| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2019/0700/Э |
| Дугаар | 904 |
| Огноо | 2019-11-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 904
2019 11 25 2019/ШЦТ/904
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Н.Д /өмгөөлөгчгүй оролцох aхүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөртэчоно овгийн Н.Д ид холбогдох эрүүгийн 1911008200828 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Бөртэчоно овгийн Н.Д , 1987 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар дэвшил ТҮК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, сурагчийн 85-1035 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 84 дүгээр гудамжны 1036 тоотод иргэн О.Батчулууны эзэмшлийн Хуавей пи-20 Лайт загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Н.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байна. 250.000 төгрөгийг Оюунсувдад төлөх болно...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч О.Батчулуун нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 84 дүгээр гудамжинд Батзаяа, Жадамбаа нартай 750 граммын Вива нэртэй архи хувааж уугаад дуусч байхад Гантулга ирээд Жадамбаа, Заяа нарыг аваад явсан би үлдээд Эрдэнэчулууны гэрт орсон чинь Ган-Очир, эхнэр Ариунбуян, мөн Отгондорж, нэг танихгүй хүүхэн, Отгондоржийн ах Баагий нар ширээн дээр архи тавьсан уугаад сууж байсан. ...Би өөрийнхөө гар утсыг шалгатал байхгүй байсан. Тэгээд Ган-Очир, Ариунбуян нараас гар утас яасан бэ? олж өг гэхэд тэд Отгондорж авсан Отгондоржид гар утас чинь байгаа гээд байж байтал гаднаас Отгондорж ганцаараа орж ирэхээр нь миний гар утас хаана байна гэхэд би юу гэж авдаг юм гээд уурлаад байсан. ...Отгондорж би чамаас авангуутаа Эрдэнэчулууны байшингийн ард нуусан гэж хэлхээр нь би ганцаараа такси бариад Эрдэнэчулууны байшингийн ард очоод гар утсаа нэлээн хайсан боловч олдоогүй. ...Би гар утсаа 2019 оны 01 дүгээр сард юнителээс 980.000 төгрөгөөр шинээр нь лизенгийн гэрээ хийж авч байсан...” гэх мэдүүлэг /хх 11-15/,
Иргэний нэхэмжлэгч Ш.Оюунсувд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Тэди худалдааны төв дээр хувиараа лангуу түрээслэн гар утас худалдаалдаг ажил хийдэг юм. 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шиг санагдаж байна, ажил дээрээ байж байхад 11-12 цагийн хооронд 165-170 см өндөр нуруутай, бордуу царайтай 37-40 орчим насны биедээ таарсан махтай, үсээ ардаа боосон, хар нүдний шилтэй эмэгтэй хүн ирж уулзаад гар утас авах уу гэж асуухаар нь авна гэж хэлсэн, тэгээд уг утсыг үзэхэд Хувай пи-20 лайт загварын утсыг 250.000 төгрөгөөр худалдан авсан юм. Харин тэр утсыг лангуун дээр байлгаж байгаад 400.000 төгрөгөөр худалдаалсан. 2019 оны 05 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Намайг цагдаагийн газраас дуудаж, миний худалдаалсан гар утсыг гэмт хэргийн замаар олсон гар утас байна гэж хэлээд намайг дуудаж мэдүүлэг авсан юм. Тэгээд би надаас Хувай пи-20 лайт гар утсыг худалдан авсан залууд гар утсаа цагдаад хураалгасан гэхээр нь би тэр залууд уг утастай адил загварын шинэ гар утас өгч, хохирлыг нь барагдуулсан. Харин одоо би өөрт учирсан 250.000 төгрөгийн хохирлоо гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх 17-18/,
Гэрч А.Ариунбуян нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...бид нар ууж байсан архиа хувааж уучхаад орон дээр очоод хэвтээд өгсөн, тэгтэл Отгондорж очоод татаж чангаагаад байснаа Батчулууны куртигны зүүн талын халааснаас нь гар утсыг нь авахаар нь би Ган-Очирт утсыг нь авчихлаа гэж хэлсэн, тэгээд Очироо босоод Батчулууныг босгоод утсыг чинь авчихсан уу гэж асууж байсан. Тэр үед Отгондорж хамт ирсэн хүүхнээ дагуулаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 21-23/,
Гэрч Г.Ган-Очир нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би хэвтээд байж байтал манай эхнэр намайг сэрээгээд Отгондорж Батчулууны халаасыг ухаад гар утсыг нь авчихлаа гэж хэлсэн, тэгэхээр нь би Отгондоржид уурлаад зүгээр ууж идэхгүй Батчулууны халаасыг битгий нэгжээд бай гэж хэлсэн. Удахгүй Отгондорж гараад явсан. Тэгсэн манай эхнэр Батчулууны утсыг Отгондорж авчихсан юм биш үү гэтэл Батчулуун гар утсаа халаасандаа үзтэл байхгүй байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх 26/,
Гэрч Д.Алтанчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би Өнөбаранд ирээд унтаж байхад хаалга нүдээд Отгондорж, түүний ах, утсаа алдсан гэх залуу 3 орж ирээд гар утсаа алдсан гэх залуу Отгондорж миний гар утсыг чамд өсгөн гэж хэлсэн гэхээр нь би хувцасны халаасаа үзүүлээд Отгондоржид чи юу яриад байгаа юм бэ? би тийм утасны барааг нь ч хараагүй согтуудаа нэг газар хийсэн байна гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 29/,
Гэрч Ц.Анхбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Тэди төвийн 2 давхрын 7 дугаар павилоны 2 дугаар лангуунаас 500.000 төгрөгөөр шинэ гар утас гэж худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх 31/,
Эд зүйлийн үнэлгээ “...Хуавей пи-20 загварын гар утас 920.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 38/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 40/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 41/,
Шүүгдэгч Н.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Өөрийн найзаасаа уучлалт гуймаар байна...” гэх мэдүүлэг /хх 46-47/,
Мобиком корпораци ХХК-ны 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18/3091 тоот албан бичигт: “...865464042025389 IMEI кодтой утсанд ашиглаж байгаа 99022352 дугаарын эзэмшигчийн мэдээллийг хавсралтаар хүргүүлэв...” гэх албан тоот /хх 63/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 48/, гар утас төхөөрөмж, худалдан авах урт хугацааны гэрээ /хх 39/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 84 дүгээр гудамжны 1036 тоотод иргэн О.Батчулууны эзэмшлийн Хуавей пи-20 Лайт загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч О.Батчулууны “...Отгондорж би чамаас авангуутаа Эрдэнэчулууны байшингийн ард нуусан гэж хэлхээр нь би ганцаараа такси бариад Эрдэнэчулууны байшингийн ард очоод гар утсаа нэлээн хайсан боловч олдоогүй...” гэх мэдүүлэг /хх 11-15/, иргэний нэхэмжлэгч Ш.Оюунсувдын “...2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шиг санагдаж байна, ажил дээрээ байж байхад 11-12 цагийн хооронд 165-170 см өндөр нуруутай, бордуу царайтай 37-40 орчим насны биедээ таарсан махтай, үсээ ардаа боосон, хар нүдний шилтэй эмэгтэй хүн ирж уулзаад гар утас авах уу гэж асуухаар нь авна гэж хэлсэн, тэгээд уг утсыг үзэхэд Хувай пи-20 лайт загварын утсыг 250.000 төгрөгөөр худалдан авсан юм. Харин тэр утсыг лангуун дээр байлгаж байгаад 400.000 төгрөгөөр худалдаалсан...” гэх мэдүүлэг /хх 17-18/, гэрч А.Ариунбуянгийн “...Отгондорж очоод татаж чангаагаад байснаа Батчулууны куртигны зүүн талын халааснаас нь гар утсыг нь авахаар нь би Ган-Очирт утсыг нь авчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 21-23/, гэрч Г.Ган-Очирын “...Би хэвтээд байж байтал манай эхнэр намайг сэрээгээд Отгондорж Батчулууны халаасыг ухаад гар утсыг нь авчихлаа гэж хэлсэн, тэгэхээр нь би Отгондоржид уурлаад зүгээр ууж идэхгүй Батчулууны халаасыг битгий нэгжээд бай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 26/, гэрч Д.Алтанчимэгийн “...Отгондорж миний гар утсыг чамд өсгөн гэж хэлсэн гэхээр нь би хувцасны халаасаа үзүүлээд Отгондоржид чи юу яриад байгаа юм бэ? би тийм утасны барааг нь ч хараагүй согтуудаа нэг газар хийсэн байна гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 29/, гэрч Ц.Анхбаярын “...би 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Тэди төвийн 2 давхрын 7 дугаар павилоны 2 дугаар лангуунаас 500.000 төгрөгөөр шинэ гар утас гэж худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх 31/, эд зүйлийн үнэлгээ “...Хуавей ПИ-20 загварын гар утас 920.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 38/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх 40/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 41/, шүүгдэгч Н.Д ийн “...Би хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Өөрийн найзаасаа уучлалт гуймаар байна...” гэх мэдүүлэг /хх 46-47/, Мобиком корпораци ХХК-ны 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 18/3091 тоот албан тоот /хх 63/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Д ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Н.Д ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Д ид ял оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.
Хохирол төлбөрийн хувьд хохирогч О.Батчулуунд гар утсыг буцааж өгсөн, болохыг дурдаж, шүүгдэгчээс 250.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ш.Отгонсувдад олгуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 11 сарын 17-ны өдрөөс 2019 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл нийт 8 хоног цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж, түүний эдэлбэл зохих ялыг 176 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоов.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Н.Д ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бөртэчоно овгийн Н.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д ид 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн 2019 оны 11 сарын 17-ны өдрөөс 2019 оны 11 сарын 25-ны өдрийг хүртэл нийт 8 хоног цагдан хоригдсон хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас хасаж, түүний эдэлбэл зохих ялыг 176 /нэг зуун далан зургаа/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д оос 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч иргэний нэхэмжлэгч Ш.Оюунсувд /ТД81062562/-д олгосугай.
6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, шүүгдэгч нь хохирогч О.Батчулуунд гар утсыг буцааж өгсөн болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Д ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН