| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0710/Э |
| Дугаар | 760 |
| Огноо | 2019-08-13 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 760
2019 08 13 2019/ШЦТ/760
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,
Улсын яллагч Г.Сундуй,
Шүүгдэгч И.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.А-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, И.А,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч И.А нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санрайс” караокед бармен, зөөгчөөр ажиллах байхдаа Ч.Эрдэнэчимэгийн итгэмжлэн хариуцуулсан орлогын мөнгө болох бэлэн 422.500 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч И.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Эрүүгийн хэргээс:
Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/,
Хохирогч П.Өлзийжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...бүх зарагдсан бараа болон орлогын баримт хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. ...И.Ань зөөгч барменаар ажиллаж байсан... Нийт 3 ажилчинтай ба 24 цаг ажиллаад 48 цаг амардаг, эдгээр ажилтан нь бүгд орлогын мөнгө хариуцаж ажилладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Хохирогч Ч.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...И.А гэх хүн манай караокед 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зөөгчөөр ажилд орсон. Ингээд 2 дахь гараан дээрээ буюу 2019 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө манай караокены орлогоос 729.500 төгрөгийг авч явсан. ...Тус өдөр И.А нь ажил дээр ирээд бараагаа тоолоод авсан, маргааш өглөө нь бараа тоолоход 729.500 төгрөгийн бараа байхгүй байсан болохоор үүгээр нь бараа бүтээгдэхүүнийг тооцож байгаа юм... Манай караоке өдөрт хүлээн авсан бараанаас маргааш өглөөний үлдэгдэл бараа хоёрын зөрүүгээр тооцоо хийдэг юм. Тус өдөр караокед ажиллаж байгаа хүн маргааш өглөө нь ямар нэг бараа бүтээгдэхүүний дутагдал зөрүүгүй байвал асуудалгүй гэсэн үг, зөрүүтэй байх юм бол цалингаас нь суутгаж боддог...” гэх мэдүүлэг / хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Хохирогч Ч.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...И.А эзэнгүй орхиж явснаас болоод тус караокед үйлчлүүлж байсан хүмүүс идэж уусан юмныхаа мөнгийг төлөлгүй 316.600 төгрөгийн хохирол учруулсан байсан. ...ажлаа хаяж явах ёсгүй, өглөө 11 цагт ээлж хүлээлцээд бараа материалаа тоолж өгөөд буух ёстой. Гэвч орой 1, 2 цагийн үед ажлаа хаяад яваад өгсөн байсан, И.А нь караокены өрөөнд үйлчлүүлэгч байхад нь хаяад явчихсан байгаа юм... И.А 422.500 төгрөгийг хувьдаа авч явсан. Харин И.А нь караокег хаяж явах үед үйлчлүүлж байсан хүмүүсийн хэрэглэсэн зүйлс нь 312.600 төгрөг болсон. И.А ажил хаяж явснаас болоод 312.600 төгрөгийн хохирол манай байгууллагад учирсан болохоор И.А-аас нэхэмжилж байна... Нийт 731.500 төгрөгийг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,
“Санрайс” караокед учирсан хохирлын тооцоо /хх-ийн 46 дугаар хуудас/,
Гэрч Д.Халиуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Гурван бармен ээлжилж гардаг... Ер нь бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж тооцоо бланс болон эд зүйлийг хариуцаж гардаг... Ээлжинд гарч байх өдрөө хоноод маргааш өглөө нь менежертээ хүлээлгэн өгдөг юм. Санрайс караокены менежерээр нь Өлзийжаргал ажилладаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Шүүгдэгч И.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би 2019 оны 04 дүгээр сарын эхээр “Санрайс” гэх нэртэй караоке, зочид буудалд караокены зөөгч, барменаар ажилд орсон. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ажиллаж байх үедээ тус караокеноос мөнгө авч явсан, өөр зүйл болоогүй... Караокег тэр чигээр нь хариуцаж гардаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Шүүгдэгч И.А-ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...Би ...2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ажиллаж байх үедээ караокены орлогын мөнгийг аваад орхиж явсан, тухайн үед үйлчлүүлж байсан хүмүүс нь тооцоогоо хийлгүй гараад явцгаасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,
Шүүгдэгч И.А-ын оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 36 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.
Шүүхээс шүүгдэгч И.А-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч И.А нь 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санрайс караоке”-д бармен, зөөгчөөр ажиллах байхдаа Ч.Эрдэнэчимэгийн итгэмжлэн хариуцуулсан орлогын мөнгө болох бэлэн 422.500 төгрөгийг завшсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Эрдэнэчимэг, СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл И.А нь Ч.Эрдэнэчимэгийн итгэмжлэн хариуцуулсан орлогын мөнгө болох бэлэн 422.500 төгрөгийг завшсан болон хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлж, хохирогчид хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул И.А-ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч И.А-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
И.А нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар энэ хэргийн улмаас
хохирогч Ч.Эрдэнэчимэгт И.А-ын хувьдаа авч завшсан 422.500 төгрөг, ажлаа орхиж явснаас 408.600 төгрөг нийт 831.100 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирлоос 96.000 төгрөг төлөгдсөн тул шүүгдэгч И.Анхбатаас 731.500 төгрөг гаргуулж, хохирогч Ч.Эрдэнэчимэгт олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх И.А-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан И.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т заасан төрөл, хэмжээний дотор 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар 1 ширхэг СД хураагдсан, шүүгдэгч энэ хэргийн улмаас 5 /тав/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И.А-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.А-ыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч И.А-ын цагдан хоригдсон 5 /тав/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, нийт 200 /хоёр зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч И.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.А-аас 731.500 /долоон зуун гучин нэгэн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Эрдэнэчимэгт олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч И.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ