Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2016/01194

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 04-р хороо, Орчлон хороолол 31-13 тоотод оршин суух, эрэгтэй, ИИ73012611 регистрийн дугаартай, Мөнгөт овогт Даваажавын Алтанхундагийн нэхэмжлэлтэй

хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Алтанхундага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

П.Батзоригт нь Д.Алтанхундага надаас 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөг түр хугацаатай зээлээч гээд авсан ба хэдхэн хонуулаад өгнө гэсэнд нь итгээд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй. Тухайн үед надаас мөнгө авахад гэрч болж байсан хүмүүс байгаа.

Үүнээс хойш зээлсэн мөнгөө өгөхгүй, удахгүй өгнө гэсээр байгаад алга болсон. П.Батзоригтын гэрийн хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо, Хангайн 10-23 тоот хаягийн дагуу шүүхэд нэхэмжлэл 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан боловч хариуцагч П.Батзориг нь хаягийн шилжүүлэг хийгээгүй хашаа байшингаа зарж нүүсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

П.Батзоригт нь одоо хаана оршин суугаа нь мэдэхгүй байгаа ба гар утас болох 99853969 дугаар нь холбогдохгүй.

Иймд Пүрэвдорж овогтой Батзоригийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                            

  ҮНДЭСЛЭХ НЬ:

           Нэхэмжлэгч  Д.Алтанхундага нь хариуцагч П.Батзоригийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            П.Батзоригт нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШЗ2016/00046 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан  буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Иймд Д.Алтанхундагийн нэхэмжлэлтэй П.Батзоригтыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.      

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заажээ.

  Нэхэмжлэгч Д.Алтанхундага нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг  ирүүлсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.

           

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ: 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар НО87033172 регистрийн дугаартай, Пүрэвдоржийн Батзоригтыг эрэн сурвалжилсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

          

           3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               С.ОЮУНЧИМЭГ