Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2020/0323/З |
Дугаар | 221/МА2020/0570 |
Огноо | 2020-10-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2020/0570
“М б г” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, өмгөөлөгч П.Е, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Д.П, Т.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 494 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор “М б г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/640 дүгээр захирамжаар байгуулагдсан “Эвлэрлийн гэрээ”-г дүгнэх ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 494 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3, 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М б г” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/640 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэрийн “М б г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн А/640 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэрийн “М б г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” буюу 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 07/11 дугаар Эвлэрлийн гэрээг дүгнэсэн ажлын хэсгийн хууль бус шийдвэртэй холбоотой маргаан байтал шүүх талуудын хооронд үүсээд буй маргаантай харилцааг буруу тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд дээрх хуулийн заалтууд шүүхийн шийдвэрийн ямар үндэслэх хэсэгт нь хамаарч байгаа талаар тодорхой тайлбар байхгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй, шаардлагагүй, хамааралгүй хуулийн заалтуудыг үндэслэлээ болгосон нь ойлгомжгүй байна. Талуудын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээгээр гагцхүү манай компани үүрэг хүлээгээгүй, хариуцагч тал тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч тал энэхүү гэрээний 2.1 дэх хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь холбогдох төрийн байгууллагуудад хандаж, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, саад учруулахгүй байх”, 2.2.2 дахь хэсэгт “Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь холбогдох баримт бичгийг шуурхай хүлээн авах, шийдвэрлэх” гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчээс хүргүүлж байсан удаа дараагийн албан бичгүүдэд зохих хариуг өгч, түргэн шуурхай шийдвэрлэж ажиллаагүйн дээр асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, саад учруулахгүй байх зэрэг үүргээ зөрчиж холбогдох албан тушаалтнууд нь огт уулздаггүй, ойлгомжгүй, хайхрамжгүй байдлыг удаа дараа гаргасан талаар шүүх хуралдаан дээр тайлбарлаж хэргийн материалд авагдсан баримтуудаар нотолсоор байхад шүүх хэтэрхий нэг талыг барьж нэхэмжлэгч талын Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргийн талаар дүгнэж, хариуцагч талын Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан талаар ямар нэгэн дүгнэлт тайлбарыг дурьдаагүй байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагч тал Эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжид тусгасан асуудлаар дахин дүгнэлт, шийдвэр гаргах эрхгүй байхад хууль бус дүгнэлт шийдвэр гаргаж, ямар үндэслэлээр дахин дүгнэлт гаргасан талаар хариуцагч тал тодорхой тайлбарлаж, баримтаар нотолж чаддаггүй. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ огт тайлбар өгөлгүйгээр зөвхөн нэхэмжлэгч талын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж буруутган шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 494 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “М б г” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/640 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.
Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/640 дүгээр захирамжаар байгуулагдсан Эвлэрлийн гэрээг дүгнэх үүрэг бүхий ажлын хэсгийн 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны 02 тоот шийдвэрээр “М б г” ХХК-ийг “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулсан боловч огноо тодорхойгүй, Ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө буюу Уулын ажлын төлөвлөгөөг Нийслэлийн байгаль орчны газарт ирүүлсэн ч батлаагүй хүлээгдэж байгаа, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хянагдаагүй, Газар ашиглах гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлсөн баримт ирүүлээгүй буюу байхгүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд байгаль орчны нөхөн сэргээх баталгаа /барьцаа хөрөнгө/ байршуулсан талаар мэдээлэл ирүүлээгүй, байршуулаагүй, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг хийлгэхээр мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсан нь 2019 оны 7 дугаар сарын 01-нд дууссан боловч хянан баталгаа хийгдсэн эсэх, батлагдсан эсэх талаар мэдээллийг ирүүлээгүй” гэх үндэслэлээр “Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “М б г” ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/609 дүгээр захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 559 дүгээр захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Дээрх 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 07/11 дугаартай Эвлэрлийн гэрээний 2.1-д зааснаар нэхэмжлэгч нь 2.1.1 “уурхай дээр зайлшгүй байх баримт бичгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бүрдүүлбэрийг хангасан байх /ТЭЗҮ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, тайлан, Уулын ажлын төлөвлөгөө, тайлан, газар ашиглах гэрээ болон төлбөрийн баримтын хуулбар, байгаль орчны тусгай дансанд байршуулсан барьцаа хөрөнгийн төлбөрийн хуулбар гэх мэт/, 2.1.2 “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэх”, 2.1.3 “гэрээний үүргийн биелэлтийг бүрэн хангасан талаар Нийслэлийн Байгаль орчны газраар тодорхойлолт гаргуулах ба талбайг ашиглахад шаардлагатай баримт бичгүүдийг НБОГ-т гаргаж өгөх”, 2.1.4 “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар НБОГ-ын шаардлагыг тухай бүрд биелүүлж ажиллах” гэж заасан үүргийг, гэрээний 2.2-т зааснаар хариуцагч нь 2.2.1 “нэхэмжлэгч тал гэрээний 2.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь холбогдох төрийн байгууллагуудад хандаж, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, саад учруулахгүй байх”, 2.2.2 “НБОГ, НМХГ нь холбогдох баримт бичгийг шуурхай хүлээн авах, шийдвэрлэх”, 2.2.3 “нэхэмжлэгчийн хэрэгжүүлсэн ажлыг хугацаанд нь хүлээн авах” гэж заасан үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд гэрээнд заасан үүргийг анхан шатны шүүхээр баталгаажуулснаас хойш 3 сарын дотор бүрэн хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж зааснаар талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулах эрхтэй бөгөөд ийнхүү байгуулсан гэрээндээ шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлохдоо нэхэмжлэгч, хариуцагч нар хэн аль нь хүлээсэн үүргээ гүйцэтгэснээр биелэгдэх нөхцөл заасан гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч Нийслэлийн засаг дарга нь эвлэрлийн гэрээний биелэлтийг дүгнэх ажлын хэсэг байгуулж, уг ажлын хэсэг нь гэрээний үүргээ биелүүлсэн эсэх талаар дүгнэлт гаргасан нь хууль зөрчөөгүй, эвлэрлийг баталсан хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг дүгнэсэн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан “Эвлэрлийн гэрээг баталсан шүүгчийн захирамжид тусгасан асуудлаар дахин дүгнэлт, шийдвэр гаргах эрхгүй байхад хууль бус дүгнэлт шийдвэр гаргаж, ямар үндэслэлээр дахин дүгнэлт гаргасан талаар хариуцагч тал тодорхой тайлбарлаж, баримтаар нотолж чаддаггүй” гэх гомдол үндэслэлгүй.
Харин маргаан бүхий энэ тохиолдолд шүүхээр баталгаажуулсан эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлсэн эсэх талаар дүгнэсэн ажлын хэсгийн шийдвэр үндэслэл бүхий гарсан эсэхэд захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ хэрэгжинэ гэж ойлгох бөгөөд анхан шатны шүүх Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хуулийг хэрэглэх, тайлбарлах шаардлагагүй гэж үзнэ.
Ийнхүү эвлэрлийн гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн эсэхийг шалгавал гэрээний 2.1.1-д заасан үүргээс “газрын төлбөрийн баримтын хуулбар”-ыг бүрдүүлэх үүргээ, 2.1.2-т заасан “газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийлгэх” үүргээ тус тус биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Тодруулбал, “М б г” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 35.160.000 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байгаа нь Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 175 дугаартай “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-аар нотлогдож байх бөгөөд уг төлбөрийн үлдэгдлийг эвлэрлийн гэрээг анхан шатны шүүхээр баталгаажуулснаас хойш 3 сарын дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн атлаа энэ үүргээ гүйцэтгээгүй, Налайх дүүргийн Газрын албанд удаа дараа “газрын төлбөрийг ажил эхлэхээр хувааж төлөх хүсэлт” гаргасан нь үүргээ гүйцэтгээгүйг зөвтгөх үндэслэл болохгүй.
Түүнчлэн, Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулснаас хойш 3 сарын дотор хийлгээгүй байх ба “Газрын мэдээлэл” ХХК-иар хянан баталгаа хийлгэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь эвлэрлийн гэрээний 2.1.2-т заасан үүргээ гүйцэтгэснээр тооцох боломжгүй.
Нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй гэх үүргүүд нь гагцхүү нэхэмжлэгчээс өөрөөс нь шууд хамааралтайгаар биелэгдэх боломжтой байсан үүрэг байх бөгөөд бусад үүргийн хувьд хариуцагч Нийслэлийн засаг даргын гэрээгээр хүлээсэн “нэхэмжлэгч тал гэрээний 2.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь холбогдох төрийн байгууллагуудад хандаж, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, саад учруулахгүй байх”, “Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь холбогдох баримт бичгийг шуурхай хүлээн авах, шийдвэрлэх” үүргүүдтэй холбоотой, тухайн цаг хугацаанд биелэгдэх боломжгүй гэж ойлгохоор байна.
Өөрөөр хэлбэл, маргаан бүхий ажлын хэсгийн шийдвэрт дүгнэсэн “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулсан боловч огноо тодорхойгүй, Ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө буюу Уулын ажлын төлөвлөгөөг Нийслэлийн байгаль орчны газарт ирүүлсэн ч батлаагүй хүлээгдэж байгаа, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хянагдаагүй” зэрэг үндэслэл нь нэхэмжлэгч хуулийн этгээд үүргээ биелүүлээгүйтэй холбоогүй, нэхэмжлэгч өөрөөс хамаарах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байх тул буруутгах боломжгүй, энэхүү нөхцөл байдлыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан тул дэлгэрэнгүй дүгнэх шаардлагагүй.
Мөн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл сэргээгдээгүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хянагдаж, батлагдаагүй байгаа тохиолдолд газар ашиглах гэрээ байгуулах /Ашигт малтмалын тухай хуулийн 35.3.7/, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд байгаль орчны нөхөн сэргээх баталгаа /барьцаа хөрөнгө/ байршуулах /Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.8/ боломжгүй тул эдгээр үүргийг нэхэмжлэгчээс хамаарах шалтгаанаар биелэгдээгүй гэж үзэхгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь гагцхүү өөрөөс хамаарах үүргээ гүйцэтгээгүй байгаа энэ тохиолдолд ажлын хэсгээс “Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэснийг хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан “хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй, шаардлагагүй, хамааралгүй хуулийн заалтуудыг үндэслэлээ болгосон, хариуцагч талын Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан талаар ямар нэгэн дүгнэлт тайлбарыг дурьдаагүй байгаа нь ойлгомжгүй” гэх гомдол үндэстэй ч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болж чадахгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэнийг зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 494 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас: “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3, 37.1.3, 37.6, Газрын хэвлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1” гэснийг хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.Лхагвасүрэн
ШҮҮГЧ О.НОМУУЛИН