Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 1899

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2016/00724 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Ариунцэнгэлд холбогдох

 

2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюундэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Оюундэлгэр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ариунцэнгэл нь 2014 оны 9 дүгээр сард 20 айлын зуслангийн газрыг таньдаг хүн зарж байна. Нэг айлын газар нь 2 000 000 төгрөгийн үнэтэй. Бүгдээрээ нийлээд газартай болъё гэж хэлэхэд нь манай сургуулийн багш нар зөвшөөрч газар авахаар болсон. Ингээд М.Ариунцэнгэлийн Хаан банкны 5107014520 дансанд 2 000 000 төгрөгийг Л.Бат-Эрдэнэ шилжүүлсэн. Гэтэл М.Ариунцэнгэл нь газар бүтэхгүй боллоо, надад газар зарахаар хэлсэн хүн нь худлаа яриад бүх мөнгийг авчихсан гэж бидэнд хэлсэн. М.Ариунцэнгэл нь өөрөө хөөцөлдөж газрыг авч өгнө гэж хэлсэн байдаг. Л.Бат-Эрдэнийн хувьд газар авах зорилгоор М.Ариунцэнгэлд 2 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл Л.Бат-Эрдэнэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар газартай болох хүсэл зоригоо илэрхийлж 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар М.Ариунцэнгэл 2 000 000 төгрөгийг хүлээн авснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар гол нөхцлийнхөө талаар хэлэлцэж тохиролцсон тул хэлцэл хийсэн гэж үзнэ.

М.Ариунцэнгэл нь Р.Баярмаад 24 000 000 төгрөг өгсөн. Улсын Ерөнхий Прокурорын газрын тогтоолоос харахад М.Ариунцэнгэл л газар авахаар Р.Баярмаад мөнгө өгсөн хэрэгтээ хохирогчоор тогтоогдсон. Л.Бат-Эрдэнийн хувьд Р.Баярмаад мөнгө өгөөгүй. Ер нь гар гараа дамжаад М.Ариунцэнгэл нь Р.Баярмаагаас мөнгөө авах, Л.Бат-Эрдэнэ нь М.Ариунцэнгэлээс мөнгөө авах ёстой. Иймд М.Ариунцэнгэлээс газрын үнэд Л.Бат-Эрдэнээс авсан 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 9 дүгээр сард би хамт ажилладаг 11 багшийн хамтаар Р.Баярмаагаас Баянзүрх дүүргийн Гачууртад зуслангийн зориулалтаар газар худалдаж авахаар болж бүгд очиж үзсэн. Мөн багш Баярчимэг нь Р.Баярмаагийн хамт Баянзүрх дүүргийн газрын харилцааны албан дээр очиж тус газрыг шүүлгэж үзээд бүх бичиг баримт нь Р.Баярмаагийн нэр дээр хэвийн байна гэснээр бид хоорондоо ярилцаад газрыг нь авахаар болсон. Л.Бат-Эрдэнэ нь манай тэнхимийн багш биш бөгөөд найзын хувьд би газар авах гэж байгаа тухайгаа хэлэхэд өөрөө би газар авъя гэж авахаар болсон. Р.Баярмаа нь тухайн үед хүн бүрийн нэр дээр кадастрын зураг, нэр шилжүүлэх гэрээ хийнэ гэж биднийг цуглуулсан бөгөөд өргөдлийн маягт, гэрээ зэргийг бидний нэр дээр бөглөөд бэлдчихсэн байсан ба сургуулийн 1 давхрын нотариатч дээр батлуулахаар очсон. Гэтэл нотариатч газрыг эзэмших гэрчилгээний хугацаа дуусчихсан байгаа учраас гэрчлэхгүй гэж хэлсэн. Р.Баярмаа нь газрын гэрчилгээний хугацааг сунгуулчихаад ирнэ гээд бүх бичиг баримтуудыг өөрөө авсан. Ингээд тарах гэтэл Р.Баярмаа нь та нар мөнгөө өг гэж нэхээд Мөнхбаяр, Тунгалаг бид нараас нийт 8 000 000 төгрөгийг авч, үлдэх мөнгөө бэлдээд байж бай гэсэн. Тэр үед манай багш нар мөнгөө миний дансанд нэгтгэн байршуулахаар тохиролцоод мөнгөө миний данс руу шилжүүлэхээр нь би тэр дор нь Р.Баярмаагийн данс руу шилжүүлдэг байсан. Л.Бат-Эрдэнээс 2 000 000 төгрөг миний дансанд 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цаг 19 минутанд орж ирсэн бөгөөд би тэр өдрийнх нь 16 цаг 15 минутанд Р.Баярмаагийн данс руу 2 000 000 төгрөгийг нь шилжүүлсэн. Бид нийт 24 000 000 төгрөгийг Р.Баярмаад газрын үнэ гэж өгсөн. Гэтэл Р.Баярмаа нь мөнгө авсанаасаа хойш элдэв янзын тайлбар хэлж зугтах болсон тул Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаснаар бусдыг залилсан гэж 201525021648 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Л.Бат-Эрдэнийн нэхэмжилж байгаа 2 000 000 төгрөгийг бусад багш нарын мөнгөний хамтаар би Р.Баярмаад хүлээлгэн өгсөн. Л.Бат-Эрдэнийн мөнгийг Р.Баярмаад хүлээлгэж өгсөн талаар би Цагдаагийн байгууллагад өргөдөлдөө бичиж өгсөн. Уг мөнгийг миний бие өөрийн дансаар дамжуулан Р.Баярмаагийн дансанд шилжүүлсэнээс өөр ямар нэгэн байдлаар өөртөө авсан, хувьдаа ашигласан зүйл байхгүй. Тиймээс Л.Бат-Эрдэнийн нэхэмжилж байгаа мөнгийг надаас биш Р.Баярмаагаас нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар Л.Бат-Эрдэнийн М.Ариуцэнгэлээс 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Л.Бат-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 550 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюундэлгэр нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт "нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэ нь Р.Баярмаагийн зарах газраас нэг айлын газар авах зорилгоор газрын үнэ болох 2 000 000 төгрөгийг М.Ариунцэнгэлийн дансанд....шилжүүлсэн. М.Ариунцэнгэл нь Л.Бат-Эрдэнээс шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг...Р.Баярмаагийн дансанд шилжүүлсэн болох нь... тогтоогдож байна" гэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Л.Бат-Эрдэнэ нь М.Ариунцэнгэлийг данс руу хурдан мөнгөө шилжүүл өөр хүн авах гээд байна гэхэд 2 000 000 төгрөгөө газрын мөнгө гэж шилжүүлсэн. Гэтэл шилжүүлсэн мөнгийг М.Ариунцэнгэл өөрийн данснаас Р.Баярмаагийн данс руу шилжүүлсэн байна гэж шүүх үзэж байгаа бөгөөд М.Ариунцэнгэл нь Р.Баярмаагийн данс руу шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг Л.Бат-Эрдэнийн газрын үнэ гэж хийгээгүй өөрийн мөнгө мэтээр шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийлэлийг тодорхойлбол нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэ гуравдагч этгээд /Р.Баярмаа/-ээс газар худалдан авах зорилгоор газрын үнэ 2 000 000 төгрөгийг М.Ариунцэнгэлийн дансанд шилжүүлжээ. Нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэ нь газрыг М.Ариунцэнгэл зарахгүй өөр этгээд худалдаж байгааг мэдсэн тухайн этгээдтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулахад холбон зуучлах үүргийг М.Ариунцэнгэлээр гүйцэтгүүлсэн байх тул худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой гаргах шаардлага нь хариуцагч М.Ариунцэнгэлд хамааралгүй юм. ...хариуцагч М.Ариунцэнгэл нь нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнийг газар зарах гуравдагч этгээд болох Р.Баярмаатай холбож өгөх, газрын үнэ 2 000 000 төгрөгийг Р.Баярмаад шилжүүлж өгөх үүргийг хүлээсэн байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

М.Ариунцэнгэл нь мөнгө өгсөн гэх Р.Баярмаа гэгч хүнийг урьд нь таньдаггүй байсан талаараа шүүхэд өөрийн биеэр ирж тайлбар гаргахдаа хэлсэн. Гэтэл М.Ариунцэнгэл нь бидэнд хэлэхдээ өөрийн сайн таньдаг хүн би бүгдийг нь хөөцөлдөөд өгнө гэж хэлэхэд нь итгэсэн. Мөн М.Ариунцэнгэл нь өөрийн таньдаг нотариат дээрээ очоод гэрээ юмаа хийлгэнэ гэж хэлээд миний бичиг баримтыг авч явсан. М.Ариунцэнгэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасаны дагуу Л.Бат-Эрдэнэ намайг гуравдагч этгээд гээд байгаа Р.Баярмаатай холбож өгөх үүргээ биелүүлээгүй, тэр хүний нэрийг нь ч хэлдэггүй, уулзуулж ч байгаагүй, зөвхөн надаас 2 000 000 төгрөгийг аваад М.Ариунцэнгэл нь өөрийн газрын мөнгө мэтээр Р.Баярмаа гэгчийн данс руу шилжүүлсэн байхад шүүх М.Ариунцэнгэл нь зуучлалын гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар шүүх хариуцагчийн хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарч үзэх ёстой байсан. М.Ариунцэнгэл нь таньдаг хүн газар зарах гэж байна, мөнгөө миний дансанд хийчих, би бүх зүйлийг нь хөөцөлдөөд аваад өгье, таньдаг нотариат дээрээ очоод гэрээ хийх гэж байна гэж хэлээд Л.Бат-Эрдэнийн бичиг баримтыг авч явсан зэргээс үзэхэд М.Ариунцэнгэл нь газрыг худалдах-худалдан авах бүх зүйлийг өөрөө хийгээд газрыг авч өгнө гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байна. Анхан шатны шүүх хариуцагч М.Ариунцэнгэлийг газар худалдах-худалдан авахад зуучлалын үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

Хариуцагч М.Ариунцэнгэл нь Л.Бат-Эрдэнэд газар авч өгөх нэрийдлээр бусдын хөрөнгийг эзэмшин улмаар бусдад өөрийн мөнгө мэтээр хүлээлгэн өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан "Р.Баярмаа миний бие М.Ариунцэнгэлээс газрын мөнгө болох урьдчилгаа 2 000 000 төгрөгийг авлаа" гэсэн бичиг, мөн М.Ариунцэнгэл өөрийн данснаас Л.Бат-Эрдэнийн данс руу шилжүүлсэн гэх 2 000 000 төгрөгийг Р.Баярмаагийн данс руу өөрийн газрын мөнгө мэтээр шилжүүлсэн дансны хуулга зэргээр бүрэн нотлогдож байгаа тул М.Ариунцэнгэл нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна гэжээ.

 

                                                                         ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, эрх зүйн маргаантай харилцааг зөв тодорхойлж чадаагүйгээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэ нь хариуцагч М.Ариунцэнгэлд холбогдуулан 2 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хамт ажилладаг багш нарын хамт Гачууртад зуслангийн газар авахаар Р.Баярмаад урьдчилгаа шилжүүлэхдээ багш нар миний дансанд мөнгөө байршуулж, цугларсан 24 000 000 төгрөгийг Р.Баярмаагийн данс руу шилжүүлсэн гэж маргажээ.

 

Талуудын дээрх тайлбар болон хэргийн 46 дугаар талд авагдсан Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас үзвэл нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэ 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хариуцагч М.Ариунцэнгэлд 2 000 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнийн шилжүүлсэн 2 000 000 төгрөгийг хариуцагч М.Ариунцэнгэлээс шаардах эрхтэй эсэх талаар зохигчид маргажээ.

 

Нэхэмжлэгч зуслангийн газар авах зорилгоор 2 000 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн талаар мараагүй боловч нэхэмжлэгчид хариуцагч нь иргэн Р.Баярмаагаас газар худалдан авах гэрээ байгуулахад холбон зуучилсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзвэл Л.Бат-Эрдэнээс шилжин ирсэн 2 000 000 төгрөгийг М.Ариунцэнгэл Р.Баярмаад шилжүүлсэн, Р.Баярмаа нь бусдыг залилан мэхлэсэн гэх эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа бөгөөд уг хэрэгт Л.Бат-Эрдэнэ хохирогчоор тогтоогдсон талаар нотолсон баримтгүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд зуучлалын гэрээний харилцаа үүссэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчид хариуцагчаас 2 000 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний хувьд хөлс авахаар тохиролцсон бол зуучлалын гэрээний дагуу зуучилж өгсөн хөлсийг өөртөө хариуцагч үлдээх эрхтэй бөгөөд ийм нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлэн өгсөн мөнгийг гэрээний төлбөрт шилжүүлсэн гэж үзэх боломжгүй болох нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдож байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар талууд хууль буюу гэрээнд заасан ямар нэг үндэслэлгүйгээр хөрөнгө шилжүүлсэн бол буцаан шаардах эрхтэй талаар зохицуулжээ.

 

Хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч хариуцагчид 2 000 000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдож байгаа боловч уг 2 000 000 төгрөгийг хууль болон гэрээнд заасны үндсэн дээр шилжүүлэн өгсөн нь тодорхой бус байх бөгөөд нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэ, Р.Баярмаа нарын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн гэх нөхцөл байдал мөн тогтоогдоогүй.

 

Нэхэмжлэгчийг газар худалдан авахад хариуцагч зуучласан тул 2 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй Р.Баярмаад шилжүүлэн өгсөн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар Л.Бат-Эрдэнэ, Р.Баярмаа нарын хооронд гэрээ байгуулагдсан, уг гэрээ байгуулсныг нотолж урьдчилгаа болгож 2 000 000 төгрөгийг Л.Бат-Эрдэнэ нь М.Ариунцэнгэлийн дансаар дамжуулан 2 000 000 төгрөг Р.Баярмаад шилжүүлэн өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч М.Ариунцэнгэлээс 2 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэд олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2016/00724 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч М.Ариунцэнгэлээс 2 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэд олгосугай”,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч М.Ариунцэнгэлээс 52 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнэд олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Бат-Эрдэнээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ