Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2016/01193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн  18-р хороо, Энхтайвны өргөн чөлөө-163 , “Люкс Ойл” ХХК-ийн байранд байрлах, “Авто Ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй

хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Авто Ойл” ХХК –ийн захирал Б.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Манай “Авто Ойл” ХХК-иас хариуцагч Хангай овогт Мөнхбат нь 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 6 578 000 төгрөгийн бараа материалыг 1 сарын хугацаатай зээлээр авсан. Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр бараа материалын төлбөр болох 2 000 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бараа материалын төлбөр болох 2 000 000 төгрөгийг тус тус өгсөн бөгөөд нийт 4 000 000 төгрөгийг төлөөд байна.

Үлдэгдэл 2 578 000 төгрөгийг төлөлгүй 1 жил болсон. Хариуцагч Х.Мөнхбаттай “Төлбөр барагдуулах гэрээ” ХЗ/2016/029-г 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хийсэн. Тус гэрээний нөхцөлд зааснаар үлдэгдэл төлбөр болох 2 578 000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тус гэрээг байгуулсан.

Гэтэл хариуцагч Х.Мөнхбат өнөөдрийг хүртэл утсаа авахгүй, сураг ажилггүй бидний итгэлийг хэд хэдэн удаа алдаж байна. Хариуцагч Х.Мөнхбаттай байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ХЗ/2016/029 “Төлбөр барагдуулах гэрээ”-ний үндсэн төлбөр болох 2 578 000 төгрөгийг тус тус гэрээний нөхцөлийн талуудын хүлээх хариуцлагад зааснаар төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутам үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцно гэсэн.

Бидний зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус дүүргийн шүүхийн шүүгч 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 101/ШЗ2016/22902 дугаар захирамжаар хариуцагч Х.Мөнхбат нь Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол Анод 40-р байр 06 тоот хаягаар мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлэхэд Х.Мөнхбат нь дээрх хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй тухай Хорооны засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Булган тайж овогт Хангайгийн Мөнхбатыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                            

  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

           Нэхэмжлэгч  “Авто Ойл” ХХК нь хариуцагч Х.Мөнхбатыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

           Х.Мөнхбат нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянзүрх дүүргийн 6-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2016/22902 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан  буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Иймд “Авто Ойл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.Мөнхбатыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.      

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заажээ.

  Нэхэмжлэгч “Авто Ойл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баасандорж нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг  ирүүлсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.

           

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ: 

           

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ЧЕ69072433 регистрийн дугаартай, Булган тайж овогт Хангайгийн Мөнхбатыг эрэн сурвалжилсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

          

           3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               С.ОЮУНЧИМЭГ