| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0880/Э |
| Дугаар | 893 |
| Огноо | 2019-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 893
2019 11 20 2019/ШЦТ/893
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Г /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Б.Г т холбогдох эрүүгийн 1911025241130 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Б.Г , 1983 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Сэлэнгэ аймаг, Орхонтуул сум, 1 дүгээр баг, Рашаант, дөхөм гудамж 3-8 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22- 499 тоотод хамтран амьдрагч М.Алтантуяатай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож, духанд зөөлөн эдийн няцрал, дал, 2 хөлийн өвдөгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч М.Алтантуяа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би Шар хадны ойролцоо байх дүүгийнхээ гэрт байж байгаад орой 21 цагийн үед гэртээ ирэхэд гэрт манай хамтран амьдрагч, Ганзоригийн бэр дүү Алтанбулаг хоёр байж байсан юм. Намайг гэртээ ирэхэд Ганзориг уурлаад байсан юунаас болж уурласан нь мэдэгдэхгүй нэг л хачин уурлаад, үглээд юу хийгээд банзалдаад яваад байгаа юм бэ гэртээ байхгүй гэж хэлэхээр нь би хүүхдээ харах гээд Шар хад руу явсан юм гэж хэлсэн. Ингээд Ганзориг намайг гэрт оройн хоолны юм аваад өг гэж хэлсэн. Ингээд бид 2 дэлгүүр рүү хамт яваад дэлгүүрт ороод Ганзориг хоолны юм аваад өг гэхээр нь би өөр юу авах юм бэ гээд асуутал архи авна гэхээр нь би авч өгөхгүй гэж хэлтэл намайг хөөгөөд байснаа өөрөө банкны картаа уншуулаад том савтай пиво, 0,5 граммын архи авсан. Ингээд хамт гэртээ иртэл Ганзориг түрүүлж ороод гэрийнхээ хаалгаа хаачхаад зайл гэж хэлээд оруулахгүй байхаар нь би хаалгаа татаж байгаад арай гэж ортол миний өөдөөс Ганзориг ус цацах гэхээр гадаа гартал араас ус цацаад дараа нь сүү өргөсөн тэгснээ Ганзориг эсвэл чи энэ гэрт хоно үгүй бол би хононо гэж хэлчхээд гэртээ орохоор нь би араас нь гэртээ ороход Ганзориг орон дээр хэвтэж байсан тэгэхээр нь хажууд нь хэвтсэн чинь уурлаад босож яваад буцаад хажууд ирээд хэвтсэн тэгээд би хажууд нь хэвтэж байтал миний гэдэс рүү цохиод өшиглөөд байхаар би босоод гэрийнхээ үүд хэсгийн буланд сууж байтал Ганзориг миний толгой руу болон нүүр хэсэгт нэлээн хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь би гарч яваад өөрийн төрсөн дүү Шинэ-Одруу утасдаж ирээд ав гэж хэлсэн. Ерөнхийдөө архи уусан үедээ намайг хэл амаар харааж зүхэж, хэрүүл өддөг бөгөөд ганц нэг удаа хэрэлдэж байхдаа цохиж байсан тэрнээс биш энэ удаагийнх шиг намайг зодож гэмтээж байсан удаагүй, ...2019 оны 06 сард би Цагдаагийн байгууллагад дуудлага өгч, нөхөр болох Ганзоригт торгуулийн арга хэмжээ авхуулж байсан. Ганзоригтой хамтран амьдраад 4-5 жил болж байна. Гэрлэлтийн баталгаа байхгүй, Ганзориг нь их хартай, архи уусан үедээ догшин хэрцгий авиртай болчихдог...” гэх мэдүүлэг /хх 13-18/,
Гэрч А.Алтанбулаг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ганзориг Алтантуяаг нэг удаа алгадаад авахаар нь би Ганзоригийг Алтантуяагаас салгасан юм. Ингээд нэг их зодоон болоогүй маргалдаж байснаа хэрэлдээд 1 сая төгрөгийг асуудал яриад л байсан угаасаа энэ хоёр хэрэлдэхээрээ 1 сая төгрөг нэхээд байдаг юм. Би энэ асуудлын талаар нэг их юм мэдэхгүй гэхдээ энэ хоёр анх нийлэхдээ Алтантуяа нь 1 сая төгрөгтэй нийлсэн юм шиг байна лээ. ТУхайн үед Ганзориг их согтуу биш халамцуул байсан...” гэх мэдүүлэг /хх 28-29/,
Гэрч М.Шинэ-Од нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би гэртээ байж байтал манай эгч Алтантуяа над руу 21 цагийн үед залгаад Ганзориг намайг зодоод байна ирээд аваач гэхээр нь би 22 цаг 30 минутын орчим эгчийнхээ амьдарч байгаа Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-449 тоотод очиход Ганзориг ах орондоо хэвтсэн байсан бөгөөд манай эгч гарч ирээд Ганзориг намайг буланд шахаад цохисон би толгойгоороо хананд хавсарч цохигдсон гэж хэлсэн. Ингээд би гэрт нь ороод Ганзоригтой яах гээд эгчийг зодоод байгаа юм бэ гэхэд би зодоогүй гээд байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд эгчийгээ аваад явсан...” гэх мэдүүлэг /хх 30-31/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10994 дугаар дүгнэлтэд: “...М.Алтантуяагийн биед духанд зөөлөн эдийн няцрал, дал, 2 хөлийн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх ЗЗ/,
Шүүгдэгч Б.Г нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр архи согтууруулах ундаа уугаагүй байсан бөгөөд Алтантуяатай хамт дэлгүүрээс худалдаж авсан пивоноосоо 2 стаканыг уусан байсан юм. Алтантуяа тэгээд намайг элдэв янзаар хэлээд мөнгө нэхээд байсан учраас ийм үйлдэл хийсэн. ...Би Алтантуяагийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 40-41/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 42/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 43/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 304 дүгээр тогтоол /хх 65/, шүүгдэгч Б.Г ийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 63/, хохирогч М.Алтантуяагийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 62/, хохирогч М.Алтантуяагийн толгойн компьютерт томографийн шинжилгээний бичиг /хх 36/, хохирогч М.Алтантуяагийн гаргаж өгсөн хохиролын баримт /хх 53/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх 54/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22- 499 тоотод хамтран амьдрагч М.Алтантуяатай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зодож, духанд зөөлөн эдийн няцрал, дал, 2 хөлийн өвдөгт цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч М.Алтантуяагийн “...би хажууд нь хэвтэж байтал миний гэдэс рүү цохиод өшиглөөд байхаар би босоод гэрийнхээ үүд хэсгийн буланд сууж байтал Ганзориг миний толгой руу болон нүүр хэсэгт нэлээн хэдэн удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх 13-18/, гэрч А.Алтанбулагийн “...Ганзориг Алтантуяаг нэг удаа алгадаад авахаар нь би Ганзоригийг Алтантуяагаас салгасан юм. Ингээд нэг их зодоон болоогүй маргалдаж байснаа хэрэлдээд 1 сая төгрөгийг асуудал яриад л байсан угаасаа энэ хоёр хэрэлдэхээрээ 1 сая төгрөг нэхээд байдаг юм...” гэх мэдүүлэг /хх 28-29/, гэрч М.Шинэ-Одын “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би гэртээ байж байтал манай эгч Алтантуяа над руу 21 цагийн үед залгаад Ганзориг намайг зодоод байна ирээд аваач гэхээр нь би 22 цаг 30 минутын орчим эгчийнхээ амьдарч байгаа Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 22-449 тоотод очиход Ганзориг ах орондоо хэвтсэн байсан бөгөөд манай эгч гарч ирээд Ганзориг намайг буланд шахаад цохисон би толгойгоороо хананд хавсарч цохигдсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 30-31/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10994 дугаар дүгнэлт /хх ЗЗ/, Б.Г ийн “...Би Алтантуяагийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 40-41/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч М.Алтантуяа нь “...эмчилгээний зардалд 128.000 төгрөгийг авсан надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г т оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН