| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/1045/Э |
| Дугаар | 1032 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 1032
2019 12 09 2019/ШЦТ/1032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
нарийн бичгийн дарга Г.Энхжин,
улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Б-Ө, түүний өмгөөлөгч Д.Даваадорж, Р.Булгамаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бын Б-Өд холбогдох эрүүгийн 1903010610483 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжны 1137 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Х овогт Бын Б-Ө /регистрийн дугаар ХЗ83070933/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б-Ө нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Завсарын буудал, “Юби Авто Сервис”-ийн зүүн замд “Хино Ренжер” маркийн 11-46 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Отгонсүрэнг мөргөж, амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б-Өн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2019 оны 9 дүгээр сарын 14-ний өглөөний 06 цагийн үед ажилдаа явж байхдаа Чингэлтэй дүүргийн завсарын буудал дээр зам тээврийн осол гаргаж, хохирогч Отгонсүрэнгийн амь насыг хохироосон. Би энэ үйлдэлдээ маш их гэмшин харамсаж байна. Миний энэ байдлаас болж эхнэр маань төрөх хугацаанаасаа 2 сарын өмнө төрсөн ба одоо биеийн байдал хүнд байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...“ гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Соёлоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би талийгаач Б.Отгонсүрэнгийн төрсөн эгч байгаа юм. Миний төрсөн дүү талийгаач Б.Отгонсүрэн нь гэр бүлгүй ба миний ах, эгч нар бүгд ээжээр овоглосон, дүү бид хоёр ааваараа овоглосон учир манай гэр бүлийн гишүүд ярилцаж энэ хэрэгт намайг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр оролцуулж байна. ...Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй. Намайг гэртээ байж байтал манай эрэгтэй дүү “та ажил дээр хүрээд ир” гэж хэлэхээр нь би ажил дээр нь очоод дүү Б.Отгонсүрэнг зам тээврийн ослоор нас барсан гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Гэрч Б.Баярбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 09 дүгээр сарын 14-ний өглөө 05 цаг өнгөрч байх үед дүү Б.Б-Ө Налайх дүүрэг рүү ажилдаа явахаар манай гэрт ирсэн. Би туслах ажилтнаар хамт явах байсан юм... Тэгээд дүү Б.Б-Ө нь машинаа жолоодсон, би хажуугийн сандал дээр суусан, ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй долоон буудал өнгөрөөд явж байх үед автомашины урд салхин шил хагарч, түс тас хийгээд явсан. Тэр үед автомашин урагшаа яваад зогссон. Дүү, бид хоёр хоёулаа автомашинаас буугаад хартал автомашины хойд талд эрэгтэй хүн дээшээ харсан, толгой хэсгээс цус их гарсан, баруун хойшоо чиглэлтэй харж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хэвтэж байсан ба ойртоод очтол тухайн эрэгтэй хүн ямар ч хөдөлгөөнгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-14 дүгээр хуудас/,
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7, 8-14 дүгээр хуудас/,
Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-21 дүгээр хуудас/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 1980 дугаартай:
1.Талийгаач Б.Отгонсүрэнгийн цогцост толгой, цээж, хэвлийн хавсарсан гэмтэл, гавлын суурийн зүүн урд хонхор ухархайн дээд ханын хугарал, их тархины зүүн талын бөмбөлгийн зулай, чамархай, дагз, суурь хэсэг, бага тархины зүүн тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, уушгины няцрал, цус хуралт, элэгний язрал, няцрал, хэвлийн хөндийн цусан хураа, баруун дунд чөмөгний Бампер хугарал, баруун хацар, хоншоор, эрүү, өвчүү ясны хугарал, баруун хөмсөг, хацар, зүүн нүдний дээд зовхины гадна хэсэг, доод уруул, эрүүний баруун хэсэгт шарх, доод уруулд цус хуралт, дух, баруун, зүүн хацар, шанаа, баруун чих, дагзны баруун хэсэг, хүзүүний баруун хэсэг, баруун мөр, шуу, сарвуу, зүүн сарвуу, баруун ташаа, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед автомашинд мөргөгдсөнөөс үүсэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Толгой, цээж, хэвлий хавсарсан гэмтэл нь амь насанд аюултай. Дээрх гэмтлүүдээс баруун дунд чөмөгний Бампер хугарал нь эхэлж үүссэн ба бусад гэмтэл нь уг гэмтлийн дараа нэг цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач нь толгой, цээж, хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
5. Талийгаач нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цаг 15 минутын цогцосны гадна үзлэгээр нас бараад 2-3 цаг орчим болсон байжээ.
6. Талийгаач нь гуравдугаар бүлгийн цустай байна.
7. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл цусанд 1,0 промилли, ходоодны шингэнд 1,6 промилли, шээсэнд 1,7 промилли илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б-Ө нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Завсарын буудал, “Юби Авто Сервис”-ийн зүүн замд “Хино Ренжер” маркийн 11-46 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Отгонсүрэнг мөргөж, амь насыг нь хохироосон болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Соёлоо нь “хохирлоо төлж барагдуулсан, 25000000 /хорин таван сая/ төгрөг хүлээн авсан ба одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б-Өг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх
нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт жолоочийн 190621 дугаартай үнэмлэхийг хавсарган ирүүлсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт Бын Б-Өг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Б-Өгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Б.Б-Өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б-Ө нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт хураагдсан шүүгдэгч Б.Б-Өн жолоочийн 190621 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Номин-Эрдэнэд даалгасугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ