Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/1004

 

  2019         12         03                                  2019/ШЦТ/1004                                     

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2019/0683/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч Я.Мөнхзаяа,

шүүгдэгч П.Ц., түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт П.Ц.д холбогдох эрүүгийн 1909013530560 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, “Активбриж” ХХК-ийн маркетингийн албаны дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамьян гүний гудамж,      8 дугаар байрны 29 тоотод оршин суудаг гэх, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 / гурван зуун тавь/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №332 дугаартай захирамжаар ялыг дүйцүүлэн хасаж, 03 жил 02 сар 13 хоногийн хорих ялаар тогтоосон бөгөөд Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №125 дугаартай захирамжаар 01 жил 04 сарын хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллаж, 01 жил 04 сарын хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн П.Ц. /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Ц. нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 8 дугаар байрны 29 тоотод хамтран амьдрагч О.Нандин-Эрдэнийг зодож, түүний эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ц. мэдүүлэхдээ: “...2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр миний хамтран амьдрагч Нандин-Эрдэнэ бага насны хүүхэд болох миний охин, бид хоёрыг үлдээж яваад ирээгүй байж байгаад шөнө гэртээ согтуу ирсэн. Ирэхэд нь би хаалгаа дотор талаас нь хаасан байсан бөгөөд орцоор орилоод байхаар нь би хаалгаар гадаа гаргаад түлхсэн, үүнээс болж гэмтэл учруулсан. Ер нь бол манай эхнэр архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг. Гэр бүлээс гадуур харилцаатай болж, уулздаг байсан залуугийнх нь эхнэр надад танай эхнэр манай нөхөртэй буудалд орсон гэж хэлсэн. Тэгээд нөхөр нь надаас уучлалт гуйсан, тийм асуудлаас болоод гэртээ оруулахгүй байсан. Санамсар болгоомжгүй байдлаас болж ийм хэрэг гарсан. Хардалтаас болж ийм байдал үүссэн. 2015 онд хэрэгт холбогдоод гарч ирээд сайхан амьдаръя гэж бодож байсан. Одоо үнэхээр их хаширч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийг Мөнгөн гүүр эмнэлэгт хагалгаанд ороход нь 4.200.000 төгрөг, мөн  160.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагч П.Ц.ын мэдүүлэг, хохирогч О.Нандин-Эрдэнийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4026 дугаартай дүгнэлт зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч П.Ц. нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны оройн 21:30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 8 дугаар байрны 29 тоот хаягт байх  өөрийн гэртээ хамтран амьдрагч, хохирогч Отгонбаярын Нандин-Эрдэнийг хардалтын шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд  баруун атгаалын далд хугарал, хамрын нурууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:    

Хохирогч О.Н-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний бие 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр найзуудтайгаа хамт байж байгаад 21 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр П.Ц. нь ямар нэгэн үг хэлэлгүй нүүр лүү гараараа түлхэхэд шалан дээр унахдаа баруун гараа дарж унасан. ...Тэгээд намайг газар уначихсан байхад миний цүнхний гинжин оосроор гуя хэсэгт цохьсон ба 1-2 удаа хөл рүү өшиглөсөн. Мөн миний гар утас, түлхүүр, цүнх зэргийг авахад нь доошоо        7 давхарт байдаг дүү Чинзоригийнх руу ороод үеэл дүү Чинсанааг дуудаад түүнийг ирэхэд нь охин Гоодарийг аваад 10 дугаар хороололд байдаг ахынх руугаа явсан. Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун гар чинь хугарчихсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 тал/,

Хохирогч О.Н-н мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Миний баруун гар чөмөг хэсгээрээ хугарсан, хамар хэсэг хавдаж хамрын зүүн талд шалбарсан, нүүрний зүүн хэсэг хөндүүртэй зовиуртай байна. ...П.Ц. нь миний зүүн хацар хэсэг рүү баруун гараараа цохьсон ба газарт унахдаа баруун гараараа дарж унах үед чөмөг хэсгээрээ хугарсан. Мөн нүүрний зүүн хэсэгт цохиулахад хамар хэсэгт хавдсан. Газар унасан байх үед миний цүнхний гинжин оосроор зүүн өгзөг рүү нэг удаа ороолгосон тэр үед миний өгзөг хэсэг улайж, хөхөрч цус шүүрсэн. ...Би нийт 4.200.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Уг эмчилгээний зардлыг П.Ц. бүрэн барагдуулж эмчилгээ хийлгэж өгсөн. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /ххийн 7-9 тал/,

Шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “...О.Н-н биед баруун атгаалын далд хугарал, хамрын нурууны зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өгзөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна." гэх 4026 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/, Яллагдагч П.Ц.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би О.Н-г согтуу ирэхээр нь түлхсэн чинь газар унаад гараа эвгүй болгочихсон. Тэгээд зүүн өгзөгний цус хуралт гэмтлийг цүнхнийх нь оосроор нэг удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/ зэрэг  болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад хамтран амьдрагч эр, эм хоёрын хоорондох харилцааны үл ойлголцол, өөрийг нь хуурч, гадуур эрэгтэй хүнтэй хамт явсан гэх хардалтын улмаас шүүгдэгч нь хохирогчийг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж байгаа догшин хэрцгий зан авир нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.Ц.ын бусдыг зодож эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн           11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Хохирогч О.Н-н хувьд өнөөдрийн байдлаар баримтаар шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйл хавтаст хэрэгт байхгүй, хохирогчийн хувьд санал гомдол байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч П.Ц.г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хохирогч О.Н нь хэрэв цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Ц.т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, урьд эдлээгүй үлдсэн 01 жил 04 сарын хорих ял дээр торгуулын ялыг хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн нийт 01 жил 06 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь торгуулийн ял оногдуулж, урьд эдлээгүй үлдсэн ялаас хөнгөлж, торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн өмгөөллийг явуулжээ.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хохирогчийн санал гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажил төрөлтэй, байнгын цалин орлоготой байдал зэргийг харгалзан шүүгдэгч П.Ц.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Ц. нь хүний эрүүл мэндэд гэмтэл учруулж, зодсон үйлдэл нь анхны удаа бус, урьд нь ч энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн эрхэлж буй ажил, орлогыг харгалзан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Ц. нь урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн №197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5, мөн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн №332 дугаартай захирамжаар уг ялаас дүйцүүлэн хасаж, 03 жил 02 сар 13 хоногийн хорих ялаар тогтоосон бөгөөд үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Хорих 427 дугаар ангид ял эдэлж байгаад Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №125 дугаартай захирамжаар дээрх хэрэгт эдлээгүй үлдсэн 01 жил 04 сарын хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, 01 жил 04 сарын хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн байна.

Шүүхээс шүүгдэгч П.Ц.т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэх нь зүйтэй байна.

Иймээс шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан торгох ялыг болон урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.23-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд нийт 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.12. 01-ний өдрийн №125 дугаартай Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Ц. нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр анхан шатны шүүхээс ял шийтгэгдсэн болон давж заалдах шатны шүүхээс уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгосноос хойш өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 140 хоногийг урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 01 жил 04 сарын хорих ялын эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байх бөгөөд ийн тооцвол шүүгдэгчийн эдлээгүй үлдэж байгаа ял нь 345 хоногийн хорих ял болж байна.

Шүүгдэгчийн хувьд урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2016 онд ял шийтгүүлсэн боловч уг ялын дийлэнх ихэнхийг эдэлсэн, дээрх 2015 онд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул арилсан, ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаа үндсэндээ дуусч байсан нөхцөл байдал, сүүлд үйлдсэн гэмт хэрэг нь гэр бүл, ахуйн хүрээний шинжтэй байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан хуучин 2002 оноос үйлчилж байсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн ялыг одоо үйлчилж байгаа 2015 онд батлагдсан Эрүүгийн хуультай уялдуулж биечлэн эдлүүлэх, эсэх асуудлыг шийдэх, 2 хуулийг хооронд нь хэрэглэх тайлбарлахад эргэлзээ гарч байна. Жишээ нь шүүгдэгч П.Ц.ын 2015 онд үйлдсэн Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5-д заасан гэмт хэрэг нь урьдчилан үгсэн тохиролцож бусадтай бүлэглэн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг давтан үйлдлээр борлуулсан гэсэн зүйл анги байсан бөгөөд энэ зүйл анги нь тухайн цаг үедээ 10-15 жилийн хорих ялтай гэмт хэргийн ангиллын хувьд онц хүнд гэмт хэрэгт тооцогддог гэмт хэрэг байсан.

Харин одоо үйлчилж байгаа 2015 онд Улсын их хурлаас баталж 2017 оноос мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар энэ төрлийн гэмт хэрэг нь тухайлбал Эрүүгийн хуулийн  20.7 дугаар зүйл: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэсэн зүйл ангид урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг гэх гэмт хэргийн шинж, ойлголтыг хуульчлаагүй, эрүүжүүлээгүй байна.

Иймд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг хэрэглэх, тайлбарлахад эргэлзээтэй байдал үүсч байх  тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн          1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч П.Ц.г урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.23-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 345 хоногийн хорих ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч П.Ц. нь одоогоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Ц.г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц.г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Ц.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.23-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд нийт 11 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.12.01-ний өдрийн №125 дугаартай Ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил 04 /дөрөв/ сарын хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч П.Ц.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу       15 000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд  анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц.н урьдчилан цагдан хоригдсон 140 /нэг зуун дөч/ хоногийг урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.23-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5, 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлснээс эдлээгүй үлдсэн 1 жил 4 сарын хорих ялд нь оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч П.Ц.г Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.23-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор ял оногдуулснаас эдлээгүй үлдсэн 345 /гурван зуун дөчин тав/ хоногийн хорих ялаас чөлөөлсүгэй.

8. Хохирогч О.Н нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нь шүүхээс өмнөх шатанд хохирогч О.Н-д эмчилгээний зардалд 4.200.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш              14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч П.Ц.д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР