Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 1031

 

 

 

 

2019       12         09                                  2019/ШЦТ/1031

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжин,

улсын яллагч Э.Намуун, 

шүүгдэгч Б.Б-Э нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Бн Б-Эд холбогдох эрүүгийн 1903012040498 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Монкабель системс” компанийн техникч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 84 дүгээр гудамжны 1017 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадтын 04 дүгээр гудамжны 52 Д тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д овогт Б Б-Э /регистрийн дугаар ХН85020913/,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б-Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 14-ний орой 22 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн зам, хорооны буудлын замд “Субару Импреза” маркийн 29-59 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас Л.Ганзоригийн жолоодож явсан “Хьюндай Соната-6” маркийн 70-30 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Т.Наран-Эрдэнэ /4 настай, эрэгтэй/-ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр, бусдын эд хөрөнгөд 2455000 төгрөгийн хохирол учруулж Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 14-нөөс 10 дугаар сарын 15-нд шилжих шөнө 22 цаг орчимд 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хүнсний дэлгүүрийн тэнд гүйцэт түрүүлэх оролдлого хийж аваар гаргасан. Ингээд эхнэр ирж хүүхэд болон намайг аваад гэмтлийн эмнэлэг орж хүүхдийг үзүүлсэн. Эмнэлэг ороод шаардлагатай эмчилгээг авч, орой нь тархины зураг авхуулсан. Ганзориг ахын хохиролд 2.450.000 төгрөг гарсан ч 3.150.000 төгрөгөөр машин авч өгсөн. Мөн хүүхдийн ээжийг хохиролгүй болгосон ба ар гэрт нь манай гэрийн зүгээс халамж тавьж байгаа. Би байшин машинаа зарсан. Н.Наран-Эрдэнэд шаардлагатай эм тариаг бид авч өгж байна. Миний хүүхэдтэй ялгаагүй учир хохирлоо барагдуулна. Энэ үйлдэл миний буруу учир маш их гэмшиж байна. Одоогийн байдлаар компанидаа ажиллаж байгаа ба 4-5 хоногийн чөлөө авсан. Хохирлоо барагдуулах гээд “Хаан” банкнаас зээл авсан. Манай гэр бүл 1-9 насны 4 хүүхэдтэй, эхнэр ажилгүй. Би ганцаараа ажил хийж, ар гэрээ тэжээдэг” гэв.

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 6 дугаар хуудас/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дугаар хуудас/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Зорчигч нарын согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 12-15-дугаар хуудас/,

Мөрдөгчийн 332 дугаартай магадлагаа /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Тунгалагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2019 оны 10 дугаар сарын 14-ний орой 22 цагийн үед би Дүнжингарав худалдааны төвөөс Дамбадаржаагийн эцсийн буудал дээр ирсэн ба автобус цаашаа явахгүй гэхээр нь аав Л.Ганзоригтой утсаар холбогдож “та намайг Дамбадаржаагийн эцсийн буудал дээрээс ирээд авах уу” гэж хэлэхэд “за за тэгье” гэж хариулаад утсаа тасалсан. Тэгтэл төд удалгүй буюу ойролцоогоор 20-30 минутын дараа аав Л.Ганзориг нь надтай утсаар холбогдож “аав нь машинтай мөргөлдчихлөө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би аавын байгаа газарт очтол аав миний хүүг тэврээд сууж байсан ба хүү Т.Наран-Эрдэнэ нь уйлаад байсан. Би хүүгээ тэврээд мөргөлдсөн машины жолоочийн хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан юм. Гэмтлийн эмнэлгийн эмч нь миний хүүг үзээд баруун хөл нь хугарсан байна гэж хэлээд хөлийг нь гипсдээд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр болсон юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Иргэний хариуцагч, нэхэмжлэгч С.Чаминчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Уг машин нь миний нэр дээр байдаг боловч гэр бүлийн дундын өмч байгаа юм... миний зүгээс бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна..." гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...гэрээсээ ач хүү Т.Наран-Эрдэнийн хамт Бэлх зах орж охиныгоо тосох зорилгоор Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг Бэлхийн замаас хорооны буудлын замд, ертөнцийн зүгээр зүүн хойноос баруун урагшаа чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр ойролцоогоор 40 орчим километр цагийн хурдтай явж байтал эсрэг урсгалд нэг машин явж байсан ба уг машины зүүн гар талаар нэг машин урсгал сөрөөд орж ирсэн. Тэгэхээр нь би тормоз гишгэтэл тэр машинтай эгц урд талаараа мөргөлдсөн. Тэр үедээ хэсэг шоконд орсон ба ухаан ороод ач хүүгээ автал баруун хөл нь хугарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,  

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 12596 дугаартай:

1.Т.Наран-Эрдэнийн биед зүүн хөлний шаант ясны далд хугарал, духны зүүн дээд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 43 дүгээр хуудас/,

“Ашид Билгүүн” компанийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний 1691 дугаартай тайлан /хх-ийн 48-51 дүгээр хуудас/,

Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б-Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 14-ний орой 22 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлхийн зам, хорооны буудлын замд “Субару Импреза” маркийн 29-59 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас Л.Ганзоригийн жолоодож явсан “Хьюндай Соната-6” маркийн 70-30 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Т.Наран-Эрдэнийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, бусдын эд хөрөнгөд 2455000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож байна.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Тунгалаг, иргэний нэхэмжлэгч Л.Ганзориг нар нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаан биечлэн оролцох боломжгүй” гэх хүсэлтийг тус тус гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Б-Эг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

         Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх

нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоолгох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

             Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

           Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Д овогт Б Б-Эийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Б-Эд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3, 4-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-Эг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, шүүхээс тэнссэн 3 жилийн хугацаанд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

            4.Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б-Э цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Л.ОДОНЧИМЭГ