Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 791

 

    2019       08          28                                   2019/ШЦТ/791

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,

            улсын яллагч Б.Бүжинлхам,

            шүүгдэгч П.Н, түүний өмгөөлөгч Б.Т,

            шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч С.Б,

            гэрч Ц.Наранзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

            Нийслэлийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор Ж.Батхуягаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт П-н Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Э-н Б- нарт холбогдох эрүүгийн 1802001540172 дугаартай хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:      

  1. Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Ресора Таур” рестораны хоолны газар хүнсний борлуулагч, 15 дугаар хороо, Өнөр хороололын 23-185 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Энхтайван хотхоны 46а-904 тоотод оршин суудаг,

Урьд нь Баянзүрх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 65 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 320 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн, М овогт П.Н /РД: /,

  1. Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Техас” ресторанд тогооч ажилтай, Дархан-Уул аймгийн Дархан 16 дугаар баг, 1 дүгээр хорооллын 17-36 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 2-108 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Яовогт Э.Б /РД:/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.Н нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфитамины агууламж бүхий 0.37 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар бусдад худалдсан,

  Шүүгдэгч Э.Б нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфитамин агууламж бүхий 0.37 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч П.Н шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр миний нэг танил над руу утсаар яриад уначихсан Кровн машин 1.000.000 төгрөгөөр авах уу гэж байна гэхээр нь би сонирхож үзье гээд тухайн үед машингүй байсан болохоор Ц.Н руу утсаар ярьж Ц.Н хамт очиж үзэхээр болсон. Тэгээд 21 дүгээр хороололд очоод машин зарах хүний утас руу залгатал утас нь болохгүй байсан.Тэгтэл нөгөө хүн залгаад 5 буудлын Жасиун гэх үйлчилгээний төв рүү хүрээд ир гэсэн. Ц.Н явж очоод залгатал 30-40 минутын дараа уулзъя гэхээр нь худлаа болчихлоо маргааш уулзъя гээд тэндээс явсан. Би тэндээс хөдлөхдөө байрны түрээс нэхэгдээд байсан учир Э.Бөмнө нь  зээлсэн 200.000 төгрөгийг  авахаар Бүрд худалдааны төв дээр очсон. Э.Б 195.000 төгрөгийг гаргаж ирээд 5000 төгрөгөөр нь такси барьчихлаа гээд дөнгөж юм яриад сууж байтал цагдаа нар ирсэн...” гэв.

Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 07 цагийн орчимд би Сансарын задгай асарт найзуудтайгаа хөл бөмбөг үзэж байтал П.Н над руу залгаад байрны түрээс болчихлоо зээлсэн мөнгөө авъя гэсэн тэгээд Бүрд худалдааны төвийн тэнд байна ирээд өгчих гэхээр нь такси барьж очоод Бүрд худалдааны төвийн хажууд цагаан өнгийн машинд сууж байхаар нь 195.000 төгрөг өгсөн. Би 200.000 төгрөг өгөх байснаас 5000 төгрөгөөр нь такси барьчихсан юм.  Тухайн машинд ороод П.Н мөнгийг өгөөд удаагүй байтал цагдаа нар ирсэн...” гэв.

Гэрч Ц. шүүхийн хэлэлцүүлэгт: “Жасиун” үйлчилгээний төв дээр очсон. П.Н над руу залгаад  1.000.000 төгрөгөөр барьцаанд тавьсан Кровн байгаа авах уу гэсэн. Тэгээд  21-р хорооллын тэнд очоод нөгөө машины түлхүүр авах хүн рүүгээ залгатал утас нь холбогдохгүй байсан. П.Н ах утсаар ярьж явж байгаад “Жасиун” төв дээр очсон. П.Н “Жасиун” төвийн урд машинаас буугаад далангаас доош бууж дэлгүүр лүү ордог шатаар буугаад буцаад гартаа нойлын цаас атгаж орж ирсэн. Тэгээд миний хажуугийн буюу баруун гар талын урд суудал дээр суугаад гартаа атгасан нойлын цаастай зүйлээ задалж харчихаад утсаар яриад Бүрд худалдааны төв дээр очсон. Бүрд худалдааны төвийн замын эсрэг талын зогсоол дээр зогсож байхад Э.Б миний машины арын суудлын гол хэсэгт суусан. Тэгээд  Э.Б нь  халааснаасаа 195.000 төгрөг гаргаж өгөөд 5000 төгрөгөөр нь такси барьчихлаа гэсэн. П.Н цаасанд боосон зүйлээ Э.Баатарт өгсөн. Гэтэл Э.Б арай жоохон юм бишүү гэтэл П.Н би өөрийнхөөсөө жоохныг өгчихнөө гээд 50 төгрөг гаргаж ирж хуйлаад байж байтал цагдаа нар ирсэн. Нойлын цаасан дотор юу байгааг машин дотор задалж харсан. Тухайн зүйлийг  П.Н, Э.Б өгөөд хоёр хувааж байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “шүүгдэгч П.Н, Э. нарын гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 9-16 дугаар хуудас тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 26-29 дүгээр хуудас хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл,  31-36 дугаар хуудас гар утсанд  үзлэг хийсэн тэмдэглэл, 37-38 дугаар хуудас, 46 дугаар хуудас эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,  58, 63 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 6714, 6715 дугаартай дүгнэлт, 47-48  дүгээр хуудас гэрч Ц.Н мэдүүлэг, 68-74 дүгээр хуудас шүүх сэтгэц эмгэг судлалын №590, 601 тоот дүгнэлтүүд, 86-87 дугаар хуудас яллагдагч Э.Б сэжигтнээр өгсөн мэдүүлэг” зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч П.Н өмгөөлөгч Б.Т: “П.Н хууль ёсны эрх ашгийг хамгаалан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаалгах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 9-16 дугаар хуудас тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, 24 дүгээр хуудас хүний бие эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, 40-44 дүгээр хуудас мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, 46 эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, 47-48 дугаар хуудас гэрч Ц.Н авсан мэдүүлэг, 52-55 дугаар хуудас гэрч Б.Н мэдүүлэг, 80-81 дүгээр хуудас Ц.Н сэжигтнээр авсан мэдүүлэг” зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Э.Б өмгөөлөгч С.Б: “Э.Б  хууль ёсны эрх ашгийг хамгаалан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаалгах, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 105 дугаар хуудас яллагдагч Э.Б мэдүүлэг, 99 дүгээр хуудас яллагдагч П.Н мэдүүлэг, 54-55 дугаар гэрч Э.О мэдүүлэг, 41  дүгээр хуудас мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, 47-48 дугаар хуудас гэрч Ц. мэдүүлэг, 34 дүгээр хуудас гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 171 дүгээр хуудас тээврийн хэрэгслийн лавлагаа, 63 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 6714, 6715 дугаартай дүгнэлт,134 дүгээр хуудас урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 79 дүгээр хуудас сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл, 78 дугаар хуудас сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай тогтоол,161 дүгээр хуудас суурь боловсролын гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой: П.Н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-129/, Э.Б иргэний үнэмлэхний лавлагаа /хх-160/, шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-132, 134/, П.Н урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-206-208/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүхээс шүүгдэгч П.Н, Э.Б нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Н нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфитамины агууламж бүхий 0.37 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар бусдад худалдсан,

  Шүүгдэгч Э.Б нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд орсон метамфитамин агууламж бүхий 0.37 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-16 хуудас/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл /хх-ийн 26,29 хуудас/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай  тэмдэглэл /хх-ийн 37-38/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 46 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 6714, 6715 дугаартай дүгнэлт /хх-ийн 58,63/ хуудас/ ,

Гэрч Ц.Н “...Жагаа ах утсаар ярьж явж байснаа хойшоо чигээрээ таван буудлын тэнд Жасиун үйлчилгээний төв дээр бууя гэсэн. Тэгээд Жасиун төвийн урд талын автобусны буудал дээр зогсоод Ж ах машинаас буугаад далангаас хойш буудаг дэлгүүр лүү ордог шатаар буугаал буцаад гартаа нойлын цаас атгасан орж ирсэн. Тэгээд миний хажуугийн буюу баруун гар талын урд суудал дээр суугаад гартаа атгасан байсан нойлын цаастай зүйлээ задалж харчихаад утсаар яриад Бүрд лүү очлоо Бүрд дээр буучихья гэсэн. Тэгээд Бүрд худалдааны төв дээр очоод замын эсрэг талд нь байдаг дэлгүүрийн зогсоол дээр зогссон. Тэгтэл Приус-20 маркийн такситай бүдүүн шар, зүүн гар нь хугараад шохойдчихсон залуу ирээд миний машины арын суудлын гол хэсэгт суусан. Тэгээд Ж ах 200.000 төгрөг өгчих гэтэл нөгөө залуу нь халааснаасаа 195.000 төгрөг гаргаж өгөөд 5000 төгрөөөр такси барьчихлаа гэсэн. Тэгтэл Ж ах нөгөө нойлын цаасанд боосон зүйлээ өгсөн. Тэгтэл нөгөө залуу нь арай жаахан юм биш үү гэтэл Ж ах би өөрийнхөөсөө жоохныг өгчихнөө гээд 50 төгрөг гаргаж хуйлаад байж байтал цагдаа нар ирж баривчилсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, мөн дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж,

шүүгдэгч П.Н мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Э.Б мансууруулах буюу сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Мансууруулах бодисыг хууль бусаар олж авах гэдэг нь тухай бодисыг худалдан авах, гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлгэнд авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг багтаадаг ойлголт бөгөөд шүүгдэгч Э.Б мансууруулах бодисыг олж авсан үйлдэл нь гэрч Ц.Н “Приус-20 маркийн такситай бүдүүн шар, зүүн гар нь хугараад шохойдчихсон залуу ирээд миний машины арын суудлын гол хэсэгт суусан. Тэгээд Ж ах 200.000 төгрөг өгчих гэтэл нөгөө залуу нь халааснаасаа 195.000 төгрөг гаргаж өгөөд 5000 төгрөөөр такси барьчихлаа гэсэн. Тэгтэл Ж ах нөгөө нойлын цаасанд боосон зүйлээ өгсөн. Тэгтэл нөгөө залуу нь арай жаахан юм биш үү гэтэл Ж ах би өөрийнхөөсөө жоохныг өгчихнөө гээд 50 төгрөг гаргаж хуйлаад байж байтал цагдаа нар ирж баривчилсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-16/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай  тэмдэглэл /хх-ийн 37-38/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 46/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч П.Н болон түүний өмгөөлөгчөөс “мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан” гэсэн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй худалдаалах зорилго байгаагүй гэж мэтгэлцэж байх боловч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох гэрч Ц.Н “...Ж ах машинаас буугаад далангаас хойш буудаг дэлгүүр рүү ордог шатаар буугаал буцаад гартаа нойлын цаас атгасан орж ирсэн. Тэгээд миний хажуугийн буюу баруун гар талын урд суудал дээр суугаад гартаа атгасан байсан нойлын цаастай зүйлээ задалж харчихаад утсаар яриад Бүрд лүү очлоо Бүрд дээр буучихья гэсэн. Тэгээд Бүрд худалдааны төв дээр очоод замын эсрэг талд нь байдаг дэлгүүрийн зогсоол дээр зогссон. Тэгтэл Приус-20 маркийн такситай бүдүүн шар, зүүн гар нь хугараад шохойдчихсон залуу ирээд миний машины арын суудлын гол хэсэгт суусан. Тэгээд Ж ах 200.000 төгрөг өгчих гэтэл нөгөө залуу нь халааснаасаа 195.000 төгрөг гаргаж өгөөд 5000 төгрөөөр такси барьчихлаа гэсэн. Тэгтэл Ж ах нөгөө нойлын цаасанд боосон зүйлээ өгсөн. Тэгтэл нөгөө залуу нь арай жаахан юм биш үү гэтэл Ж ах би өөрийнхөөсөө жоохныг өгчихнөө гээд 50 төгрөг гаргаж хуйлаад байж байтал цагдаа нар ирж баривчилсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-16/, таньж олуулах ажиллагаа хийсэн тухай  тэмдэглэл /хх-ийн 37-38/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 46/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

            Мөн мансууруулах бодисыг борлуулах гэдэг нь дан ганц төлбөртэйгөөр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй бөгөөд хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа /худалдах, бэлэглэх, солилцох, эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх гэх мэт/ аливаа хэлбэр, түүнчлэн мансууруулах бодисыг тодорхой хүний биед нь тарих гэх мэт бүхий л арга хэрэгслээр түгээж байгаа үйлдлийг багтааж буй ойлголт бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр борлуулсан гэмт хэргийг төгс үйлдэгдсэнд тооцогддог тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас “...Шүүгдэгч П.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулах, шүүгдэгч Э.Б  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх..., гэсэн санал,

Шүүгдэгч П.Н өмгөөлөгч Б.Т: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлох  ажиллагаа дутуу хийгдсэн. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд прокурорын санал болгож буй 6 жил хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын хугацааг анхаарч үзнэ үү...” гэсэн хүсэлтийг,

Шүүгдэгч Э.Б өмгөөлөгч С.Б: “…Миний үйлчлүүлэгч Э.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн учир хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч П.Н, Э.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, П.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгч П.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Шүүгдэгч Э. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг байдлыг харгалзан уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

3. Бусад асуудлаар

Эрүүгийн 1802002370152 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №22 дугаартай гялгар уутны хамт нийт 0,2 грамм, мөн №24 дугаартай гялгар уутны хамт 0.14 грамм метамфетамины агууламж бүхий бодис, орой хэсэг нь хагархай тарианы усны шил 1 ширхэгийг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж,

AU2846799 дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5000-тын мөнгөн дэвсгэрт 11 ширхэг, 10.000-тын мөнгөн дэвсгэрт 14 ширхэг нийт 195.000 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.Н, Э.  нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг тус тусын эдлэх ялд оруулан тооцохыг дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.9 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

  1. Мянгат овогт П.Н мансууруулах буюу сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

-Я овогт Э.Б-г мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Н-д 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-т 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н, Э.Б нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №22 дугаартай гялгар уутны хамт нийт 0,2 грамм, мөн №24 дугаартай гялгар уутны хамт 0.14 грамм метамфетамины агууламж бүхий бодис, орой хэсэг нь хагархай тарианы усны шил 1 ширхэгийг устгахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст,

- AU2846799 дугаартай 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5000-тын мөнгөн дэвсгэрт 11 ширхэг, 10,000-тын мөнгөн дэвсгэрт 14 ширхэг нийт 195.000 төгрөгийг улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н, Э.Б нарын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч П.Н, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  1. . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Н, Э.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ИДЭР