| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оч |
| Хэргийн индекс | 2227000730154 |
| Дугаар | 2026/ХШТ/26 |
| Огноо | 2026-03-18 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2026/ХШТ/26
И.Б-д
холбогдох хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батцэрэн, Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Сүхбат, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 77 дугаар магадлалтай И.Б-д холбогдох эрүүгийн 2227000730154 дугаартай хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Очийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Дэнжийн *-** тоотод оршин суудаг,
урьд Хархорин сум дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ял,
Сум дундын 18 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, энэ ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 3 хоног хорих ялыг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 79 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө суллаж хяналт тогтоосон, овогт И-ийн Б (РД:********).
Шүүгдэгч И.Б нь 2022 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган Орхон баг, Эрдэнэзуугийн гудамж, *-** тоотод байрлах өөрийн гэртээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Ц.А-ийн хэвлий рүү нэг удаа өшиглөж элэг, цөсний хүүдий гэмтээсэн хэвлийн битүү гэмтэл, элэгний гялтан, цөс орчмын цусан хураа, хэвлийн хөндийд шингэн хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 137 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч И.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-ийг хоёр жил хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-д оногдуулсан 2 жил хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 3 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 5 сар 3 хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б-ийн цагдан хоригдсон 85 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 77 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч И.Б-д холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаа хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...шүүх хэргийг шийдвэрлэхдээ илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Үүнд: Давж заалдах шатны шүүх “хохирогч Ц.А тухайн өдөр хэнд зодуулсан талаараа эрс зөрүүтэй мэдүүлж, хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, хохирогчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдохгүй байна” гэж цагаатгах үндэслэлээ дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тогтоогдсон үйл баримт, нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаж, гэм буруугийн асуудалд бодит дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Учир нь хохирогч Ц.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 5 удаа (1 дүгээр хавтаст хэргийн 11-12, 44-45, 116, 228, 2 дугаар хавтаст хэргийн 93 дугаар тал) өгсөн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүддээ “...И.Б-д нэг удаа өшиглүүлсэн” гэх мэдүүлгийг огт зөрүүгүй, тогтвортой өгдөг бөгөөд тухайн мэдүүлгүүд нь болсон үйл баримтын талаар шууд нэрлэн заасан анхдагч нотлох баримт юм.
Мөн хохирогч Ц.А нь И.Б-д өшиглүүлсэн газраа “хэвлий”, “цээж”, “аюулхай” гэх мэтээр мэдүүлдэг боловч энэ талаараа “... И.Б намайг өшиглөж гэмтэл учруулсан газрыг би үгээр илэрхийлэхдээ хэллэгийн хувьд өөр өөр үгээр илэрхийлж хэлсэн байж болох боловч энэ нь нэг л газрыг хэлж байгаа юм... ”, мөн “өшиглөсөн”, “тийрсэн”, “өшиглөж тийрсэн” гэдэг нь миний биед халдсан гэдгийг илэрхийлж хэлсэн үгнүүд юм” гэдгийг тус тус мөрдөн шалгах, ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд тайлбарлан хэлсэн байдаг.
Шүүхээс “...хохирогч Ц.А ухаан ороод сэрэхдээ хаана сэрсэн талаараа буюу өөрийнхөө унтаж байгаад сэрсэн газрыг “Дээд өргөн чөлөө”, “Дэлгэрэх”, “М” гэх мэтээр удаа дараагийн мэдүүлэгтээ өөр өөрөөр хэлдэг нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэж үзнэ” гэжээ. Гэтэл хохирогч Ц.А “...хэргийн үйл баримт болсны дараа ухаан санаа балартаад нэг мэдэхэд гадаа унтаж байсан, анх сэрэхдээ “М”-ийн гадаа унтаж байсан, тэгээд босоод Дээд өргөн чөлөөнд байх “Дэлгэрэх” дэлгүүрийн үүдэнд хэсэг хэвтсэн, бие өвдөөд явж болохгүй байсан учир унаж босоод их удаан явсан” гэж мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлгүүдийг зөрүүтэй гэж үзэх үндэслэлгүй юм.
Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд хохирогчийн удаа дараагийн мэдүүлэгт “…хэзээ, хаана, хэн, хэрхэн...” гэх мэт зөрүүтэй зүйл байхгүй байна. Хэрэгт хохирогч Ц.А нь “...үл таних залуучуудад зодуулсан” гэж огт мэдүүлээгүй бөгөөд гэмт хэргийн талаарх гомдлыг иргэн Д.Д-ээс анх цагдаагийн байгууллагад гаргахдаа “үл таних хүмүүст зодуулсан” гэж цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн талаар хэрэгт авагдсан байдаг. Үүний шалтгааныг тодруулах ажиллагааны явцад хохирогч Ц.А болон түүний эхнэр Л.Д нар нь “И.Б нь шоронд ял эдэлж гарч ирээд удаагүй байсан учир эрүүл мэндийн хувьд гайгүй байвал заавал Б-г хэлж чирэгдүүлээд яахав дээ гэж бодоод Б намайг цохисон гэж хэлээгүй юм” гэж мэдүүлсэн байдаг. Мөн хохирогчийн хэргийн үйл баримт болсны дараа унтаж байсан гэх уг газар нь “...2019 онд төмөр хайсан хашаатай болсон, хашаа нь 150см өндөр үзүүртэй, төмөр хашлагатай, голоороо битүү модтой, хаалгагүй хийгдсэн” нь гэрч Д.Б-ийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзэж, гэрчийн уг мэдүүлгээр хохирогчийн мэдүүлгийг шууд үгүйсгэн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Улмаар мөрдөгч, прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг шалгаж тогтоосон буюу тухайн үйл баримтыг тодруулах талаар бүхий л мөрдөн шалгах ажиллагааг хийж, анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн урьд гаргасан шийдвэрүүдэд үндэслэн нэмэлт мөрдөн байцаалт явуулсан бөгөөд хэрэгт хохирогч Ц.А-ийн мэдүүлгийг шууд үгүйсгэсэн, эсхүл харилцан зөрүүтэй нотлох баримт авагдаагүй, хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасныг баримтлан хохирогчийн мэдүүлгийг үнэлэхэд эргэлзээ төрөхөөр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтыг шинжлэн судалж, оролцогчдын гаргасан тайлбар, саналын үндэслэл болон анхан шатны шүүхийн нотлох баримтаар үнэлж, хууль зүйн зүйн дүгнэлт хийсэн ямар нотлох баримтууд нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа зэргийг тодорхой, ойлгомжтой дурдаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрт бүхэлд нь хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх, “ ...давж заалдах гомдлууд нь үндэслэлтэй байх тул...” гэх байдлаар тус тус дүгнэлт хийж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч И.Б-г цагаатгаж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй шийдвэр гэж үзэхээр байна.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шалгах явцад хохирогч Ц.А болон шүүгдэгч И.Б нар нь урьд өмнө өр авлага, өс хонзон байхгүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд хохирогч Ц.А нь 2022 оны 03 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хавтаст хэрэгт хохирлын ямар ч баримт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлээгүй, өөртөө эдийн болон бусад ашигтай байдал бий болгох гэсэн субьектив санаа зорилгогүй, зөвхөн хэргийн үнэн зөвийг шударгаар шийдвэрлүүлэх зорилготой гэдгээ илэрхийлдэг бөгөөд тухайн хэргийг шийдвэрлэж буй анхан болон давж заалдах шатны шүүхийн удаа дараагийн шийдвэрийн зөрүүтэй байдлыг арилгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах нь зүйтэй гэж тус тус дүгнэж байгаа болно.
Иймд Өвөрхангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ДШМ/77 дугаартай магадлалыг хүчингүй болгуулж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Прокурор Ц.Сүхбат хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын эсэргүүцлийг бүрэн дэмжиж байна. Анхан шатын шүүх мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд, гэрч Л.Д, О.А нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, туршилт хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг үндэслэж И.Б нь хохирогч Ц.А-ийн хэвлий тус газар нэг удаа өшиглөж хүнд хохирол санаатай учруулсан үйл баримтыг сэргээн дүрсэлж, улмаар шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Харин давж заалдах шатны шүүх анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “хохирогч Ц.А тухайн өдөр хэнд зодуулсан талаараа эрс зөрүүтэй мэдүүлсэн” гэж дүгнэсэн. Гэтэл хохирогчийн өгсөн 5 удаагийн мэдүүлгээс үзвэл, тэрээр хэнд зодуулсан талаараа зөрүүтэй мэдүүлээгүй, “И.Б намайг өшиглөсөн” гэж тогтвортой мэдүүлсэн. Хоёрдугаарт, давж заалдах шатны шүүх “хохирогч нь өшиглүүлсэн газраа хэвлий, цээж, аюулхай гэж, шүүгдэгчийн үйлдлийг тийрсэн, өшиглөсөн зэргээр өөрөөр мэдүүлсэн” гэж дүгнэсэн. Энэ нь үг хэллэгийн сонголтын асуудал болохоос биш шүүгдэгч биед нь халдсан үйл баримтыг үгүйсгэхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хохирогч өөрийнх нь их биеийн урд хэсэг рүү сууж байх үед нь өшиглөсөн үйл баримтыг 5 удаагийн мэдүүлгээрээ тогтвортой мэдүүлсэн. Иймээс хохирогчийг мэдүүлгийн эх сурвалжаа тодорхой зааж, шүүгдэгчийн үйлдлийн тухай тогтвортой мэдүүлсэн гэж үзэж байна.
Мөн давж заалдах шатны шүүх мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүйтэй холбоотой дүгнэлт хийсэн. Тодруулбал, “Ц.А нь ухаан ороод хаана сэрсэн талаараа “Дээд өргөн чөлөө”, “Дэлгэрэх дэлгүүр”, “М” гэх мэтээр өөрөөр мэдүүлсэн” гэж дүгнэжээ. Хэдийгээр дээрх газрууд нь 3 өөр газар мэт нэрлэгдэж байгаа боловч “М” гэх газар нь И.Б-ийн гэрийн гадаах хэсгийг нэрлэдэг бөгөөд хохирогч И.Б-ийн гэрээс гараад өөрийн гэрт харих замд “Дээд өргөн чөлөө” гэх газар байдаг. Мөн “Дэлгэрэх” дэлгүүр нь “Дээд өргөн чөлөө”-нд байдаг. Иймээс эдгээр газрууд нь өөр газар биш. Мэдүүлгийг газар дээр нь шалгахад тус нөхцөл байдал тогтоогдсон ба хохирогч нь дээрх маршрутаар явсан болох нь нотлогдсон. Хохирогч нь тухайн газруудаар явах үедээ биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж газарт суусан, улмаар ухаан балартаж сэрсэн тухайгаа мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, хохирогч нь өөр өөр газарт гэмтэл аваад ухаан алдсан бус гэмтэл аваад гэртээ харих явцдаа ухаан балартаж сэрсэн.
Давж заалдах шатны шүүх хохирогчийг үл таних залуучуудад зодуулсан талаарх гэрч Д.Д-ийн мэдүүлгийг баримталж “хохирогчийн мэдүүлгийг зөрүүтэй” гэж үзсэн. Гэтэл хохирогч Ц.А-ийн 5 удаагийн мэдүүлэгт “үл таних залуучуудад зодуулсан” гэх агуулга бүхий мэдүүлэг байхгүй. Д.Д нь хохирогчийн эхнэр Л.Д-ийн “миний нөхөр үл таних хүмүүст зодуулсан” гэж хэлснийг цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаар мэдээлэл гаргахдаа хэлсэн бөгөөд агуулгаар гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Энэ талаар хохирогч Ц.А “И.Б нь шоронгоос гарч ирээд удаагүй байсан, бусдыг чирэгдүүлэхгүй гэх үүднээс анх тэгж хэлсэн” гэж мэдүүлсэн.
Энэ хэргийг урьд нь анхан шатны шүүхээс прокурорт буцааж, тус шийдвэрийг давж заалдах шатын шүүх магадалж, улмаар Улсын дээд шүүх тогтоолоор дүгнэсэн. Энэ хүрээнд хэргийн бодит байдлыг тогтооход чиглэсэн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүн, хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч шүүгдэгчид өшиглүүлсэн үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан шатны шүүх “тус ажиллагаануудаар хэрэгт цугларсан баримтуудыг өөр хоорондоо хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой” гэж дүгнэж, И.Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тоосон. Прокурорын зүгээс дээрх шийдвэрийг үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн гэж үзэж байна. Харин давж заалдах шатын шүүх анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо “хохирогч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй” гэж дүгнэснээс бусдаар ямар нотлох баримтаар И.Б-ийг цагаатгасан нь ойлгомжгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хоёр ч удаа давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх гомдлын үндэслэлүүдийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Урьд нь энэ хэрэг Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байсан. Гэвч 2024 онд үйлдэгдсэн яллах дүгнэлт, 2025 онд үйлдэгдсэн яллах дүгнэлтүүд, түүнчлэн шийтгэх тогтоол ч мөн адил үг, өгүүлбэрийн зөрүүгүйгээр бичигдсэнийг өмгөөлөгчийн хувьд ойлгохгүй байна.
Анхан шатны шүүх өмнө нь гурван шатны шүүхээр хэлэлцэгдсэн хэрэгт дээд шатны шүүхүүд ямар дүгнэлт хийсэн, тус дүгнэлтэд тусгагдсан хийгдвэл зохих ажиллагааг хийгдсэн эсэхийг дүгнэлгүйгээр өмнө гаргасан шийдвэрээ ижил байдлаар хуулж бичсэн. Прокурор “хохирогч нь шүүгдэгчийг өөрт нь халдсан болохыг нотолж мэдүүлсэн” гэж тайлбарлаж байна. Хэдийгээр миний үйлчлүүлэгчийн хувийн байдал муу байж болох ч тэрээр хохирогчтой ижил Монгол Улсын иргэн. И.Б урьд хийсэн алдаандаа дүгнэлт хийж, сайхан амьдрахын төлөө хичээж байгаа. Хохирогч тухайн өдөр 2 шил архи уусан, согтсон үедээ И.Б-ийн гэрт орж ирсэн нөхцөл байдал тогтоогдсон. Хохирогчийн эхнэр хохирогчийг гэрээсээ 01 цагт гарч, 04 цагт бусдад зодуулсан байдалтай ирснийг гэрчлэн мэдүүлсэн. Прокурор “хохирогч мэдүүлгээ тогтвортой мэдүүлсэн тул түүний мэдүүлэг үнэн зөв” гэх агуулгаар эсэргүүцэл гаргасан байна. Худал үгийг мянган удаа хэлбэл үнэн болохгүй. Мэдүүлэг үнэн болохыг тогтоох тусдаа хууль зүйн шалгуур бий.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд хэрхэн нотлогдсон нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн гэдгийг “намайг өшиглөсөн” гэх ганц мэдүүлгээр нотлогдсон гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоосон эсэхэд эргэлзээ төрж байна. Хохирогчийн 5 удаагийн мэдүүлэг өөр хоорондоо зөрүүтэй байдаг. Шийтгэх тогтоолын 11-12 дүгээр талд тусгагдсан хохирогчийн мэдүүлэгт “сандал дээр сууж байсан чинь Б босож ирээд хэвлий рүү өшиглөсөн, ухаан алдаад сэрэхэд “Дээд өргөн чөлөөнд хэвтэж байсан” гэжээ. “Дээд өргөн чөлөө”, “Дэлгэрэх” дэлгүүр хоёр хоорондоо зайтай, түүнчлэн тус газар нь И.Б-ийн гэрээс 1км-ийн зайтай. Өөрөөр хэлбэл, хохирогчийн ухаан алдаад сэрсэн гэж мэдүүлсэн газрууд өөр өөр газрууд. Мөн хохирогчийн 2023 оны 08 дугаар сарын сарын 06-ны өдөр өгсөн мэдүүлэгт “босож ирээд аюулхай орчимд тийрсэн” гэжээ. Түүний удаа дараагийн мэдүүлэгт тусгагдсан тийрүүлж, өшиглүүлж байгаа цээж, хэвлий, аюулхай зэрэг нь хүний биеийн өөр өөр хэсгүүд. Хэргийн 45 дахь талд авагдсан мэдүүлэгт “Сэрэхэд М-ийн хажууд хэвтэж байсан” гэж, 116 дахь талд авагдсан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн мэдүүлэгт “лангуу түшиж зогсож байснаа хэвлийн хэсэг рүү өшиглөсөн. Тэгэхэд миний хажууд О.А байсан” гэж тус тус дурдагдсан байна. О.А-с хэргийн талаар 3 удаа мэдүүлэг авч, улмаар хохирогчтой нүүрэлдүүлэн байцаасан. Хэрэг Улсын дээд шүүхээр шийдвэрлэгдсэний дараа О.А “Энэ хүний хажууд би байгаагүй, агсам тавиад байсан. Тэгээд би гэртээ харьсан” гэж тогтвортой мэдүүлсэн.
Улсын дээд шүүх 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэргийг шийдвэрлэхдээ “хохирогчийн мэдүүлгийн зөрүүг арилгах нь зүйтэй, зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэж шүүгдэгчийг буруутгах нь үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Үүний дараа хийсэн 6 төрлийн ажиллагааг яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд тусгаагүй. Тодруулбал, нүүрэлдүүлэн байцаалт, туршилт зэрэг нь цагаатгах талын нотлох баримтаар хэрэгт авагдсан. Тус ажиллагаагаар хохирогчийн өмнөх мэдүүлгүүд үгүйсгэгдсэн бөгөөд улмаар хохирогч сэрсэн газраа “И.Б-ийн гэрийн үүдэнд” гэж дахин өөрчилж мэдүүлсэн. Түүний өмнө мэдүүлсэн “М-ийн хажууд” гэх газрыг шалгахад хаалгагүй 50 метрийн өндөртэй хашаа байсан. Тус хашааг 2023 онд буулгасан. Тэгэхээр хохирогчийн мэдүүлгийг бүхэлдээ эргэлзээ төрүүлэхүйц гэж үзэж байна. Хохирогч анхнаасаа дээрх мэдүүлгүүдийг өгөөгүй, тэрээр Улаанбаатарт ирэхээсээ өмнө эмнэлэгт байхдаа гэрч Ч.Д, Л.Д, Ж.С, Д.Д нарт “би хүнд зодуулчихсан юм шиг байна” гэж, И.Б-д “би танайхаас хэзээ гарсан юм бэ, юу ч санахгүй байна” гэж тус тус хэлсэн байдаг. Гэтэл 14 хоногийн дараа хагалгаанд орж, хэвлий орчимдоо гэмтэл авснаа мэдээд дээрх мэдүүлгүүдийг өгсөн байдаг. Хохирогч нь хуульд заасны дагуу болсон үйл явдлыг үнэн, бодитоор мэдүүлэх үүрэгтэй. Мөн хохирогчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Энэ талаар өмнө нь Улсын дээд шүүх дүгнэсэн. И.Б хэрэгт орчихгүй гэсэндээ өглөөний 07 цагт хохирогчийн эхнэр Л.Д-тай холбогдож “танай нөхөр агсам тавьчих гээд нэг л биш байна, манайхаас ирээд авчих” гэж хэлсэн байдаг. Мөн 01 цагт гэрээс нь гарахад “манайхаас гарч байна шүү, та тосоод авчих” гэж ярихад Л.Д “шөнийн 01 цаг болж байна, би айгаад гарч чадахгүй байна, наадах чинь 10 хоног гэртээ ирээгүй, архи уусан хүн өөрөө ирнэ биз” гээд гэрээсээ гараагүй унтсан болохоо тогтвортой мэдүүлсэн. Улмаар Л.Д хохирогч 04 цагт хамаг хувцас нь шороо болчихсон орж ирэхдээ хүнд зодуулсан байсан тухай мэдүүлсэн.
Прокурор Д.Д-ийн мэдүүлгийг үгүйсгэж байна. Гэтэл хохирогч өөрөө “би хэдэн залуучуудад “Дэлгэрэх” дэлгүүрийн ойролцоо зодуулчихсан” гэж Д.Д-д хэлсэн байдаг. Хэрэгт авагдсан цагаатгах талын нотлох баримтуудыг харгалзаж үзэлгүйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан И.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулсныг шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх “шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалж хохирогчид гэмтэл учирсан нь бүрэн тогтоогдоогүй” гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Улсын дээд шүүх хэргийг шийдвэрлэсний дараа хийгдсэн ажиллагаануудаар цагаатгах талын нотлох баримтууд хэрэгт цугларсан. Туршилт явуулах үед өмгөөлөгчийн зүгээс хохирогчоос “та ухаан алдаж сэрээд босож явсан юм уу, та олон удаа ухаан алдаж сэрсэн юм уу” гэж асуухад хариулаагүй. Тэгсэн атлаа ухаан алдаж байсан газрын байршлыг өмнөх мэдүүлгээс зөрүүтэй байдлаар буюу “И.Б-ийн гэрийн үүдэнд сэрсэн” гэж мэдүүлсэн. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчид учирсан хүнд гэмтлийг үгүйсгэхгүй. Гэхдээ хохирогч нь тухайн өдрийн 01-04 цагийн хооронд хаана байсан, хэрхэн гэмтлийг авсан тодорхойгүй байна. Хохирогчийн эхнэр “над руу ярьсан, цаг харахад 01 цаг болж байсан. Хохирогч ирэхэд бүх хувцас нь шороо болсон байсан, цаг харахад 04 цаг болж байсан” гэж мэдүүлсэн. 01-04 цагийн хоорондох хугацаанд хохирогч нь өөр бусад этгээдтэй маргалдах боломжтой. Учир нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл, хохирогч нь архи уухаараа тавтиргүй, агсам тавьдаг, хүмүүстэй хэрэлддэг нөхцөл байдал тогтоогдож байна. Тухайн өдөр хохирогч нь И.Б-ийн гэрт орж ирээд агсам тавьсан, улмаар И.Б түүний эхнэр рүү залгаж “ирээд авчих” гэж хэлсэн байдаг. Энэ тухайгаа тэрээр О.А нүүрэлдэхдээ мөн мэдүүлдэг. Мөн шүүгдэгч, хохирогч нарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан гэж дүгнэснийг ойлгохгүй байна. Тухайн үед хувийн таарамжгүй харьцаанаас болж И.Б, Ц.А нар зодолдсон гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Хүн урьд нь алдсан байж болно. Гэвч миний үйлчлүүлэгч аливаа зүйлд үнэнээ хүлээдэг. Миний бие ойрын үед хол явж өмгөөлөл хийхгүй байгаа. Гагцхүү И.Б санал тавьсан учраас өмгөөлөгчөөр ажилласан. Анхан шатны шүүх ямар ч цагаатгах талын нотлох баримтыг дурдалгүй шийтгэх тогтоол гаргасан. Харин давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг үндэслэж шүүгдэгчийг цагаатгасан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүхүүд харилцан зөрүүтэй дүгнэлт хийж, өөр өөр шийдэл гаргасныг хяналтын шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Гэмт хэрэг гарсан эсэхийг бүрэн бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт билээ.
2.1.Энэ зорилтыг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан.
2.2.Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтад тулгуурлан мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хөдөлбөргүй, эргэлзээгүй нотолсноор тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүх тогтоон ял шийтгэж, эсхүл цагаатгаснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго хангагдана.
3.2022 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө хохирогч Ц.А бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүднээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд хуульд заасан бүх арга хэмжээг авч, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байна.
4.Анхан шатны шүүхээс хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тухайлбал, гэмт этгээдийг шууд заасан хохирогч Ц.А болон тэрээр урьд шүүгдэгч И.Б-ийн эхнэртэй зүй бус харьцсан шалтгааны улмаас тэд хоорондоо маргалдсан талаарх гэрч О.А, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, хохирогч Ц.А-н биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргийг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр прокурорын яллах дүгнэлтэд дурдсан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг, тэдгээрийн хоорондох шалтгаант холбоо, шүүгдэгч И.Б нь энэ хэрэгт гэм буруутай талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн бөгөөд энэ талаар шийтгэх тогтоолд тодорхой тусгажээ.
5.Түүнчлэн шүүгдэгч И.Б-д ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байх бөгөөд урьд оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
6.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан болон өмгөөлөгчийн тайлбарт дурьдагдсан хохирогч Ц.А гэмт хэргийн хохирлын хэмжээ, шинж чанарын талаар хэтрүүлж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн өөрийн зүй бус ажиллагааг нууж мэдүүлсэн болон шүүгдэгчийг жигшсэн, хохирлын хэмжээг өсгөн төлүүлэх гэсэн ашиг сонирхол бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
7.Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон хэргийн байдлыг няцаан үгүйсгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх нотолгооны стандартыг зөрчсөн буюу нотлох баримтыг бодитоор үнэлэх үүргээ хангалттай хэрэгжүүлж чадаагүй, шүүгдэгч И.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх үзэв.
Тухайлбал, давж заалдах шатны шүүх “...хохирогч Ц.А-ийн мэдүүлгүүдийг үзэхэд тухайн өдөр хэнд зодуулсан, хэдэн цагт гэртээ харьсан, мөн зарим мэдүүлэгтээ И.Б-д өшиглүүлсэн гэх боловч аль хэсэгтээ өшиглүүлсэн /цээж, хэвлий/, ухаан ороод сэрэхдээ хаана сэрсэн талаараа эрс зөрүүтэй мэдүүлж, хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, хохирогчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдохгүй байна...” гэж дүгнэжээ.
7.1.Хохирогч Ц.А нь үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа мөрдөн шалгах ажиллагааны явцад таван удаа (1 дүгээр хавтаст хэргийн 11-12, 44-45, 116, 228, 2 дугаар хавтаст хэргийн 93 дугаар тал), мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд И.Б-д өшиглүүлсэн талаараа огт зөрүүгүй, тогтвортой мэдүүлдэг бөгөөд эдгээр мэдүүлгүүд нь болсон үйл баримтын мэдээллийг агуулсан анхдагч нотлох баримтад тооцогдоно.
7.2.Хохирогч нь эдгээр мэдүүлэгтээ И.Б-д өшиглүүлсний дараа ухаан алдаж сэрсэн гэх газраа “Дээд өргөн чөлөө”, “М” хэмээн зөрүүтэй ярьсан хэдий ч Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 58, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 212 дугаартай шүүгчийн захирамжуудад заасны дагуу мэдүүлгийн нотлох баримтад тавигдах үндсэн шаардлага болох мэдээллийн үнэн зөв, бүрэн бөгөөд зөрүүгүй байдлыг хангах зорилгоор мөрдөн шалгах туршилт, мэдүүлгийг газар нь дээр нь шалгах, гэрч, хохирогчоос дахин байцаалт авах, гэрч, хохирогчийг нүүрэлдүүлэн байцаах зэрэг ажиллагаануудыг хийн мэдүүлгийн зөрүүг байдлыг арилгасан байна. Үүнд:
2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 93 дахь тал) болон 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ц.А, гэрч О.А, Д.Д нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл(3 дугаар хавтаст хэргийн 141,178 дугаар тал)-ээс дүгнэхэд хохирогч Ц.А нь “М пабын үүдэнд сэрээд зам дагаад Дээд өргөн чөлөө рүү алхахад хэвлий хэсгээр өвдөж байсан болохоор тонгойж алхсан, замдаа Дэлгэрэх дэлгүүрийн хойд талд хэсэг хэвтсэн” талаар мэдүүлж, эдгээр байршлуудыг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь ажиллагаагаар тодорхой заасан (2 дугаар хавтаст хэргийн 94 дэх тал) баримт хэрэгт авагджээ.
7.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 5455 дугаартай “Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл” гэх шинжээчийн дүгнэлт болон шинжээч эмч Л.Амгалангийн “Тухайн гэмтлийн хэмжээ, байрлал зэргээс шалтгаалан өвдөх, зовуурилах шинж тэмдэг хүч багатай, зарим тохиолдолд илрэхгүй ч байж болно. Гэхдээ дээрх тохиолдолд шинж тэмдэг хүнд илэрнэ. Дээрх гэмтлийг хүн 00:00 цагийн үед аваад 05:00 цаг хүртэлх хугацаанд хэвтэх, унтах, сууж босох, ууж идэх, бусадтай харилцах зэрэг үйлдэл хийх боломжтой” гэсэн мэдүүлэгтэй харилцан уялдах байдлаар мэдүүлгийн зөрүүг арилгасныг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулжээ.
8.Хэргийн байдлыг үнэн зөв тусгах, илэрхийлэх чадвар нь тухайн хүний мэдлэг, ой тогтоолт, нүдний хараа, сонсгол, хэл яриа, нас, согтуурсан, мансуурсан байдал зэрэг дотоод хүчин зүйлс, мөн тухайн үйл явдал болсон орчин нөхцөл, цаг агаар, хугацаа, бусдын дарамт шахалт, айдас гэх мэт гадны нөлөөнөөс шалтгаалан харилцан адилгүй байж болно. Хохирогч Ц.А нь шүүгдэгч И.Б-д хэрхэн өшиглүүлсэн талаар тодорхой зааж хэргийн байдлыг илэрхийлэхдээ өшиглүүлсэн гэх биеийн хэсгийг хүний биед зэрэгцэн орших “цээж”, “хэвлий” гэх байдлаар заан мэдүүлсэн нь шүүгдэгчийг хохирогчийн биед гэмтэл учруулсан үйл баримтад эргэлзээ төрүүлэх үндэслэл болохгүй.
9.Хэргийн үйл баримтыг тогтоох нь нотлох баримтуудыг нэг бүрчлэн шалган үнэлэх ажиллагаанаас эхлэх ба шүүх, прокурор, мөрдөгчийн “Өөрийн дотоод итгэлд тулгуурлах” зарчим нь хөндлөнгийн байр сууринаас хараат бус хандахыг илэрхийлэхээс бус бодитойгоор тогтоогдож буй аливаа нөхцөл байдлыг дураар өөрчлөх, дутуу эсхүл хэтрүүлэн үнэлэх, үгүйсгэх зэргээр өөрт санагдсан субьектив бодлоор дур зоргод хөтлөгдөхийг зөвшөөрч буй хэрэг биш болохыг анхаарах нь зүйтэй.
10.Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх нь нотлох баримтад тулгуурлан хэргийн жинхэнэ байдлыг тогтоохыг илэрхийлэх бол хууль ёсны байх нь тогтоогдсон үйл баримтад эрх зүйн зөв дүгнэлт хийх шаардлага юм.
10.1.Гэтэл давж заалдах шатны шүүх хохирогч Ц.А-н ухаан алдсан гэх, шүүгдэгч И.Б-тэй залган орших “М” пабын үүдэнд 150 см өндөртэй, үзүүртэй төмөр хашлага хаалгагүй хийгдсэн, голоороо шигүү модтой, уг хашлагыг хүн, мал давах боломжгүй байсан нь И.БЦ.А-н биед гэмтэл учруулсан гэмт хэргийн шинжийг хэрхэн үгүйсгэх талаар учир холбогдлын дэс дараалал бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.
11.Иймд хяналтын шатны шүүхээс дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.
12.Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан И.Б-ийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шийтгэх тогтоолд заасны дагуу хорих ялыг эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 77 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч И.Б-ийг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шийтгэх тогтоолд заасны дагуу хорих ялыг эдлүүлсүгэй.
3.Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Алимаагийн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг хангасугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
Ц.ОЧ
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР