Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 564

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,

          Улсын яллагч Э.Оюунтунгалаг,

          Шүүгдэгч Б.Б /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.

         

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, комьпютерийн техник хангамж мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Зайсангийн Соёмботын 1 дүгээр гудамжны 27 тоотод оршин суух хаягтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Б гэв.          

           

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

        Яллагдагч Б.Б 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 30 тоот гэртээ эхнэр У.Болормаатай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

         

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт

хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 30 тоот гэртээ эхнэр У.Болормаатай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж бие эрх чөлөөнд нь халдсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Бнь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч У.Болормаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлсэн нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.            

         

          Шүүгдэгч Б.Б-н гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

          Эрүүгийн хэргээс:                

         

          Хохирогч У.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 18 цагийн үед нөхөр 2 хүүхдийн хамт гэртээ амарч байсан. Манай нөхөр сүүлийн гурван жил ажилгүй гэртээ амарч байгаа юм. Би чи гарч ажил олохгүй юм уу, машинаараа халтуур ч болтугай хий л дээ гэж хэлсэн. ...үүнээс шалтгаалж маргалдаад манай нөхөр би хэрүүлтэй газар байж чадахгүй гээд гутлаа өмсөх гэхээр нь өмсөх гэж байсан гутлыг нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд босч ирээд хана цохьсон, ... би өөдөөс нь аяга шидсэн, аяга шидэх чимээнээр эргэж хараад намайг боож унагаад нүүрэн тус газар гараараа цохьсон. ...Б.Б намайг хэд хэдэн удаа цохьсон. ...надад гомдол, санал байхгүй, эмчлүүлсэн, эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,  

         

          Шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “... У.Болормаагийн биед дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зүйлийн нэг ба хэд эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх  5146 дугаар дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

         

          Хохирогч У.Болормаагийн өвчний түүхүүд /хх-ийн 31-41 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.                                                         

          Иймд шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

 

            Эрүүгийн хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг   

нотолсон дараах нотлох баримтуудыг:         

         Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 38 дугаар хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 42 дугаар хуудас/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Болор-Эрдэнийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч Б.Б-г эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

         

           Шүүгдэгч Б.Бнь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

         

          Хохирогч У.Болормаа “Б.Б уучлалт гуйж эвлэрсэн тул  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.      

           

          Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон    ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Б.-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Б торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

                     

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      З.ТӨМӨРХҮҮ