| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самбуугийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 184/2016/01060/И |
| Дугаар | 184/ШШ2016/01188 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2016/01188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12-р хороо, 16-р байр 35 тоотод оршин суух, эмэгтэй, ЧА73050767 регистрийн дугаартай, Боржигон овогт Дондогийн Наранцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, Орчлон хороолол 43-р байр 87 тоотод оршин суух, эрэгтэй, РЮ73101975 регистрийн дугаартай, Хабчин овогт Заминдийн Хурцад холбогдох
гэрлэлт цуцлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Наранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Наранцэцэг миний бие 1999 оны 02 дугаар сард З.Хурцтай гэр бүл болж 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтийн МА 908 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 1999 оны 11 дүгээр сарын 16-нд хүү Энэрэл төрсөн. 2007 оноос гэр бүл салж тус тусдаа амьдрах болсон. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Өнөөдөр Хурцын төрсөн өдөр. Тэгээд шүүх хуралдаанд согтуу ирсэн байна. Бидний хооронд ямар ч маргаан байхгүй тул өөрөө эзгүйд шийдвэрлэж болно гэж байна. Иймд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч З.Хурц шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
З.Хурц миний бие Д.Наранцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хүү Энэрэлтэй байнга холбоотой байдаг ба бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
З.Хурц, Д.Наранцэцэг нар нь 1999 оны 02 дугаар сард гэр бүл болж, 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, 1999 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүү Х.Энэрэлийг төрүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, МА908 тоот гэрлэлтийн гэрчилгээ, Х.Энэрэлийн иргэний үнэмлэх гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 14.5-т “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заажээ.
З.Хурц, Д.Наранцэцэг нар нь хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн, эвлэрэх боломжгүй гэж тайлбарласан, нэхэмжлэгч хариуцагч нар нь өөр хүнтэй хамтын амьдралтай болсон, 2005 оноос тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
З.Хурц, Д.Наранцэцэг нарын хороонд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон байгаа болно.
Гэрлэгчид хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон тул 1999 оны 11 дүгээр сарын 16-нд төрсөн хүү Х.Энэрэлийг эх Д.Наранцэцэгийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй, маргаангүй гэж тайлбарласан болно.
Хариуцагч З.Хурц нь ирсэн боловч согтууруулах ундаа хэрэглэсэн байх ба нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаангүй тул өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг гаргасан. Иймд түүнийг түүний эзгүйд оролцууулалгүйгээр хэргийг шийдвэрлэв. Нэхэмжлэгч нь оролцуулалгүйгээр шийдвэрлэхийг зөвшөөрсөн болно..
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхгүй гэж тайлбарласан тул улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигин овогт Дондогийн Наранцэцэг, Хабчин овогт Заминдийн Хурц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 1999 оны 11 дүгээр сарын 16-нд төрсөн хүү Х.Энэрэлийг эх Д.Наранцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байхгүй, маргаангүй гэж тайлбарласныг дурдсугай.
4.Нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ