Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 558

 

Н.Энхбаатар, Н.Буянбаатар,  Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа, Б.Баттулга нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Жаргал,

ялтан Н.Энхбаатар /цахим сүлжээгээр/,

ялтан Н.Энхбаатар, Н.Буянбаатар нарын өмгөөлөгч Г.Тунгалаг, Д.Баттулга,

ялтан Г.Түмэнжаргал /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

ялтан Д.Амарсанаагийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

ялтан Б.Баттулгын өмгөөлөгч Л.Жавзмаа,

хохирогч Г.Сунравын өмгөөлөгч Д.Нармандах,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Золжаргал, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Н.Энхбаатар, ялтан Н.Буянбаатар, тэдний өмгөөлөгч Г.Тунгалаг, Д.Баттулга, ялтан Г.Түмэнжаргал, ялтан Д.Амарсанаагийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, ялтан Б.Баттулга, түүний өмгөөлөгч Л.Жавзмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Н.Энхбаатар, Н.Буянбаатар, Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа, Б.Баттулга нарт холбогдох 2014260004901 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Бэрсүүд овогт Нарантуяагийн Энхбаатар, 1989 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Геологич мэргэжилтэй, “Гор газ” ХХК-нд борлуулагчаар ажилладаг, ам бүл 5, ээж, ах, бэр эгч, тэдний хүүхэд нарын хамт /Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг, Цагаанчулуут 47 дугаар гудамжны 11 тоотод оршин суух бүртгэлтэй/, одоо Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 103-34 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: РЮ89042477/,

2. Бэрсүүд овогт Нарантуяагийн Буянбаатар, 1982 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Биеийн тамирын багш мэргэжилтэй, “Гор газ” ХХК-нд борлуулагчаар ажилладаг, ам бүл 5, ээж, дүү, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны 103-34 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: РЮ82041276/,

3. Шарнууд овогт Гомбосүрэнгийн Түмэнжаргал, 1982 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг, 14 дүгээр гудамжны 10а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: РЭ82082273/,

4. Бичээч овогт Дэмбэрэлийн Амарсанаа, 1982 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, Баян-Очир багийн задгай тоотод оршин суух, ял шийтгэлгүй,  /регистрийн дугаар: РГ82112616/,

5. Цагаан адуу овогт Борын Баттулга, 1974 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Булган аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, “Эко констракшн” ХХК-д арматурчинаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт /Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, го-парк Энхтайваны өргөн чөлөө гудамжны 107 дугаар байрны 112 тоотод оршин суух бүртгэлтэй/, одоо Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 05-98 тоот айлын хашаанд түр оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ГЮ74100111/,

1. Н.Энхбаатар, Н.Буянбаатар нар нь бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 23-24 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П” хэлбэрийн 101-103 дугаар байрны буюу “Тэмүүлэл” хотхоны гадна талбайд танхайн сэдэлтээр буюу үл ялих зүйлээр шалтаглан Н.Буянбаатар нь Г.Баянжаргалын нүүрэн тус газарт нь цохиж унагааж, газарт унасан Г.Баянжаргалын толгойн тус газарт Н.Энхбаатар өшиглөж, бүлэглэсэн үйлдлээр Г.Баянжаргалын бие махбодид гавал тархины хүнд гэмтэл учруулж санаатай алсан,

2. Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 23-24 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “П” хэлбэрийн 101-103 дугаар байрны буюу “Тэмүүлэл” хотхоны гадна талбайд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Ц.Алтанцэцэг, Г.Сунрав, Г.Баяржаргал нартай хэрүүл маргаан үүсгэн үл ялих зүйлээр шалтаглан Г.Түмэнжаргал нь Г.Сунравын нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулах, Д.Амарсанаа нь Г.Баяржаргалын нүүрэн тус газарт нь цохих зэргээр илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан,

3. Б.Баттулга нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “...цагаан машинаас нэг залуу бууж ирээд талийгаачийг цохиод авсан.” гэж гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Н.Энхбаатар, Н.Буянбаатар нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар, Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, Б.Баттулгад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Баянгол дүүргийн Прокурорын газраас Н.Буянбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1,181.2.5 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж,

Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11 дэх хэсэгт заасан “хүнийг санаатай алах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэх үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Бэрсүүд овогт Нарантуяагийн Буянбаатарыг бүлэглэж, догшин авирлаж танхайрах гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Бэрсүүд овогт Нарантуяагийн Энхбаатарыг хүнийг танхайн сэдэлтээр санаатай алах гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Бичээч овогт Дэмбэрэлийн Амарсанаа, Шарнууд овогт Гомбосүрэнгийн Түмэнжаргал нарыг бүлэглэн, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Цагаан адуу овогт Борын Баттулгыг шүүхэд гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Н.Энхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Буянбаатарт 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал нарт тус бүр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Буянбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жил хорих ялыг тус тус хасч, шүүгдэгч Н.Буянбаатарын биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал нарын биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 1 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоож,

Н.Энхбаатарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Н.Буянбаатар, Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал, Б.Баттулга нарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж,

Н.Энхбаатарын 248 хоног, Н.Буянбаатарын 465 хоног, Д.Амарсанаагийн 134 хоног, Г.Түмэнжаргалын 160 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Б.Баттулга энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

Н.Буянбаатар, Д.Амарсанаа, Б.Баттулга нар бусдад төлөх төлбөргүй бөгөөд хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Н.Энхбаатараас 5.503.252 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Золжаргалд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Г.Түмэнжаргалаас 232.800 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Сунравт олгож,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Золжаргал холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Н.Энхбаатараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хохирогч Г.Сунраваас өмгөөллийн хөлсөнд 500.000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн амь хохирогчийн 1 ширхэг куртик, 1 ширхэг өмд, хос пүүз 1, 1 хос оймс, 1 ширхэг ноосон цамц, 1 ширхэг подволкыг хүсэлтийн дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Золжаргалд өгч, сиди бичлэг 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

Д.Амарсанаа, Г.Түмэмжаргал, Б.Баттулга нарт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж тэдгээрийн эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан Б.Баттулга гаргасан давж заалдах гомдолдоо: “...2014 оны 10 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчимд орцны үүдний шатан дээр зогсож байтал автомашинаас Бат-Эрдэнэ гэх залуу бууж ирээд Баяржаргалыг цохисон. Тэгэхэд Баяржаргал хойшоо саваад унасан. Тухайн хэрэг болоход Батбаяр сандал дээр сууж байсан. Батбаяр нь болсон бүх зүйлийг харж байсан. Бүх үнэн бодит болсон, тухайн үеийн үнэн бол энэ юм. Гэтэл миний эрх зүйн байдлыг дордуулж, миний мөрөөрөө, хүнд гэмгүй, даруу, дуугүй, томоотой байдлыг ашиглан намайг хэлмэгдүүлж хохироож байгаад гомдолтой байна. Би иргэн хүний хувьд болсон зүйлсийг үнэнээр нь хэлсэн. Энд хоригдоход бие муу, сүрьеэ өвчтэй, уушиг устаж, амьсгалахад хэцүү, сэтгэл санаа хүнд байдалд, бие муу байна. Энэ бүх зүйлийг харж нягтлан анхаарч үзэн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Мөн эндээс гарч эмчлүүлэх шаардлагатай байгааг харгалзан үзнэ үү.” гэжээ.

Ялтан Н.Буянбаатар гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь нотлох баримтад тулгуурлаагүй гэж үзсэн байна. Дан ганц Алтанцэцэгийн мэдүүлгийг ач холбогдол болгон үнэлсэн нь учир дутагдалтай байна. Алтанцэцэг нь намайг ганцаараа хохирогч Баянжаргалыг цохисон гэж гүтгэдэг. Харин бусад гэрчүүд болох Алтантүлхүүр, Баасанжав, Баттулга, Түмэнжаргал, Амарсанаа нар намайг хохирогч Баянжаргалыг цохиогүй болохыг баталж гэрчилдэг. Харин би хэрэлдэж муудалцсан хүмүүсийг салгаснаас өөрөөр ямар ч оролцоо байхгүй юм. Алтанцэцэг нь тухайн үед 6-7 шил архи уусан байсан. Ийм хэмжээний согтолттой хүн хүнийг зөв таньж чадах нь эргэлзээтэй байна. Мөн Алтанцэцэг нь биднийг андууран цохисон, зодсон хүмүүстэй андуурч гүтгэж байгаа нь өгсөн мэдүүлгээс нь тодорхой харагддаг. Бидний буруугүйг нотлох камерийн бичлэг нь тухайн үед байсан цагдаагийн газраас авч явсан байдаг боловч хэрэгт ямар ч хамааралгүй бичлэг хавтаст хэрэгт хавсаргасан нь ойлгомжгүй байна. Цагаан өнгийн автомашинтай хүнтэй хохирогч муудалцан зодолдсон талаар гэрч нар бүгд мэдүүлсэн байдаг. Гэвч энэ талаар ямарч шалгах ажиллагаа явуулаагүй юм. Хохирогч Сунрав нь анх мөрдөн байцаалт өгөхдөө юу ч санахгүй, юу ч мэдэхгүй байна гэж мэдүүлэг өгсөн байдаг мөртлөө найз Алтанцэцэгтэй уулзсанаас хойш түүний ярьсанаар биднийг цохисон, зодсон гэж худал мэдүүлэг өгч байгаа юм. Мөрдөн байцаагч ахлах дэслэгч Амарзаяа нь хэт нэг талыг барьж үнэн, худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан боловч шалгаж өгөөгүй нь ойлгомжгүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэжээ.

Ялтан Г.Түмэнжаргал гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэргийн гэрч Ц.Алтанцэцэг, хохирогч Г.Сунрав, үл таних цагаан автомашин зэргийг мөрдөн байцаалтаар дахин шалгуулах хүсэлтэй байна.

1. Ц.Алтанцэцэг нь уг хэргийн мөрдөн байцалтын шатанд зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Ц.Алтанцэцэг нь Н.Энхбаатарыг огт хараагүй, танихгүй байж мэддэг, таньдаг мэтээр ярьсан. Мөн “миний бие Түмэнжаргалтай 2013 онд Хөвсгөл аймагт 1 жил үерхэж, амьдарч байсан” гэж худал ярьсан. Уг хэрэг гардаг орой 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Тэмүүлэл хотхоны саравчинд Амарсанаа, Алтантүлхүүр, Баасанжав миний бие Түмэнжаргал нартай хамт 2 шил архи уусан гэж худал ярьсан байдаг.

2. Г.Сунрав, Ц.Алтанцэцэг хоёр нь талийгаач найз Баянжаргалыг зодуулсан байдалтай байхад нь гэрт нь хүргэж өгнө гээд байрны буланд суулгаад хаяад явсан байдаг. Найзыгаа гэрт нь хүргэж өгөөгүй, мөн түргэн тусламж, цагдаа дуудаагүй, анхан шатны тусламж үзүүлээгүй хаяад явсан. 2014 оны 10 дугаар сарын 10-ны шөнө Амарсанаа бид хоёрын хөлсөлдөг байшинд Г.Сунрав, Ц.Алтанцэцэг нар хүрч ирээд Баянжаргал найзыгаа гэрт нь хүргэж өгөөд ирлээ гэж хэлсэн. “Найзыг чинь хэн зодсон юм бэ” гэхэд “танихгүй 2-3 хүн зодсон. Харвал танина, Тэмүүлэл хотхонд байдаг юм шиг байна лээ” гэж хэлсэн. 2014 оны 10 дугаар сарын 11-ний үүрээр Гэмтэл согог судлалтын үндэсний төвийн түргэн тусламжийн эмч Н.Алтансар талийгаач Баянжаргалаас “хэнд зодуулсан юм бэ” гэж асуухад “найздаа зодуулсан юм цагдаад мэдэгдээд хэрэггүй” гэж хэлсэн байсан.

3. Г.Сунрав, Ц.Алтанцэцэг нар нь талийгаач Баянжаргалыг цагаан өнгийн “Тоёота Приус” загварын автомашинаас 2-3 хүн бууж ирээд зодсон гэж ярьдаг. Гэрч Баасанжав, Алтантүлхүүр, Баттулга нар нь цагаан автомашинтай хүнтэй Г.Сунрав, Г.Баянжаргал хоёр маргалдаж байхыг харсан байдаг. Мөн Н.Энхбаатар “Тэмүүлэл” хотхонд 4 дүгээр давхарт байх гэрийнхээ тагтан дээрээс цагаан автомашинтай хүнтэй Г.Сунрав, Г.Баянжаргал нарыг маргалдаж, зодолдож байхыг харсан байсан. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

Ялтан Н.Энхбаатар гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй гэж үзэж байна. Гэрч Алтанцэцэгийн мэдүүлэгт тулгуурлан намайг танхайн сэдэлтээр талийгаачийг алсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр миний бие 21 цагийн үед ажил тараад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Тэмүүлэл” хотхонд өөрийн гэрт амарч байсан бөгөөд тухайн өдрийн хэрэг явдлыг тагтнаас харж гагцхүү харсанаа үнэнээр мэдүүлсэн байхад намайг гарч ирэн танхайн сэдэлтээр хүн алсан гэж үзэж болохгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Баасанжав, Алтантүлхүүр, Буянбаатар, Амарсанаа, Түмэнжаргал нар гэрээс гарч ирээгүй гэдгийг, мөн гэрч Баттулга, хохирогч Сунрав нар ч нотолдог. Эдгээр гэрч нарын мэдүүлгийг анхан шатны шүүх авч хэлэлцээгүй нь хууль бус байна. Гэрч Алтанцэцэгийн мэдүүлэгт тухайн хэрэгт улаан кепген малгайтай танихгүй хүн зодсон гэж мэдүүлсэн мөртлөө намайг сэжигтнээр татсан өдрөөс Энхбаатар өшиглөсөн би таньдаг Амарсанаагийн гэрт газ авч ирж өгсөн зэргээр худал мэдүүлэг өгсөн байдаг. Учир нь би улаан кепген малгай өмсдөггүй, газ хүргэж өгөөгүй гэдгийг гэрч Ган-Оргил, Амарсанаа нарын мэдүүлгээр нотлогддог. Ийм байхад гэрч гэх Алтанцэцэг нь намайг таньдаг ямарч боломж байхгүй бөгөөд шууд намайг гэж үзэх боломжгүй юм. Анх намайг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажил дээр очиход цагдаа нар Амарсанааг асууж ирсэн байсан чиний утсаар ярьсан байна, хаана байна, чи дуудаад өг, хэлтэс дээр очиж хэдэн зүйл тодруулна гэж авч явсан. Энэ үед Алтанцэцэг гэх эмэгтэй намайг анх хараад танидаг болсон. Тухайн өдөр хэрэг учрал болоход цагаан автомашинтай хүн талийгаачийг цохисон үйлдлийг гэрч Баттулга, гэрч Алтанцэцэг нар нотолдог. Мөн дээр нь өмнөх шийтгэх тогтоолд прокурор Жаргал “цагаан өнгийн автомашин байх нь байгаа” гэж өөрөө хүлээн зөвшөөрсөн атлаа энэ талаар шалгаагүй, харин цагаан автомашин байхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймээс дээрхээс дүгнэхэд Н.Энхбаатар миний бие гэрээсээ огт гараагүй байж бусдыг танхайн сэдэлтээр алсан байх ямар ч боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.

Ялтан Н.Энхбаатар, Н.Буянбаатар нарын өмгөөлөгч Г.Тунгалаг гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шинэ хуульд тухайн хэрэгт бүрдсэн нотлох баримтын хүрээнд тухайн этгээд нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй байвал цагаатгах тогтоол анхан шатны шүүх гаргаж болохоор, давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын шийтгэсэн заалтуудаа хүчингүй болгох зэргээр цагаатгах заалт, өөрчлөлт оруулж болохоор эрх хэмжээ нээгдсэн гэж үзээд ийм агууллагатай хүсэлтээ гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Н.Энхбаатарыг хүн амины гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасанчлан танхайн сэдэлтэйгээр бусдын амь насанд халдаж амь хохироосон гэх гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж ял шийтгэсэн заалтыг хүчингүй болгож өөрчлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд Н.Энхбаатарын энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хөтөлбөргүй, эргэлзээгүй, бодитой тал бүрээсээ бүрэн нотлогдоогүй. Хуучин хуульд нийцүүлсэн буцаах утгатай гомдлын үндэслэлд ийм ийм ажиллагаа явуулж болно дурдсан байгаа. Эдгээр ажиллагаануудыг явуулж хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлээ гээд Н.Энхбаатарыг яллах нотлох баримтууд орж ирж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Шинэ хуулиар өмгөөлөгч хэргийн талаар өөрийн үзэл баримтлалыг дүгнэлт хэлбэрээр шүүхэд мэдүүлж болно гэсэн. Улсын дээд шүүхээс хэргийг буцааснаас хойш нилээд ажиллагаануудыг явуулсан хэдий ч тэдгээр шинэчилсэн мөрдөн байцаалтын ажиллагаагаар Н.Энхбаатарыг буруутай гэх үндэслэл хангалттай нотлогдож орж ирээгүй. Ганцхан Б.Баттулгийг тодорхой үндэслэлгүйгээр та буруу ярьж байна гэж хэрэгт татсанаас өөрөөр энэ хэрэгт ажиллагаа хийгдээгүй. Үүнтэй холбоотойгоор Н.Энхбаатарыг хэргийн газар байсан, бусдыг алсан гэж ганцхан Ц.Алтанцэцэг ярьдаг. Ц.Алтанцэцэгийн мэдүүлэг өөрөө тухайн хэргийн газар байсан гэх Г.Сунрав гэх гэрч, хохирогч, С.Энхтайван гэрчээр асуугдсан хохирогчоор тогтоогдвол зохих этгээд, Х.Уртнасан гэх хөндлөнгийн иргэн, Б.Батбаяр хөндлөнгийн гэрч иргэдийн мэдүүлгээр Ц.Алтанцэцэгийн мэдүүлэг нотлогдохгүй байна. Ц.Алтанцэцэгээс өөр хэн ч Н.Энхбаатарыг хараагүй. Энэ тохиолдолд Ц.Алтанцэцэгийн мэдүүлгийг ганцхан үндэслэж, түүнийг туйлын үнэн хөтөлбөргүй зүйл гэж үндэслэж иргэнийг ял шийтгэж болохгүй гэж үзэж байна. Ц.Алтанцэцэгийн мэдүүлэг өөрөө мэдүүлгүүд нь дотроо зөрчилдөөнтэй. Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүмжлэхэд цагаан автомашин байгаагүй байна. Тэгэхээр цагаан автомашинтай хүн гэж байхгүй. Үүнийг Ц.Алтанцэцэгийн мэдүүлэг ганцаараа баталгаажуулж байна гэсэн утгатай дүгнэлт гарсан. Гэтэл Ц.Алтанцэцэг нь өөрөө цагаан автомашин байсан. Цагаан автомашинтай хүн орж ирсэн. Зам дээр Г.Баянжаргал, Г.Сунрав нар автомашинтай хүнтэй замаас холд, гар гэх мэтээр маргалдаж байхыг би харсан гэдэг мэдүүлгийг нь шийтгэх тогтоолын 13 дугаар талд иш татаад бичсэн байсан. Тэгсэн атлаа Ц.Алтанцэцэгийн цагаан автомашины талаар огт яриагүй гэж шүүх яаж дүгнээд байгаа нь ойлгомжгүй. Энэ эргэлзээтэй ганцхан гэрчийн мэдүүлгийг үндэслээд яллаж болохгүй. Ц.Алтанцэцэг ямар шалтгаанаар хүн гүтгэж мэдүүлэг өгөөд байгаа болон энэ гэмт хэргийг хэн үйлдсэн байж болох амь хохирогч амь насыг хэн хохироосон байж болох гэх мэт асуудлыг тодруулах нэмэлт шалгалтын ажиллагаа хийх бүрэн үндэслэл хангалттай баримт байгаа. Шинэчилсэн байцаалтын ажиллагааны үед мөрдөн байцаах алба, прокурорт удаа дараа хүсэлтүүд гаргасан. Мөрдөн байцаагч хошууч Уртнасан юу ч хийхгүй гэдэг тухайгаа өөрөө мэдэгдсэн. Би юу ч хийхгүй” гээд ажиллагаа явуулаагүй. Тогтоох ёстой байгууллагаар ажиллагаагаа явуулахгүй байхад бид нар заавал хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж өгөөч гэж хүсэлт гаргах шаардлагагүй байх гэдэг дүгнэлтэд хүрч байна. Ингээд хэргийн нотлох баримтын хүрээнд миний үйлчлүүлэгч буруутай болох нь тогтоогдохгүй байгаа учраас түүнийг цагаатгах заалт оруулж өгнө үү.” гэв.

Ялтан Н.Энхбаатар, Н.Буянбаатар нарын өмгөөлөгч Д.Баттулга гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.Буянбаатартай холбоотой асуудалд мөн адил Н.Энхбаатартай адил саналтай байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар оролцож байна. Н.Буянбаатарыг догшин авирлаж, танхайрсан гэж үзсэн. Н.Буянбаатарын хувьд хэргийг авч үзэхэд зөвхөн Ц.Алтанцэцэгийг мэдүүлгийг үндэслэж ийм байдлаар шийтгэх тогтоолд тусгагддаг. Тухайлбал хавтаст хэрэгт тусгагдсан зүйлээс харахад Н.Буянбаатар 2 найзынхаа хамт гарч ирээд цохиод унагаасан мэтээр тайлбарладаг. Гэтэл бусад хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс харахад ийм зүйл болоогүй гэдэг нь харагддаг. Тодруулбал хэрэгт яригдаад байгаа 2 найз гэдэг нь түүний 1 нутгийн 2 найз гэрт нь ороогүй байдаг. Гэтэл тэр 2 хүнийг Б.Баттулгын гэрт нь оруулсан мэтээр гаргаж ирж шүүх дүгнээд байгаа нь учир дутагдалтай. Мөн тухайн хэрэгт байгаа Н.Буянбаатарыг гэрээс нь дуудан гаргаж ирж байгаа хүнийг Амарсанаа байсан гэдэг байдлаар дүгнэсэн. Энэ бас биш байсан. Харин Түмэнжаргал дуудаж гаргаж ирсэн. Цохьсон гэдэгт хохирогч Г.Сунравын мэдүүлгийг үндэслэдэг. Г.Сунравын гэрч хохирогчоор өгсөн мэдүүлгээс харахад эхний үйлдлээ санадаггүй. Явцын дунд өгсөн 2 мэдүүлгийг нь харахад 2 өөр мэдүүлэг өгдөг. Амь хохирогчийг автомашин зам дээр тухайн залуучуудтай маргалдаад байсан. Би болцгооё гэж хэлсэн мэтээр тайлбарладаг. Сүүлдээ тарган, бүдүүн залуутай Ц.Алтанцэцэг муудалцаад байсан гэж тайлбарладаг. Яг шууд Г.Сунрав, Ц.Алтанцэцэг нарын хэлж байгаагаар Н.Буянбаатарыг цохьсон гэдэг байдлаар дүгнэхэд шууд зааж гэрчлээгүй. Шийтгэх тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй. Н.Буянбаатарыг хэнтэй, хэний эсрэг бүлэглэж, догшин авирлаж танхайрсан гэдэг зүйл шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгагдаагүй учраас учир дутагдалтай. Энэ үндэслэл, давж заалдах гомдлуудын хүрээнд энэ асуудал тогтоогдохгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Ялтан Б.Баттулгын өмгөөлөгч Л.Жавзмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хууль өөрчлөгдсөн ч гэсэн шийтгэх тогтоолд гэмт хэрэг гарсан, гараагүй асуудлаар хийсэн шүүхийн дүгнэлт тэр гарсан асуудлыг энэ хуулиар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүх “шүүгдэгч Б.Баттулга нь шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө цагаан автомашинаас нэг залуу бууж ирээд талийгаачийг цохиод авсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн. Хэргийг мөрдөн байцаалтад буцаасан үеэс эхлээд Б.Баттулгыг сэжигтнээр татсан. Ямар ажиллагаа хийсэн бэ гэж үзэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг судалж тогтоогоогүй байна. Учир нь анхан шатны шүүх хуралдаанд Б.Баттулгын хэлсэн мэдүүлэг нь өмнө хууль сануулаад гэрчээр байцаасан мэдүүлэгтэй зөрсөн хэдий боловч энэ асуудлыг шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлгээс өөр мэдүүлэг өгсөн гэдэг байдлаар буцаасан. Үүнийг үндэслэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Ингэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байна уу гэдэг талаар огт хянаагүй, сэжигтнээр татаж байцаалт аваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна гэж үзсэн. Шүүх мэдүүлэг нь яагаад худлаа байна гэж үзсэн гэхээр хавтаст хэрэгт хэд хэдэн гэрчийн мэдүүлэгт Б.Батбаярын мэдүүлэгт “цагаан автомашин байсан. Цээж нүцгэн хүн автомашины гэрэлд орилоод явж байсан”, Г.Сунравын мэдүүлэгт “гэрэл асаасан автомашин байсан”, гэрч Д.Баасанжавын мэдүүлэгт “орц руу орж байхад цагаан автомашин ирсэн”, гэрч П.Алтантүлхүүрийн мэдүүлэгт “зам дээр зогссон автомашины араас хүн бууж ирсэн” гэдэг. Энэ нөхцөл байдлуудыг яагаад шүүх үнэлэхгүй байна вэ. Гэрч Ц.Алтанцэцэгийн “...би Сунравыг тайвшруулах зорилгоор цагаан автомашинтай хүмүүс цохисон гэж худлаа зохиож ярьсан” гэдэг. Ц.Алтанцэцэг, Г.Сунрав нар цагаан автомашины тухай ярьж байхад Б.Баттулга хажууд нь байгаагүй, мэдэх боломжгүй. Хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдээгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг биш вэ гэвэл Хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан ажиллагаа хийгдээгүй. Жишээ нь гэмт хэргийн бүрэлдэхүүн байх ёстой. Объектив, субъектив тал нь нотлогдож тогтоогдоогүй байхад Б.Баттулгад ял оногдуулсан. Шүүх шууд санаатай хэлбэр гэж үздэг. Субъектив талын санаа шууд санаатай байлаа гэж үзэхэд энэ хүн ямар хор уршиг үр дагавар үүсгэсэн бэ. Гэмт хэрэг гэдэг нь заавал хор уршиг үр дагавартай байх ёстой. Ямар нэгэн зорилго тогтоогдоогүй. Хор уршиг үр дагавар хүргэхийн тулд энэ бүх бодол зорилгоо өөрөө хүсэж энэ бодлоороо мэдүүлэг өгсөн байх ёстой байтал энэ байдал тогтоогдоогүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив, субъектив тал нь нотлогдож тогтоогдоогүй учраас энэ зүйл ангийн гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Б.Баттулга нь хувийн байдал, эрүүл мэндийн хувьд хүнд өвчтэй талаар мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 318 дугаар зүйлийн 318.2.2 дахь хэсэгт заасан ажиллагаа огт хийгдээгүй ба өнөөдрийн байдлаар хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт өвчний учир хэвтэн эмчлүүлж цаашид хорих ялыг биечлэн эдэлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна. Гэтэл шүүх ял хариуцлага оногдуулахдаа “...ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв” гэж дүгнэсэн нь дээрх нөхцөл байдалтай нийцэхгүй байна. Иймд Б.Баттулгад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Ялтан Г.Түмэнжаргалын өмгөөлөгч Б.Долгорсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Түмэнжаргалын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Г.Түмэнжаргалын хууль ёсны эрх ашгийг хамгаалж байгаа үүднээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Ялтан Д.Амарсанаагийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

Хохирогч Г.Сунравын өмгөөлөгч Д.Нармандах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтнуудын үйлдэл нь хангалттай нотлогдсон. Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчигдсөн асуудал байхгүй. Энэ хэрэгт анхнаас нь өмгөөлөгчөөр оролцож байна. Өмнөх шүүхийн хэлэлцүүлгүүдээр Г.Сунравын дайрч давшилсан, хүн амины хэрэгт холбогдуулан гүтгэх шинжтэй үйлдлүүдийг ярьж байсан. Г.Сунрав агсам согтуу тавиад байсан гэж хэлдэг. Хүн агсан согтуу тавих тохиолдол байдаг. Энэ нь Захиргааны зөрчил байх талтай. Түүнээс биш агсам тавьсан хүн нь хүн алсан гэсэн үг биш. Г.Сунрав шүүх хуралдаанд хохирогчийн статустай оролцож байгаа. Зодоон болсон уу эсхүл ялтан нар хүн амины хэрэгт холбоогүй мэтээр яриад байна. Зодоон болох явцад Г.Сунрав хөнгөн гэмтэл авсан. Үүний улмаас 232.000 төгрөгийн эмчилгээний зардлаа нэхэмжилснийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Г.Сунравыг зодож хөнгөн гэмтэл учруулсан нь хохирогчийн өөрийнх нь өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Алтанцэцэгийн өгсөн мэдүүлэг, Г.Баянжаргал “Г.Сунравын амыг задартал зодсон” гэж хэлдэг. Шинжээчийн дүгнэлт болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Золжаргалын өмгөөлөгч Д.Доржсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн. Нотлох баримтуудаар гэм буруу нь нотлогдон тогтоогдсон. Хэргийн талаар шалгавал зохих бүх зүйлийг шалгасан гэж үзэж байна. Нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх түүнд үнэлэлт дүгнэлтийг зөв өгсөн. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрэлцээ хангалттай. Нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн. Хэргийн зүйлчлэл зөв, ял шийтгэлийг зөв оногдуулсан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Эрүүгийн хуулийг зөрчсөн зүйл байхгүй. Шийтгэх тогтоол өөрөө хууль ёсны үндэслэлтэй гарсан. Хохирлын талаар шүүх үнэн зөв шийдвэрлэсэн. Н.Энхбаатар, Н.Буянбаатар нараас одоогоор хохирол, төлбөр барагдуулсан зүйл байхгүй. Хувь тэнцүүлсэн нь зөв. Хохирлыг одоо болтол барагдуулаагүйд хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байдаг.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Амь хохирогч нь миний төрсөн дүү байсан. Миний дүү Г.Баянжаргалын амь насыг хөнөөж эхнэр 2 нялх үр хүүхэд, эцэг эх, эгч дүүд нь нөхөж баршгүй зовлон учруулсан гэм буруутай хүмүүст хууль заасан тохирох ял шийтгэлийг одоог хүртэл оноож өгөөгүй байгаад хохирогч бидний ар гэр үнэхээр гомдолтой байна. Бид нэхэмжилсэн оршуулгын зардлаа 3 жил өнгөрч байхад олж авч чадаагүй байна. Үүнд ч бас гомдолтой байна. Ялтан Д.Амарсанаа нь өөрийн зүгээс бидэнд 1.838.000 төгрөгийн өгсөн. Үүнийг бид талийгаач дүүгийн минь буяны ажилд нь зориулан хүн чанар хүнлэг сэтгэлийн үүднээс өгсөн зүйл гэж хүлээж авсан. Ялтан Д.Амарсанаагийн ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд хохирогч бидний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Анхан шатны шүүхээс ялтан Н.Буянбаатарт оноосон ялын зүйлчлэлд сүүлд томилогдсон шинжээч эмчийн дүгнэлтийг үндэслэн өөрчлөлтийг оруулсан. Энэ хүн одоог хүртэл гэм буруугаа хүлээдэггүй. Энэ нь маш хүнлэг бус. Гэхдээ миний бие энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа ч гэсэн айлын хоймор эзгүйдэж ямар ч гэм буруугүй настай эх, эхнэр хүүхдийг нь бодохоор дээрх шийдвэрт гомдол санал гаргахгүй байя гэж бодлоо. Гэхдээ би ялтан Н.Буянбаатараас оршуулгын зардлыг нэхэмжилмээр байна. Ялтан Н.Энхбаатарын хувьд нөхцөл байдал огт өөр. Энэ хүн хэрэг учрал болоход дүүгийн минь толгойд өшиглөхөд харсан гэрч байгаа, энэ гэрчийн мэдүүлгийг баталсан шинжээчийн дүгнэлт байгаа. Хэрэг учрал болохоос Н.Энхбаатарыг харж таньсан мэдүүлэг, болон түүнийг яаж таньсан эх сурвалжаа тодорхой тайлбарласан. Хэрэг болох үед Н.Энхбаатарыг тагтан дээр зогсож байсан гэх ямар ч нотолгоо байдаггүй. Өөрсдийнх нь буруугүйг нотолдог найзууд гэх Д.Баасанжав, П.Алтантүлхүүр, ялтан Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа, Б.Баттулга нарын ноцтой зөрүүтэй мэдүүлгүүд нь ялтан Н.Энхбаатар нь миний дүү Г.Баяржаргалыг үхлийн байдалд оруулсан гэм буруутай гэдгийг хангалттай нотолсон хөдлөшгүй баримт мөн юм. Иймд эрхэм шүүгчид та бүхэн гэмт хэрэг үйлдсэн бол ял оноох нь зайлшгүй зарчмын үндсэн дээр ялтан Н.Энхбаатар оногдуулсан хорих ялыг нь хэвээр үлдээж өгнө үү. Мөн оршуулгын зардлыг Н.Энхбаатараас нэхэмжилж байна.” гэв.

Прокурор Б.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. Өмгөөлөгч Г.Тунгалаг Н.Энхбаатарт холбогдох шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн. Байцаан шийтгэх ажиллагаа явуулж нотлох баримтуудыг цуглуулж чадаагүй, ганцхан Ц.Алтанцэцэгийн мэдүүлгээр шийдвэрлээд байгаа нь буруу гэсэн байдлаар гомдол гаргаж байна. Н.Энхбаатар, Н.Буянбаатар нарт холбогдох хэргийг анх улсын яллагчийн зүгээс бүлэглэж, танхайн сэдэлтээр санаатай алсан гэсэн зүйлчлэлээр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдааны явцад нотлох баримтуудыг шинжлэн судлахад шинжээч нарын мэдүүлэг, дүгнэлтийг анхан шатны шүүхээс үнэлж дүгнээд Н.Буянбаатарын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан хэсгийг хүчингүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд зааснаар өөрчлөөд Н.Энхбаатарыг бусдыг санаатай алсан гэмт хэргээр шийтгэсэн. Үүнийг улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтыг шүүхээс үнэлэлт дүгнэлт өгсөн дүгнэлтийг зөвшөөрсөн учраас үүнтэй холбогдуулж эсэргүүцэл бичээгүй. Цагаан автомашины талаар шалгаагүй гэж яриад байна. Хэрэг гарах үед олон тооны автомашин орж гарсан гэдгийг тэнд байсан гэрч, холбогдогч нар бүгд хэлсэн. Тэр дундаас цайвар өнгийн автомашин гарч ирээд хүн бууж ирээд зодсон гэдэг асуудал ямар ч нотлох баримтаар нотлогддоггүй. Үүнийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтын шатанд энэ байдлууд нь нотлогдоогүй. Ганцхан гэрч Ц.Алтанцэцэгийн мэдүүлэгт хүнийг яллаагүй. Ц.Алтанцэцэгийн мэдүүлэг хэргийн бодит байдалтай нийцэж байна уу бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна уу гэдгийг бүгдийг нь хянаж шалгасан. Энэ талаас анхан шатны шүүхэд нотлох баримтыг шинжлэн судлаж бүх холбогдох гэрч болон шинжээч нарыг оролцуулж шүүх хуралдааныг явуулахад Ц.Алтанцэцэгийн яриад байгаа мэдүүлэг үндэслэлтэй гэх нөхцөл байдал тогтоогдсон учраас хэргийг шийдвэрлэсэн. Мөрдөн байцаагч Уртнасан юу ч хийхгүй гэж хэлсэн гэж яриад байна. Үнэхээр тэгж хэлээд юу ч хийхгүй байсан бол тухайн үед гомдлоо гаргаад явах боломжтой байсан. Мөрдөн байцаагч Уртнасан прокуророос өгсөн чиглэл, даалгаврын дагуу ажиллагааг хийсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар зодоон болсон талаар хүлээн зөвшөөрөөд байгаа атлаа амь хохирогчийг хэн цохиж амь насыг нь хохироосон бэ гэдэгт шүүгдэгч нар маргадаг. Энэ нөхцөл байдал анх гэмт хэрэг юунаас болж гарсан. Хэн нь ямар үйлдэл оролцоотой байсан өрнөлийн талаар маргахгүй яриад байдаг боловч амь хохирогчийг унагаагаад өшиглөсөн энэ үйл хэсэгт очихоор бүгд гэм буруугүй болчихдог. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Өмгөөлөгч Д.Баттулга Г.Сунравын гэрч хохирогчоор өгсөн мэдүүлэг зөрүүтэй гэж яриад байна. Хохирогч Г.Сунрав анх гэрчээр мэдүүлэг өгөөд сүүлдээ хохирогчоор тогтоогдсон. Өөрөө бол гэрчийн мэдүүлэг анх өгөхдөө тодорхой зүйл яриагүй. Энэ талаар 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр тухайн үед айсан байсан талаар тайлбарлаад болсон нөхцөл байдлыг одоо ярьж байна гээд мэдүүлгээ өгч байсан. Тэгэхээр хохирогч Г.Сунравын мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй нөхцөл байдал байдаггүй. Шийтгэх тогтоол үндэслэл бүхий болоогүй. Тогтоох хэсэг дээр хэнтэй бүлэглэж хэрхэн танхайрсан талаар бичээгүй байгаа нь буруу гэж яриад байна. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэг яг аль зүйл ангийн ямар хэсэг, нөхцөл байдлаар шийтгүүлж байгаа бичиж байгаа. Шийтгэх тогтоолын 33 дугаар хуудсаас анхан шатны шүүхийн дүгнэлтүүд байгаа. Тэнд хэн нь хэнтэй бүлэглэсэн. Яагаад танхайн сэдэлттэй болоод байгаа, тэр нь ямар нотлох баримтуудад үнэлсэн бэ гэдгийг анхан шатны шүүх дүгнэж бичсэн. Улсын дээд шүүхийн тогтоолд заасан ажиллагааг биелүүлээгүй гэж яриад байна. Цагаан автомашиныг шалгаагүй гээд тодруулж яриад байна. Цагаан автомашиныг шалгах талаар анхнаас цагаан автомашины асуудлыг шалгасаар байсан. Хяналтын шатны шүүхээс хэрэг буцсаны дараа ч гэсэн тэр байдлыг тодруулах зорилгоор камерын бичлэгийг шалгах, дахин  сэргээх, шинжилгээ хийлгэх, гэрчүүдийг нэмж байцаасан, өөр бусад байдлаар полиграфийн шинжилгээ хийлгэе гэсэн хүсэлтийн дагуу хийлгэх гэсэн боловч энэ шинжилгээг өвчтэй хүнд хийх боломжгүй гэдэг байдлаар хийгээгүй. Гэрч Ц.Алтанцэцэг өөрөө энэ шинжилгээнд орохоос татгалзсан. Ийм байдлаар эдгээр ажиллагаануудыг хийсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс гаргасан бүхий л хүсэлтийг аль болох мөрдөн байцаалтын шатанд зорьж ажиллагаануудыг хийсэн. Өмгөөлөгч Л.Жавзмаа Б.Баттулга ганцаараа цагаан автомашины талаар яриагүй гэж яриад байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив, субъектив тал нь тогтоогдоогүй буюу Б.Баттулгын энэ байдлаас ямар хор уршиг учирсан, ямар зорилго агуулсныг тогтоогоогүй байна гэж гомдол гаргаад байна. Б.Баттулга өөрөө гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлэгт цагаан автомашинаас хүн бууж ирж зодсон гэдгийг өөрөө тийм байдлаар харсан гэж гэрчилж мэдүүлээгүй байж байгаад 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаан дээр орж ирээд цагаан автомашинаас хүн бууж ирж зодохдоо Бат-Эрдэнэ гэдэг хүн зодсон гэж гэрчилсэн. Энэ нөхцөл байдалд Улсын дээд шүүхээс хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцах үндэслэл болсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн нь шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг. Энэ гэмт хэрэгт Б.Баттулга 2 өөр байдлаар гэрчийн мэдүүлэг гаргаж байгаа нь санаатай байгаа нь тодорхой гэж үзнэ. Анхан шатны шүүхэд ийм мэдүүлэг гаргаад энэ байдалд нь Бат-Эрдэнэ гэдэг хүн үнэхээр зодсон уу, цагаан автомашинаас хүн бууж ирсэн үү гэдэг асуудлаар шалгасан боловч Бат-Эрдэнэ хэрэг гарах үед цагаан автомашинаас бууж ирсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйл нь шүүн таслах ажиллагааны гэмт хэрэг учраас шүүх, мөрдөн байцаалтын аль аль шатанд гаргаснаар төгсдөг. Хор уршиг нь шүүн таслах ажиллагааны хэвийн үйл ажиллагаа алдагдахаас гадна хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байдаг. Энд хохирогч болон амь хохирогчийн эрх ашиг нь зөрчигдөж байгаа гэж үзэх үндэслэлтэй. Нөгөө талаар худал мэдүүлэг өгсөн хэрэгт объектив, субъектив тал байхгүй гэдэг нөхцөл байдлаар дүгнэх ямар ч үндэслэл байхгүй. Б.Баттулга өөрөө хүсээд худал ярьсан. Үнэхээр цагаан автомашинаас хүн гарч ирээд цохьсон юм бол анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө хэлэх ёстой байсан ч хэлээгүй. Мөн Б.Баттулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгтэй холбоотойгоор анхан шатны шүүхэд би орцноос гарч байхад эдгээр залуучууд зөрөөд орж ирэхээр нь би байж бай гадаа зодоон болоод байна гэж хэлсэн гэдэг. Гэтэл үүнийг шүүгдэгч Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал, Н.Буянбаатар, Н.Энхбаатар нарын мэдүүлгээр зөрдөг. Д.Амарсанаа огт тэгж хэлээгүй, орцгүй орсныг санахгүй байна гэдэг. Анхан шатны шүүх хуралдааны үед энэ байдал илт харагддаг. Б.Баттулга цагаан автомашинаас хүн бууж ирээд цохихыг нь харсан. Амь хохирогчийн хажууд гэрч Ц.Алтанцэцэг байж байсан. Цагаан автомашинаас хэн ч бууж ирээгүй. Цагаан автомашины яриа хаанаас гарч ирсэн бэ гэхээр хэрэг гарсны маргааш өдөр нь Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа, Г.Сунрав, Алтанцэцэг нар байж байхад Отгонцэцэг эдгээр хүмүүс дээр нэмэгдэж ирсэн. Отгонцэцэгийг ирэхэд Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал нартай Отгонцэцэг, Алтанцэцэг нар нь урьд нь найзалж байсан учраас Отгонцэцэгийг уурлах байх гэдэг үүднээс Отгонцэцэгийг зөөлрүүлэх зорилгоор цагаан автомашинтай хүмүүс зодсон гэж Отгонцэцэгт хэлсэн гэж Алтанцэцэгт хэлсэн. Цагаан автомашины яриа Ц.Алтанцэцэгээс үүсэлтэй. Энэ байдлыг шүүгдэгч өөрт ашигтайгаар цагаан автомашинтай хүмүүс зодсон бид нар зодоогүй гэсэн зүйл гаргаад байна. шүүгдэгч нар өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй учраас ийм мэдүүлэг гаргасан байх. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй. Шүүгдэгч Н.Энхбаатар, Н.Буянбаатар, Б.Баттулга нарын үйлдэл холбогдол нотлогдсон учраас өөрчлөлт оруулж хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй байна. Шинэ Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Шүүгдэгч нарын эрх зүйн байдал дээрдэж байгаа зүйл хэсгүүдэд хуулийг буцаан хэрэглэхэд татгалзах зүйл байхгүй.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Н.Буянбаатар, Н.Энхбаатар, Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал, Б.Баттулга нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлуудыг бүрэн тогтоож, нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судалсан байх бөгөөд шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримтын талаар дараах нөхцөл байдлуудыг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт зөв тогтоосон байна. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2014 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө 23-24 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүлэл” хотхоны 101-103 дугаар байрны гадна талбайд бүлэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Ц.Алтанцэцэг, Г.Сунрав, Г.Баяржаргал нартай хэрүүл маргаан үүсгэн улмаар уг хотхоны 103 дугаар байрны 4 давхарын 34 тоотод байсан Н.Буянбаатар, Н.Энхбаатар, Д.Амарсанаа, Д.Баасанжав, П.Алтантүлхүүр нарыг танхайрах үйлдэлдээ хүч оруулахын тулд уриалан дуудаж, улмаар танхайрах явцдаа үл ялих зүйлээр шалтаглан Г.Түмэнжаргал нь хохирогч Г.Сунравын нүүрэн тус газарт нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, Д.Амарсанаа нь хохирогч Г.Баянжаргалын нүүрэн тус газарт нь цохих зэргээр харилцан зодолдож бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан.

2. Шүүгдэгч Н.Буянбаатар нь дээрх маргааны явцад “Миний найзыг өдөж хоргоон, намайг цохилоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан иргэн Г.Баянжаргалын нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж газарт унагаасан /Ингэж цохисны улмаас хохирогчийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаар нарийн мэргэжлийн эмч нарын шинжээчийн дүгнэлтээр тогтоосон/.

3. Шүүгдэгч Н.Энхбаатар нь өөрийн ах Н.Буянбаатар хохирогч Г.Баянжаргалыг нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж газарт унагаасан тухайн цаг мөчид газарт унасан Г.Баянжаргалын толгойн тус газарт нэг удаа өшиглөсний улмаас хохирогчийн бие махбодид гавал тархины хүнд гэмтэл учруулж хохирогч нь эмчилгээ хийлгэж байгаад 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нас баржээ.

4. Харин шүүгдэгч Б.Баттулга нь 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож, шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хууль сануулж мэдүүлэг өгөх үедээ “...цагаан машинаас нэг залуу бууж ирээд талийгаачийг цохиод авсан.” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргүүдийг тус тус үйлджээ.

Дээрх байдлууд нь хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Амарсанаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Буянбаатарынхаас гарч ирэхэд Сунрав Түмэнжаргалтай муудалчихсан, тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. ...Түмэнжаргал “би Алтанцэцэгээс утсаа аваад ирье” гээд байр руу буцаж очоод байрны үүдэнд байсан Сунравыг цохиод газар унангуут нь нүүрэн тус газарт нь өшиглөсөн. ...Түмэнжаргал “энэ бацаанууд оройноос хойш давраад байсан юм” гэж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х186/,

хохирогч Г.Сунравын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэгээд би ухаан алдаад босоод ирсэн чинь Алтанцэцэг “та нар зүгээр хүмүүс цохичихлоо шүү дээ, наадах чинь Отгонжаргалын дүү шүү дээ” гэж орилоод Буянбаатарыг цохиж аваад байсан. ...Талийгаачтай маргалдаж байсан хүн нь бүдүүн том биетэй, хар бараан өнгийн хувцас өмссөн залуу байсан. Одоо бодоход Буянбаатар байсан гэж бодож байна. Алтанцэцэг Буянбаатар руу “би бүгдийг нь мэднэ шүү, хэн зодсоныг чинь хүртэл харсан, мэднэ” гэж орилоод нөгөөх нь хэрэлдээд тэр хоёр бие биенийгээ гахай, нохойгоор нь дуудаж байгаад Буянбаатар утсаар ярих гэж яарч яваад тэр чигтээ буцаж орж ирээгүй. ...Найзыг маань бүдүүн залуу буюу Буянбаатар цохиж байсан. Би ч тэр үед нь зодуулаад газар унасан байсан. Алтанцэцэг зодооныг салгах гээд хоёр талд нааш, цаашаа гүйгээд “болиочээ, болиочээ” гээд л байсан.” гэх мэдүүлэг /хх1, х43-44/,

“...байрны голд буюу автомашины зам дээр талийгаач нэг хүнтэй маргалдах шиг болсон. ...Тэгээд талийгаач руу очих гэтэл намайг Түмэнжаргал ирээд цохиж авахаар нь би газар унасан. ...Би эхлээд Түмэнжаргалтай муудалцсан, ...Баянааг өмөөрөөд болиочээ гэж байхад Түмэнжаргал ирээд миний нүүрэн тус газар цохиод би доошоо унахад хүмүүс ирээд дээрээс цохиж эхэлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х43-44/,

гэрч Ц.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Тэмүүлэл хотхоны 3 давхарын тагтнаас Буягаа /Буянбаатар/ “Больцгоо” гэж орилоход Амарсанаа “Гараад ир” гэж Буягааг дуудсан. ...Буягаа ажлынхаа 2 залуугийн хамт гарч ирсэн. ...Буягаа Баянжаргалын нүүр рүү цохиход Баянжаргал хойшоо цементэн зам дээр савж унахад нэг намхан биетэй бараан өнгийн өмдтэй, савхин богино куртиктэй, улаан өнгийн кепкин малгайтай залуу Баянжаргалын нүүр рүү өшиглөсөн. Тэгэхэд Баянжаргал “п.... толгой руу өшиглөчихлөө шүү дээ” гэж муухай орилохоор нь би гүйж очиход Баянжаргалын хамраас цус гараад, толгойн баруун дагз хэсгээс нь цус гарч байсан. ...Баянжаргалыг босож амжаагүй байтал намхан биетэй залуу нүүр рүү нь өшиглөчихсөн. Тэгээд л Баянжаргал муухай орилсоноо ухаан алдчихсан.” гэх мэдүүлэг /хх1, х35-37/,

“...Амарсанаа намайг түлхэхэд цаанаас Баянжаргал “чи яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм” гээд хүрч ирээд Амарсанааг цохиод авсан. Тэгтэл Амарсанаа зөрүүлээд талийгаачийг цохиод авсан. Тэгтэл Тэмүүлэл хотхоны 103 дугаар байрны 4 давхарын тагтан дээрээс Буянбаатар, Энхбаатар хоёр танихгүй 2 залуугийн хамт гарч ирээд “болиоч” гээд орилсон чинь Амарсанаа дээшээ хараад “манайхаан гараад ир” гээд орилсон. Тэгтэл нэг их удалгүй Буянбаатар, Энхбаатар хоёр мөн танихгүй хоёр залуугийн хамтаар гарч ирсэн. Тэгэхэд талийгаач “та нар яасан олуулаа юм бэ, та нар намайг 10 дугаар хороололд амжихгүй шүү” гээд Буянбаатарын куртикнээс зулгаагаад байсан. Тэгтэл Буянбаатар эргэж хараад нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод авсан чинь талийгаач газар унасан. ...би Сунрав дээр очоод амнаас гарсан цусыг нь арчаад зогсож байтал талийгаач муухай орилохоор нь эргээд харсан чинь Энхбаатар талийгаачийг өшиглөчихсөн. Тэгэхээр нь би Баянжаргал руу гүйгээд очтол талийгаач толгойгоо барьсан, хамраас нь цус гарсан, цамцных нь энгэр нил цус болсон байдалтай ухаан алдаад уначихсан байсан. ...Буянбаатар болохоор хар өнгийн өвдөг хүрсэн байж магадгүй савхин куртик, бараан өнгийн жинсэн өмд өмссөн байсан. ...Энхбаатар бас нэг хар өнгийн жижиг куртик өмсөөд доогуураа бараан өнгийн өмд, богино хагас түрийтэй гутал өмссөн байсан. Мөн улаан саравчтай хар өнгийн малгай өмссөн байсан. ...Талийгаачийг цохиж зодсон асуудал нь яг миний нүдэн дээр болсон. ...Энхбаатар талийгаачийг унасан байхад зүүн талаас нь ирээд толгойн орой хэсэг рүү нь өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хх1, х34-41/,

“...Архиа ууж дуусаад Төмөрөө намайг явъя гэхэд би явахгүй гээд Төмөрөөтэй муудалцахад Баянжаргал явуулахгүй гээд Сунрав Төмөрөөтэй, Баянжаргал Амараатай муудалцаж зодолдсон. Баянжаргал эхэлж Амараагийн нүүр рүү цохиход Амарсанаа зөрүүлж Баянжаргалын нүүр рүү цохиж барьцалдсан. ...Төмөрөө Сунравын амыг нь язартал зодсон.” гэх мэдүүлэг /хх1, х35-37/,

“...Амарсанаа намайг түлхэхэд цаанаас нь Баянжаргал “чи яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм” гээд хүрч ирээд Амарсанааг цохиод авсан. Тэгтэл Амарсанаа зөрүүлээд талийгаачийг цохиод авсан. Тэгтэл Түмэнжаргал салгах гээд хүрээд ирсэн чинь цаана нь зогсож байсан Сунрав талийгаачийг цохиулчихлаа гэж хэлээд хүрч ирээд Түмэнжаргалтай барьцалдаад авсан. ...Талийгаачийг унаж байхад нь цаана Сунрав бас Түмэнжаргалд цохиулчихсан “чи миний хамар руу цохичихлоо шүү дээ” гээд куртикнээс нь зулгаасан газар сууж байгаа харагдсан. ...Түмэнжаргал болохоор Сунравтай муудалцаад зогсоод байсан. Сунравын биед учирсан гэмтлийг Түмэнжаргал үүсгэсэн.” гэх мэдүүлэг /хх1, х38-41/,

гэрч Х.Уртнасангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Баянаатай хамт явж байсан хагас түрийтэй гуталтай залуу “алаад өгий” гээд орилоод яваад байсан. Тэгэхээр нь цонхоороо хартал нэг хүүхэн гадаа орилчихсон, “наадах чинь хэний дүү шүү дээ, яаж байгаан юм бэ, чи цохисон, би цохисон” гээд хоорондоо хэрүүл хийгээд байсан. Манай өөдөөс харсан байрны 5, 6 орчмын давхрын тагтан дээрээ тамхи татаад зогсож байсан 4, 5 залуу гарч ирсэн. Тэд нартай хэрэлдээд байсан. Тэгээд тарцгаасан ба газар нэг хүн уначихсан байсан юм. Хажууд нь хагас түрийтэй гуталтай, шар өмдтэй залуу, мөн түрүүний орилоод байсан хүүхэн хоёр сууж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х49/,

“...дэлгүүр рүүгээ орж хаагаад байж байтал гадаа тас хийх юм уу, хүн унах чимээ гарахаар нь дэлгүүрийн үүдэнд гараад харахад нэг эрэгтэй хүн газар уначихсан, нөгөө эмэгтэй нь “та нар яаж байгаа юм бэ, энэ чинь хэний дүү шүү дээ” гээд орилж чарлаад наагуур цаагуур гүйгээд байсан. Тэгтэл талийгаачийн ойролцоо байсан хар савхин куртиктэй залуу, түүний найзууд бололтой 3-4 хүн яваад өгсөн. Нэг нь бүдүүн биеэрхүү, бусад нь бие хаа ойролцоо залуучууд байсан. ...Миний дүрсэлж хэлээд байгаа бүдүүн залуу байсан. Тэр бүдүүн залуу содон харагдаж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х50-51/,

гэрч С.Энхтайваны мөрдөн байцалтын шатанд өгсөн “...Тэгээд би ороод Отгоо эгчээс Баянааг “хэн зодов, яагаад эмнэлэгт хэвтсэн бэ” гэхэд Сунрав “энэ хэд зодсон, энэ хэдээс өөр хүн байхгүй” гээд Алтаагийн найз залуучуудыг толгойгоороо заагаад байсан. ...Тэгтэл “бид нар биш, манай сумын заан гэх найз ч биш” гээд яриад байсан. Тэгтэл Алтанцэцэг “та нар юу гээд худлаа яриад байгаа юм бэ, би бүх юмыг мэдэж байгаа, харсан” гээд байсан. ...Алтаа “та нар юу яриад байгаа юм бэ, би бүгдийг харсан, чи цохио биз дээ, би чамайг мэдэж байна” гээд орилоод байсан. ...Ер нь тэр өдөр Алтаа байн, байн “эд нар л Баянааг зодсон” гээд гэрт орж ирчихээд гараад явсан бөх гэх залуу болон захирал гэх залуучуудыг заагаад байсан.” гэх мэдүүлэг /хх1, х59-62/,

гэрч Н.Алтансарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр яаралтай түргэн тусламжийн буюу 103-н эмчээр ажиллаж байтал шөнө 04 цаг өнгөрөөгөөд Баянгол дүүргийн 5 дугаар хорооноос дуудлага өгсөн. Уг дуудлагын Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын 5а байрны 8 давхарын 30 тоотод очсон. ...Үзлэгээр биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Зулай хэсэгт овойсон, дарж үзэхэд зөөлөн үүсгүүр тэмтрэгдсэн. Тэгээд би өвчтөнөө Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү аваад явах гэтэл өвчтөн маань явахаас цааргалаад байсан тул би ээжийнх нь хамтаар хувцаслаад Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү аваад явсан. ...Намайг очиход талийгаач дунд зэргийн согтолттой байсан. Зулай хэсэг нь хавдсан, өөрөө ч гэсэн өвдөж байна гэсэн.” гэх мэдүүлэг /хх1, х87-89/,

гэрч Г.Сувдмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Баянжаргалын эхнэр байгаа юм. ...би орой 23 цагийн үед очиход талийгаач нөхөр маань эхний хагалгаандаа орчихсон ухаан ороогүй байсан. Тэгээд би буцаад гэртээ очоод өнөөдөр өглөө очиж сахиж байгаад 19 цагийн үед нас барчихсан.” гэх мэдүүлэг /хх1, х84-86/,

гэрч Э.Алтантогосын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Талийгаач Баянжаргал нь миний 3 дах хүүхэд юм. Хүү маань хамраа дарчихсан орж ирэхээр нь “миний хүү яасан бэ, хоолоо ид” гэтэл хүү маань “зүгээр зүгээр, ээж би өрөөндөө орж унтлаа” гэхээр нь би том өрөө рүү орсон. Тэгээд 30 орчим минутын дараа хүү маань “ёо ёо, толгой тасарлаа” гээд байхаар нь өрөөнд нь яваад ортол хүүгийн маань толгойны орой хэсэг товойсон байсан. Мөн ор, дэр, хөнжлийн даавуу нь цус болсон байхаар нь би сандраад 103 дуудсан. ...Удалгүй түргэн ирээд бид Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд ирээд эмнэлгийн тусламж аваад хэвтэж эмчлүүлсэн. ...дахин хагалгаанд орсон боловч нас барчихлаа.” гэх мэдүүлэг /хх1, х96-97/,

гэрч Ц.Гандолгорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Сунрав миний төрсөн хүү юм. 2014 оны 10 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн орчим миний утас руу Алтай гэх эмэгтэй залгаж “Сунрав хүнд зодуулчихлаа” гэж хэлэхээр нь би хүүтэйгээ яръя гээд тэр эмэгтэйн утсаар хүүтэйгээ ярихад Сунрав надад “ээжээ би хүнд зодуулчихлаа” гэсэн. ...Алтай гэх дунд зэргийн нуруутай эмэгтэй манай хүү Сунравыг дагуулж ирсэн. ...бид нар Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын Экогийн П хэлбэрийн Тэмүүлэл хотхоны байр руу очсон. Тэнд очиход Сунрав, Аптай нар таксинаас буугаад Сунрав надад “ахыг дууд, хүү нь энд хүнд зодуулсан, намайг зодсон хүн, Экогийн байрны 4 давхарт байгаа, манай найз бас зодуулсан, хувцасаа хайна, цагдаа дууд” гэж хэлээд байсан.” гэх мэдүүлэг /хх1, х98-99/,

шинжээч эмч Б.Ундармаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...талийгаачийг үхэлд хүргэсэн гавал, тархины гэмтэл нь духны зүүн хэсэгт өшиглөх, дэвсэх үед үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь нүүрэнд гараар цохих үед үүсэх боломжгүй.” гэх мэдүүлэг /хх6, х104/,

шинжээч эмч С.Одончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...талийгаачийг үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь духны зүүн хэсэгт өшиглөх дэвсэх үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь нүүрэнд гараар цохих үед үүсэх боломжгүй. Харин зүүн ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь нүүрэнд гараар цохих үед үүсэх боломжтой. Уг зүүн ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /хх6, х107/,

шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Талийгаачийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлийн гуталтай хөлөөр өшиглөх үед үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /хх4, х87/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачид зүүн зулай, духны шугаман хугарал, суман заадлын салалт, зүүн тал бөмбөлгийн хатуу хальс дээрх тархмал цус хуралт, хоёр зулайн дэлбэнгийн урд хэсэг, духны дэлбэнгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн духны дэлбэн чамархайн дэлбэнгийн дунд зэргийн няцралт, баруун тал бөмбөлгийн хатуу хальс доорх цусан хураа, аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, баруун зулайн хуйхны цус хуралт тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавлын хугарал, суман заадлын салалт, духны дэлбэнгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, няцралт хатуу хальс дээрх цусан хураа нь амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэг болно. Тархины хатуу хальс дээрх цусан хураанд тархи дарагдсан нас баржээ. Үхэлд хүргэх эмгэг өвчин тогтоогдсонгүй. Эмнэлэгт хоёр хоног эмчлэгдсэн тул этилийн спирт тогтоогдсонгүй.” гэх 1931 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, хх115-117/,

“...Талийгаач Г.Баянжаргалын биед дух, зулай, дагз ясны титэм ба суман заадлаар салсан хугарал, сагиталь синусын урагдал, 2 тал бөмбөлгийн дух, зулай, дагз хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх тархмал цусан хураа, 2 тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, духны эдийн няцрал, зүүн ухархайн дотор хана, хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаач Баянжаргалыг үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавлын ясны хугарал буюу дух, зулай, дагз ясны титэм ба суман заадлаар салсан хугарал гэмтэл нь духны зүүн хэсгээс эхэлсэн байх тул талийгаачийг үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь духны зүүн хэсэгт өшиглөх, дэвсэх үед үүсгэгдсэн байх боломжтой. Нүүрэнд гараар цохих үед дух, зулай дагз ясны титэм ба суман заадлаар салсан хугарал, сагиталь, синусын урагдал, 2 тал бөмбөлгийн дух, зулай, дагз хэсгийн хатуу бүрхүүлийн дээрх тархмал цусан хураа, 2 тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, духны эдийн няцрал зэрэг гэмтлүүд үүсэх боломжгүй. Харин хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл үүсэх боломжтой. Талийгаачийг үхэлд хүргэсэн гавал, тархины гэмтэл нь нүүрэн утс газраа цохиулаад хойшоо савж унах үед үүсэх боломжгүй. Эмчилгээ зохих ёсоор хийгджээ. Дээрх гавал тархины гэмтлийг авсан хүн тархи дарагдах хүртэлх тодорхой хугацаанд үйл хөдөлгөөн хийх, өөрийн үйлдлээ хянах, үг ярих чадвартай.” гэх 1252 тоот шинжээчийн дүгнэлт /хх6, х103/,

“...Сунравын биед дээд уруулын салстад шарх, дээд уруулын гадна шарх, зүүн гарын шуунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 15646 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х139/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х15-17/,

Өвчний түүхийн хуулбар /хх2, х17-29/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, гэрч Х.Уртнасан, О.Төгөлдөр нарын мэдүүлгүүдийг судлан үзэхэд энэ хэрэгт хохирогч Г.Баянжаргал, Г.Сунрав нарын өөрсдийн буруутай, архи ууж согтуурсан үедээ гудамж талбайд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж бусдыг өдөөн хоргоосон, шүүгдэгч Д.Амарсанаа, Н.Буянбаатар нарыг эхэлж цохисон зохисгүй үйлдэл нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч нар, хохирогч нарын хэн аль нь архидан согтуурч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрсан болохыг дүгнэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Н.Энхбаатар, Н.Буянбаатар, Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа, Б.Баттулга нарын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, тэдний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Н.Буянбаатар нь Н.Энхбаатартай бүлэглэж бусдыг санаатай алсан гэмт хэргийн нөхцөл байдал тогтоогдоогүй үндэслэлээр түүний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ. Тухайлбал, хохирогч Г.Баянжаргалын нүүрэн тус газарт цохиж унагаасан Н.Буянбаатарын үйлдлээс болж хохирогчийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт, шинжээч Б.Ундармаа, С.Одончимэг нарын тайлбар мэдүүлгүүдээр тогтоогдсон, харин хохирогчийг цохиулсны улмаас газарт унасан тэр цаг мөчид толгойн тус газарт нь нэг удаа өшиглөсөн шүүгдэгч Н.Энхбаатарын үйлдлээс болж тархиндаа учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтлийг авсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Энэхүү шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хамааралгүй, ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй шинжээч эмч нар тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээний явц, үр дүнг үнэн зөв тусгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дагуу гаргасан тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэсэн байна.   

Шүүгдэгч Н.Буянбаатар, Г.Түмэнжаргал, Н.Энхбаатар нарын гаргасан “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” тухай, өмгөөлөгч Г.Тунгалаг, Д.Баттулга, Л.Жавзмаа нарын гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах” тухай давж заалдах гомдлуудыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь гэрч Ц.Алтанцэцэгийн удаа дараагийн өгсөн: “...тагтнаас Буягаа /Буянбаатар/ “Больцгоо” гэж орилоход Амарсанаа “Гараад ир” гэж Буягааг дуудсан. ...Буягаа ажлынхаа 2 залуугийн хамт гарч ирсэн. ...Буягаа Баянжаргалын нүүр рүү цохиход Баянжаргал хойшоо цементэн зам дээр савж унахад нэг намхан биетэй бараан өнгийн өмдтэй, савхин богино куртиктэй, улаан өнгийн кепкин малгайтай залуу Баянжаргалын нүүр рүү өшиглөсөн. Тэгэхэд Баянжаргал “п.... толгой руу өшиглөчихлөө шүү дээ” гэж муухай орилохоор нь би гүйж очиход Баянжаргалын хамраас цус гараад, толгойн баруун дагз хэсгээс нь цус гарч байсан. ...Баянжаргалыг босож амжаагүй байтал намхан биетэй залуу нүүр рүү нь өшиглөчихсөн. Тэгээд л Баянжаргал муухай орилсоноо ухаан алдчихсан. ...Амарсанаа намайг түлхэхэд цаанаас Баянжаргал “чи яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм” гээд хүрч ирээд Амарсанааг цохиод авсан. Тэгтэл Амарсанаа зөрүүлээд талийгаачийг цохиод авсан. Тэгтэл Тэмүүлэл хотхоны 103 дугаар байрны 4 давхарын тагтан дээрээс Буянбаатар, Энхбаатар хоёр танихгүй 2 залуугийн хамт гарч ирээд “болиоч” гээд орилсон чинь Амарсанаа дээшээ хараад “манайхаан гараад ир” гээд орилсон. Тэгтэл нэг их удалгүй Буянбаатар, Энхбаатар хоёр мөн танихгүй хоёр залуугийн хамтаар гарч ирсэн. Тэгэхэд талийгаач “та нар яасан олуулаа юм бэ, та нар намайг 10 дугаар хороололд амжихгүй шүү” гээд Буянбаатарын куртикнээс зулгаагаад байсан. Тэгтэл Буянбаатар эргэж хараад нүүр рүү нь гараараа нэг удаа цохиод авсан чинь талийгаач газар унасан. ...би Сунрав дээр очоод амнаас гарсан цусыг нь арчаад зогсож байтал талийгаач муухай орилохоор нь эргээд харсан чинь Энхбаатар талийгаачийг өшиглөчихсөн. Тэгэхээр нь би Баянжаргал руу гүйгээд очтол талийгаач толгойгоо барьсан, хамраас нь цус гарсан, цамцных нь энгэр нил цус болсон байдалтай ухаан алдаад уначихсан байсан. ...Буянбаатар болохоор хар өнгийн өвдөг хүрсэн байж магадгүй савхин куртик, бараан өнгийн жинсэн өмд өмссөн байсан. ...Энхбаатар бас нэг хар өнгийн жижиг куртик өмсөөд доогуураа бараан өнгийн өмд, богино хагас түрийтэй гутал өмссөн байсан. Мөн улаан саравчтай хар өнгийн малгай өмссөн байсан. ...Талийгаачийг цохиж зодсон асуудал нь яг миний нүдэн дээр болсон. ...Энхбаатар талийгаачийг унасан байхад зүүн талаас нь ирээд толгойн орой хэсэг рүү нь өшиглөсөн. ...Архиа ууж дуусаад Төмөрөө намайг явъя гэхэд би явахгүй гээд Төмөрөөтэй муудалцахад Баянжаргал явуулахгүй гээд Сунрав Төмөрөөтэй, Баянжаргал Амараатай муудалцаж зодолдсон. Баянжаргал эхэлж Амараагийн нүүр рүү цохиход Амарсанаа зөрүүлж Баянжаргалын нүүр рүү цохиж барьцалдсан. ...Төмөрөө Сунравын амыг нь язартал зодсон. ...Амарсанаа намайг түлхэхэд цаанаас нь Баянжаргал “чи яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм” гээд хүрч ирээд Амарсанааг цохиод авсан. Тэгтэл Амарсанаа зөрүүлээд талийгаачийг цохиод авсан. Тэгтэл Түмэнжаргал салгах гээд хүрээд ирсэн чинь цаана нь зогсож байсан Сунрав талийгаачийг цохиулчихлаа гэж хэлээд хүрч ирээд Түмэнжаргалтай барьцалдаад авсан. ...Талийгаачийг унаж байхад нь цаана Сунрав бас Түмэнжаргалд цохиулчихсан “чи миний хамар руу цохичихлоо шүү дээ” гээд куртикнээс нь зулгаасан газар сууж байгаа харагдсан. ...Түмэнжаргал болохоор Сунравтай муудалцаад зогсоод байсан. Сунравын биед учирсан гэмтлийг Түмэнжаргал үүсгэсэн.” гэсэн мэдүүлгүүд нь туйлын тодорхой бөгөөд хэргийн байдлыг бүрэн нотолсон, энэ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрсан зодоон зөвхөн хохирогч Г.Баянжаргал, Г.Сунрав нар болон шүүгдэгч Н.Буянбаатар, Н.Энхбаатар, Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал нарын хооронд болсон, өөр хэн нэгэн этгээд энэхүү зодоон, маргаанд оролцоогүй байна.

Гэрч Ц.Алтанцэцэгийн дээрх мэдүүлгийг бусад гэрч нар болох: Г.Сунрав: “...Найзыг маань бүдүүн залуу буюу Буянбаатар цохиж байсан. Би ч тэр үед нь зодуулаад газар унасан байсан. Алтанцэцэг зодооныг салгах гээд хоёр талд нааш, цаашаа гүйгээд “болиочээ, болиочээ” гээд л байсан. ...Тэгээд талийгаач руу очих гэтэл намайг Түмэнжаргал ирээд цохиж авахаар нь би газар унасан. ...Би эхлээд Түмэнжаргалтай муудалцсан, ...Баянааг өмөөрөөд болиочээ гэж байхад Түмэнжаргал ирээд миний нүүрэн тус газар цохиод би доошоо унахад хүмүүс ирээд дээрээс цохиж эхэлсэн.” гэх,

гэрч Х.Уртнасан: “...Баянаатай хамт явж байсан хагас түрийтэй гуталтай залуу “алаад өгий” гээд орилоод яваад байсан. Тэгэхээр нь цонхоороо хартал нэг хүүхэн гадаа орилчихсон, “наадах чинь хэний дүү шүү дээ, яаж байгаан юм бэ, чи цохисон, би цохисон” гээд хоорондоо хэрүүл хийгээд байсан. Манай өөдөөс харсан байрны 5, 6 орчмын давхрын тагтан дээрээ тамхи татаад зогсож байсан 4, 5 залуу гарч ирсэн. Тэд нартай хэрэлдээд байсан. Тэгээд тарцгаасан ба газар нэг хүн уначихсан байсан юм. ...дэлгүүр рүүгээ орж хаагаад байж байтал гадаа тас хийх юм уу, хүн унах чимээ гарахаар нь дэлгүүрийн үүдэнд гараад харахад нэг эрэгтэй хүн газар уначихсан, нөгөө эмэгтэй нь “та нар яаж байгаа юм бэ, энэ чинь хэний дүү шүү дээ” гээд орилж чарлаад наагуур цаагуур гүйгээд байсан. Тэгтэл талийгаачийн ойролцоо байсан хар савхин куртиктэй залуу, түүний найзууд бололтой 3-4 хүн яваад өгсөн. Нэг нь бүдүүн биеэрхүү, бусад нь бие хаа ойролцоо залуучууд байсан. ...Миний дүрсэлж хэлээд байгаа бүдүүн залуу байсан. Тэр бүдүүн залуу содон харагдаж байсан.” гэх,

гэрч С.Энхтайван: “...Сунрав “энэ хэд зодсон, энэ хэдээс өөр хүн байхгүй” гээд Алтаагийн найз залуучуудыг толгойгоороо заагаад байсан. ...Тэгтэл “бид нар биш, манай сумын заан гэх найз ч биш” гээд яриад байсан. Тэгтэл Алтанцэцэг “та нар юу гээд худлаа яриад байгаа юм бэ, би бүх юмыг мэдэж байгаа, харсан” гээд байсан. ...Алтаа “та нар юу яриад байгаа юм бэ, би бүгдийг харсан, чи цохио биз дээ, би чамайг мэдэж байна” гээд орилоод байсан. ...Ер нь тэр өдөр Алтаа байн, байн “эд нар л Баянааг зодсон” гээд гэрт орж ирчихээд гараад явсан бөх гэх залуу болон захирал гэх залуучуудыг заагаад байсан.” гэх мэдүүлгүүдээр давхар нотлогджээ.

Ялтан Б.Баттулгын гаргасан “...миний эрх зүйн байдлыг дордуулж ...намайг хэлмэгдүүлж хохироож байгаад гомдолтой байна. Би иргэн хүний хувьд болсон зүйлсийг үнэнээр нь хэлсэн.” гэх давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь Б.Баттулга нь мөрдөн байцаалтын шатанд “...тэр цохиулсан залууг нэг хар куртиктэй залуу ирээд цохичихоод яваад өгсөн. Талийгаач газар унаад л яваад өгсөн. Талийгаачийг цохисон залуу өндөр, хар куртиктэй залуу байсан. ...тухайн үед нь цагаан автомашин ирж байсан. Би тэр машинаас хүн бууж ирээд цохисон эсэхийг мэдэхгүй байна. ...сайн харж чадаагүй.” гэж мэдүүлсэн атлаа /3 дугаар хавтаст хэргийн 58 дугаар тал/ 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо “...цагаан машинаас нэг залуу бууж ирээд талийгаачийг цохиод авсан” гэж урьд өгсөн мэдүүлгээс тэс өөр зүйлийг гэрчилсэн бөгөөд, түүний энэхүү мэдүүлэг нь хэргийн жинэхэнэ байдалтай буюу гэрч Ц.Алтанцэцэг, Г.Сунрав, Х.Уртнасан, Д.Батбаяр, Э.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгүүдээр тогтоогдоогүй, илт худал зүйлийг мэдүүлсэн нь тогтоогджээ.

Шүүгдэгч Н.Энхбаатар, Н.Буянбаатар, Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа, Б.Баттулга нарт холбогдох 2014260004901 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэх явцад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу ялтнуудын хувьд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг заавал буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрджээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл буюу хүнийг санаатай алах гэмт хэргийг зүйлчлэхэд амь хохирогч хэзээ /тэр даруйдаа, эсхүл хэсэг хугацааны дараа/ нас барсан болох нь нөлөөлөхгүй бөгөөд амь хохирогч нас барсан үеэс эхлэн хүнийг санаатай алсан үйлдлийг төгссөнд тооцох, мөн бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан буюу гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулах хууль зүйн ойлголтууд өөрчлөгдөн тусгагдсан байна.

Тухайлбал, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт “энэ гэмт хэргийн улмаас /хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан/ хохирогч нас барсан бол...” гэж хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан байх хор уршгийн шинжийг хүнийг санаатай алах гэмт хэргийн хор уршгийн шинжээс тусгайд нь салгаж авч үзэхээр тусгажээ.

Иймд шүүгдэгч Н.Энхбаатарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Баянжаргалын бие махбодид хүнд гэмтэл учирсан, тэрээр тархиндаа хүнд гэмтэл авснаас хойш Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд эмчилгээ хийлгэж байхдаа хоёр хоногийн дараа нас барсан нөхцөл байдлуудаас дүгнэж Н.Энхбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэх замаар түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна. 

Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж бүлэглэж танхайрсан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн хэмжээг багасгаж хуульчилсан байх тул шүүгдэгч Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэх нь зүйтэй байна. 

Мөн шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан байх тул  шүүгдэгч Б.Баттулгын эрх зүйн байдлыг дээрдүүлж түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэхээр шийдвэрлэв. 

Харин Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт бүлэглэж танхайрах гэмт хэргийг үйлдэхдээ “...бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан байх бөгөөд Н.Буянбаатарын үйлдлийг хууль буцаан хэрэглэж, зүйлчлэл өөрчилсөн тохиолдолд ял шийтгэл хүндэрч түүний эрх зүйн байдал дордох байдалтай байна.

Шүүгдэгч Н.Буянбаатар нь маргааны явцад үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Баянжаргалын нүүрэн тус газарт нь нэг удаа цохиж газарт унагаасан даруйд тухайн цаг мөчид газарт унасан Г.Баянжаргалын толгойн тус газарт шүүгдэгч Н.Энхбаатар нь нэг удаа өшиглөсний улмаас хохирогчийн бие махбодид гавал тархины хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон бөгөөд өөрөөр хэлбэл Н.Буянбаатар нь хохирогчийн нүүрэнд цохиж газарт унагаснаар Н.Энхбаатар түүний толгой руу өшиглөж хүнд гэмтэл учруулах нөхцлийг бүрдүүлснийг хуулийн дээрх заалтаар зүйлчлэгдэхээр боловч энэхүү хууль зүйн ойлголт нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд тусгагдаагүй байжээ.

  Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дугаар хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул Н.Буянбаатарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв. Харин түүний хорих ял эдлэх дэглэмийг Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өөрчлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2015 онд батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдахаар байна.

Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хууль 2015 оны 7 дугаар сарын          02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт “...шүүгдэгч, ялтныг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэж тус тус заасан  бөгөөд хэдийгээр уг хуулийн нэр томъёо 2002 оны Эрүүгийн хууль хүчинтэй үйлчилж байх үеийнхээр тусгагдсан хэдий ч уг хуулийг хэрэглэх нь шүүгдэгч Н.Буянбаатар, Н.Энхбаатар, Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал нарын эрх зүйн байдлыг дордуулахгүй, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хүний хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулах боломжтой гэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хийв.  

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолын:

- тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...шүүгдэгч Бэрсүүд овогт Нарантуяагийн Энхбаатарыг хүнийг танхайн сэдэлтээр санаатай алах гэмт хэрэгт гэм буруутайд, шүүгдэгч Бичээч овогт Дэмбэрэлийн Амарсанаа, Шарнууд овогт Гомбосүрэнгийн Түмэнжаргал нарыг бүлэглэн, догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Цагаан адуу овогт Борын Баттулгыг шүүхэд гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт гэм буруутайд...” гэснийг

“...Бэрсүүд овогт Нарантуяагийн Энхбаатарыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч нас барсан хэрэгт гэм буруутайд, Бичээч овогт Дэмбэрэлийн Амарсанаа, Шарнууд овогт Гомбосүрэнгийн Түмэнжаргал нарыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан хэрэгт гэм буруутайд, Цагаан адуу овогт Борын Баттулгыг шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэм буруутайд...” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Шүүгдэгч Н.Энхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял...,  ...шүүгдэгч Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал нарт тус бүр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Баттулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг

“Нарантуяагийн Энхбаатарт Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял..., ...Дэмбэрэлийн Амарсанаад Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Гомбосүрэнгийн Түмэнжаргалд Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Борын Баттулгад Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга гучин таван нэгж буюу 1.035.000 төгрөгөөр торгох ял” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...шүүгдэгч Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жил хорих ялыг тус тус хасч..., ...Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал нарын биечлэн эдлэх хорих ялыг тус бүр 1 жил 1 сарын хугацаагаар тус тус” гэснийг

“...Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал нарт Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас тус бүрээс 2 жил хорих ялыг хасч...,” гэж өөрчилж,

уг заалтад “...Нарантуяагийн Энхбаатарт шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жил хорих ялыг хасч, түүний биечлэн эдлэх хорих ялыг 9 жилийн хугацаагаар тогтоосугай.” гэсэн нэмэлт оруулж,

тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Н.Энхбаатарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Н.Буянбаатар, Д.Амарсанаа, Г.Түмэнжаргал, Б.Баттулга нарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй” гэснийг

“Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 болон 4 дэх хэсгүүдэд зааснаар Н.Энхбаатарт оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад, Н.Буянбаатарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэж өөрчилж,

мөн шийтгэх тогтоолд: “Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсгүүдэд зааснаар Борын Баттулгын энэ хэрэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг торгох ялын 1035 нэгжээр тооцож эдлэх ялаас 1.035.000 төгрөгийг хасаж, ял эдэлсэнд тооцсугай.” гэсэн нэмэлт, өөрчлөлтүүдийг тус тус оруулсугай.

2. Гомбосүрэнгийн Түмэнжаргал, Дэмбэрэлийн Амарсанаа, Борын Баттулга нарыг нэн даруй сулласугай.

3. Ялтан Н.Энхбаатар, Н.Буянбаатар, Б.Баттулга, өмгөөлөгч Г.Тунгалаг, Д.Баттулга, Л.Жавзмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл Г.Түмэнжаргал, Д.Амарсанаа, Б.Баттулга нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                                          Д.ОЧМАНДАХ

                                                                                                Ц.ОЧ