Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2016/01280

 

 

 

 

 

 

 

 

 

      2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2016/01280

               Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***** оршин суух, /РД:*****/ Боржигон овогт С***рын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “****” ХХК /Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, *** тоот хаягт байрлах/-д холбогдох

Зээлийн төлбөрт илүү төлсөн 2,450,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, шүүх хуралдааны нарийн  бичгийн дарга А.Азжаргал нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “***” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 7,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдэн авсан билээ. Гэрээг харилцан тохиролцож, албан ёсоор сунгаагүй боловч миний зүгээс төлж байгаа мөнгийг “///” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газар нь зөвхөн хүүнд тооцон хураан авч, зээлийн үндсэн төлбөрөөс хасахгүй хууль зөрчиж надаас үндэслэлгүйгээр илүү мөнгө нэхэж байна. Миний бие 7,000,000 төгрөгийн төлбөрт хууль бус илүү төлбөр болох 2,450,000 төгрөгийг алдангийн хамт төлсөн байна.

Иймд “///” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газраас хууль зөрчин үндэслэлгүйгээр надаас нэхэж байгаа төлбөрийн шаардлагыг хүчингүй болгож, миний төлсөн мөнгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцох тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийг төлөөлөн түүний өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манлайбаатар нь 2015  оны 08 дугаар сарын 25-ны өдөр *** ХХК-тай барьцаалан зээлдүүлэх гэрээ байгуулсан. 7,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлсэн энэ хугацаанд зээлээ төлж барагдуулахаар тохирсон. Зээлийн барьцаанд 99114868 гэсэн дугаар тавьсан байдаг. Цогзгор ХХК-ийн гаргаж өгсөн гэрээн дээр гараар бичсэн байдаг үүн дээр Л.Н нэр дээр 99114868 дугаарыг шилжүүлж авсан гэдэг барьцаа байдаг. Барьцааны хувьд энэ дугаар үнэ бүхий, үнэтэй дугаар юм. Барьцаалсан дугаарыг Л.Н нэр дээр шилжүүлсэн нь хууль бус үйл ажиллагаа юм. Л.Н нь ямар эрх мэдэлтэй Цогзгор ХХК-тай ямар холбоотой болох нь тодорхойгүй байна. Зээлийн хүүгээ Манлайбаатар төлсөн, зээлийн гэрээг сунгахаар тохиролцсон зүйл байхгүй. Хүү төлөхөөр гэрээ автоматаар сунгагдана гэсэн зохицуулалт хаа ч байхгүй. Өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч маань 2,800,000 төгрөг төлсөн  байдаг. ҮҮнээс төлөх ёстой 1 сарын хүү 350,000 төгрөг болж байгаа үүнийг хасаад хүү алдангид илүү төлсөн 2,450,000 төгрөгийг үндсэн зээл болох 7,000,000 төгрөгөөс хасч тооцож өгнө үү гэв.

  

Хариуцагч “***” ХХК-ийг төлөөлөн Л.Бл шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.От шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.М нь манай байгууллагатай 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 7,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай байгуулсан ба хүүнд сарын 5 хувийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон билээ. Зээлийн гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон ч С.Манлайбаатар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба гэрээний хугацааг 1 сараар сунгаж өгөхийг хүссэний дагуу хүүг төлөөд зээлийн хугацаагаа сунгасан 7 тохиолдол байгаа ба хүүгээ төлж, гэрээг сунгахдаа хүртэл хугацаа хэтрүүлдэг тул манай байгууллагын зүгээс С.М байгуулсан зээлийн гэрээнд заасны дагуу алданги тооцдог журамтай. Манай байгууллагын зүгээс С.М хууль зөрчин нэг ч төгрөг аваагүй бөгөөд С.М зүгээс зээлийн хугацаа сунгаад хүү хугацаа хэтрэлтэд төлсөн алданги үндсэн зээлээс хасч тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Насанбаяр гэж хүн манай гүйцэтгэх захирал байгаа. С.Мат зээл олгохдоо 9911-тэй дугаарыг барьцаалсан. Манай компани тэр үед бичиг баримтын хувьд компанийн нэр дээр шилжүүлэх боломжгүй байсан тул захирал өөрийн нэр дээр шилжүүлсэн байгаа. Зээлээ төлсөн тохиолдолд буцаан нэр дээр нь шилжүүлэн өгөхөөр тохирсон. Манлайбаатар зээлийн хүүгээ төлөөд явж байсан. Өөрөө утсаар ярьж тухайн үед сунгаад банкаар болон бэлнээр хүүгээ төлөөд явж байсан. Манай байгууллага хугацаа хэтрүүлсэн хоногоор алданги тооцож төлүүлсэн байгаа. Үүнийгээ өөрөө тухайн үедээ зөвшөөрөөд төлөөд явж байсан. Сар бүр 350,000 төгрөг төлөөд сунгагдсан байгаа.Түүний төлсөн мөнгөний хувьд маргаан байхгүй. Харин уг мөнгийг үндсэн мөнгөөс хасч тооцох боломж байхгүй, хүү, алдангид төлсөн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.М нь хариуцагч “***” ХХК-д холбогдуулан зээлийн төлбөрт илүү төлсөн 2,450,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр №15/36 тоот  “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”-г байгуулж, 7,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, үндсэн зээлийн 5 хувьтай тэнцэх хэмжээний буюу 350,000 төгрөгийн хүүтэйгээр авахаар харилцан тохиролцож зээлийн барьцаанд 99114868 дугаарыг барьцаалсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, №15/36 тоот  “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”, гэрээний эргэн төлөх график зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан  төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцэж байна.

Хэрэгт авагдсан баримтаар гэрээний дагуу зээлдүүлэгч нь 7,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу 1 сарын хүүнд 350,000 төгрөгийг төлсөн, улмаар зээлийн үндсэн төлбөрийн 7,000,000 төгрөг төлөөгүй, С.Манлайбаатар нь нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд нийтдээ 2,800,000 төгрөгийг “хүү, алданги”-д төлсөн талаар талууд маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч өөрийн төлсөн 2,800,000 төгрөгөөс зээлийн гэрээний хугацаанд хүүнд 350,000 төгрөг төлөх ёстой, үүнийг хасч үлдэх 2,450,00 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр болох 7,000,000 төгрөгөөс хасч тооцуулна гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч үүнийг эс зөвшөөрч зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож сунгасан, сунгасан хугацаанд хүүгээ төлөх үүрэгтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутам алданги тооцохоор гэрээгээр харилцан тохирсон учир үндсэн төлбөрөөс хасч тооцох боломжгүй гэж маргаж байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй болно хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй” бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.1.3-т “Зээлдэгч нь зээл болон хүүгээ хугацаандаа төлж чадахгүй хугацаа хэтрүүлбэл Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги нэмж төлнө” гэж заасан нь дээрхи хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна.

 

Харин С.Манлайбаатараас төлсөн 1,960,000 төгрөгийг сарын 350,000 төгрөгөөр тооцон авсан нь хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөгдөх хуваарь, Хаан банкны депозит дансны хуулга, 15/36 тоот гэрээний тооцооны хүснэгт зэргээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч “Цозгор” ХХК нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу зээлдэгчээс хэтэрсэн хугацааны хүүг тооцон авах эрхтэй тул уг мөнгийг үндсэн зээлээс хасч тооцох боломжгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Хариуцагчийн алдангид тооцон суутгасан 490,000 төгрөг нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэсэн хуулийн зохицуулалтад нийцэхгүй байх тул уг төлбөрийг нэхэмжлэгчид буцаан олгох үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 490,000 төгрөгийг хангаж, үлдэх 1,960,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв. 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч “****” ХХК-иас 490,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.М олгож, үлдэх 1,960,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “***” ХХК-иас 15,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ч.НЯМСҮРЭН