Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00324

 

С.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 139/ШШ2017/00326 дугаар шийдвэр,

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 218/МА2017/00023 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч С.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч А.У-т холбогдох,

140 375 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн С.О-аас 102 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Одончимэг, хариуцагч А.У-, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, Б.Баяраа, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие А.У-ээс 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 50 000 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй 20 000 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй 10 000 000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 7 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан тус тус зээлсэн бөгөөд бүх зээл 90 000 000 төгрөг, зээлийн хүү нь 47 800 000 төгрөг, нийт 137 800 000 төгрөг болж байгаа юм.

Гэтэл миний бие 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 50 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр м2 үнэ 1 100 000 төгрөгөөр тооцон 70м2 гурван өрөө, 56.25м2 хоёр өрөө нийт 138 875 000 төгрөгийн үнэ бүхий байрыг А.У-ийн нэр дээр шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлсэн мөнгө болон байруудыг нийлүүлэн авч үзвэл 238 875 000 төгрөг болж байна.

Иймд А.У-ээс зээл, зээлийн хүүд төлөх ёстой мөнгө болон төлсөн мөнгөний зөрүү 101 075 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлсэн зээл, өмнөх зээл, зээлийн хүүг төлөхгүй байх үндэслэлтэй болоод байна. Учир нь 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 17а байрны 01 тоот 70м2 гурван өрөө, 13 тоот 56.25м2 хоёр өрөө байрыг үнэ 1 100 000 төгрөгөөр тооцон нийт 138 875 000 төгрөгийн үнэ бүхий байрыг тус тус А.У-т шилжүүлэн захиран зарцуулах эрх нь нээгдсэн. Ийнхүү зээл, зээлийн хүүг нарийвчлан бодож үзвэл 90 000 000 төгрөгийн зээл, 8 500 000 төгрөгийн хүү, нийт 98 500 000 төгрөг гарч байгаа юм. А.У- нь миний орон сууцуудыг барьцаанд аваагүй, өөрийнхөө нэр дээр авч захиран зарцуулсан болно. Тэгэхээр зээл, зээлийн хүүд төлөх ёстой мөнгө болон төлсөн мөнгөний зөрүү 140 375 000 төгрөг болж байна.

Иймд өмнөх нэхэмжилж байсан 101 075 000 төгрөг дээр нэмэгдүүлэн 39 300 000 төгрөг нэмж, нийт 140 375 000 төгрөгийг А.У-ээс нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч С.О-тай 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 50 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2015 оны 02 дугаар сарын 01-нд 20 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийг 7 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй тус тус зээлийн гэрээ байгуулан нийт 90 000 000 төгрөг авсан. С.О- нь үндсэн зээл 90 000 000 төгрөг, хүү 44 700 000 төгрөг, алданги нь 67 350 000 төгрөг, нийт 202 050 000 төгрөг төлөх ёстой. Үүнээс С.О- нь 2015 оны 11 дүгээр сарын 06-нд 45 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 28-нд 30 000 000 төгрөг, 25 000 000 төгрөгт тооцож Говийн тэнгэр хотхоны 22 тоот 2 өрөө байрыг тооцож шилжүүлж нийт 100 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 102 000 000 төгрөгийг төлөөгүй намайг хохироож байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Иймд С.О-аас 102 000 000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. Мөн С.О-ын нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаад байгаа 2 байрыг “Жигүүр оргил” ХХК-иас 2015 оны 11 дүгээр сарын 03-нд шилжүүлэн авсан. С.О-ын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 139/ШШ2017/00326 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч Алтансувдын Уранчимэгээс 107 891 000 /нэг зуун долоон сая найман зуун ерэн нэгэн мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Санзайн Отгонжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32 184 000 /гучин хоёр сая нэг зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч А.У-ийн нэхэмжлэгч С.О-аас 102 000 000 /нэг зуун хоёр сая/ төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 017 775 төгрөгийг, хариуцагч А.У-ийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 667 950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.У-ээс 697 405 /зургаан зуун ерэн долоон мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгож шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 218/МА2017/00023 дугаар магадлалаар Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 139/ШШ2017/00326 дугаар шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд. 1.1 Шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.2-т зааснаар хариуцагч Алтансувдын Уранчимэгээс 78 271 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Санзайн Отгонжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62 104 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 1.2 Шийдвэрийн 2 дугаар заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар ... Алтансувдын Уранчимэгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 70 604 000 төгрөг төлөгдсөнийг дурдаж, үлдэх 31 396 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 1.3 Шийдвэрийн 3 дугаар заалтыг “...хариуцагч А.У-ээс 38 335 төгрөгийг гаргуулж С.О-д олгосугай” гэж тус тус өөрчилж, Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар С.О-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320 370 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар А.У-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697 405 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

А.У- болон С.О- нарын холбогдох маргааныг шийдвэрлэхдээ давж заалдах шатны шүүх нь зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлт хийсэн өдөр хүртэл тооцон нэхэмжилсэн байтал зээлийн төлөлтийг хуваарийн дагуу төлөлт хийгээгүй гэж үзэн алданги тооцон зээлийн хүүгийн дүн дээр нэмж буруу бодсон.

Уг нь 2014.12.01ний өдөр байгуулсан 50 сая төгрөгийн зээлийн гэрээний хүү 27 667 000 төгрөг, 2015.02.01-ний өдөр байгуулсан 20 сая төгрөгийн зээлийн гэрээний хүү 9 067 000 төгрөг, 2015.04.01-ний өдөр байгуулсан 10 сая төгрөгийн зээлийн гэрээний хүү 1 200 000 төгрөг, 2015.04.30-ны өдөр байгуулсан 10 сая төгрөгийн зээлийн гэрээний хүү 3 050 000 төгрөг, нийт 40 984 000 төгрөгийн хүү төлөхөөр үндсэн зээл 90 сая төгрөгийг нэмбэл 130 984 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар төлөх байсныг 138 875 000 төгрөгийн үнэ бүхий 2 орон сууцыг А.У-ийн өмчлөлд шилжүүлснээр төлсөн билээ. Мөн бэлнээр 100 сая төгрөгийг нэмж шилжүүлснээр 107 891 000 төгрөгийг А.У-ээс авах ёстой болсон юм. Иргэн Отгонжаргал зээлдүүлэгч Уранчимэг бид хоёрын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.5-д зааснаар зөвхөн хугацаандаа зээл төлөөгүйд алданги тооцох, хүү зээл төлөөгүйд алданги тооцохооргүй хийсэн гэрээг судлаж үзээгүй байна.

Иймд зээлийн хүү, алдангийг давхцуулан бодсоноор давж заалдах шатны шүүх нь С.О- миний бие 29 620 000 төгрөгөөр /хорин нэгэн сая найман зуун наян дөрвөн мянга/ хохироох шийдвэр гаргасан тул тооцоог зөв бодож гаргасан анхан шатны шүүхийн дугаар 139/ШШ2017/00326 шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч С.О- нь А.У-ээс 2014.12.01-ний өдөр 50 сая төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай, 2015.02.01-нд 20 сая төгрөгийг 10 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй, 2015.04.01-ний өдөр 10 сая төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай, 2015.04.30-ны өдөр 10 сая төгрөг 7 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй тус тус зээлийн гэрээ байгуулан авсан. Нийт авсан зээлийн үнийн дүн нь 90 сая төгрөг зээлсэн. Үүнээс 2015 оны 11 дүгээр сарын 06-нд 45 сая төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 28-нд 55 сая төгрөг /үүний 25 сая төгрөгт Говийн тэнгэр хотхонд 22 тоотын 2 өрөө байрыг тооцож өгсөн/ нийт 100 сая төгрөг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч С.О- нь өөрт ямарч хамааралгүй байруудыг төлбөрийн хэрэгсэл болгож өгсөн гэж үзэж надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн дурдаад байгаа 2 байр болох Говийн тэнгэр хотхоны 1 тоот 3 өрөө орон сууц, 13 тоот 2 өрөө орон сууцуудыг зээлийн гэрээний үүргийн биелэлтэнд тооцож өгсөн гэж байгаа нь ямарч үндэслэлгүй юм. Эдгээр 2 байрыг “Жигүүр оргил” ХХК-тай захиалгаар орон сууц нийлүүлэх гэрээгээр 1 мкв-ийг 1 сая төгрөгөөр тооцож захиалан авсан ба энэ захиалгын гэрээ нь хэргийн материалд байгаа. Гэтэл хүний байрыг өөрийн төлбөрт тооцон мөнгө нэхэмжлээд, үүнийг анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхүуд хангаж шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл энэ 2 байр “Жигүүр оргил” ХХК-иас Уранчимэгт 2015.11.03-нд шилжиж ирсэн байдаг. Гэтэл “Жигүүр оргил” ХХК 2015.11.12-нд буюу уг байруудыг Уранчимэгийн өмчлөлд шилжүүлснээсээ хойш уг байруудыг С.О-ынх гэсэн 2015/65 тоот албан бичгийг Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл “Жигүүр оргил” ХХК-иас Уранчимэгт шилжсэний дараа энэхүү албан бичиг үйлдэгдэж Улсын бүртгэлийн хэлтэст хүргэгдсэн нотлох баримт хэргийн материалд байсаар байхад анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй ба Отгонжаргал, Уранчимэг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр төлбөрийн хэрэгсэлд байр өгч авалцах талаар огт дурдаагүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбараар эдгээр байруудыг төлбөрийн хэрэгсэлд тооцож нэхэмжлэгчийн талд шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэв уг байруудыг Отгонжаргалаас төлбөрийн хэрэгсэлд авсан бол Говийн тэнгэр хотхоны 22 тоот 2 өрөө байрыг 25 сая төгрөгний төлбөрт тооцон төлбөрийн хэрэгсэлд шилжүүлэн авахдаа үйлдсэн баримт бичиг болох С.О-аас авах тухай хүсэлт, С.О- шилжүүлэх тухай хүсэлт зэргийг Улсын бүртгэлд бүртгүүлж өгсөн атлаа маргаж байгаа 2 байрыг яагаад ингэж шилжүүлж болоогүй билээ. Үүнийг шүүх мөн анхааралгүй, хэргийг бодит байдалтай нийцүүлэн шийдвэрлэсэнгүй. С.О- нь Сайнцагаан сумын үнэ тогтоох комиссын үнэлгээг нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн ба уг үнэлгээ ямарч нотлох баримтын шаардлага хангахгүй бүхэл бүтэн комиссын үнэлгээ гэсэн атлаа ганцхан хүний гарын үсэг бүхий баримтыг шүүх мөн үнэлж нэхэмжлэлийг хангасанд гомдолтой байна. Эдгээр байруудыг анх захиалгаар авах гэрээндээ 1 сая төгрөгөөр мкв-ийг тооцон гэрээг Уранчимэг нь “Жигүүр оргил” ХХК-тай байгуулсан, шилжүүлэн авахдаа ч мөн “Жигүүр оргил” ХХК-иас авсан.

Нэгэнт нэхэмжлэгч С.О- нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул миний сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                        ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны нөхцөл байдлыг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу тодорхойлж чадаагүй, хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжгүй байна.

Нэхэмжлэгч С.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч А.У-ээс зээлийн гэрээний үүрэгт илүү төлөгдсөн төлбөрийг буцаан шаардсан бол хариуцагч А.У- нэхэмжлэлийг татгалзсанаас гадна зээлийн гэрээний үүрэгт дутуу төлөгдсөн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэгчид холбогдуулан  сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл С.О- нь А.У-ээс 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээгээр 50 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр 10 сая төгрөгийг 7 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй тус тус зээлсэн байна. Дээрх гэрээ тус бүрт зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийг эгүүлэн төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги төлөх үүрэг хүлээжээ.

Нэхэмжлэгч С.О- 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 50 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 50 000 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр м2 үнэ 1 100 000 төгрөгөөр тооцон 70м2 гурван өрөө, 56.25м2 хоёр өрөө нийт 138 875 000 төгрөгийн үнэ бүхий байрыг А.У-ийн нэр дээр шилжүүлснээр зээлийн төлбөрийг илүү төлсөн гэж үзсэн бол хариуцагч дээрх хоёр орон сууцыг зээлийн төлбөрт аваагүй гэж маргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа зээлийн гэрээ тус бүрийн үндсэн төлбөр, хүү, алдангийн хэмжээг үндэслэл муутай тогтоожээ.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн хүлээх үүргийн хэмжээг тогтоохын тулд тухайн гэрээний хугацаа, төлбөр хийсэн огноо тус бүрийг харгалзан үзэхээс гадна гэрээ тус бүрийн хугацаа хэтэрсэн гэж үзэх эсэх, зээлдэгчийн хийсэн төлбөр  чухамхүү аль гэрээний үүрэгт хамаарах зэргийг нарийвчлан тооцохоос гадна тухайн гэрээнд анз тооцох хугацаа, хэмжээг тодорхой болгох шаардлагатай.

Анхан шатны шүүх зээлдэгчийг алданги төлөх үндэслэлгүй гэж, харин давж заалдах шатны шүүх төлөх ёстой гэж тус тус үзсэн нь маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйтэй холбоотой гэж үзэхээр байна.

Нөгөө талаар, шүүх нэхэмжлэгчийг хоёр орон сууц зээлийн төлбөрт тооцон өгсөн гэж үзэхдээ орон сууцны үнийг үндэслэл бүхий тодорхойлоогүй байна. Зээлийн гэрээний талууд орон сууцыг зээлийн үүрэгт тооцох тодорхой тохиролцоо байхгүй нөхцөлд орон сууцны бодит үнэлгээ шаардлагатай болно. Орон сууц захиалан бариулах ажил гүйцэтгэх гэрээний үнэ буюу ажлын хөлс тухайн орон сууцны үнийг шууд тодорхойлох үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Сайнцагаан сумын үнэ тогтоох комиссын “Эд зүйлсийн үнэлгээ”-г хавсаргасан байх боловч уг комисс үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх эрхтэй эсэх нь тодорхой бус байна.

Хариуцагч А.У- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан сөрөг нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүх ийнхүү шаардлага гаргахаас өмнө төлөгдсөн төлбөрийн хэмжээг шаардлагаас хэрэгсэхгүй болгох хэсэгт хамааруулахгүй, “төлөгдсөн болохыг дурдаж” шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.-т заасныг зөрчжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй, хэргийн нөхцөл байдал хангалттай бүрэн тогтоогдоогүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 139/ШШ2017/00326 дугаар шийдвэр, Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 218/МА2017/00023 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 306 050 төгрөг, хариуцагчаас төлсөн 549 305 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.          

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН