Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2026/ХШТ/27

 

Л.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 477 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар магадлалтай Л.Б-д холбогдох 2525000000273 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 842 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 114 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Л.Б

Шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.8 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Л.Б-ыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг санаатай устгасан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэн,

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэсний зэрэгцээ Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1,250,000 төгрөгийн торгох ялыг 83 хоног хорих ялд шилжүүлж, 4 сар 26 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Л.Б-ын нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 26 хоногийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жил 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б-аас 310,000 төгрөг гаргуулж хохирогч О.Б-д олгож шийдвэрлэсэн байна.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Б нь хохирогч О.Б-д хохирол төлбөрт 350,000 төгрөг төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... хэт өндөр ял шийтгэсэн гэж гомдол гаргаж байна. 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ... согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглээгүй, жолоо барьж замын хөдөлгөөнд оролцоогүй бөгөөд намайг жолоочийн эсрэг талаас буусан, жолоо бариагүйг нотлох камерын бичлэг болон гэрчийн мэдүүлгийг хэрэгт хавсаргаагүй. Гэрч Ц.У, Б.Б нарын мэдүүлгийг хэрэгт хавсаргаагүй, миний  мэдүүлгээс өөр байгаа. Ц.У нь эрүүл, миний автомашинаар намайг ... ирж авсан. Тухайн үед Б.Б, Д.Х, Н, жолооч Ц.У гэх 4 найз  явсан. Орхон аймаг руу явах замдаа дэлгүүр орж уух юм аваад Хангал сумын ойролцоо Б, Х, Н, бид ууж байтал цагдаагийн автомашин ирээд согтууруулах ундаа хэрэглэж, автомашин жолоодсон хэмээн шалгасан. Автомашин жолоодож явсан Ц.У шалгуулсан боловч цагдаа намайг жолооны ард байсан гэх зэргээр тулган сүрдүүлж, жолоочийн эсрэг талын суудлаас хүчээр татаж буулгасан. Би жолоо бариагүй гэдгээ удаа дараа хэлсэн боловч Т.У гэх замын цагдаа хүч хэрэглэж, гавлан цохих, өшиглөх зэргээр биед халдаж албаныхаа автомашинд суулгаж, хэл амаар доромжлон 500,000 төгрөг өгөхийг шаардсан. Мөнгө байхгүй гэхэд найзуудыг хөөж явуулаад, намайг авч явсан. Дэслэгч Т гэх хүнд учир байдлаа хэлэх гэж оролдсон боловч шалгах багаж үлээлгэнэ гэхээр нь татгалзсан ... 2-3 хоногийн дараа ахлах дэслэгч О гэх эмэгтэй бид гурваас дахин мэдүүлэг авсан. Тэр гэрчийн мэдүүлэг хэрэгт байхгүй, миний өөрийн мэдүүлэг тэс ондоо байна.

Дээр дурдсан үйл явдал нь намайг давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж тулган, эрх чөлөө, эрүүл мэнд, эрх зүйн байдлыг минь маш ихээр дордууллаа. Би хуулийн талаарх мэдлэг дутмаг байдлаас намайг машин жолоодоогүй гэх нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй байсныг би мэдээгүй.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэргүүдийг нэгтгэн шийдүүлэх хүсэлт гаргасныг авч хэлэлцээгүй. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ үнэн зөвөөр нь хүлээн зөвшөөрч байхад дээрх зүйлд заасан хэргүүдийг тусгаарлаж, нотлох баримт байхгүй, үнэн зөвөөр мэдүүлсэн мэдүүлгийг өөрчилсөн байна.

Миний эрх зүйн байдал, хууль ёсны эрх ашиг маань зөрчигдөж, дордож байгаад маш их гомдолтой байна.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгтэй танилцахад нотолбол зохих байдлыг дутуу шалгасан, Л.Б-ын эрх зүйн байдлыг дордуулж хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн талаар буруу хууль зүйн дүгнэлт хийсэн. Л.Б-ын зүгээс шалгалт хийсэн цагдаагийн энгэрийн камерын бичлэгийг хэрэгт хавсаргах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч энэ ажиллагаа хийгдээгүй. Хэрэв Л.Б-ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзсэн бол тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд хийх ёстой. Гэтэл дараа нь өөр газраас олж битүүмжлэн журмын хашаанд хийсэн. Иймээс Л.Б тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодсон талаар эргэлзээ үүсэж байна. Шүүх Л.Б-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тус ялыг хорих ялаар сольсон болон ялыг нэгтгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасахдаа Улсын дээд шүүхийн тогтоолоос зөрүүтэй шийдвэр гаргасан тул тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү. Илтгэгч шүүгч хэргийг танилцуулахдаа шүүгдэгчийн өмнө эдэлж байсан ялыг нэг бүрчлэн уншиж байгаа нь түүний хувийн байдлыг бусдад буруугаар ойлгуулж, эрх зүйн байдлыг нь дордууллаа. Өмнө хүлээсэн эрүүгийн хариуцлагыг эдэлж, дууссан. Дахин гэмт хэрэг үйлдсэн тухай асуудал яригдахгүй тул шүүгдэгчийн урьд нь эдэлж байсан ялын талаар ярих нь ач холбогдолгүй. Энэ хэргийг шалгахдаа хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байдаг. Тухайлбал О.Б-ыг зодсон гэх боловч энэ талаар гэрчүүдээс асуугаагүй, тээврийн хэрэгсэл жолоодсон тухай гэрчээс мэдүүлэг авсан атал хэрэгт хавсаргаагүй байна. Л.Б л гэмт хэрэг үйлдсэн гэдэг байдлаар хэргийг шалгаж болохгүй гэж өмгөөлөгчийн хувьд үздэг. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: Шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийн үйл баримтыг хоёр шатны шүүхээс зөв тогтоож, Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх үед алдаа гаргасан байна. Учир нь шүүгдэгч Л.Б нь Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн ба уг ялыг эдэлж байх хугацаандаа 2025 оны 05 дугаар сарын 14-ний шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон шинэ гэмт хэрэг үйлдсэн. Гэтэл анхан шатны шүүхээс өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын эдэлсэн хугацааг шинэ гэмт хэрэг үйлдсэн өдрөөр тасалбар болгон тооцож, эдлээгүй үлдсэн хугацааг тогтоохгүйгээр, уг ялыг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 477 дугаар шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн тооцож нэмж нэгтгэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, нэмэгдэл ялыг шинэ гэмт хэрэг үйлдсэн өдөр хүртэл эдэлсэн хугацааг хасаж, үлдсэн хугацааг сүүлийн гэмт хэрэгт оногдуулсан нэмэгдэл ялтай нэмж нэгтгэх ёстой атал уг журмыг баримтлаагүй, давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлээгүй нь хяналтын шатны шүүхээс энэ төрлийн хэргийг хэрхэн ойлгож шийдвэрлэх талаар практик тогтоосон Улсын дээд шүүхийн 2025 оны 106 дугаар тогтоолд нийцэхгүй.

Шүүгдэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар мэдүүлэг өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэргүүдийг нэгтгэн шийдүүлэх, мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн торгуулийн ялыг биелсэнд тооцуулах” гэх агуулга бүхий гомдол гаргасан боловч хэрэгт энэ талаар баримт байхгүй, гомдлын үндэслэл нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд хамаарахгүй, мөн торгуулийн ялыг анхан шатны шүүх хуралдаан болох үед төлөгдөөгүй байсныг биелсэнд тооцох боломжгүй гэж үзэн эдлэх ялд нь оруулж тооцсон хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон. Иймд хяналтын шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан ялыг нэмж нэгтгэсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч Л.Б-ын гомдлын дагуу хэргийг хянаж үзэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан гэх үндэслэл тогтоогдсонгүй, харин шүүх ял нэмж нэгтгэх журмыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүхээс энэ талаарх “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” шаардлага бий болсон гэж үзлээ.

2.Шүүгдэгч Л.Б нь согтуугаар 2025 оны 04 дүгээр сарын 17-ны шөнө 01:00 цагийн үед Орхон аймгийн .... сум, ..... багийн ..... тоотод Ч.Х-ын хоолойг боож, алгадан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2025 оны 06 дугаар сарын 06-ны шөнө Орхон аймгийн .... сумын ....... багийн нутаг дэвсгэрт О.Б-ын толгой руу аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, I phone загварын гар утсыг нь газар шидэн дэвсэж эвдсэн,

мөн Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсний дараа дахин 2025 оны 05 дугаар сарын 14-ний шөнө 0,69 хувийн согтолттой ...... улсын дугаартай “Toyota prius-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодсон,

2025 оны 06 дугаар сарын 26-ны шөнө ..... улсын дугаартай “Toyota prius-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн хэргийн үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүхүүд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

3.Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсанчлан “... 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр согтуугаар жолоо бариагүйг нотлох камерын бичлэг болон гэрч Ц.У, Б нарын мэдүүлгийг хэрэгт хавсаргаагүй, цагдаагийн алба хаагч автомашин жолоодсон гэж тулгаж, хүч хэрэглэсэн, доромжилсон, мөнгө өгөхийг шаардсан ...” гэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан байж болзошгүй тодорхой үндэслэл, баримт нотолгоо хэрэгт байхгүй байна.

Мөрдөгч 2025 оны 05 дугаар сарын 14, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрүүдийн цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан байх бөгөөд шүүгдэгч Л.Б гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг, эд мөрийн баримт хэрэгт авагдсанаас бус хүний эрхийн ноцтой зөрчил, хэрэг хүлээлгэж эрүү шүүлт тулгасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн гадна энэ тухай оролцогчоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргаж байгаагүйг дурдах нь зүйтэй.

Иймд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоон, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хүрэлцэхүйц нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил гараагүй байх тул шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.Шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, удаа дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон байна.

5.Харин хоёр шатны шүүх өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн хугацааг тоолохдоо Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болсон.

5.1.Шүүгдэгч Л.Б-ын жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн, гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлэсэн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд эдэлснээр тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжээр торгох ял шийтгэсэн хугацаанд 2025 оны 05 дугаар сарын 14, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргүүдийг тус тус үйлджээ.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэдгийг хууль тогтоогч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тайлбарласан тул эрх хассан хариуцлага нь зөрчлийн шийтгэвэр, эсхүл гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолоор тогтоогдсон байна.

Шийтгэх тогтоолоор эрх хассан хугацаанд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэх хууль зүйн үндэслэл бүрдэх бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсэн үндсэн зохицуулалттай.

Ялтны эдлээгүй үлдсэн ялыг хуулиар тогтоосон дээрх журмын үзэл санаанд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэх нь шударга ёсны зарчим, ялын зорилгыг хангах бөгөөд хууль тогтоогчоос “... ял эдлэх хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдсэн ...” гэсэн нөхцөлийг заасан учир эдлээгүй үлдсэн ялыг тооцоход шинээр үйлдсэн гэмт хэргийн цаг хугацаа шууд хамааралтай үйлчилнэ гэж ойлгоно.

Иймд шүүгдэгч Л.Б-ын хувьд сүүлд үйлдсэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн цаг үеэс эхлэн өмнөх тогтоолоор оногдуулсан жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацаа зогсох бөгөөд үлдсэн ялыг шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх хууль зүйн үр дагавар үүснэ.

Ялтанд оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол эдлээгүй үлдсэн ялыг хэрхэн тоолох талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас хэрэг шийдвэрлэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангасан тогтоол гарсныг анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхаараагүй байна.[1]

5.2.Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ... торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс ... хугацааг тоолно” гэж тодорхой заасан байхад шийтгэх тогтоол гарсан өдрөөр бус, Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих ангийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн мэдэгдэх хуудас /Хэргийн 2-р хавтасны 10 дахь тал/-ыг үндэслэн эрх хасах ялыг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Б-ын хувьд тогтоол гарсан өдөр болох 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 1 жилийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолоход дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 99 хоног буюу 3 сар 9 хоногийн ялыг эдэлсэнд тооцох бөгөөд үлдсэн 266 хоног буюу 8 сар 26 хоногийн ялыг сүүлийн тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар эрх хасах ял дээр нэмж нэгтгэвэл нийт эдлэх нэмэгдэл ялын хэмжээ нь 3 жил 8 сар 26 хоног болж байх тул энэ талаар зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 477 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... эдлээгүй үлдсэн 4 сар 26 хоногийн ...” гэснийг “... эдлээгүй үлдсэн 8 сар 26 хоногийн ...” гэж, “... нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 26 /хорин зургаа/ хоногийн ...” гэснийг “... 3 /гурав/ жил 8 /найм/ сар 26 /хорин зургаа/ хоногийн ...” гэж, тогтоох хэсгийн 6 дахь заалтад “... 3 жил 4 сар 26 хоногийн ...” гэснийг “... 3 жил 8 сар 26 хоногийн ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Л.Б-ын гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                               Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                   Ц.ОЧ

М.ПҮРЭВСҮРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Ч.ХОСБАЯР

 

[1] Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаар тогтоол