Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/1086

 

2019      12           19                                     2019/ШЦТ/1086                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Хэргийн индекс: 185/2019/1095/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

Улсын яллагч: Т.Жавхлантөгс,

Нарийн бичгийн дарга: М.Оргилтунгалаг,

Шүүгдэгч Г.Л /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Л-д холбогдох эрүүгийн 1909039201299 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй бүрэн дунд боловсролтой, вагон хүлээлцэгч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 20 дугаар гудамжны 476а тоотод оршин суух хаягтай Г.Л /РД: / гэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Л нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, АШУҮИС дотор Э.Энхжингийн гээсэн “Самсунг Эс 8” маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бусдад 432.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Г.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа ойлгож байгаа. Гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Энхжингийн хохирогчоор болон гэрчээр өгсөн мэдүүлэг, яллагдагч Г.Л-ийн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Л нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, АШУҮИС дотор Э.Энхжингийн гээсэн “Самсунг Эс 8” маркийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж бусдад 432.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Э.Энхжингийн хохирогчоор болон гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 15-ны орой 21 цаг 30 минутын орчимд АШУҮИС-ын төв хаалганы сандал дээр сууж байгаад Самсунг Галакси Эс-8 загварын гар утсаа мартаж орхиод гадагшаа гарч яваад гар утсаа үлдээснээ санаад буцаад орж ирэхэд утас сандал дээр байхгүй байсан... ...Би сургуулийн камерын бичлэгийг шүүлгэж үзэхэд 2 эмэгтэй миний утсыг сандал дээрээс аваад босож байгаа нь харагдсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 14 тал/,

Г.Л-ийн яллагдагчаар өгсөн: “...хар өнгийн гар утас байсан. Би найзын хамт очоод тэр утсыг авчихсан. Утасны эзэн гэх эмэгтэй таарсан бөгөөд тэр эмэгтэй бид хоёроос буйдан дээр байсан гар утас харсан уу гэхээр нь би сандарсандаа хараагүй гээд хэлчихсэн. Ингээд би тэр утсыг гэр рүүгээ аваад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

“Дамно” ХХК-ийн “самсунг эс-8 маркийн гар утас 432.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18 тал/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

Эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Л-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд амар хялбар аргаар бусдын үнэ бүхий эд зүйлийг өөртөө олж авах гэсэн шунахай зан байдал нөлөөлсөн байна.

Хохирогч Э.Энхжин нь “...алдагдсан S8 утасныхаа хохирлыг барагдуулсан тул шүүх хуралд оролцох шаардлагагүй, санал гомдол байхгүй бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 32 дугаар талд гаргасан байх тул шүүгдэгч Г.Лг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Л-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж, бусдад төлөх төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Г.Л нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоног байхгүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Л-г бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Г.Л-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу       15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Г.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР