Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/1040

 

2019      12           09                                     2019/ШЦТ/1040                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Хэргийн индекс: 185/2019/1058/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Улсын яллагч: Ц.Амгаланбаатар,

Нарийн бичгийн дарга: П.Тулга,

Шүүгдэгч Д.Б. /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б.д холбогдох эрүүгийн 1909029181283 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1978 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, гурван охины хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны 27-45 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д.Б. /РД:/ гэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б. нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах нийтийн байранд Д.Оюунтөгстэй маргалдаж үснээс нь зулгааж, толгой руу нь гараараа цохиж биед нь тархи доргилт баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Д.Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хохирогч бид хоёр тэр өдрийн өглөө ажилтай байсан юм. Гэтэл намайг гэнэт элдвээр хэлээд харааж, зүхсэн. Удалгүй үснээс маань зулгаагаад утсыг маань булаасан. Би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Би гэм буруугийн тал дээр маргахгүй байна, зүйл ангиа зөвшөөрч байна. Эмчилгээний зардалд гарсан бодит хохирол болох 50.000 төгрөгийг төлсөн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Оюунтөгсийн өгсөн мэдүүлэг, яллагдагч Д.Б.ын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №9346 дугаартай дүгнэлт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Б. нь 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дөлгөөн нуур орчимд хамт хөлслөн амьдарч байсан Нийтийн байранд хохирогч Дамдинсүрэнгийн Оюунтөгстэй хувийн таарамжгүй харьцааны улмаас хурц маргалдаж түүнийг зодож биед нь тархи доргилт баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Оюунтөгсийн өгсөн: “...Д.Б.ыг босоорой нөгөө хэд чинь ирж байна гэж хэлэхэд Д.Б. гэнэт уурлаж босож ирээд намайг үсдээд цээж хөл рүү өшиглөөд миний дээр гарч суугаад толгой руу цохиож байж байхад урд талд амьдардаг Төмөрөө, Болороо хоёр орж ирээд салгасан юм...” гэх мэдүүлэг  /хх-ийн 12 тал/,

Д.Б.н яллагдагчаар өгсөн: “...би Оюунтөгсийн ааш зангийнх нь талаар болох бүтэхгүй зүйлийг өөрт хэлэхэд Оюунтөгс уурлаад намайг элдэв бусаар хараагаад миний гар утсыг авч шидээд намайг шууд үсдээд авсан. Тэгэхээр нь би Оюунтөгсийг үснээс нь зулгаагаад өөрийг нь орон дээр дараад хэвтүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №9346 дугаартай: “...Д.Оюунтөгсийн биед тархи доргилт баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 15 тал/  зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б.т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч хэн аль нь олон жилийн найз нөхөд, эмэгтэй хүмүүс болохын хувьд хэдийгээр өөрсдийнх нь хувь хүний өөр өөр зан араншин, дадал хэвшил, алдаа оноо, амьдралын элдэв бэрхшээлт асуудлууд байгаа боловч бие биенээ хүндэтгэх, хайрлах, уур уцаараа барьж сурах сэтгэл дутагдаж, догшин авирлаж буй зан байдал нөлөөлсөн байна.

Хохирогч Д.Оюунтөгс нь “...миний бие нэхэмжлэх гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулж шийдэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 35 дугаар талд гаргасан байх тул шүүгдэгч Д.Б.ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Б.д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж, бусдад төлөх төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоног байхгүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б.г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Д.Б.д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б. нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу       15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Д.Б.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР