| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/01305/И |
| Дугаар | 184/ШШ2016/01192 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2016/01192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 6-р хороо, бага тойруу Чингис офиссын барилгын 2-р давхарт байрлах, “Проадд ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Проадд ББСБ” ХХК-ийн захирал Ч.Даваажамц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч Баатаржав овогтой Ариунболд нь манай “Проадд” ББСБ-тай 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2013/05/07 тоот зээлийн гэрээ байгуулан, 40 000 000 төгрөгийг 4,0 хувийн хүүтэй 6-н сарын хугацаатай зээлсэн юм. Зээлийг бид Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн байран дээрээ олгосон.
Зээлийн барьцаанд төрсөн эцэг Б.Баатаржавын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг 13-р хороо, 1-р хороолол, 11-р байр 389 тоот 40 м.кв талбайтай 2201026327 улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцыг итгэмжлэлээр барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэвч Б.Ариунболд нь өнөөг хүртэл зээлээ төлж барагдуулахгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаяг дээрээ оршин суудаг эсэх нь тодорхойгүй байна. Учир нь ДИХАШ 2-р шүүхээс хариуцагч нэхэмжлэлд заасан хаяг дээрээ оршн суудаггүй тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 4416 тоот захирамж гаргасан.
Б.Ариунболд нь шүүхээс оргон зайлж хуулийн цоорхойг ашиглан анхнаасаан зээл авах хүсэлт зориггүй, түүнийгээ эргэн төлөх бодолгүйгээр иргэний гэрээ хэлцлээр халхавчлан, хууран мэхэлж 40 000 000 төгрөг залилан авч биднийг хохироож байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ариунболдыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Проадд ББСБ” ХХК нь хариуцагч Б.Ариунболдыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Б.Ариунболд нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн 13-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШЗ2015/27944 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иймд “Проадд ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Ариунболдыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заажээ.
Нэхэмжлэгч “Проадд” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бямбацэрэн нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ЧП84042171 регистрийн дугаартай, эрэгтэй, Дэмбээ овогт Баатаржавын Ариунболдыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ