дугаартай шинжээчийн “...Л.Мы биед тархины доргилт, дух, дагз, зүүн чихний дэлбээн зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, хамар, баруун шанаа, хацрын зулгаралт, зүүн шанааны цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.”  гэх дүгнэлт /хх-30/, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 554 дугаартай шинжээчийн “...Ш.Мы биед хоёр шүд унасан, дээд уруулын салстын язрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 % алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”  /хх-32/ гэх дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.М нь хувийн байдлын хувьд 1971 оны 03 дугаар сарын 27-нд Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймаг Ноён сум 2 дугаар баг Аман ус гэх газарт оршин суудаг, ял шийтгэлгүй болох нь Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад багийн засаг даргын тодорхойлолт /хх-65/, Өмнөговь аймгийн Ноён сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-66/, иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-79/ зэргээр,

Шүүгдэгч Ш.М нь хувийн байдлын хувьд ... оны 10 дугаар сарын 28-нд Өмнөговь аймгийн ... суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Өмнөговь аймаг ... сум ... дугаар баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй болох нь Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад багийн засаг даргын тодорхойлолт /хх-70/,  иргэний үнэмлэхийн хуулбар /хх-71/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-72/, эрүүгийн хариуцлага хүлээн байсан эсэхийг шалгах хуудас /хх-80/ зэргээр,

Шүүгдэгч М.Ц нь хувийн байдлын хувьд ... оны 01 дүгээр сарын 15-нд Өмнөговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй ....  ажилтай, ам бүл 1, Өмнөговь аймаг Ноён сум Эрүүл мэндийн төвийн ажилчдын байранд оршин суух, ял шийтгэлгүй болох нь Өмнөговь аймгийн Ноён сумын Ганзагад багийн засаг даргын тодорхойлолт /хх-75/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-76/, дээд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-77-78/,  эрүүгийн хариуцлага хүлээн байсан эсэхийг шалгах хуудас /хх-81/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.М нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Мд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-62/, хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул  шүүгдэгч Л.Мыг бусдад төлөх хохирол төлбөргүй,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.М нь шүүгдэгч Ш.М, М.Ц нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч Ш.М, М.Ц нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж тус тус үзлээ.

Шүүгдэгч Л.М, Ш.М, М.Ц нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж, Шүүгдэгч Л.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан гэж тус тус үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.   

Харин шүүгдэгч Л.М, Ш.М, М.Ц  нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.М, Ш.М, М.Ц  нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага  хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүгдэгч Л.М, Ш.М, М.Ц  нарт тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М, Ш.М, М.Ц нарт тус бүр 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Л.М, Ш.М, М.Ц  нар торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш гурван сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, шүүгдэгч нар шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.М, Ш.М, М.Ц  нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М, Ш.М, М.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүхэд шүүгдэгч Л.М, Ш.М, М.Ц  нар өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ тус бүр бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг тус тус хангаж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Л.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овгийн Ш.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б овгийн М.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мд 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Шүүгдэгч Ш.Мд  550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,  Шүүгдэгч М.Цд 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.М, Ш.М, М.Ц нар тус бүр оногдуулсан 550.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр тус тус төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М, Ш.М, М.Ц нар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Л.М хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Мд хохирол төлбөрт 2.000.000 / хоёр сая/  төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.М шүүгдэгч Ш.М, М.Ц нараас хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.М, Ш.М, М.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүгдэгч Л.М, Ш.М, М.Ц нар цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг  өөрөө  гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Л.М, Ш.М, М.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ