| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/1085/Э |
| Дугаар | 1069 |
| Огноо | 2019-12-16 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 1069
2019 12 16 2019/ШЦТ/1069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
иргэдийн төлөөлөгч Ц.Найдансүрэн,
нарийн бичгийн дарга Г.Энхжин,
улсын яллагч П.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Өлзий-Орших нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Бы Бт холбогдох эрүүгийн 1909036001015 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Кровн” авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 2 дугаар баг, Өлзийтийн задгайд оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны 519-04 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, З овогт Бы Б /регистрийн дугаар ЛИ98070214/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Б.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Кровн” / Crown / авто засварын газар ажлын байран дээрээ 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 16-17 цагийн үед амь хохирогч С.Батнямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжин тус газар нь нэг удаа өвдөглөж, энгэр хэсгээс нь заамдаж хойш нь түлхэн доош дарж толгойн тус газар нь гараараа нэг удаа цохисны улмаас амь хохирогч тэр доороо ухаан алдаж, орчиндоо харилцаагүй болж 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус хороонд үйл ажиллагаа явуулдаг “Сөүл” эмнэлэгт 16 цаг 57 минутад ухаангүй, амьсгалгүй, зүрхний цохилтгүй хүргэгдэж ирээд нас барсан буюу хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг болсон өдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр талийгаач ажил дээрээ согтуу ирсэн. Талийгаачийг би ах шигээ хүндэлж явдаг байсан учраас түүнд гэр бүлийнхээ талаар ярьдаг байсан. Гэвч үүнийг далимдуулж олон хүний дэргэд намайг доромжилж давтаж хэлэхэд би их тэвчиж байсан. Намайг машин засаад байж байх үед талийгаач надад “чи үрээ үзээд үзээрэй, ах нь хүүхэдтэй, чи хүүхэдгүй хүн шүү” гэхэд миний уур хүрч тэвчээр алдаж, энэхүү гэмт хэргийг үйлдсэн. Би үнэхээр талийгаачийг тэгж хэлнэ гэж бодоогүй. Би талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлэхээр түргэн тусламж дуудсан боловч ирээгүй тул ажлын хойно байрлах “Сөүл” эмнэлэгт ажлын нэг хүнтэй талийгаачийг дамжилж өөрийн биеэр шууд авч очсон. Ингээд миний болчимгүй үйлдлээс болоод эрдэнэт хүний алтан амь эрсэдсэнд үнэхээр их гэмшин харамсаж байна... ” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдрийн өглөө 07 цагийн үед гэрээсээ гэр бүлийн хамт гарсан юм. Намайг ажил дээрээ 11, 12 цагийн үед байж байтал нөхөр С.Батням хоёр удаа залгаж намайг юу хийж байгаа талаар асуусан. Түүнээс хойш утсаар яриагүй ба миний төрсөн ах Гантулга над руу залгаад “С.Батням ухаан алдчихсан байна, хувцсаа өмсөөд гараад ир” гэж хэлсэн. Би ажлаасаа гараад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Сөүл” эмнэлэгт очиход цагдаа нар ирчихсэн үзлэг хийж байсан ба манай нөхөр С.Батням нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
Гэрч Д.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдрийн 16 цагийн үед талийгаач Батням гадаа машиндаа архи уусан байсан... Батнямыг согтуу машинаа бариад явж магадгүй гэж бодоод машины түлхүүрийг худлаа хэлж байгаад авсан. Батням “Б намайг инженерт архи уусан гэж матчихсан байна” гэж хэлж байсан... Батнямын “үрээ харж амьдраарай” гэж хэлсэн үгэнд Б нилээн тунирхсан... цахилгаанаар өргөдөг яаман дээр Алтан-Эрдэнэ, Батням, Эрдэнэбаяр нарыг сууж байх үед Б талийгаач Батнямд “чи намайг үрээ харж амьдраарай” гэж хэллээ гээд муудалцсан байсан... намайг ажлын үүдэнд тамхи татаад зогсож байх үед маргалдах дуу нилээн чангарахаар нь эргээд хартал Б Батнямыг заамдаж аваад доош нь дарчихсан, гараараа цохих гээд далайж байхаар нь би очоод “хөөе Баа чи яаж байгаа юм бэ, та нар боль” гэж хэлээд салгасан. Батням тухайн үед яамнаасаа цаашаагаа унаад ухаангүй хэвтсэн учир бид нар сандарсан. Б аягатай ус барьж ирээд Батнямын нүүр рүү цацсан боловч сэргээгүй. Тэгээд Б түргэн тусламж дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
Гэрч Р.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би өглөө ажил дээрээ 09 цаг өнгөрч байх үед ирээд хувцсаа солиод сууж байх үед амь хохирогч Батням машинаасаа гарч ирээд надтай мэндлээд “архи уух уу” гэж асуухаар нь би ажилтай учир “архи уухгүй” гэж хэлсэн. Намайг архи ууя гэж шаналгаад байсан ч би “архи ууж яах юм бэ, ажлаа хийлээ” гэж хэлээд явсан. Машин янзалж дуусаад ажлын гадаа сууж байх үед зохион байгуулагч Жагаа ах ажил дээр ирээд амь хохирогчийг согтуу байгааг мэдээд гэртээ харьж унт гэж удаа дараа хэлсэн боловч амь хохирогч тоохгүй байж байгаад машиндаа ороод унтсан байсан. Талийгаач 16 цагийн үед машинаасаа бууж ирээд Бт хандаж “чи муу намайг шургаж инженерт архи уусан гэж хэлсэн байна” гэж хэлсэн. Тэгээд Б, амь хохирогч нар маргалдаад байснаа амь хохирогч “Б аа үрээ үзээд үхээрэй” гэж хэлсэн. Б уг нь тэвчсэн. Машин өргөгч дээр би, амь хохирогч Батням, Алтан-Эрдэнэ нарын хамт тамхи татах гээд сууж байх үед Б ирээд “би их тэвчиж байгаа шүү” гэж хэлэхэд “ахын дүү үрээ үзээд үхээрэй” гэж хэлсэн. Гэтэл Б амь хохирогчийн дээрээс дараад унасан. Би тухайн үед “болиоч” гэж хэлэхэд Б босоход амь хохирогч тамхиа барьсан чигтээ газарт унасан. Бид нар амь хохирогчийг босгож суулгахад амь хохирогч сэргэхгүй байхаар нь нүүр рүү нь ус цацсан боловч сэргээгүй гэтэл Б өргөөд сэгсрэхэд ямар ч үйлдэл хийхгүй байхаар нь арын өрөөнд оруулж даргыг дуудсан. Амь хохирогчийг сэргэхгүй болохоор нь 103-рүү түргэн тусламжид дуудлага өгөхөөр удаж магадгүй гээд ажлын ард байрлах “Сөүл” эмнэлэг рүү явсан. Би ажил дээрээ үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/,
Гэрч П.Ганболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээрээ байх үед амь хохирогч С.Батням архи үнэртүүлсэн байдалтай ажил дээр ирсэн байна гэж Мөнхжаргал надад хэлэхээр нь би “харьж амар” гэж хэлсэн. Амь хохирогч гэртээ харихгүй машин дотроо унтаж байхаар нь үдээс хойш 16 цагийн орчим “архи уулаа” гэж хэлээд загнахад “өчигдөр архи уусан” гэж хэлээд нэг давхрын засварын заал руу орж, би өрөөндөө орсон. 16 цаг 30 минутын үед Мөнхжаргал намайг “буугаад ирээч” гэж дуудахаар нь очиход амь хохирогч суугаа байдалтай ухаангүй байх шиг байхаар нь хэвтүүлж цээж хэсэгт зүрхний иллэг хийхэд сэргэхгүй болохоор нь “Сөүл” эмнэлэг рүү Б, Алтан-Эрдэнэ нар авч явсан. Тэгээд хяналтын камер үзэхэд 16 цаг 26 минутын үед амь хохирогчийг Б нэг удаа цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-49 дүгээр хуудас/,
Гэрч Б.Алтан-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр ажил дээрээ очоод хувцасны өрөөнд хувцсаа солиод байж байх үед амь хохирогч ажил дээр согтуу орж ирсэн байсан. Амь хохирогч нэг машины засвар үйлчилгээг хийж дуусгасанаас хойш ажил дээрээ харагдаагүй. Өдөр нь манай өрөөнд орж ирээд миний гар утсыг гуйсан. Тухайн үед талийгаачийг архи уусан байсныг мэдсэн ба өөрийнхөө машинд ороод унтсан байсан. Ажилчдыг ажлаа хийгээд сууж байх үед амь хохирогч орж ирээд Быг “муу бацаан инженерт намайг архи уусан гэж хэлж матлаа” гэж хэлээд дайраад байсан. Б машинаа янзалж дуусгаад гаргахад машин өргөдөг яаман дээр Эрдэнэбаяр, амь хохирогч, бид нар сууж байсан. Тэр үед Б гэнэтхэн орж ирээд амь хохирогчийг цохих шиг болсон ба талийгаач босч ирээд сууж байсан газраа суунгуутаа тэр чигээрээ унаад ухаан алдчих шиг болсон. Бид нар сэргээх гэхэд сэргэхгүй байхаар нь Б өрөөнөөс аягатай ус авч ирж амь хохирогчийн нүүр рүү цацсан ч сэргэхгүй байсан. Тэгээд түүнийг өргөөд өрөө рүү нь оруулж хэвтүүлсэн. Нүүр нь цонхийсон байдалтай байсан. Тэгээд сэргэхгүй байхаар нь Б 103 түргэн тусламж дуудсан ба ирэхгүй удсан учир “Сөүл” эмнэлэг рүү хүргэж өгөхөөр Б, бид хоёр явсан. Тус эмнэлгийн эмч нар түргэн тусламж үзүүлсэн боловч амь хохирогч нас барсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 дугаар хуудас/,
Гэрч Т.Дарьсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Б.Б их шаналсан байдалтай байсан ба хүүхэдтэй болохгүй байна, надад асуудал байгаа юм болов уу гэх зэргээр санаа алдаад дуугаа хураагаад суудаг болсон. Хүүхэдгүй байгаа асуудал нь Б.Бны хувьд хүнд сэдэв байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/
Гэрч М.Сайраны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ажлаа хийж байх үед 16 цаг 57 минутын үед биеийн байдал тааруу хүн ирлээ гэж манай үйлчлэгч хэлсний дагуу би тус хүнийг очиж үзэхэд 20- 40 орчим насны хоёр эрэгтэй 40 орчим насны ухаангүй эрэгтэй хүнийг хоёр талаас нь сугадсан байдалтай байсан. Үзлэг хийхэд хүүхэн хараа өргөссөн, гэрлийн урвалд өөрчлөлтгүй, амьсгалгүй, зүрхний цохилтгүй, бие нь хөрсөн байдалтай байсан. Уг өвчтөнд сэхээн амьдруулах ажиллагааг 10 минутын турш хийсэн боловч сэргээгүй тул 103 түргэн тусламжийн дугаарт мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64/,
Шинжээч эмч О.Баатаржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сэтгэл цочирдол гэдэг нь Сэтгэцийн анагаах ухааны үүднээс тайлбарлавал богино хугацаанд үргэлжилдэг гэнэтийн эрс хүчтэй сэтгэл хөдлөлийг хэлдэг юм. Дотор нь энгийн сэтгэл цочирдол, эмгэг сэтгэл цочирдол гэж онолын хувьд хувааж үздэг. Энгийн сэтгэл цочирдол сэтгэцийн хувьд эрүүл хүмүүст үүсэж болно. Б.Бын хувьд манай комиссын гишүүд хэрэг үйлдэх үедээ энгийн цочирдолд ороогүй гэж үзсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар хуудас/
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 11688 дугаартай:
“1.Б.Бын биед гэмтэл тогтоогдоогүй” гэх дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/,
Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2089 дугаартай:
“1.Талийгаач С.Батнямын цогцост 2 тал бөмбөлгийн зулай, чамархай, дух, дагз, бага тархи, суурийн хэсгийн тархмал аалзан хальсан доорх цус харвалт, 2 хажуу ховдолд цус харвалт, духны хуйханд цус хуралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун чамархайн зулгаралт, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд ахуйд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайлбал цохигдох, өшиглөгдөх, мөргөгдөх, унах үед үүсэх боломжтой. Баруун чамархайн зулгаралт, хэвлийн цус хуралт гэмтэл нь үхэлд нөлөөлөхгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
3. Талийгаачид задлан шинжилгээгээр зүрхний булчингийн сорвижил архаг өвчин тогтоогдлоо. Үхэлд нөлөөлөөгүй байна.
4.Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.
5. Талийгаач нь АВО системээр О (I) бүлгийн цустай байна.
6. Талийгаачийн цусанд 3.1%, шээсэнд 3.1%, цөсөнд 1.8% спиртийн агууламж илэрсэн. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.
7. Талийгаач нь 173 см урттай, 68 кг жинтэй байна.
8. Талийгаач нь 2019.09.25-ны 21 цагийн байдлаар нас бараад 3-5 цаг орчим болсон байна...“ гэх дүгнэлт /хх-ийн 75-78 дугаар хуудас/,
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 1200 дугаартай:
“1. Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. Б.Б нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна.
3. Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.
4. Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 83-84/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-15 дугаар хуудас/,
Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-20 дугаар хуудас/,
Хатуу дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн түрээсийн гэртээ хамтран амьдрагч Дарьсүрэн, хүү Ананд нарын хамт байж байгаад өглөө 09 цагийн үед гэрээсээ гарч, ажил дээрээ 10 цаг 20 минутын үед очиход ямар ч хүн ирээгүй байсан ба хойд дэлгүүр рүү ороход хамт ажилладаг Алтан-Эрдэнэ, Эрдэнэбаяр нар байсан. Тэгээд бид гурав ажил руугаа ороод хувцсаа сольж өмсөөд ажилдаа орох үед би Мөнхжаргалаас “Батням ах ирсэн үү” гэж асуухад “өглөө согтуу ирсэн, одоо машин дотроо унтаж байгаа” гэж хэлсэн. Гаднаас цагаан өнгийн “Тоёота Кровн” маркийн автомашин үйлчилгээ хийлгэхээр орж ирсэн ба Батням ах хүрч ирээд уг автомашинд үйлчилгээ хийсэн. Үйлчилгээ хийж дуусаад гарч яваад орж ирэхдээ гартаа кола ундаа бариад орж ирсэн... Инженер Ганболд хүрч ирэх үед Мөнхжаргал нь Ганболдод хандаж “Батням согтуу ирсэн байна, удаа дараа согтуу ирж байгаа учир ажлаас хал” гэж хэлсэн. Тэгээд инженер Ганболд Батнямыг машиндаа унтаж байх үед цээж хэсэгт нь 2 удаа алгадаад сэрээгээд байх шиг байсан. Удалгүй Батням ажлын хувцсаа өмссөн хүрч ирээд “чи залуу хүн байж намайг архи уусан, машин дотроо унтаж байгаа гэж инженер Ганболдод хэллээ, залуу хүн байж хов зөөлөө, чамаас болж цээжин хэсэгтээ хоёр алгадууллаа, үрээ үзээд үхээрэй чи, ах нь бол хоёр хүүхэдтэй, үхэхэд харамсах зүйлгүй” гэж хэл амаар доромжилж дээрэлхэхээр нь би “чамайг би инженерт хэлээгүй, дуугүй цаашаа яв” гэж хэлсэн... Намайг ажлаа хийж дуусгах үед Алтан-Эрдэнэ, Эрдэнэбаяр нар машин өргөдөг төхөөрөмж дээр сууж байсан ба диспетчерийн өрөөнөөс Мөнхжаргал, Батням нар гарч ирсэн. Над дээр Батням ирээд “ахын дүү зүгээр үү, үрээ үзээд үхээрэй гэж хэлсэнд гомдсон уу, ах нь ундаа авч өгөх үү” гэж их ёжлонгуй байдалтай хэлээд Алтан-Эрдэнэ, Эрдэнэбаяр нарын дунд очиж суусан. 16 цаг 40 минутын үед Батням намайг дагавар хүүхэдтэй, үрээ үзээд үхээрэй гэх зэргээр миний эмзэг сэдвээр намайг доромжлоод байхаар нь би бачимдсан ба өөрийнхөө уурыг барьж дийлэхгүй Батням дээр очоод “чи ер нь яагаад намайг доромжлоод байгаа юм” гэж хэлээд Батнямыг заамдаж аваад баруун өвдгөөрөө Батнямын зүүн цээж хэсэгт нэг удаа өвдөглөсөн. Заамдсан байдалтайгаар машин өргөдөг төхөөрөмж рүү дарж, Батнямын дагз хэсэгт баруун гарын алганы дотор хэсгээр нэг удаа цохисон. Тэр үед Эрдэнэбаяр Мөнхжаргал нар Батням бид хоёрыг салгасан. Батнямыг сууж байсан газарт нь суулгаад эргээд явж байтал Алтан-Эрдэнэ, Эрдэнэбаяр, Мөнхжаргал нар “яачихав аа, сэргээч ээ” гэж хэлээд сандралдаад байхаар нь эргээд хартал Батням газарт унасан байсан. Би сандраад өрөө рүү орж аягатай ус барьж гарч ирээд Батнямын нүүрэн хэсэгт цацахад сэргэхгүй байсан ба дахин ахиухан ус авч ирж цацахад сэргэхгүй байсан. Би ухаан орох болов уу гэж болоод Батнямын араас барьж сэгсрэхэд ухаан орохгүй байсан. Батнямыг сэргэхгүй болохоор нь хувцас сольдог өрөө рүү оруулаад 103 түргэн тусламж дуудахад ирэхгүй удаад байхаар нь ажлын хүний машинаар Батнямыг аваад Сөүл эмнэлэг рүү явсан. 17 цагийн үед эмнэлэг дээр очиж Батнямд анхан шатны тусламж үзүүлсэн. Тухайн үед инженер Ганболдод болсон асуудлын талаар хэлэх гэж эмнэлэг, ажил хоёрын хооронд би 2 удаа явсан. Удалгүй эмч нар Батнямыг найдваргүй болсон талаар хэлээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-104-106 дугаар хуудас/
2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 155 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Кровн” / Crown / авто засварын газар ажлын байран дээрээ 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 16-17 цагийн үед амь хохирогч С.Батнямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжин тус газар нь нэг удаа өвдөглөж, энгэр хэсгээс нь заамдаж хойш нь түлхэн доош дарж толгойн тус газар нь гараараа нэг удаа цохисны улмаас нас барсан буюу хүнийг алсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Быг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэж үзэх үндэслэлтэй гэж мэтгэлцдэг ба дээрх үйл явдал, нөхцөл байдлыг нотолсон нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд энэ талаар үндэслэл бүхий нотлох баримт байхгүй, хохирогчийн хууль бус, ноцтой үйлдэл шууд нөлөөлсөн гэж үзэхээргүй байна.
Хохирогч С.Батням согтуурсан үедээ Б.Бт хандан “дагавар хүүхэдтэй, үрээ үзээд үхээрэй” хэмээн хэлсэн нь хүнд хор уршиг учруулах, бодит аюулыг бий болгосон байх, тухайн агшинд шууд тулгарсан довтолгооны ноцтой аюул, түүний үр дагавараас Б.Бт айсан айдас, цочирдол, түгшүүрт байдал үүсч түүний оюун ухаан, санаа сэтгэлийг гэнэт хүчтэй цочирдуулан хэвийн бус байдлыг нь алдагдуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан, гэнэт үүссэн гэмт санааны хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Бын хууль бус, идэвхтэй, ухамсарт үйлдэлээр амь хохирогч нас барсан нь шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчид учирсан гэмтлийн гэрэл зургийн үзүүлэлт, задлан шинжилгээний акт, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдсон, эргэлзээтэй зүйлгүй байхгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал үндэслэлтэй биш, мөн шүүгдэгчийн гэмт үйлдлийг үгүйсгэх үндэслэл, баримт тогтоогдоогүй болно.
Иймд Б.Бт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 14000000 /арван дөрвөн сая/ төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй талаар мэдүүлдэг тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Б.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлэгийн тусламж үзүүлсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан төрөл, хэмжээний дотор 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ”Вондерпүүл” гэсэн бичигтэй хар өнгийн хатуу диск буюу сиди 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээж, тамхины иш 1 ширхэг, газар туссан шингэн зүйлээс дээж авсан марал 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас нийт 28 /хорин найман/ хоног цагдан хоригдсоныг тус тус дурдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Бы Быг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бт 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 28 /хорин найман/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Бт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон тухай эрх бүхий байгууллагад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц мэдэгдэхийг прокурорт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ”Вондерпүүл” гэсэн бичигтэй хар өнгийн хатуу диск буюу сиди 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээж, тамхины иш 1 ширхэг, газар туссан шингэн зүйлээс дээж авсан марал 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХ-ЭРДЭНЭ
С.ОЮУНЧИМЭГ