Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 886

 

 

 

 

 

 

 

 

   2019         11          18                                   2019/ШЦТ/886

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч С.Энхтуул,

  шүүгдэгч Ц.М  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Пантаг овгийн Ц.М ад холбогдох эрүүгийн 1911007641183 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Пантаг овгийн Ц.М , 1973 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, хамтран амьдрагч болон 4 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 10 дугаар гудамж 50 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ц.М  нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-42 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч Б.Сумъяагийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун болон зүүн нүдний дээд, доод зовхи, дух, хамрын нуруу, сарвууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 14/,

Хохирогч Б.Сумъяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...миний утас дуугараад цуг ажилладаг Отгоноо гэх эмэгтэйн нөхрийнх нь төрсөн өдөр болж байна 39-ийн замын урд талд байдаг караокед байна хүрээд ир гэж хэлэхээр нь би Мөнхбатын хамт тэр караокед ороод нэг нэг шил пиво нэг нэг хундага архи уусан бөгөөд манай ажилчид зун зугаалгаар явсан тухайгаа ярилцаад инээлдээд байж байтал нэг их удалгүй Мөнхбат чиний амралтын паянг мэдэхгүй биш инээлдлээ гээд уурлаад байсан тэгэхээр нь би хэрүүл хийх гээд байгаа юм бол би явлаа гэж хэлсэн чинь чи хүмүүсийн хажууд намайг доошоо хийлээ хувцсаа тайлаад суу гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би хүмүүсээс санаа зовоод хувцсаа тайлаад суусан тэгээд бид нар нэлээн ууж идээд сууж байгаад би нийлээн согтсон юм. Мөнхбат бид хоёр нэлээн уучихсан байсан болохоор энэ гэмтлүүдийг яаж учруулсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ эдгээр гэмтлийг Мөнхбат учруулсан. Миний санахаар миний нүүр хэсэгт л цохиод байсан. Өглөө босоод нүүрээ харахад 2 нүд хөхөрсөн хавдартай байсан...” гэх мэдүүлэг /хх 18-21/,

Гэрч Б.Эрдэнэбат нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр миний төрсөн өдөр болсон бөгөөд би тухайн өдөр 39 дүгээр сургуулийн ойролцоо байдаг караокед ажлын газрынхаа хүмүүсийг урьсан юм. Тухайн үед манайд ажилладаг Сумъяа гэдэг эгч нөхрийнхөө хамт хоцорч ирсэн бөгөөд ирэхээр нь нэг нэг шил пиво уулгаад мөн хоцорч ирсний торгууль гээд хэд хэдэн хундага архи өгсөн юм. Мөнхбат ах нь ирэхдээ бага зэрэг согтуу ирсэн бөгөөд анх ирэхдээ тэд хоорондоо муудалцсан шинжгүй байсан. Мөнхбат ах жоохон байж байгаад эхнэрээ янз бүрээр хэлээд янхан, гичий гэх мэтээр хэлж доромжлоод байсан юм. Тэгэхээр нь бид нар тэгж болохгүй гэсэн. Тэгээд би жоохон сууж байгаад Мөнхбат, Сумъяа нар явахаар болоод гаргаж өгөхөд Мөнхбат ах Сумъяа эгчийг зодох гээд дайраад байсан. Би Өсөхөөгийн хамт тайвшруулж байгаад таксинд суулгаж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх 24/,

Гэрч Ц.Өсөхжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Мөнхбат ах эхнэр Сумъяаг зодох гээд дайраад байсан бөгөөд би болон манай найз Батка бид хоёр түүнийг хорьж байгаад тайвшраад ирэхээр нь тэднийг таксинд суулгаж өгөөд буцаад орсон...” гэх мэдүүлэг /хх 25/,

Гэрч М.Оюунзул нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай аав Мөнхбат нь архи уусан үедээ жижиг сажиг зүйлээс болоод ямар нэгэн шалтаг гаргаад хэрүүл хийж эхэлдэг бөгөөд манай ээжийг байнга бусадтай хардаж, архи уусан үедээ ээжийг байнга ганц нэг удаа цохих эсвэл далайх гэх мэтээр хэрүүл өдөөд байдаг...” гэх мэдүүлэг /хх 26-27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №2701 дугаар дүгнэлтэд: “...Б.Сумъяагийн биед баруун болон зүүн нүдний дээд, доод зовхи, дух, хамрын нуруу, сарвууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийг үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх 34/, 

Шүүгдэгч Ц.М  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ:  “...Би өөрийн салсан эхнэр болох Б.Сумъяатай хамт толгой шулдаг ажил хийдэг бөгөөд хамтдаа ажилладаг Отгоноо гэх эмэгтэйн нөхөр Баткагийн төрсөн өдрийг тэмдэглэнэ гээд Сумъяа бид хоёрыг 39-н урд талын нэг караокед дуудсан юм. Ингээд би салсан эхнэр болох Сумъяагийн хамт орой ажлаа тараад 20 цагийн үед очсон бөгөөд уг караокед эхнэрийн хамт сууж байгаад нэг шил архи болон нэлээн хэдэн пиво ууж байгаад Сумъяа бид хоёр 23 цагийн үед гэр лүүгээ такси бариад явсан ба гэртээ очоод би өөрийн салсан эхнэр Сумъяатай яг ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй байна. Маргалдаад бие бие рүүгээ юм авч шидсэн бөгөөд би Сумъяагийн нүүр орчим газар нь 2-3 удаа цохиод авсан юм. Би Сумъяагийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 39-41/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 43/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний  өдрийн 300 дугаар  тогтоол /хх 98/, шүүгдэгч Ц.М ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 96/, хохирогч Б.Сумъяагийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 92/, хохирогч Б.Сумъяагийн гаргаж өгсөн хохиролын баримт /хх 59/, Дүүргийн Иргэний хэргийн Нэгдүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 4497 дугаар шийдвэрийн хуулбар /хх 64-66/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.М  нь 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-42 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн хамтран амьдрагч Б.Сумъяагийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь баруун болон зүүн нүдний дээд, доод зовхи, дух, хамрын нуруу, сарвууны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 14/, хохирогч Б.Сумъяагийн “...би хүмүүсээс санаа зовоод хувцсаа тайлаад суусан тэгээд бид нар нэлээн ууж идээд сууж байгаад би нийлээн согтсон юм. Мөнхбат бид хоёр нэлээн уучихсан байсан болохоор энэ гэмтлүүдийг яаж учруулсан талаар мэдэхгүй байна. Гэхдээ эдгээр гэмтлийг Мөнхбат учруулсан. Миний санахаар миний нүүр хэсэгт л цохиод байсан. Өглөө босоод нүүрээ харахад 2 нүд хөхөрсөн хавдартай байсан...” гэх мэдүүлэг /хх 18-21/, гэрч Б.Эрдэнэбатын “...Мөнхбат ах жоохон байж байгаад эхнэрээ янз бүрээр хэлээд янхан, гичий гэх мэтээр хэлж доромжлоод байсан юм. Тэгэхээр нь бид нар тэгж болохгүй гэсэн. Тэгээд би жоохон сууж байгаад Мөнхбат, Сумъяа нар явахаар болоод гаргаж өгөхөд Мөнхбат ах Сумъяа эгчийг зодох гээд дайраад байсан. Би Өсөхөөгийн хамт тайвшруулж байгаад таксинд суулгаж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх 24/, гэрч Ц.Өсөхжаргалын “...Мөнхбат ах эхнэр Сумъяаг зодох гээд дайраад байсан бөгөөд би болон манай найз Батка бид хоёр түүнийг хорьж байгаад тайвшраад ирэхээр нь тэднийг таксинд суулгаж өгөөд буцаад орсон...” гэх мэдүүлэг /хх 25/, гэрч М.Оюунзулын “...Манай аав Мөнхбат нь архи уусан үедээ жижиг сажиг зүйлээс болоод ямар нэгэн шалтаг гаргаад хэрүүл хийж эхэлдэг бөгөөд манай ээжийг байнга бусадтай хардаж, архи уусан үедээ ээжийг байнга ганц нэг удаа цохих эсвэл далайх гэх мэтээр хэрүүл өдөөд байдаг...” гэх мэдүүлэг /хх 26-27/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №2701 дугаар дүгнэлт /хх 34/, шүүгдэгч Ц.М ын “...Сумъяатай яг ямар шалтгааны улмаас маргалдсан талаар мэдэхгүй байна. Маргалдаад бие бие рүүгээ юм авч шидсэн бөгөөд би Сумъяагийн нүүр орчим газар нь 2-3 удаа цохиод авсан юм. Би Сумъяагийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 39-41/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Б.Сумъяа нь “...надад гомдол, санал, хохирлын талаар маргаан байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Ц.М  нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Ц.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М ад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Ц.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Пантаг овгийн Ц.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М ад 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Ц.М  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН