| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06997/И |
| Дугаар | 102/ШШ2016/05521 |
| Огноо | 2016-10-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2016/05521
2016 он 10 сар 25 өдөр Дугаар 102/ШШ2016/05521 Улаанбаатар хот
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Скайтел плаза төв, өөрийн байранд байрлах Скайтел ХХК /РД:2576376/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 50 дугаар байр, 16 тоот хаягт оршин суух Чогчин овогт Батбаярын Ням-Очир /РД:УМ88101633/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үйлчилгээний төлбөрт 468.042 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Ням-Очир нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж дараа төлбөрт BC 40К үйлчилгээний 91100004 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Б.Ням-Очир нь гэрээний үүргээ үл биелүүлэн 91100004 дугаарын төлбөр 510.542 төгрөгийг төлөхгүй байсан тул үйлчилгээг хаасан. Иймд хариуцагчаас нийт 468.042 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Скайтел ХХК-ийн нэхэмжилсэн 468.042 төгрөгийг 7 хоногийн дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн төлбөрийг 7 хоногийн дотор төлж барагдуулах тухай саналыг хүлээн зөвшөөр байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь Б.Ням-Очирт холбогдуулан үйлчилгээний төлбөрт 468.042 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 468.042 төгрөгийг 7 хоногийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.691 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Скайтел ХХК-ийн нэхэмжилсэн 468.042 төгрөгийг 7 хоногийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Б.Ням-Очирын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.691 төгрөгийн 50 хувь болох 7.345 төгрөг 50 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 7.345 төгрөг 50 мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
| |