| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жагдагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/1059/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/1047 |
| Огноо | 2019-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/1047
2019 12 11 2019/ШЦТ/1047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 185/2019/1059/Э
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Тулга,
улсын яллагч С.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Б.Э /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн 1909032091114 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Дорноговь аймгийн Сайншанд суманд “Гранд Ант Транс” ХХК-д экскэваторын жолоочоор ажилладаг гэх, ам бүл 2, Дархан-Уул аймгийн 7 дугаар баг, Хангамжийн 01-22 тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Б.Э /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг “Өрнөх” зочид буудлын 2 номерын өрөөнд хохирогч Б.Бат-Отгоны “Б.Эыг эхнэртэйгээ маргалдаж, муудалцахаа боль гэх шаардлага тавьсныг нь эсэргүүцэж, улмаар нүүрэн тус газарт нь архины шилээр цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-н өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Мөнхдэлгэр, Отгонбат бид 2 руу яваад эргээд утсаар ярихаар нь тавуулаа доод бааранд нь 2 шил архи авч уугаад, нэгийг нь уугаад дээд буудлын өрөө рүү орсон. Архиа ууж дуусаад ирээд эхнэр бид хоёрыг маргалдаж байхад Бат-Отгон босож ирээд, тэгээд би уурандаа архины шилээр цохьсон юм. Хохирогчийн эмчилгээний зардалд гарсан 400.000 төгрөгийг төлье гэсэн боловч хохирогч Бат-Отгон 2 сая төгрөг өгвөл гомдолгүй гэж бичиж өгье гэсэн...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Бат-Отгоны мэдүүлэг, Т.Сарангэрэлийн гэрчээр өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №9993 тоот дүгнэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр шүүгдэгч Батбаярын Б.Э нь согтуугаар 2019.08.16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өрнөх зочид буудалд хохирогч Батсүхийн Бат-Отгоныг “эхнэртэйгээ маргалдаж, муудалцахаа боль” гэж шаардлага тавьсаных нь төлөө нүүрэн тус газарт нь архины шилээр цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, дагзны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Бат-Отгоны өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн үед “Өрнөх” зочид буудлын нийтийн заалны пабад Сараа, Мөөгий, Б.Э, Отгонбат, Өрнөх зочид буудалд ажилладаг залуугийн хамтаар ширээ авчихсан, “Экс” нэрийн 0.75 литрийн архи, 0.5 литрийн архи тавьчихсан бөөндөө юм яриад уугаад сууж байсан юм. Удалгүй Отгонбат пабаа хаагаад бөөндөө зочид буудлын 2 номерын өрөөнд орж архи үргэлжлүүлээд ууцгаасан юм. Уалгүй миний нойр хүрсэн, дээрээс нь архиндаа нилээд согтсон манарсан байдалтай болоод Отгонбатын хамтаар уг өрөөнийхөө орон дээр хэвтээд унтчихсан юм. Удалгүй хүмүүс орилох чимээ гараад байхаар нь Б.Эаа яагаад байгаа юм бэ гэж хэлтэл Б.Э ширээн дээр байсан архины шилийг аваад миний толгойн тус газар 2 удаа цохиод авсан. Тэгсэн миний ухаан балартаад ухаан алдаад уначихсан. ...тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Цагдаагийн байгууллагаас шууд гэмтлийн эмнэлэг явсан юм. Надад баримтаар нэхэмжлэх зүйлгүй. Гэртээ хэвтэж байхдаа эм тариа авч байсан гэхдээ баримтуудыг авч байгаагүй. 400.000 төгрөгийн зардал гарсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 тал/,
Гэрч Т.Сарангэрэлийн өгсөн: “...Бат-Отгон унтаад өгсөн. Тэгсэн чинь Б.Э гэдэг залуу эхнэртэйгээ муудалцаад зодолдох гэж байсан. Тэр үед манай найз Бат-Отгон сэрээд тэр хоёрыг больцгоо яагаад байгаа юм бэ гэхэд Б.Э өрөөний ширээн дээр байсан архины шилийг авч Бат-Отгоныг унагааж толгой руу нь 2 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
Б.Э-н яллагдагчаар өгсөн: “...Бат-Отгон нь эхнэр, бид хоёрын дундуур орж ирээд боль боль гэж хэлэхээр нь Бат-Отгоныг чамд хамаагүй цаашаа бай гэж хэлээд нэг удаа түлхсэн чинь Бат-Отгон уурлаад надтай хэрэлдэж эхэлсэн. Тэгэхээр нь би ширээн дээр байсан хоосон архины шил аваад Бат-Отгоны толгойн тус газарт нэг удаа цохисон чинь Бат-Отгоны толгойн тус газраас цус гарчихсан юм. Удалгүй Саранцэцэг нь өрөөнд орж ирснээ цагдаа дуудахаар нь өрөөнөөс гараад явчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн №9993 тоот: “...Б.Бат-Отгоны биед тархи доргилт, дагзны хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 23 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн, уур бухимдал, хүч бяраар асуудлыг шийдвэрлэх гэсэн балмад түрэмгий зан байдал нөлөөлжээ.
Шүүгдэгч Б.Э нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Эын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Бат-Отгон нь хавтаст хэрэгт мэдүүлэхдээ “эмчилгээний зардалд 400.000 төгрөг гарсан боловч баримтуудыг нь авч байгаагүй, хэрэгт хавсаргаагүй” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Э нь хохирол төлбөр төлөхөөс татгалзаагүй тул түүнээс 400.000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Бат-Отгонд олгох нь үндэслэлтэй гэж үзсэн бөгөөд хохирогч Б.Бат-Отгон нь цаашид гарах эмчилгээний зардал, эоүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, урьд ийм төрлийн хэрэгт холбогдож байсан байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.Э нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-г 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь түүнд оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Э-с 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Бат-Отгонд олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Б.Бат-Отгон нь цаашид гарах эмчилгээний зардал, эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БОЛДБААТАР