Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1048

 

 

 

 

 

 

 

 

   2019         12         12                                    2019/ШЦТ/1048

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

Хохирогч Б.Золбаяр,

            Шүүгдэгч В.У, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Вгийн Уд холбогдох эрүүгийн 1909035291146 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, гурван хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15 дугаар гудамжны 324 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ж овогт Вгийн У /регистрийн дугаар ДА80031905/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч В.У нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Боловсролын их сургуулийн орчимд “диплом гаргаж өгнө” гэж хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5000000 төгрөгийг Б.Золбаяраас залилан авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч В.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би хохирогч Б.Золбаярыг сайн танихгүй. 2018 онд миний бие хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсан Фестивальд оролцож байхдаа Оюунчулуунтай танилцсан. 2019 оны 09 дүгээр сард Б.Золбаяр надад “нэг асуудал байна, та туслаач” гэж гуйсан учир би туслалцаа үзүүлэх ямар бололцоо байгааг хүнээс асууж өгсөн. Гэхдээ би анх бичиг хэргийн зөрчилтэй болон шийдвэрлэх боломжгүй материал гэдгийг мэдээгүй. Хохирогчийн гуйсан ажлыг хөөцөлдөхөд бүрэн дунд сургуулийн гэрчилгээ нь боловсролын системд бүртгэлгүй байсан учир диплом гаргах боломжгүй болсон. Энэ ажлын хүрээнд хохирогч Б.Золбаярыг би өөрийн чадах чинээгээрээ зохих албаны хүмүүстэй уулзуулж өгсөн. Би хохирлыг төлж барагдуулна, хүнийг хохироож болохгүй гэдгийг ойлгож байна. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгч байх үедээ хохирлын мөнгийг хохирогчийн банкны данс руу хийх талаар мессеж бичсэн. Гэтэл тухайн үед хохирогч хөдөө орон нутагт явж байсан тул холбогдож чадаагүй. Би хохирогчоос авсан 5000000 төгрөгийг өөрийн банкны дансанд хадгалж байгаад нөхөр, хүүхдүүдийн эмчилгээний зардалд зарцуулсан. Би энэхүү үйлдэлдээ зуун хувь буруутай, хохирлыг зохих хэмжээгээр барагдуулна ...” гэв. 

 

Хохирогч Б.Золбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сард манай ээжийн танил Болормаа гэх хүн В.Утай холбож өгснөөр шүүгдэгч В.Уг таньдаг болсон. Би эхнэрийн хамт “Их засаг Чингис Сосэ” их сургуулийн захиргаатай хамт очиж уулзсан. Тухайн өдрийн маргааш В.Угийн дансанд 5000000 төгрөгийг шилжүүлсэн. Цагаан сарын дараа В.У гар утсаа авахгүй байсан ба тухайн үед баруун зүгийн аймгуудаар ажлаар явж байсан. В.У тус оны 5 дугаар сард “элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүй бол болохгүй” гэж хэлсэн учир би шалгалт өгсөн. Дараа нь сургуулийн захирал нь надад 10 жилийн сургуулийн гэрчилгээ өгсөн. Би хувьдаа элсэлтийн ерөнхий шалгалтын бичиг өгнө гэж бодож байсан юм. В.У мөнгийг бүрэн төлье гэж яриагүй, нэг удаа л мессеж бичиж байсан ба нотариат ороод миний өгсөн мөнгийг график гаргаад хувааж төлье гэж хэлж байсан. Шүүгдэгч В.У сая шүүх хуралдаанд “намайг холбогдох хүнтэй уулзуулсан” гэж ярьж байгаа боловч намайг хэнтэй ч уулзуулж, холбож өгөөгүй...” гэв.

 

Хохирогч Б.Золбаярын Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 3 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Золбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 онд сургууль төгсөх шаардлага гарсан ба энэ талаар эхнэртэйгээ ярилцаж байх үед эхнэрийн найзынх нь ээж Болормаа нь диплом шууд гаргаж өгдөг хүн таньдаг гэсний дагуу Оюунчулуун гэх хүнээр дамжуулан В.Утай танилцсан. В.У “2019 оны 4 дүгээр сард Их Засаг их сургуулийн диплом гаргаж өгнө” гэж хэлэхээр нь тухайн өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дансаар мөнгө шилжүүлсэн. Тэгээд гар утсаа авахгүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/,

 

Д.Болормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...М.Ундрах нь манай охинтой хамт ажиллаж байсан юм. М.Ундрахын нөхөр Б.Золбаярт диплом хэрэгтэй байгаа талаар сонссон. 2018 оны 10 дугаар сард сонссон зүйлийнхээ талаар Оюунчулуунд хэлэхэд “би хүнээс асуугаад хариу хэлье” гэж хэлсэн. Удалгүй Оюунчулуун нь У гэх хүний талаар хэлэхээр нь би М.Ундрахыг өөрөө учраа олох байх гэж бодоод Оюунчулууны утсыг М.Ундрахад өгсөн... би тухайн үед юу болсон талаар мэдээгүй ба 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр миний Хаан банкны данс руу “Баярлалаа” гэж бичээд 550000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Тухайн үед би Ундрахын ээж болж Утай утсаар ярихад “дипломны мөнгийг авлаа, ямар ч байсан хүссэн дипломыг гаргаж өгнө, гэхдээ надад унаа, хэрэглээний мөнгө хэрэгтэй байна шүү” гэж хэлэхээр нь би 150000 төгрөгийг бэлнээр өгсөн. У нь өөр хүн явуулж 150000 төгрөгийг авсан. Нэлээн хугацааны дараа Уд мөнгөө өгөөд залилуулсан гэдгийг сонссон. Ундрахын өгсөн 550000 төгрөгөөс 400000 төгрөгийг буцааж өгнө...

...Би Б.Золбаяр болон түүний эхнэрт диплом гаргуулах хэрэгтэй байна гэхээр нь тус болох санаатай өөрийн найз Оюунчулуунаас В.Угийн дугаарыг олж аваад тэднийг холбож өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Б.Золбаяр “В.Уд мөнгөө өгчихлөө, их хэрэгтэй хүн танилцуулж өгсөнд баярлалаа” гэж хэлээд надад 500000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Би тухайн мөнгөнөөс В.Уд 150000 төгрөгийг өгсөн бөгөөд буцааж авч чадаагүй байгаа ба мөнгө өгөхдөө ямар нэгэн гэрээ байгуулаагүй. В.У над руу нэг эрэгтэй хүн явуулж мөнгийг авсан, 150000 төгрөгийг эргүүлж авмаар байна. Б.Золбаяр нь надад өгсөн мөнгөө эргүүлж нэхээгүй ч би мөнгийг эргүүлэн төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 106 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Оюунчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны намар Болормаа надтай уулзаж байх үедээ “манай охинд их сургуулийн диплом хэрэгт болоод байна, өмнө нь сургуульд сурч байгаад дундаас нь хаясан, одоо сургуульд явахгүй гээд байна, ямар нэгэн аргаар сургууль төгсгөчихмөөр байна” гэж хэлсэн. Тухайн үед В.У санаанд ороод “надад бол баталгаатай диплом гаргаж өгдөг хүн бол байхгүй, их сургуульд оруулж өгдөг гэх танил хүн байна, чи өөрөө уулз” гэж хэлээд утасны дугаарыг нь өгсөн юм. Гэтэл саяхан Б.Золбаяр гэх хүн над руу залгаад “Оюунчулуун гэх хүн мөн үү, би Ундрахын нөхөр байна, У гэх хүнд мөнгөө өгөөд залилуулчихлаа, тэр хүн чинь мөнгө буцааж өгөхгүй байна” гэж хэлэхээр нь гайхаад өнгөрсөн ба дараа нь тодруулахад Болормаа нь надаас авсан утасны дугаараа Золбаяр болон түүний эхнэр Ундрах нарт өгсөн байсан. Золбаяр нь Болормаагаар дамжуулж надад 500.000 төгрөгийг өгүүлсэн гэж хэлж байгаа боловч би ямар ч мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Гэрч О.Түмэнжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сургуулийн захирал Золбаярын материалыг өгөөд “хичээлд суухгүйгээр шууд шалгалт өгөх боломжтой юм шиг байна, хянаж шалгаад шаардлага хангахаар байвал боловсролын байгууллагын системд бүртгүүлээрэй” гэж хэлсэн. Би Б.Золбаярын материалыг хянаж үзэхэд ямар нэгэн зөрчил, алдаа дутагдалгүй байсан. Тиймээс түүний нэрийг боловсролын байгууллагын нэгдсэн системд хянаж байгаа төлөвт оруулаад холбогдох материалыг эх хувиар нь Нийслэлийн боловсролын газрын статистик хариуцсан мэргэжилтэнд хүргүүлсэн. Тус газраас 14 хоногийн дараа Б.Золбаярын материалыг ямар нэгэн зөрчил дутагдалгүй гээд бүртгэлийг баталгаажуулсан ба миний зүгээс Б.Золбаярыг 12А ангид хуваарилсан. Б.Золбаярын хувьд нэмэлт хичээлд сууж, суралцах шаардлагагүй ба 2019 оны хавар бусад сурагч нарын хамт улсын шалгалтуудаа амжилттай өгсөн тохиолдолд “Бүрэн дунд боловсролын үнэмлэх”-ийг дүйцүүлэн авах боломжтой байсан. Б.Золбаярт явцын дүн гэж байгаагүй ба манай сургуулиас түүний хувийн хэрэг, наймдугаар анги төгссөн гэрчилгээ, 2019 оны 5, 6 дугаар сарын дөрвөн хичээлээр өгсөн улсын шалгалтын дүнг үндэслэн “Бүрэн дунд боловсролын үнэмлэх”-ийг олгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

 

ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 68-87 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч В.Угийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/, Нийслэлийн ерөнхий боловсролын 57 дугаар сургуулийн захирлын тушаал /хх-ийн 94 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.  

 

Шүүхээс шүүгдэгч В.Уд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч В.У нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Боловсролын их сургуулийн орчимд “диплом гаргаж өгнө” гэж хуурч, зохимол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 5000000 төгрөгийг Б.Золбаяраас залилан авсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээс үзвэл хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлсэн, хохирогч Б.Золбаярт 5000000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Болормаад 150000 төгрөгийн тус тус хохирол учирсан, В.Угийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд В.Уд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

В.У нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүх шүүгдэгч В.Уг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан төрөл, хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч В.Угаас 5150000 /таван сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Золбаярт 5000000 /таван сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Болормаад 150000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас 1 /нэг/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ж овогт Вийн Уг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч В.Уд 300 /гурван зуун / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч В.Угийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасч, нийт 292 /хоёр зуун ерөн хоёр/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар  шүүгдэгч В.Уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч В.Угаас 5150000 /таван сая нэг зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Золбаяр /РД:НЕ90090179/-т 5000000 /таван сая/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Болормаа /РД:ЗЮ68030405/-д 150000 /нэг зуун тавин мянган/ төгрөгийг тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч В.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ