Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2019/ШЦТ/1005

 

2019          12           03                                     2019/ШЦТ/1005                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                          Хэргийн индекс: 185/2019/0958/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

Улсын яллагч Т.Цэнд-Аюуш,

Хохирогч О.Өлзийбаяр,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1909028191071 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар

Монгол улсын иргэн, 1996 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсолтой, мэргэжилгүй, хувиараа таксины үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг, 1 дүгээр гудамжны 1а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Б.Б /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Өлзийбаярын биед халдаж үүрч явсан пасктай гар утсыг хүч хэрэглэж, илээр, хууль бусаар авч 683.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Би Өлзийбаяр ахыг өмнө нь муудалцаж байсан хүн гэж андуураад муудалцсан байсан. Хохирогч тухайн үед жижиг савхин цүнх үүрсэн байсан. Барьсан юмнаас нь татахад цүнх нь тасраад нэг хэсэг нь надад нөгөө нь өөрт нь үлдсэн.  Би эд зүйлийг нь буцааж өгье гэж бодсон боловч хол явсан байсан. Хүний юмыг авсан нь миний буруу. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг өшиглөж цохьсон зүйл байхгүй. Би хохирогчид 107.000 төгрөг, утасны хамт өгсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч О.Өлзийбаярын: “...Би согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байгаа юм.2019 оны  7 сарын 16-ны шөнө 3 цагийн үед байх явж байхад зам дагаад нэг машин зогсоод нэг залуу гүйж ирээд намайг чи биздээ гээд татаад байсан санагдаад байгаа юм. Тэгээд нилээн зууралдаад байсан. Найз нь ирж салгаад нөгөө залуу машиндаа суугаад явсан. Намайг өшиглөсөн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Би бааранд нэг найзтайгаа нэлээд их архи пиво уусан их согтолттой байсан учраас тэр үед болсон явдлыг сайн мэдэхгүй байна. Би өөрөө л унасан байх, хэрэв зодуулж цохиулаад унасан бол хөхрөлт няцралт ямар нэг гэмтэл байна байх. Гэхдээ надад тийм юм байгаагүй. Шүүгдэгч намайг зодоогүй байх...хохирлоо барагдуулж авсан. Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гаргах санал гомдолгүй ” гэх мэдүүлэг,          

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагч Б.Бийн мэдүүлэг, хохирогч О.Өлзийбаярын мэдүүлэг, гэрч М.Түвшинбаярын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокуророос шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэж, илээр, хууль бусаар дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд

Хохирогч О.Өлзийбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг өшиглөсөн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Би их согтолттой байсан учраас өөрөө л унасан байх, зодуулж цохиулаад унасан бол хөхрөлт няцралт, ямар нэг гэмтэл байна байх. Гэхдээ надад тийм юм байгаагүй. Шүүгдэгч намайг зодоогүй байх...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэр хоёр зодолдсон үйлдэл гаргаагүй, зүгээр барьцалдаад авахаар нь гарч салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/,

Б.Б-н яллагдагч, гэрч, шүүгдэгчээр өгсөн: “...Би тухайн хүнийг зодож цохьсон асуудал байхгүй. Хүнтэй андуураад тэр хүнтэй зүгээр барьцалдаж  аваад цүнхнээс нь татсан чинь цүнхний оосор нь тасарсан. Тэгтэл манай найз бууж ирээд араас салгаад, тэгээд би гарт байсан цүнхийг шууд аваад автомашиндаа суусан...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Б.Бийн зүгээс хохирогч О. Өлзийбаярын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдохгүй байна.

Дээрэмдэх гэмт хэрэг нь довтолгоон эхэлснээр төгс үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Б.Бийн хувьд “хохирогчийг хүнтэй андуурч барьцалдаж аваад, цүнхнээс нь татахад оосор нь тасарсан” гэж тогтвортой мэдүүлдэг бөгөөд тухайн хүний эд зүйлийг дээрэмдсэн үйлдлээ хүлээн зөвшөөрдөг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т: Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг цуглуулсан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заажээ.

Шүүгдэгч Б.Б-н зүгээс хохирогчийн амь биед аюултайгаар хүч хэрэглэн зодож цохиж дээрэмдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдохгүй, түүнчлэн хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон үйлдэл мөн тогтоогдохгүй байх ба  хохирогч нь тухайн цаг үед архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байсны улмаас болсон үйл явдлыг сайн санахгүй байна гэх эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэн авахдаа хүч хэрэглэсэн гэж үзэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсч байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Прокуророос шүүгдэгч Б.Бид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2. дугаар зүйлийн 2 дахь зүйл хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Ийнхүү шүүгдэгч Баясгалангийн Б.Б нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны орой Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Очирбатын Өлзийбаярын үүрч явсан паск, түүн дотор байсан Samsung S-7, Samsung S8-plus  маркийн 2 ширхэг гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 683.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч О.Өлзийбаярын: “...2019 оны 7 дугаар сарын 16-ны 20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо “Салм” баарны орчим ...жижиг пасктай эд зүйлээ дээрэмдүүлсэн гэж гомдол гаргасан. Би маргалдсан асуудал гаргаагүй, согтууруулах ундаа хэрэглэсэн явж байхад гэнэт гарч ирээд аваад явсан. ...Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл үүсээгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би жижиг пасктай Самсунг Галакси Эс 8 плас, Самсунг Эс 7 маркийн 2 гар утас алдсан.    Миний гар утсыг буцаан өгсөн. ...Өөр надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

Гэрч М.Түвшинбаярын: “...Тэгээд бид хоёр хамт явж байгаад 20 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6-р хороо “Салм” баарны замын урд талд үл таних эрэгтэй согтуу хүн явж байсан. Тэгээд манай найз Б.Б буугаад нөгөө үл таних залуутай муудалцаж байсан. Тэгээд би буугаад тэр хоёрыг салгаад автомашиндаа суусан. ...Манай найз машинд суухад нь би юу ч анзаараагүй явж байтал нэг жижиг цүнх харуулсан. Саяны хүнээс авсан гэж хэлсэн. ...Тэр хоёр зодолдсон үйлдэл гаргаагүй, зүгээр барьцалдаад авахаар нь гарч салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/,

“Дамно” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №СБ1-19-1002 дугаартай дүгнэлт Samsung S-7, Samsung S8-plus  маркийн 2 ширхэг гар утасны үнэлгээ-683 000 төгрөг /хх-ийн 6-7 тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байх бөгөөд шүүгдэгч Б.Бийг бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр  хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Түүнд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Б-н хувьд хохирогчийг архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадвар сул байгааг далимдуулдан эд хөрөнгийг нь дээрэмдэн авах гэсэн шууд санаатай, шунахай зан  байдал шууд нөлөөлжээ.

Хохирол төлбөрийн хувьд хохирогч О.Өлзийбаяр нь “миний бие хохирлоо бүрэн барагдуулж авсан тул гомдол санал байхгүй” гэх хүсэлтийг шүүх хуралдаанд бичгээр гаргаж өгсөн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар байр сууриа илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Б-д улсын яллагчийн зүгээс 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нь шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийн хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн хувьд маргаагүй, анх удаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал, хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх байр суурь, түүний үйлдсэн хэргийн шинж байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

2. Шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,  7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Б.Б-д тэнсэгдсэн 03 /гурав/ жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.Б-д анхааруулсугай.

6. Тэнсэгдсэн ялтан Б.Б /РД:/-д хяналт тавихыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт уоьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар,  улсын яллагч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР