| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07258/И |
| Дугаар | 102/ШШ2016/05509 |
| Огноо | 2016-10-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 102/ШШ2016/05509
2016 оны 10 сарын 24 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05509
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 47/1 байр, 17 тоот хаягт оршин суух, Олгууд овогт Цагааны Отгонжаргал /РД:УС70042725/-ын хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих Ишдаваагийн Баатархуягийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Ш.Баатархуягаас 27.350.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Ш.Баатархуяг нь хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийм учир Г.Баатархуягийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагчийг эрэн сурвалжлах шүүх хуралдааныг миний эзгүйд хийж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Отгонжаргал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно гэж заасны дагуу иргэний хэрэг хариуцагчаар оролцвол зохих И.Баатархуягийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэснээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэгт оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 28288 тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлээр Ц.Отгонжаргалын нэхэмжлэлтэй И.Баатархуягт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан байх бөгөөд И.Баатархуяг нь дээрх шүүгчийн захирамжаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь харагдаж байна.
Иймд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ойн 59а хаягт оршин сууж байсан Ишдаваагийн Баатархуягийг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтыг баримтлан Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, ойн 59а хаягт оршин сууж байсан Ишдаваагийн Баатархуягийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтыг баримтлан И.Баатархуягийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоосноо нэхэмжлэгч Ц.Отгонжаргал /утас: 88906363/-д мэдэгдэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст уламжилсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж завж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
| |