Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 943

 

2019         11         04                                     2019/ШЦТ/943

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинзул,

Улсын яллагч Я.Мөнхзаяа

Шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч П.Э  /ШТЭД:/  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Еркебулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зовогт Ц.У /РД: /-д  холбогдох эрүүгийн 1809052760093 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 04-ий өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 942/Д тоотод оршин суух хаягтай, урьд 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулж буй хорих ялыг Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 

2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 612 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

 

2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулж буй хорих ялыг Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 80 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 01 сар 10 хоногийн хорих ялыг эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан гэх З овогт Ц.У /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.У нь шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 75 дугаар гудамжны 989 тоот хохирогч Д.Э-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд хууль бусаар нэвтэрч 6 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг хөөрөг, 1 ширхэг Камус нэртэй виски, 3 ширхэг Жанет нэртэй вино, 2 ширхэг ноолууран цамц, 1 ширхэг эмэгтэй хүний палаж, 2 ширхэг Кристиан-Диор нэртэй үнэртэй ус, 1 ширхэг мөнгөн гинж, бор өнгийн үүргэвчин цүнх, 0.5 литрийн Хараа нэртэй архи зэрэг эд зүйлийг хулгайлан авч түүнд 1,971,550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.У шүүхийн хэлэлцүүлэгт “... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв....” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч Ц.У нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан хэрэгт буруутгагдсан. Түүний гэм буруу нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс зүйлчилсэн хэргийн зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Прокуророос яллах дүгнэлтийн хавсралтад дурьдагдсан баримтуудыг шинжлэн судлана гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож, хавтаст хэргийн 17, 31, 33, 37, 28, 69-71 авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.  

Шүүгдэгчийн Ц.У “шинжлэн судлах баримтгүй” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.У нь шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 75 дугаар гудамжны 989 тоот хохирогч Д.Э-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд хууль бусаар нэвтэрч 6 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг хөөрөг, 1 ширхэг Камус нэртэй виски, 3 ширхэг Жанет нэртэй вино, 2 ширхэг ноолууран цамц, 1 ширхэг эмэгтэй хүний палаж, 2 ширхэг Кристиан-Диор нэртэй үнэртэй ус, 1 ширхэг мөнгөн гинж, бор өнгийн үүргэвчин цүнх, 0.5 литрийн Хараа нэртэй архи зэрэг эд зүйлийг хулгайлан авч түүнд 1,971,550 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь,

хохирогч Д.Э-н “...2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би гэрээсээ 07:40 минутын орчимд гараад байшингийнхаа хаалгыг цоожпоод хашааны хаалга үүдээ цоожлоод ажилдаа явсан юм. Тэгээд ажил дээр очоод байж байхад үдээс хойш 16:00 цаг өнгөрч байхад манай нөхөр утсаар над руу залгаж хэлэхдээ: “манай байшинд хулгай орсон байна гэж хорооны хэсгийн ахлагч хэлсэн” гэж хэлсэн юм. Тэгээд би ажлаасаа гараад замаараа нөхөр Ганбаатарыг эмнэлэг дээрээс нь аваад гэртээ ирсэн юм. Тэгээд бид хоёрыг гэртээ ирэхэд манай гэрийн гадаа цагдаа нар ирсэн байсан бөгөөд бид хоёрыг ирсний дараа үзлэг шалгалтаа эхэлсэн юм. Манай байшингийн хоёр давхрын баруун тийш харсан цонхыг хагалж хулгайч орсон байсан. Манай гэрээс нийт 6 ширхэг мөнгөн аяга болон 2 ширхэг хөөрөг, 1 шил виски, 3 шил вино, 2 ширхэг ноолууран цамц, эмэгтэй хүний юбка, 2 ширхэг үнэртэй ус, 1 ширхэг мөнгөн гинж, 0.5 литрийн Хараа нэртэй архи алдагдсан байсан...” гэх мэдүүлэг/хх-25-26, 27-28/,

гэрч Ө.Т-н “... Би Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст Бэлх 116 чиглэлд эргүүлийн цагдаа жолоочийн үүрэг гүйцэтгэн ажилладаг. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Бэлх 10-аас “Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 75-989 тоотод хулгайч орсон байна” гэх мэдээлэл ирсний дагуу шуурхай очиж шалгахад саарал өнгийн төмөр хаалгатай хашаатай айл байсан бөгөөд хашаан дотор улаан тоосгон 2 давхар байшин байсан. Уг байшингийн 1 давхрын үүдний амбаарын цонх хагарсан байдалтай мөн 2 давхрын цонх хагарсан байдалтай байсан. Байшингийн гадна хаалга болон бусад цонхнууд цоожтой, түгжээтэй, эзэнгүй байдалтай байсан ба цонхоор дотогш харахад байшингийн дотор талд хүн яваад байх шиг байсан. Тэгээд байшин руу хулгайч орсон байж болох 2 давхрын цонхоор шат тавьж дамжиж орсон бөгөөд ороход байшин доторх эд зүйлүүд эмх замбараагүй байдалтай байсан. Тэгээд 1 давхрын хаалгаар дамжиж гараж руу ороход хар ногоон өнгийн Ланд 80 маркийн машин байсан ба машины доод талд хүн хэвтэж байсан. Тэр хүнийг татаж гаргаж ирэхэд архи согтруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, 30 орчим насны 165 см орчим нуруутай, дээгүүрээ хар өнгийн савхин куртка, доогуур бор шаргал өнгийн өмдтэй, савхин дотор чернилэн ягаан өнгийн малгайтай цамц өмссөн эрэгтэй хүн байсан. Уг хүнээс “өөрийг чинь хэн гэдэг юм бэ? ямар учраас байшин руу орсон юм бэ? ямар эд зүйл хулгайлсан юм бэ” гэж тодруулахад өөрийгөө Уранбаатар гэж хэлсэн ба “хулгайлсан эд зүйл машин дотор байгаа" гэж хэлсэн. Уранбаатар гэгч нь хохирогчийн байшингаас эд зүйл хулгайлаад бүгдийг нь хар өнгийн 2 ширхэг үүргэвчтэй цүнхэнд хийж аваад гарах гэж байсан юм байна лээ. Тэгээд цагдаа ирэхээр нь граж руу орж машин доогуур нуугдсан байсан. Би уг хулгайчийг машин доороос олоход хулгайлсан эд зүйлээ зааж өгсөн. Би У-н хулгайлсан цүнхийг нь жижүүрийн шуурхай албанд хүлээлгэж өгсөн ба нээж үзэхэд 6 ширхэг мөнгөн аяга, чихэр, вискинүүд, эмэгтэй хүний хувцас зэрэг харагдсан...” гэх мэдүүлэг /хх-35-37/,

шүүгдэгч Ц.У гэрчээр мэдүүлэхдээ “...Би 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө “Барс” зах дээр ачаа зөөдөг хүмүүстэй нийлж 2 шил архи уугаад уг зах дээр худалдагч нарын ачаа барааг нааш цааш зөөж өгч мөнгө олоод дахиж хүмүүстэй нийлж 2 шил архи уусан. Нийт 4 шил Сэржим нэртэй 0.75 литрийн савлагаатай архи уусан ба нэг мэдэхэд Өвөр согоот чиглэлд явдаг автобусанд суучихсан явж байгаад жолоочид нь хөөгдөж автобуснаас буусан. Тэгээд гэр хороолол дундуур явж байгаад гадуураа банзан хашаатай дотроо 2 давхар улаан тоосгон байшингийн хамаг цонх хөшиг нь хаалттай байхаар нь эзэнгүй айл гэж мэдээд хашааг нь давж орсон. Тэр байшингийн 1 давхрын бүх цонх нь төмөр хаалттай байхаар нь хашаан дотор байсан тал тоосгоор урд талын цонх руу нь шидэж хагалсан. Тэгээд төмөр хаалтаар нь дамжиж байшин руу орсон. Байшин нь олон өрөөтэй байсан ба согтуу байсан болохоор яг сайн санахгүй байна ямар ч байсан цонхыг нь хагалж орсон өрөөнд байсан бор өнгийн үүргэвчийг аваад дараагийн өрөөнд ороод шкафанд байсан дарс, мөнгөн аягануудыг нь цүнхэнд хийсэн. Тэгээд гал тогооных нь өрөө рүү ороод хөргөгчин дотор тал шил Хараа архи байхаар нь тэрийг нь уусан. Тэр архийг уугаад улам согтчихсон ба байшингийн гадаа 2 цагдаа ирчихсэн цонхоо онгойлго гээд байхаар нь цонх онгойлчхоод байшингийн 2 давхар руу гардаг шатны хажуу талын хаалгаар дамжиж гараж руу ороод жийп машины доор ороод нуугдсан. Тэгээд нуугдаад хэвтэж байгаад унтчихсан байсан ба нэг сэрэхэд эрүүлжүүлэхэд сэрсэн...” гэх мэдүүлэг /хх-61-64/,

хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 5-8, 9-14/, хохирлын үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээчин хулгайлагдсан эд зүйлсийг 1.971.550 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-37-40/, мэдээлэл хадгалах хэрэгсэл буюу хатуу диск болон тал тоосго зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-20, 21/, Сүхбаатар дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн гарын мөрийн адилтгалын шинжилгээ хийсэн №6822 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн гарын хээний дардас шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх гарын хээний дардас гарын хээний нэгдсэн санд 2620121, 2507640, МN000510016472, МN000710019261 гэсэн бүртгэлийн дугааруудаар бүртгэгдсэн байна.

-Ц.У-н гарын хээний дардас нь гарын хээний нэгдсэн санд 2014- 1192-ЧД гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 2-20 тоотод хулгай орсон хэргийн газрын гарын мөртэй тохирч тохирсон хэргийн санд бүртгэгдсэн байна.

-Ц.У-н гарын хээний дардас нь 2018.11.21 -нд СБД-ийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 75-989 тоотод хулгай орсон гэх хэргийн 1 ширхэг гарын мөртэй тохирч байна...” гэх дүгнэлт /хх-44-52/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч Ц.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.У нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 75 дугаар гудамжны 989 тоот хохирогч Д.Э-н өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшинд хууль бусаар нэвтэрч 1.971.550 төгрөгийн үнэ бүхий эд зүйл хулгайлсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.742.800 төгрөгийн хохирлыг эд зүйл буцаан олгох замаар төлсөн, шүүхийн шатанд 200.000 /хоёр зуун мянга/-н төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн цаашид хохирогчид 28.750 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч нь шүүхийн шатанд 200.000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг дурдаж, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцуулах саналтай байна. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг тал тоосгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг “Си-Ди”-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “... Шүүхээс шүүгдэгч Ц.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцсон. Хохирогч Э-тэй холбоо барихад хөдөө орон нутагт ажлаар явж байгаа тул уулзаж, хохирлын төлбөрийн талаар бичиг хийж өгөх боломжгүй талаараа хэлсэн учраас хохирогч гар утсаараа дансны дугаараа өгч, 200.000 төгрөг төлөх юм бол гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас 200.000 төгрөгийн хохирол төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулана гэж заасан. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь завдалтаар төгссөн гэмт хэрэг. Завдалтаар төгссөн гэмт хэрэгт төгссөн гэмт хэргээс энэрэнгүй хандах эрүүгийн зарчим байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн доод хэмжээ болох 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар оногдуулж өгнө үү. Түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Ц.У: “... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл  хийхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...гэжээ”.

Шүүгдэгч Ц.У-т холбогдох хэрэг тус шүүхэд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ирсэн бөгөөд тус өдрөөс эхэлж яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар Ц.У-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Шүүгдэгч Ц.У нь 2019 оны 03 дугаар сарын 13-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, улмаар тухайн өдрөөс эхлэн оргон зайлсан болох нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 557 дугаар шүүгчийн захирамж, тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн албан тоот, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн албан тоот зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу удаа дараа ял шийтгүүлсэн байдал, шүүхийн шатнаас оргон зайлсан, хохирол нөхөн төлөгдөөгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан мөн шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал, зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ц.У-н үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

3. Бусад асуудлаар.

Эрүүгийн 1809052760093 хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Си-Ди-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч Ц.Уранбаатар нь энэ хэрэгт 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 42 хоног цагдан хоригдсон болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.У Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Ц.У /РД:/-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.У-т 02 /хоёр/ жил, 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-д оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.У-н урьдчилан хоригдсон 42 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Ц.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-с 28.750 /хорин найман мянган долоон зуун тавь/-н төгрөгийг гаргуулж хохирогч Хотхойд овогт Д.Э/РД:ШБ/-д олгосугай.  

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Х.ИДЭР