| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2510002870533 |
| Дугаар | 2026/ХШТ/25 |
| Огноо | 2026-03-18 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2026/ХШТ/25
Ц.Ц-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан, хохирогчийн өмгөөлөгч Ц.Галбадрах, Ц.Энхбаяр, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2301 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ДШМ/1431 дүгээр магадлалтай, Ц.Ц-т холбогдох 2510002870533 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан гомдлоор 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц.Ц, 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “****” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт **** дүүргийн **** дүгээр хороо, **** тоотод оршин суудаг, (РД: ****)
урьд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 77 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1240 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч Ц.Ц нь “****” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна.” гэж заасны дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, Дэд бүтцийн үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн 1 дэх хэсэг /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04-ийг сахин хангуулж мөрдүүлэх үүргийг хэрэгжүүлээгүй, мөн “****” ХХК-ийн “****” ХХК-тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ” болон “Силк рөүд” төслийн хүрээнд байгуулсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах тухай” гэрээний 5.20-д заасан “Ажлын байр, үйлдвэрлэлийн орчны аюул, эрсдэлгүй байдлыг хангаж, хааж явах, үүнд: Давхар хоорондын шугам сүлжээний гаргалгаа, давхар хоорондын шатны бариул, давхрын бүтээцийн ажил эхлэхээс өмнө доод давхрын хаалт хамгаалалтыг хийж торлох, тухайн давхрын цэвэрлэгээ цэгцэлгээ, гэрэлтүүлэг, тэмдэг тэмдэглэгээ хийх” гэснийг зөрчсөн эс үйлдэхүйн улмаас 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр **** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” ХХК-ийн барьж буй барилгын дотор талд ажил үүрэг гүйцэтгэж байсан М.Б нь 2 давхрын шалан дээрх нүхнээс 1 давхар луу унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Ц.Ц-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Ц-т нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2301 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй. Шүүхээс тайлбарлахдаа “...2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 08:30 цагаас 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ямар ажиллагаа явагдсан эсэх, хэргийн оролцогчийн эрхийг хангасан эсэх талаар хэрэгт тодорхой баримт авагдаагүй байна...” гэжээ. Нэгэнт 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүгч Ц.Даарийжавт чөлөө олгогдож, түүнд хуваарилагдсан хэргийг дахин хуваарилсан нөхцөл байдал тодорхой байхад үндэслэлгүйгээр хүчингүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Ц нь “****” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг зөрчиж, хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагджээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, анхан шатны шүүх хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 08:30 минутад хийхээр товлосон боловч 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн нь тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2, 34.16 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг ямар учраас 2 хоногийн дараа явуулсан нь тодорхойгүй байна.
Гэвч уг зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарах эсэхийг хянан үзвэл, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн” гэх 10 үндэслэлд хамаарахгүй байна. Учир нь, шүүх хуралдааныг товлосон хугацаанаас 2 хоногийн зөрүүтэй хийж, хуралдсан нь процессын шинжтэй засах боломжгүй зөрчил мөн боловч хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлж болохуйц ноцтой нөхцөл байдал тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх уг зөрчлийг шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамааруулан дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох тухай асуудлыг хэлэлцээгүй байхад урьдчилан шийдвэрлэх боломжгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй байна.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Анхан шатны шүүх хуралдааны процесс ажиллагаа хууль зөрчиж явагдсан болохыг давж заалдах шатны шүүх дүгнэсэн. Тодруулбал, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүгч Ц.Дайрийжавт чөлөө олгож, мөн өдрөө хэргийг шүүгч Ц.Амарт хуваарилсан. Гэтэл 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амар шийдвэрлэх ёстой атал шүүгч Ц.Дайрийжав хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөө авчихсан учраас хэргийг шийдвэрлэх боломжгүй гэдэг агуулгаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, хэргийг шүүгч Ц.Дайрийжаваас шүүгч Ц.Амарт шилжүүлсэн атал шүүх хуралдаан шүүгч Ц.Дайрийжаваас шалтгаалж хойшилсон. Уг нөхцөл байдалд дүгнэлт хийсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэлтэй гэж үзэж байна.
Прокурор эсэргүүцэлдээ “давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй” гэжээ. Гэтэл тус хуулийн зохицуулалтад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад процесс хуулийг зөрчсөнтэй холбоотой асуудал хамаардаг. Харин давж заалдах шатны шүүх “хэргийг анхан шатны журмаар хэлэлцэх шүүх хуралдааны бэлтгэл ажил явагдахтай холбоотой процессын ажиллагааг зөрчсөн” гэж дүгнэсэн. Иймээс давж заалдах шатны магадлалыг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. Давж заалдах шатны шүүх хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэлэлцээгүй. Өөрөөр хэлбэл, хэрэг анхан шатны журмаар дахин хэлэлцэгдэх тул холбогдох асуудлыг зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Хэрэв магадлал хүчингүй болж, анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдвэл хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол хэлэлцэгдэхгүй үлдэх нөхцөл байдал үүсэж байна.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Галбадрах шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална.” гэж заасан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг процессын хуулийг зөрчсөн гэж үзсэн. Шүүхийн тухай хуульд шүүгчийн захирамж заавал биелэгдэх шинжтэй байхаар хуульчлагдсан. Шүүгчийн захирамжид “2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэнэ” гэсэн атал тус захирамжийн биелэлт хангагдаагүй. 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөр шүүгч дахин ондоо агуулга бүхий захирамж гарахаар өмнөх шүүгчийн захирамж хэрхэн биелэгдсэн, тус шүүгчийн захирамж хуульд нийцэж байгаа эсэх талаар эргэлзээ үүсэж байна. Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Хэрэв хяналтын шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдол болон прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэвэл хохирогчийн өмгөөлөгчдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрхэх, хохирогчийн эрх ашгийг хэрхэн хангах талаарх асуудал зайлшгүй яригдана. Хэрэв анхан шатны шүүхийн гаргасан процессын зөрчил нь хэргийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж үзвэл хохирогчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг давхар хянаж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хяналтын шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд, “…давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэх” талаар бичсэн прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяржавхлангийн гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй тогтоосон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэхэд тус тус хууль зүйн дүгнэлт хийж, эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй.
3.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЗ/5426 дугаар шүүгчийн захирамжаар Ц.Ц-т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулжээ.
Цахимаар ирүүлсэн шүүгч Ц.Дайрийжавын хүсэлтийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 16-ны өдрийн 2025/ШЗТ/14 дүгээр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор түүнд чөлөө олгож, “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-д зааснаар тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ЕШЗ/Э254 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар Ц.Ц-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ц.Амарыг системээс томилсон шийдвэрийг албажуулсан байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амар 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/5675 дугаар шүүгчийн захирамжаар Ц.Ц-т холбогдох хэргийн шүүх хуралдааныг “шүүгдэгч Ц.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг 16-ны өдрийн 08:30 цагт хэлэлцүүлэхээр товлосон боловч даргалагч шүүгч Ц.Дайрийжав нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө авсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу шүүгдэгч Ц.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг товлосон цагт шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэргийг шүүгч Ц.Амарт хуваарилсан байх тул хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг хойшлуулж тогтоох нь зүйтэй” гэсэн үндэслэлээр 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14:30 цагт товлосон байна.
4.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн дээрх ажиллагааг дүгнэхдээ 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 18-ны өдөр хүртэлх 2 хоногийн хугацаанд ямар ажиллагаа явагдсан нь тодорхойгүй, оролцогчийн эрхийг хангасан эсэх нь эргэлзээтэй, зөвтгөн залруулах боломжгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн өмгөөлөгч Ц.Галбадрах, Ц.Энхбаяр нарын гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээ бүр хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах суурь зорилготой байдаг бөгөөд шүүх хуульд заасан журмыг чанд сахих нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарах гол нөхцөл болдог.
Шүүгч, шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг чанд сахих нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарах шалгуур мөн хэдий ч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан аливаа зөрчил, алдаа бүрийг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний ноцтой зөрчил гэж үнэлэх боломжгүй юм.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан шүүхийн алдаа, зөрчил нь шүүхийн эцсийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц хэмжээнд хүрсэн, түүнчлэн хэрэгт оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг бодитоор хассан, хязгаарласан тохиолдолд л Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдоно.
Хэрэв тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг нөхөн гүйцэтгэх, залруулах боломжтой бол хэргийг алдаа гарсан шатанд нь буцааж зөвтгүүлэх, харин арилгах боломжгүй эргэлзээ үүссэн тохиолдолд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчим үйлчилнэ.
7.Энэхүү хэргийн тухайд, даргалагч шүүгч чөлөө авч, хэрэг шүүгчдийн зөвлөгөөн болон ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүгчид хуваарилагдах үед буюу 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 18-ны өдрүүдийн хооронд гарсан 2 хоногийн хугацаа шүүхийн шийдвэрт нөлөөлж болохуйц ноцтой зөрчилд хамаарахгүй, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Мөн давж заалдах шатны шүүх магадлалд дурдсан 2 хоногийн хугацааг анхан шатны шүүх хэрхэн зөвтгөн залруулах боломжтойг, түүнчлэн уг нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлж болохуйц хэмжээнд хүрсэн, эсхүл хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хөндсөн, шүүхийн шийдвэрийн хууль ёсны байдалд эргэлзээ төрүүлэхүйц бодит үр дагавар үүсгэсэн эсэхийг дүгнэлгүйгээр ноцтой зөрчил гэж үзсэн нь хэт хэлбэрдсэн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болжээ.
8.Иймд “давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяржавхлангийн энэ талаар гаргасан гомдлыг тус тус хангаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ДШМ/1431 дүгээр магадлалыг хүчингүй болгохоор тогтов.
Магадлалыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Ц.Ц-т шийтгэх тогтоолоор авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ДШМ/1431 дүгээр магадлалыг хүчингүй болгож, прокурор Б.Жамъяндоржийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баяржавхлангийн гомдлын “…магадлал хүчингүй болгох…” хэсгийг тус тус хангасугай.
2.Шүүгдэгч Ц.Ц-т шийтгэх тогтоолоор авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР