Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1898

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Чимгээгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00649 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Чимгээгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох

 

Тэтгэмжийн 4 435 469 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ононгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Чимгээ миний бие Автобус нэг ОНӨААТҮГ-ын захирлын 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 66 тоот тушаалаар Чингэлтэй бригадад кондуктороор ажилд орсон. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын захирлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/1842 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус байгууллагад тасралтгүй 6 жил 2 сар ажилласан. 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Автобус нэг ОНӨААТҮГ-ын захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд оруулах Нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар 6 сарын тэтгэмж авах байтал надад нэг сарын тэтгэмж олгож миний эрхийг зөрчсөн. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын ҮЭХ-оос хөдөлмөрийн маргаан таслах комисс ажилладаггүй талаарх баримтыг хавсаргаж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хамтын гэрээнд заасан тэтгэмжийг авна гэж зааснаар хамтын гэрээний 8 дугаар зүйлийн 8.5-д зааснаар 9 сарын тэтгэмж авахаар зохицуулсан байна. Гэтэл нэг сарын тэтгэмж болох 555 443 төгрөгийг олгосон, үлдэх 8 сарын тэтгэмж болох 4 435 469 төгрөгийг өгөхгүй хохироож байгаа тул уг 8 сарын тэтгэмж болох 4 435 469 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч гаргасан шүүхэд тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Чимэгээ нь Автобус-1 дүгээр баазад 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 66 тушаалаар кондуктороор ажилд орж байгаад Захирлын 2015 оны 10 дугаар сарын 15-ны Б/1518 тоот тушаалаар 2 дугаар баазад шилжин ажилласан. 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/1842 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон ажлаас чөлөөлөгдсөн. 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/310 тоот тушаалаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 554 433 төгрөг олгосон. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь Нэгтгэлийн ҮЭХ, Автобус-1 дүгээр баазын ҮЭХ, Автобус-2 дугаар баазын ҮЭХ, Автобус-3 дугаар баазын ҮЭХ гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т зааснаар манай байгууллага 3 хамтын гэрээ мөрдөж ажиллах хууль зүйн боломжгүй.

Нэхэмжлэгч Ч.Чимэгээ нь 2 дугаар баазаас тэтгэвэрт гарсан. Хуучнаар Цахилгаан тээвэр компани буюу одоогийн нэгтгэлийн 2 дугаар баазын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн 2012-2014 онд байгуулсан хамтын гэрээ нь 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөөд 2014 оны 5 дугаар 09-ний өдөр хүчингүй болсон хамтын гэрээ юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэн хамтын гэрээ нь Автобус-1 ОНӨААТҮГ болон ҮЭХ-ны хооронд байгуулагдсан. 2 дугаар баазын ажилчдад хамаарахгүй. Автобус-1 нь НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдаад 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ байгуулагдсан. Автобус-1, Автобус-3, Цахилгаан тээвэр компаниуд татан буугдсан учраас тус тусын гэрээг мөрдөж ажиллахгүй учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуй нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах, өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, эсвэл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Хамтын гэрээг хэвээр нь мөрдөе нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээ хийгдэж 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 1 албан тоотоод ҮЭХорооноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан тоотоор ҮЭХорооноос захиргаанд шинэ хамтын гэрээ байгуулах тухай албан бичиг ирж 2015 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр 117 тоотоор захиргаанаас хамтын гэрээ байгуулах төлөөллийг томилон хамтын гэрээний төсөл хүргүүлж ажиллаж байна. Иймд хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 4 435 464 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Чимгээд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 85 917 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй. ...Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Ц.Чимгээ нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т холбогдуулан 8 сарын тэтгэмжид 4 435 464 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Автобус-1” ОНӨҮГазар татан буугдсан тул хамтын гэрээг дагаж мөрдөхгүй, нэхэмжлэгч Автобус-2 дугаар баазаас тэтгэвэрт гарсан учраас “Автобус-1” ОНӨҮГазрын хамтын гэрээ хамаарахгүй, хариуцагч байгууллага нэхэмжлэгчид 1 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 554 433 төгрөгийг олгосон гэж маргажээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Ц.Чимгээ нь Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн “Автобус нэг” компаний захирлын 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 66 тоот тушаалаар Чингэлтэй бригадад кондуктороор ажилд орж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тул “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/842 дугаар тушаалаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд хариуцагч байгууллагын захирлын 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б/310 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож Ц.Чимгээд 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний буюу 554 433 төгрөгийн тэтгэмж олгосон үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

      /хэргийн 5-6 дугаар тал/

 

“Автобус нэг” ОНӨҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д Өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтан ажлаас гарахад байгууллагад тасралтгүй ажилласан жилээс нь хамааруулан доорх хэмжээгээр тэтгэмж олгоно гэж, 6-10 жил ажилласан бол 9 сарын тэтгэмж олгохоор тохиролцсон байхад нэхэмжлэгч Ц.Чимгээд 1 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн болох нь хэргийн 7-11 дүгээр талд авагдсан Хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтөөр нотлогдож байна.

 

            Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 132 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Автобус нэг” ОНӨҮГ-ыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т нэгтгэгдсэн нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн А/778 дугаар захирамжийн 1-д зааснаар нотлогдсон, мөн “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүсгэн байгуулахаар 132 дугаар тогтоолд заасан байх тул “Автобус нэг” ОНӨҮГ-ын эрх, үүрэг, эд хөрөнгө, хариуцлагыг хариуцагч эрх залгамжлан авсан тул Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар хамтын гэрээнд заасан эрх, үүрэг хариуцагчид шилжсэн гэж үзнэ. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгч Ц.Чимгээг “Автобус-2” баазад ажиллаж байсан гэж мэтгэлцсэн боловч түүнтэй холбоотой нотолсон баримтгүй, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 8/1518 дугаар тушаалаар Ц.Чимгээг нэгдүгээр баазаас хоёрдугаар бааз руу шилжүүлсэн тул “Автобус нэг” ОНӨҮГазар болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан хамтын гэрээ 2 дугаар баазын ажилчдад хамаарахгүй гэж маргасан боловч хэргийн 23 дугаар талд авагдсан уг тушаалд Ц.Чимгээгийн нэр байхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 угаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбараа нотолж чадаагүй болно.

 

Нэхэмжлэгч Ц.Чимгээ нь хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас өндөр насны тэтгэвэрт гарсан тул түүнд хамтын гэрээний дагуу 9 сарын тэтгэмж шаардах эрх үүссэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байснаас хойш гурван сарын дотор гомдлоо гаргах хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан нь хуульд нийцжээ.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас 4 435 464 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Чимгээд олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Чимгээ нь Автобус нэгдүгээр баазад ажиллаж байгаад Автобус хоёрдугаар баазад шилжин ажилласан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00649 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85 917 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                      ШҮҮГЧИД                                         Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ