| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/1055/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/1037 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/1037
2019 12 09 2019/ШЦТ/1037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2019/1055/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
Улсын яллагч: Т.Жавхлантөгс
Нарийн бичгийн дарга: П.Тулга,
Шүүгдэгч С.Ч /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Ч-д холбогдох эрүүгийн 1909022811445 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Dual power Mind” ХХК-ийг байгуулан хувиараа бизнесийн ажил эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 10-81 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, С.Ч /РД: / гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Ч нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр 10 дугаар байрны гадаа 2019 оны 5 дугаар сарын 14-ний шөнийн 05 цагийн үед Г.Алтантуяагийн “Huawai P10” маркийн гар утсыг устгасны улмаас 453.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч С.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Алтантуяагийн өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Уламбаярын мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ, яллагдагч С.Чгийн мэдүүлэг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч С.Ч нь согтуугаар Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө хохирогч Ганболдын Алтантуяаг “өөрийн эхнэр Д. Нандинцэцэгтэй маргасан маргаанд хөндлөнгөөс оролцлоо” гэх шалтгааны улмаас уурсаж түүний барьж явсан Huawai P10 маркийн гар утсыг шүүрч аван газар шидэж устгасны улмаас 453.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Г.Алтантуяагийн хохирогчоор болон гэрчээр өгсөн: “...Тухайн үед Нандинцэцэг нь согтуу унах гээд байсан болохоор нь Уламбаяр бид хоёр Нандинцэцэгийн хоёр талаас нь сугадаад явж байсан юм. Тэгсэн чинь Нандинцэцэг нөхөртөө хандаж С.Ч муу новшоо гээд орилсон чинь С.Ч “дуугүй далжганалгүй зүгээр яв” гэж хэлсэн. Тэр нь надад эвгүй санагдаад “чи одоо ямар сонин залуу вэ? эхнэр чинь согтчихоод байгаан бишүү, ирээд аваач” гэсэн чинь С.Ч “чамд хамаагүй” гээд бид хоёр маргалдаж байгаад нэг такси барьж би урд талын суудал дээр сууж тэр гурав ард суусан. Тэгсэн таксин дотроо С.Ч бид хоёр маргалдаж байгаад маргаан нь ширүүсээд С.Ч, Нандинцэцэг нарын амьдардаг хүүхдийн 100-р дэлгүүрийн хажуу талын 10-р байрны гадаа ирж бууцгаасан юм. Тэгээд таксинаас буугаад С.Ч бид хоёр барьцалдаж аваад С.Ч нь намайг зодох гэж дайраад хэл амаар доромжлоод байхаар нь би ч бас өөдөөс нь дуугүй байлгүй янз бүрийн муухай үг хэлж нэг удаа С.Чг өшиглөх гэж үзсэн чинь Уламбаяр бид хоёрын дундуур ороод салгасан юм. Тэгээд намайг гартаа өөрийн “Хувай Пи10” маркийн ягаан өнгийн гадуураа хар цагаан өнгийн эмэгтэй хүүхдийн зурагтай 2018 оны 8 дугаар сарын дундуур “Теди” төвийн 2 давхраас 520.000 төгрөгөөр авч байсан гар утсыг С.Ч нь булааж аваад газар шидээд хагалчихсан юм. Тэгээд “чи яаж байгаа юм бэ” муу новшоо гэсэн чинь С.Ч “яадаг юм би наад утсыг чинь төлөөд өгчихнө” гээд онгироод байсан. Тэгээд би тэндээс өөрийн гар утсаа хайж олоод харсан чинь миний гар утас хэдэн хэсэг салчихсан ашиглах боломжгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
Гэрч Ц.Уламбаярын: “...Тэгээд хүүхдийн 100-р дэлгүүрийн хажууд байдаг С.Ч, Нандинцэцэг хоёрын амьдардаг байрны гадаа ирэх хүртэл таксин дотор С.Ч, Алтантуяа хоёр маргалдаад байсан. Тэгээд буугаад бүүр хоорондоо барьцалдаж аваад нэгнийгээ хараагаад С.Ч нь Алтантуяаг таксинаас буух гэж байхад нь гараараа хальт цохих шиг болсон. Тэгээд би буугаад Алтантуяаг түлхэж холдуулаад С.Чг түлхсэн чинь Алтантуяа С.Чг хөлөөрөө хальт өшиглөх шиг болсон юм. Тэгээд тэр хоёр нэг нэгнээ хэл амаар доромжлооод хэрүүл маргаан болоод байж байсан чинь С.Ч нь Алтантуяагийн баруун гартаа барьсан байсан гар утсыг нь шүүрч аваад газар шидэж эвдсэн юм. Тэгээд С.Ч нь бид нарыг хэл амаар доромжлоод янхан гэх зэргээр харааж байгаад Нандинцэцэгийн хамт гэртээ орсон. Тэгээд бид хоёр тэндээс Алтантуяагийн гар утсыг нь хайж хайж олж авсан чинь гар утас нь аймаар болоод эвдэрчихсэн байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
“Дамно” ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №СБ1-19-598 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24 тал/,
С.Ч-ийн яллагдагчаар өгсөн: “...Би Алтантуяагийн гар утсыг нь эвдсэн нь үнэн учраас хохирол мөнгө болох 453.600 төгрөгийг Алтантуяад өгч барагдуулсан байгаа. Би Алтантуяатай утсаар ярьж ойлголцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Ч-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдыг тэр дундаа эмэгтэй хүнийг илтэд үл хүндэтгэж, уур омгоор асуудлыг шийдвэрлэх гэсэн догшин авир нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн байна.
Хохирогч Г.Алтантуяа нь “...Миний бие С.Ч-с хохирлоо бүрэн барагдуулж авсан тул цаашид гомдол санал байхгүй. Миний бие шүүх хуралд оролцох боломжгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 54 дүгээр талд гаргасан байх тул шүүгдэгч С.Чинсааг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Ч-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж, бусдад төлөх төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч С.Ч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоног байхгүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Ч-г бусдын эд хөрөнгийг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч С.Ч-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч С.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР