Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1863

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Одцолмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00823 дугаар шийдвэртэй,

 

            Нэхэмжлэгч Г.Одцолмаагийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдох

 

8 сарын тэтгэмжид 6 759 368 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Г.Одцолмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Одцолмаа миний бие “Автобус-1” компанийн захирлын 2007 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 24 дүгээр тушаалаар Сонсголон бригадад кондуктороор ажилд орсон. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын захирлын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/748 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул хөдөлмөрийн гэрээг цуцласан. Би тус байгууллагад тасралтгүй 8 жил 1 сар ажилласан. 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн “Автобус-1” ОНӨААТҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахдаа 9 сарын тэтгэмж авах байтал надад “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б/788 дугаар тушаалаар нэг сарын тэтгэмж 844 921 төгрөгийг олгосон. Тухайн үед байгууллагаас 9 сарын тэтгэмж авах гэтэл манай байгууллага шинээр байгуулагдсан, өөрчлөгдсөн, хамтын гэрээ чинь хүчингүй тул өгөхгүй гэсэнд итгэж үнэмшээд шүүхэд хандаагүй. Гэтэл намайг хууран мэхэлсэн байна. Нэхэмжлэгч нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уг тэтгэмжийн асуудлаар Үйлдвэрчний эвлэлдээ хандахад хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудал шийдэгдсний дараа тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэнэ гэсэн хариуг өгсөн байдаг. Улмаар дахин уг асуудлаар 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Үйлдвэрчний эвлэлдээ хандахад шүүхэд ханд гэсэн хариуг 2016 оны 5 дугаар сард өгсөн байдаг. Иймд өндөр насны тэтгэвэрт гарахад надад олгох ёстой байсан 9 сарын тэтгэмжээс дутуу олгогдсон 8 сарын тэтгэмжийг нэг сарын 844 921 төгрөгөөр тооцож нийт 6 759 368 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариунболд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Одцолмаа нь тус байгууллагад ажиллаж байгаад 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/748 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч, ажлаас чөлөөлөгдөн, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б/788 дугаар тушаалаар 844 921 төгрөгийн тэтгэмжийг олгосон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хамтын гэрээ нь “Автобус-1” ОНӨААТҮГазар болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан. Уг гэрээ 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдан 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар бүртгэгдэн 1 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилсэн хамтын гэрээ юм. Уг хамтын гэрээнд 2014 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийн ерөнхий зүйлд энэхүү хамтын гэрээ нь нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ба гэрээний аль нэг тал санаачлан хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө гэж заасан.

“Автобус-1” нь ОНӨААТҮГазар нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдын хурлын 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын 2014 оны А/788 тоот захирамжаар татан буугдаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулагдсан. Тэгэхээр “Автобус-1” гэдэг байгууллага эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан. Хуульд татан буугдсан, өөрчлөн байгуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 16.4 дэх хэсэгт тус тус зохицуулж өгсөн.

Нийслэлийн засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/778 дугаар захирамжаар “Автобус-1”, “Автобус-3”, “Цахилгаан тээвэр” ОНӨААТҮГазруудыг Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар “Зорчигч тээврийн нэгтгэл” болгон өөрчлөн байгуулагдсан нь дээрх хуулийн заалттай нийцэж байгаа. Ажил олгогч болон ажилтны төлөөлөгчид энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдөе, нэмэлт өөрчлөлт оруулья гэсэн хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй, харин хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээ хийгдэж байгаа. Иймд өмнөх хамтын гэрээг мөрдөхгүй тул нэхэмжлэгч Г.Одцолмаад тэтгэмж тооцож олгох боломжгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар өөрийн эрхээ зөрчигдсөн гэдгийг мэдсэнээс хойш 3 сарын дотор шүүхэд хандах боломжтой байсан ч энэ эрхээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 6 759 368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Одцолмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс хойш 3 сарын дотор гомдол гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “санхүүгийн хувьд боломжгүй байсан, байгууллага татан буугдсан тул шинээр хамтын гэрээ байгуулж шийдвэрлэх асуудал учраас ажилчдын тэтгэмжийг олгохгүй байгаа” гэдэг тайлбараас Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн боломжтой болох, шинээр хамтын гэрээ байгуулагдах хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон гэж үзэх хуулийн үндэслэлтэй болно. Гэрч Автобус-1 ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Төрбатын мэдүүлснээр нэхэмжлэгч нь тэтгэмжийн асуудлаар өөрийн эрх ашгаа хамгаалуулах байгууллага болох Үйлдвэрчний эвлэлийн хороонд 2015 оны 10 дугаар сард хандаж байсан бөгөөд тус ҮЭ-ийн хороо, захиргааны хооронд тэтгэмжийн асуудлаар маргаантай байсан тул хариуг 2016 оны 5 сард өгсөн нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шатгаантай байсныг нотолдог. Байгууллага нь тухайн ажилчдын тэтгэмжийг олгохгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Г.Одцолмаа нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан 8 сарын тэтгэмжид 6 759 368 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Автобус-1” ОНӨҮГазар татан буугдаж Зорчигч тээврийн нэгтгэл болон өөрчлөгдсөн тул өмнөх хамтын гэрээг дагаж мөрдөхгүй, нэхэмжлэгчид 844 921 төгрөгийн тэтгэмжийг олгосон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Г.Одцолмаа нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГазрын захирлын 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/748 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд хариуцагч байгууллагын захирлын 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Б/988 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож Г.Одцолмаад 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний буюу 844 921 төгрөгийн тэтгэмж олгосон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.                                                     /хэргийн 6-7 дугаар тал/

 

            Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Г.Одцолмаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бөгөөд тэрээр 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нь хэргийн 8 дугаар талд авагдсан тэтгэврийн дэвтэрээр нотлогдсон байна.

 

            Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Автобус-1” ОНӨҮГ-ыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т нэгтгэгдсэн нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/778 дугаар захирамжийн 1-д зааснаар нотлогдсон, мөн “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүсгэн байгуулахаар 132 дугаар тогтоолд заасан байх тул “Автобус-1” ОНӨҮГ-ын эрх, үүрэг, эд хөрөнгө, хариуцлагыг хариуцагч эрх залгамжлан авсан тул Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хамтын гэрээнд заасан эрх, үүрэг хариуцагчид шилжсэн гэж үзнэ. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Одцолмааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байснаас хойш гурван сарын дотор гомдлоо гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Үйлдвэрчний эвлэлийн хороо нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шийдвэрлэх эрх бүхий байгууллага биш тул хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “санхүүгийн хувьд боломжгүй байсан, байгууллага татан буугдсан тул шинээр хамтын гэрээ байгуулж шийдвэрлэх асуудал учраас ажилчдын тэтгэмжийг олгохгүй байгаа” гэсэн тайлбараас үзэхэд Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэг, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Гэрч “Автобус-1” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Төрбатын мэдүүлснээр нэхэмжлэгч нь тэтгэмжийн асуудлаар өөрийн эрх ашгаа хамгаалуулах байгууллага болох Үйлдвэрчний эвлэлийн хороонд 2015 оны 10 дугаар сард хандаж байсан бөгөөд тус үйлдвэрчний эвлэлийн хороо, захиргааны хооронд тэтгэмжийн асуудлаар маргаантай байсан тул хариуг 2016 оны 5 сард өгсөн нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шатгаантай байсныг нотолдог гэх давж заалдах гомдлын үндэслэл нь хэргийн баримтаар нотлогдохгүй тул давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/00823 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                      ШҮҮГЧИД                                         Н.БАТЗОРИГ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ