Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 064

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза би Б.. ХХК-иас Б сумын Засаг даргад холбогдуулан гаргасан  “Б сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/40 дугаартай захирамжийн холбогдох хэсэг, 2017 оны  03 дугаар сарын 27-ны өдрийн А/45 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Баян-Өлгий аймгийн Б... ХХК-ийн захирал Ш... миний бие “Б.. сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/40 тоот захирамжийн Б...  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай Б... сумын Засаг даргад холбогдох 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 37 тоотоор гаргасан нэхэмжлэлийн шаардлага, “Б... сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/45 тоот захирамжийг хүчингүй болгох тухай” гаргасан 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай” нэхэмжлэлийн шаардлагаас тус тус бүхэлд нь татгалзаж байна. Иймд “Б” ХХК-ийн захирал Ш.. миний нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Б сумын Засаг даргад холбогдуулан “Б сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/40 дугаартай захирамжийн холбогдох хэсэг, 03 дугаар сарын 27-ны өдрийн А/45 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох тухай” шаардлагатай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо эвлэрч 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба  Б сумын  Засаг даргаас мөн өдрийн А/108 дугаартай захирамжаар маргаан бүхий захиргааны акт болох 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгож, А/109 дүгээр захирамжаар гуравдагч этгээд А. ХХК-д маргаан бүхий газраас 1150 м2, А/110 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “Б” ХХК-д 1031 м2 газрыг эзэмшүүлсэн шийдвэрийг тус тус гаргасан байх ба мөн өдөр нэхэмжлэгчээс дээрх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсанаа илэрхийлж, шүүхэд энэ талаарх хүсэлтээ  бичгээр гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан “Б сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/40 дугаартай захирамжийн холбогдох хэсэг, 2017 оны  03 дугаар сарын 27-ны өдрийн А/45 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б сумын Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                             М.РИЗА