Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2016/01189

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн  30-р хороо, Чулуутын 8 гудамж 6 тоотод оршин суух, Найман овогт Кавкины Батыхагийн нэхэмжлэлтэй

хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч К.Батыха шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Миний бие К.Батыха нь 2015 оны 03 дугаар сарын 15-нд Баянгол дүүргийн 6-р бичил хороолол 6А байр 76 тоотод Мөнхжил хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байгаад 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр түрээсийн гэрээ дуусгавар болсон. Ингээд зарын дагуу түрээслэхээр ирсэн Д.Нэргүй гэж хүнтэй 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр бараагаа хүлээлгэн өгөөд мөнгөө бэлэн авахаар тохиролцсон. Гэвч хариуцагч багааг хүлээн авсны дараа эгчээ би энэ мөнгөө бэлэн өгөх боломжгүй байна. 400 000 төгрөгийг бэлэн өгөөд үлдэгдэл мөнгийг 1 сарын дараа өгнө гэж гуйсан тул би зөвшөөрсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл барааны үлдэгдэл төлбөр болох 624 000 төгрөгийг өгөхгүй намайг хохироож байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                           

  ҮНДЭСЛЭХ НЬ:

 

           Нэхэмжлэгч  К.Батыха нь хариуцагч Д.Нэргүйг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            Д.Нэргүй нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Сонгинохайрхан дүүргийн 1-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

           Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШЗ2016/02218 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан  буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Иймд К.Батыхагийн нэхэмжлэлтэй Д.Нэргүйг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.      

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заажээ.

  Нэхэмжлэгч К.Батыха нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг  ирүүлсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.

           

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ: 

           

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ЧО68042561 регистрийн дугаартай, эмэгтэй, Боржигон овогт Дамдингийн Нэргүйг эрэн сурвалжилсугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

          

           3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               С.ОЮУНЧИМЭГ