Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 609

 

 

 

 

                                                                                   

 

 

        С.Гантуяа, С.Ганцэцэг, Б.Мөнхсайхан,

      О.Дарханчимэг, Г.Хишигдэлгэр нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ж.Энх-Амгалан,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзулын гаргасан 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 592 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлээр С.Гантуяа, С.Ганцэцэг, Б.Мөнхсайхан, О.Дарханчимэг, Г.Хишигдэлгэр нарт холбогдох эрүүгийн 201626012804 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шарнууд овогт Сэдэдтөмөрийн Гантуяа, 1994 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эм зүй, био анагаахын эм найруулагчийн дамжаанд суралцдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эгч, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сум, 3 дугаар багийн 41 дүгээр байрны 01 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 58 дугаар байрны 38 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ЖЯ94111603/,

Шарнууд овогт Сэдэдтөмөрийн Ганцэцэг, 1991 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний багш мэргэжилтэй, “Wise.com” ХХК-д төслийн менежер ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхэд, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 58 дугаар байрны 38 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: НЦ91040513/,

Хөгдүүд овогт Болдын Мөнхсайхан, 1990 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинжлэх Ухаан Техникийн Их сургуулийн Геологи, Уул Уурхайн сургуулийн маркшейдерийн дамжаанд суралцдаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, дүү, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 1 дүгээр гудамжны 26 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 58 дугаар байрны 38 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: ЖЯ90071599/,

Зуун мод овогт Отгонбаярын Дарханчимэг, 1989 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны 89 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: МВ89102727/,

Харчин овогт Гантөмөрийн Хишигдэлгэр, 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Төвийн 1 дүгээр гудамжны 2А тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: УК94122528/.

С.Гантуяа нь С.Ганцэцэг, Б.Мөнхсайхан нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 111 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Рич” нэртэй бааранд иргэн О.Дарханчимэгийг бүжгийн талбайд бүжиглэж байхад хажуунаас нь шахаж хэл амаар доромжилсон гэх үл ялих зүйлээр шалтаглан үснээс нь татаж унаган цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

мөн С.Ганцэцэг, Б.Мөнхсайхан нартай бүлэглэн иргэн Ц.Хандмааг ямар ч шалтгаангүйгээр үснээс зулгааж нүүрийг нь хумсаараа урж, цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

С.Ганцэцэг нь С.Гантуяа, Б.Мөнхсайхан нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 111, тоотод үйл ажиллагаа явуулдаг “Рич” нэртэй бааранд дүү С.Гантуяагийн үснээс татаж хэл амаар доромжилсон гэх үл ялих зүйлээр шалтаглан О.Дарханчимэгийн үснээс татаж унаган цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

мөн С.Гантуяа, Б.Мөнхсайхан нартай бүлэглэн Ц.Хандмааг ямар ч шалтгаангүйгээр нүүр, хүзүү тус газарт нь хумсаараа маажиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

 

Б.Мөнхсайхан нь С.Гантуяа, С.Ганцэцэг нартай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 111 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Рич” нэртэй бааранд эхнэр С.Ганцэцэг, дүү С.Гантуяа нарыг бүжиглэж байхад хажуунаас түлхлээ гэх үл ялих зүйлээр иргэн О.Дарханчимэгийн хамран тус газарт нь гараараа цохиж, гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

мөн С.Гантуяа, С.Ганцэцэг нартай бүлэглэн иргэн Ц.Хандмааг ямар ч шалтгаангүйгээр баруун нүдэн тус газарт нь 2 удаа цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

 

О.Дарханчимэг нь Г.Хишигдэлгэртэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 111 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Рич” нэртэй бааранд хажуунаас шахлаа гэх үл ялих зүйлээр шалтаглан С.Ганцэцэг, С.Гантуяа нарын үснээс татаж унаган нүүр, дух, нуруу, өгзөг, гэдсэн тус газар нь хөлөөрөө өшиглөж зодон бие махбодид нь тус тус хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

 

Г.Хишигдэлгэр нь О.Дарханчимэгтэй бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, 111 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Рич” нэртэй бааранд найз Ц.Хандмааг зодлоо гэх үл ялих зүйлээр шалтаглан иргэн С.Гантуяа, С.Ганцэцэг нарын үснээс татаж унаган нүүр, дух, нуруу, өгзөг, гэдсэн тус газар нь хөлөөрөө өшиглөж зодон бие махбодид нь тус тус хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: С.Гантуяа, С.Ганцэцэг, Б.Мөнхсайхан, О.Дарханчимэг, Г.Хишигдэлгэр нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүйд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж тус тус заажээ. Иймд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж ...хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай ...мэдэгдэнэ”  гэж хуульчилсан бөгөөд шүүхээс яллагдагч нарт яллах дүгнэлт гардуулах хууль зүйн зохицуулалт байхгүй болсон. Нөгөө талаас яллах дүгнэлтийн хавсралтад шинжлэн судлах нотлох баримтын жагсаалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу дурдаагүй. Түүнчлэн яллах дүгнэлтийг прокурор гардуулж өгөх зохицуулалт бий болсонтой холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шинэ зохицуулалт болох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх, яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг хангах боломжгүй буюу талуудын гаргасан санал хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Мөн 2015 оны Эрүүгийн хууль дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэгт тус хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хуулийг буцаан хэрэглэх үндэслэл байгаа эсэхийг нэг мөр эцэслэн шийдвэрлэж холбогдох ажиллагааг хийсний дараа хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт “хэргийг прокурорт буцаах” гэж зааснаар С.Гантуяа нарт холбогдох 201626012804 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 592 дугаар шүүгчийн захирамжийг залруулахдаа: “...Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Гантуяа, С.Ганцэцэг, Б.Мөнхсайхан, О.Дарханчимэг, Г.Хишигдэлгэр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626012804 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 592 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцаасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасан байна.

Тус шүүхийн 2017 оны 592 дугаар захирамжийн тодорхойлох хэсэгт дурдагдсан “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...”, “...Э.Мэндсайханыг...” гэж тус тус бичиж техникийн шинжтэй алдаа гарсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх, шүүхийн шийдвэрийг өөрийн санаачилгаар залруулж болох тухай хуульчилсан байх тул дээрх техникийн алдааг буюу “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг “...2017 оны 6 дугаар сарын 28-ны...” гэж, “...Э.Мэндсайханыг...” гэснийг “....С.Гантуяа нарыг...” гэж өөрчилж, “...181.2.1...” гэснийг дараа “... , 181.2.5...” гэж нэмэлт оруулан залруулж, захирамжийн бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 592 дугаар захирамжийн тодорхойлох хэсэгт “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг “...2017 оны 6 дугаар сарын 28-ны...” гэж, “...Э.Мэндсайханыг...” гэснийг “....С.Гантуяа нарыг...” гэж өөрчилж, “...181.2.1...” гэснийг дараа “... , 181.2.5...” гэж нэмэлт оруулан залруулж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн ерөнхий прокурор Д.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэргийг анхан шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр 592 дугаартай шүүгчийн захирамжаар буцаахдаа захирамжийн ТОДОРХОЙЛОХ хэсэгт “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Э.Мэндсайханыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийи 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заагдсан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж үзэхээр байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх хэргийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан гэж захирамжийн удиртгал хэсэгт дурдсан атлаа “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр” тус шүүхэд ирүүлсэн гэж,

2. Прокурорын газраас яллагдагч Б.Мөнхсайхан, С.Гантуяа, С.Ганцэцэг, О.Дарханчимэг, Г.Хишигдэлгэр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад “2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт” гэж,

3. Яллагдагч Б.Мөнхсайхан, С.Гантуяа, С.Ганцэцэг, О.Дарханчимэг, Г.Хишигдэлгэр нарын нэрийг “Э.Мэндсайхан” гэж тус тус дурдсан нь анхан шатны шүүх Б.Мөнхсайхан, С.Гантуяа, С.Ганцэцэг, О.Дарханчимэг, Г.Хишигдэлгэр нарт холбогдох хэрэгт бус Э.Мэндсайханд холбогдох хэрэгт дүгнэлт хийсэн байна гэж үзэхээр байна.

Түүнчлэн Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон захирамжилсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 592 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн…” гэжээ.

 

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “С.Гантуяа, С.Ганцэцэг, Б.Мөнхсайхан, О.Дарханчимэг, Г.Хишигдэлгэр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад “2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт” гэж хэргийн зүйлчлэлийг буруу бичсэн. С.Гантуяа, С.Ганцэцэг, Б.Мөнхсайхан, О.Дарханчимэг, Г.Хишигдэлгэр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад Э.Мэндсайханд холбогдох хэргийг прокурорт буцаасан мэтээр дүгнэлт хийсэн. Залруулга хийсэн захирамж нь Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.33-т “шүүхийн шийдвэр гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3, 31.4-т заасныг ойлгоно.” гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж тус тус заажээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 592 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийн тодорхойлох хэсэгт С.Гантуяа, С.Ганцэцэг, Б.Мөнхсайхан, О.Дарханчимэг, Г.Хишигдэлгэр нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хүлээн авсан огноо, яллагдагч нарын овог нэр, холбогдсон хэргийн зүйлчлэл зэрэг нь алдаатай, яллах дүгнэлт болон хэргийн жинхэнэ байдлаас зөрүүтэй бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэл болжээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно” гэсэн заалтаас үзэхэд дээрх захирамжийг алдаатай гэхээс илүүтэй зөрчилтэй эрх зүйн акт гэж үзэхээр байна. Иймд захирамжийн зөрчлийг прокурорын эсэргүүцлийн дагуу давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулах журмаар арилгах шаардлагатай байх тул энэ талаарх эсэргүүцлийн заалтыг хүлээн авч хангах нь зүйтэй.

 

Харин дээрх захирамжийн бусад үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад нийцэж байгаа учир захирамжийн дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхээр уг хэргийг анхан шатны шүүхээр дамжуулж прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэх нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 592 дугаар захирамжийн заалттай нийцэх юм.

 

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 615 дугаар захирамжийг прокурорын эсэргүүцэл бичигдсэний дараа үйлдсэн гэж үзэж болохоор байхаас гадна шүүгч гаргасан зөрчлөө алдаа гэж үзэж залруулга хийсэн нь дахин зөрчил үүсгэсэн байх учир уг захирамжийг хүчингүй болгов.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 592 дугаар захирамжийн Тодорхойлох хэсэгт “...2017 оны 6 дугаар сарын 30-ны...” гэснийг “...2017 оны 6 дугаар сарын 28-ны...” гэж,

“...181.2.1 дэх...” гэснийг “...181.2.1, 181.2.5 дахь...” гэж,

“...Э.Мэндсайханыг...” гэснийг “...С.Гантуяа, С.Ганцэцэг, Б.Мөнхсайхан, О.Дарханчимэг, Г.Хишигдэлгэр нарт...” гэж тус тус өөрчилж, захирамжийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 615 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

3. Прокурорын эсэргүүцлийн “шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах” талаарх бичсэн заалтыг хүлээн авч ханган “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар гаргасан заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч С.Гантуяа, С.Ганцэцэг, Б.Мөнхсайхан, О.Дарханчимэг, Г.Хишигдэлгэр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ